Monday, December 10, 2012

Буриадын Улаан-Үдээр явлаа

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Буриадын Улаан-Үдэд очоод ирлээ. Улаанбаатараас өглөө эртлэн автобусаар гарч, их үдийн хирд Алтанбулагт хүрээд хилийн шалган, гаалиар оров. Гаалийн мэдүүлэг гэдэг "мартагдсан соёл" энд дүрээрээ байхыг үзлээ. Дараа нь хэдхэн зуун метр яваад ахиад л Оросын гааль. Яг адилхан мэдүүлэг, гаалийн шалгалт. 


Оросын харьяанд ороод 350 жил болсон Буриад Монгол. Бөртэ чоно Гуа маралаа дагуулан Байгаль нуурын тэртээгээс гурван голын нутагт орж ирсэн хэмээн домоглодог энэ газрыг казак цэргүүд орж ирэхээс өмнө нүүдэлчин өвөг дээдэс маань эзэгнэж ирсэн түүхтэй.

Замын хажуугаар мал үзэгдсэнгүй. Бэлчээрийн малаа үгүй хийж, бүгдийг нь хашдаг болсон байх. Монгол нүдээр харахад өвс ус тэгширсэн сайхан нутаг. Даанч дураараа бэлчих мал харагдахгүйд сэтгэл гонсорном. 

Улаан-Үдэд шөнө орж ирэв. 400 мянга орчим хүнтэй, төсөрхөн хот. Баргузин хэмээх хотелд буулаа. Нууц товчооноо гардаг Баргуужин нутгийн нэртэй энд нэг таарав. Улаанбаатартай харьцуулахад агаар сайхан. Эндхийнхэн нүүрс түлдэггүй, модоо их түлдэг гэнэ. Сибирьтэй залгасан болохоор мод элбэг нь мэдээж.  Намайг байх хугацаанд Улаан-Үд -30 градус дөхсөн хүйтэн байв. 

Хотын төв талбайд Ленины аварга толгой-хөшөө сүндэрлэнэ. Манайхан шиг буулгах хэрэг гарвал 3 давхар байшингийн хэртэй бул хар чулуун хөшөө олон хүн дарж алах вий. Төв талбайгаас хэсэгхэн алхахад Арбатын гудамж залгана. Эрдэнэс манасан хоёр могойг дүрсэлсэн хөшөөтэй, хоёр талаараа дэлгүүр хоршоотой, зээлийн гудамжны үзүүрт хотын музей оршмуй. Манай Улаанбаатарынх шиг нэгэн худалдаачны умгар, хуучин байшинг музей болгож. Үзмэрийн хувьд тийм ч баялаг бус, Итгэлт хамбын тухай хэсгийг эс тооцвол Буриад Монголыг санагдуулам зүйл бараг алга. Жижүүр эмгэний өрөөний буйдан дээр саарал муур хэвтэнэ. Бидэнтэй адил төрхтэй буриад зон бүгд оросоор ярих агаад буриадаараа ярьдаг хүн өдрийн од. 

Орос хэв маяг ноёлсон Улаан-Үд хот. Хүн амын 70 орчим хувь нь орос болохоор арга ч үгүй юм уу даа. Будант хангай, буурал тал нютагийн эзэн буриад зонтойгоо "Мэнд амар уу?" гээд ахин уулзах завшаан тохиохыг сэтгэлдээ хүснэм.



    

 
 

No comments: