Японы парламентын доод танхимын сонгууль өчигдөр болж үр дүн нь тэр даруй олны өмнө ил болов. Нийт 480 суудлаас ЛАН-Коомэй намын эвсэл 325, Засгийн эрх баригч асан АН 58, сонгуулийн өмнөхөн байгуулагдсан Ишинно-кай буюу Шинэчлэл нам 54 суудал авч, бусад жижиг нам, бие даагчид үлдсэн 43 суудлыг хамлаа.
3 жил 3 сарын өмнө япончууд "бор халзан хонь" байсан ч Ардчилсан намын нэр дэвшигчид өгөхөд бэлэн байсан бол энэ удаад ЛАН-ын хүн л бол саналаа шууран өглөө. Шуурах үзэгдэл нийгэм тогтворжсон Японд ч байдаг байна. Ер нь сонгогчдын сэтгэл зүй манайхаас ч алд дэлмийн зөрүүгүй мэт.
АН-ы дарга, Ерөнхий сайд Нода огцрохоо мэдэгдсэний дараа тус намын бусад удирдах албан тушаалтнууд энэ ялагдалд өөрсдийгөө буруутай хэмээн зарлаад албан тушаалаа шууд л өгчихлөө. Тэд "Намын мөрийн хөтөлбөр засгийн эрх барих хугацаанд хэрэгжээгүй, зарим тохиолдолд огт амлаагүй ажил хийсэн (жишээ нь НӨАТ-ыг нэмэх тухай хууль батлуулсан), мөн нам хагаран бутарсан (АН-ы хамгийн нөлөө бүхий этгээд болох Озава Ичироо намаасаа олон гишүүдийг дагуулан гарч, шинэ нам байгуулсан. Озаваг хууль бусаар орлогоо нуун дарагдуулсан хэмээн буруутгасан ч энэ нь шүүхээр нотлогдоогүй.)" зэрэг олон шалтгаан уг ялагдалд нөлөөлснийг дурдлаа.
Сонгуулийн тухайд манайхаас ялгарах зарим нэг шинжийг дурдвал, санал өгөлт дууслаа, хайрцаг нээлээ, хоёр цагийн дотор үр дүн нь тодорхой болж буй явдал. Ялагдлаа эрх баригч нь хүлээн авуутаа нэг цагийн дотор огцрохоо мэдэгдэж, намаасаа, сонгогчдоосоо уучлал хүсч буй байдал. Монголд болсон сонгуулийн дүн зарлагдталаа дуншиж, бүр долоо хонох нь энүүхэнд болоод байна. Технологийн хувьд бид автомат машинаар уншуулдаг, Японоос ч илүү түвшинд хүрсэн байлтай. Монголчууд "төрийн хар хайрцаг" гэж ярих дуртай. Хар хайрцаг гэдэг бол хэнд ч ойлгомжгүй, нууцлаг зүйлийг хэлдэг. Тэгэхээр манай "төрийн хар хайрцаг" бол сонгуулийн дүнгийн дуншилт гэж хэлж болмоор.
ЛАН-ы дарга, шинэ Засгийн газрыг толгойлох Абэ Шинзоо мөнгө санхүүгийн бодлогыг эрс шинэчлэх, зоригтой либеральчлах, 2 хувийн инфляцид хүргэх, иений ханшийг буулгах эрчимтэй арга хэмжээ авахаа зарлав. Үүний тулд Японы төв банкны ерөнхийлөгчийг солих ажлыг шуурхайлжээ. Мөн ирэх 1 дүгээр сард АНУ-д айлчилж, хоёр орны харилцааг урьдын түвшинд хүргэн сайжруулах бодолтой байгаа тухай ЛАН-ын нарийн бичгийн дарга Сүга өнөөдөр ЭнЭйчКэй телевизэд ярилцлага өгөхдөө дурдаадах нь билээ.
3 comments:
Сайн байна уу? багш аа?
Local constituency vote
PR block vote
гэсэн 2 төрлөөр суудлаа авсан байх юм* .. Энэний ялгаа юу вэ?
Ер нь сонгуулийн тогтолцоог нь Монголтой харьцуулвал хэр ялгаатай бол?
/Хааяа нэг болсон сонгуультай холбоотойгоор тогтолцоог нь бага зэрэг сонирхоод байгаа юм.. Хэзээ нэгэн өдөр Монголд хамгийн тохирох хувилбарыг нь сонгоход гар бие оролцох ч юм билүү. :P/
Гэвч энэ талын суурь мэдлэг бараг байхгүй шахуу болохоор, унших нь ч бага, уншсанаасаа ойлгох нь бүүр ч бага юм.. хэхэ
* : http://en.wikipedia.org/wiki/Elections_in_Japan
----
Мөн 2009 онд л АН ялалт байгуулснаас, түүнээс өмнөх үед одоогийн эрх барих нам нь тэргүүлж байсан тухай бага мэдээлэл оллоо. Тэгэхээр,.. Японд төр солигдох нь амархан гэж бодох уу? Эсвэл солих гэж үзсэн ч хуучин уламжлал нь дээр байсан болж таарч байгаам болов уу.. хэхэ.
Японд сонгуулийн можаритар тойргоос ганц ялагчийг сонгох, пропорциональ тойрогт бол нэр дэвшүүлэгч намын нийт авсан саналд нь хувь тэнцүүлэх замаар ялагчийг сонгох гэсэн хоёр арга замыг холин хэрэглэдэг. Манайхтай адил холимог гэсэн үг. ЛАН бол 1955 оноос хойш бараг тасралтгүй төр барьж ирсэн нам л даа. Туршлага, олон нийтийн санаа бодлыг хөтлөх гэсэн талдаа тэд арай илүү бололтой.
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=0aCgj5ZyHcU
Choimaa guai yariltslaga uzej amjaagui bol geed l.
Post a Comment