Японы нэрт зохиолч, орчуулагч, соён гэгээрүүлэгч, эмч Мори Оогай (1862-1922) -гийн "Зэрлэг галуу" хэмээх туужийг зүрхлэн орчууллаа. Ямар ч хүний амьдралд тохиолддог хайр сэтгэл, мөнгөгүй байхын гачлан хийгээд санамсаргүй тохиолдлоор хувь заяа хэрхэн холбогдож, тасран салдгийг харуулсан зохиол болохоор эдүгээ ч хуучраагүй. Түүний дээр барьж аваад нэг дор уншчих боломжтой авсаархан тууж. Уншигчид янз бүр байдаг. Зарим нь орондоо, зарим нь ариун цэврийн өрөөнд, зарим нь кофены даруулга болгон унших үйлдлийг гүйцэтгэдэг. Үүнд л яг тохирсон ном гэх гээд байгаа юм, хэхэхэ.
Мори Оогай нь Токиогийн Их сургуулийн Анагаах ухааны факультетыг 1881 онд төгсч, 1884-1887 онд Германы Лейпциг, Мюнхен, Берлин хотуудад анагаах ухааны чиглэлээр суралцжээ. Тэрбээр Японы Цэргийн яамны эмнэлэг хариуцсан өндөр албан тушаалыг олон жил хашихын зэрэгцээ зохиол бичдэг байв. “Бүжигчин охин” (1890), “Абэгийнхэн”(1913), “Зэрлэг галуу”(1913) зэрэг олон бүтээл туурвиснаас гадна Гётегийн “Фауст”-ыг япон хэлнээ орчуулжээ.
Манай уншигчид Мэйжигийн үеийн зохиолчдоос Нацүмэ Соосэкигийн зарим зохиолтой эх хэлээрээ танилцсан боловч түүнтэй эн зэрэгцэн үнэлэгддэг Мори Оогайгийн туурвилаас монгол хэлээрээ унших боломжгүй байв. Энэ бол Мори Оогайгийн зохиолыг хөрвүүлэх анхны оролдлого билээ. “Зэрлэг галуу” хэмээх энэ туужийг орчуулахдаа, Иванами шётэн компанийн хэвлүүлсэн эх (1936) болон Кинго Очиай, Санфорд Голдстэйн нарын англи орчуулгыг (1959 он) ашиглалаа. Туужид дурдсан газар орон, ресторан дэлгүүр, жүжиг зохиол гэх мэт оноосон нэрийг гадаад уншигчдад ойлгомжтой болгох зорилгоор товчлох эсвэл тайлбарлах аргыг англи орчуулгад ашигласныг их төлөв хэрэглэв. Гэхдээ эх зохиолыг аль болох баримталж, зарим тайлбар зүүлтийг хэвээр үлдээсэн.
Уг номыг хэвлүүлэх ажлыг гардан зохион байгуулж, дэмжлэг үзүүлсэн ЭМОС клубын анд Чинзоригтоо талархал илэрхийлэхийн ялдар ажил үйлс нь ямагт өөдрөг байхын ерөөл дэвшүүлье!
1 comment:
Sain baina uu ?
Nomiin delguuruuded tawigdsan ymuu
Post a Comment