Японы Ерөнхий сайд Абэ Шинзоо 2013 оны 3 сарын 30, 31-нд Монголд айлчлаад буцлаа. Аль нэг орноор айлчлах далимдаа Монголоор дайрсангүй, манайхыг зорьж ирээд уулзах гэсэн улсуудтайгаа ярилцаад харив. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас гадна сөрөг намын даргатай хүртэл уулзлаа. Урьд нь Койзүми Жюничироо мөн л зорьж ирээд буцсан ч суудлаасаа буухын урдьхан ирсэн, харин Абэ Шинзоо суудалдаа залраад хагас жил ч болоогүй байхдаа Монголд айлчлав. Үүгээрээ энэ хоёр айлчлал ихээхэн ялгаатай.
Гадаад нөхцөл байдлын хувьд Япон улс Сэнкакү, Такэшима, Курилын арлуудын асуудлаар Хятад, Өмнөд Солонгос, Оростой газар нутгийн маргаантай хэвээр. Хятад, Өмнөд Солонгостой бол сүүлийн жилүүдэд газар нутгийн маргаанаас болоод харилцаа эрс хүйтэрч, хурцадсан. Өмнөд Солонгосын өмнөх Ерөнхийлөгч И Мёнбак Такэшима буюу Докдоо аралд айлчилсны дээр түүний дараахан Японы эзэн хааныг Солонгосоос уучлал гуйвал Өмнөд Солонгост айлчлан ирж болно хэмээн дуугарсан нь япончуудын эгдүүцлийг хүргэсэн. Харин хятадууд жил гаруйн өмнө Японы эсрэг томоохон жагсаал цуглаан хийж, Японы хөрөнгө оруулалттай компаниуд руу дайрч, бараа таваарыг нь галдан шатааж түйвээн дээрэмдсэнээр эд материалын асар их хохирол учруулсан. Тэд ингэж аяглахдаа Дэн Сяопин, Жоу Эньлай, Танака Какүэй нарын тогтоосон 40 жилийн уламжлалт дипломат харилцааг түймэрдэж орхисон юм. Дэн авгайн "Хятад хүн худаг ухан ус гаргаж өгсөн ачтанг хэзээ ч мартдаггүй" гэсэн үгийг шинэ үеийн хятадууд умартаж орхисныг энэхүү үйл явдал харуулсан юм.
Курилын арлын асуудал амар шийдэгдэхгүй биз. Медведев сүүлийн жилүүдэд тус арлуудаар байнга ирж байгаагаас гадна Оросын эх газраас орж ирэх хөрөнгө оруулалт эрс нэмэгдсээр буй.
Японыг тойрсон гадаад нөхцөл байдал ийнхүү таагүй байгаа нь Абэг Монголд ирэхэд хүргэсэн гол шалтгаан гэж үзэх нь зүйтэй юм. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах, эрчим хүч, нүүрсний салбарт хамтран ажиллах тухай цогц асуудлыг багтаасан "Эрч санаачилга"-ыг хоёр тал хэрэгжүүлэх болсон нь томоохон алхам. Монгол хэлний "эрч" хэмээх үг япон хэлнээ хэрэглэгдэх боллоо. Япончууд геополитикын үүднээс Монголыг онцгойлон авч үзэх болов. Геополитикын ашиг сонирхол хоёр орны цаашдын харилцааны хөгжилд олон зүйлийг авчрах болов уу.
Ерөнхий сайд Абэгийн дотно анд, улс төрч Шиозаки 3 дугаар сарын эхээр Монголд айлчлаад харьж очингуутаа Абэтэй уулзжээ. Тэгэхдээ Ерөнхий сайдын өрөөнд дэлхийн газрын зураг сугавчлан ороод Хятад, Оросын дунд хавчуулагдсан Монгол улсыг зааж, Монгол улстай харилцаагаа зузаатгахын чухлыг ятгасан тухай Японы хэвлэлүүдээр бичсэн байх юм.
Ерөнхий сайд Абэ Вьетнам, АНУ, Монголд айлчлаад байна. Тэрбээр одоо хүртэл Хятад, Өмнөд Солонгос, Орост очсонгүй. Үнэт зүйлийн үзэл нэгтэй улс орнуудтай харилцаагаа зузаатгах Абэгийн номлол манай улсыг том гүрнүүдийн харилцаанд нэг тоглогч болгон хувиргаж байгааг үгүйсгэх аргагүй.
2 comments:
Абэ-д "Нэг бодол" бий шүү. Манайдаа хэрэгтэй. Гуравдагч том улсуудын хөрөнгө оруулалтыг их татчихвал өчүүхэн бидний хувь заяаг умардын хүрэн баавгай, өмнөдийн шар бар хоёр биш өөр олон хүчтэй амьтан ярьж шийддэг болно. Лобби яриа хийж байгаад найрах сонголт ч өргөснө
Нэг япон хүнийг олон хятад хүнтэй дүйцдэг гэж зүйрэлдэг. Гэлээ гэхдээ хэт болгоомжлоод байлгүй өргөн харилцаатай байж гэмээнэ бид хожино уу гэхээс хоосон хоцрохгүй л байх.
Post a Comment