Sunday, September 09, 2012

Түүх бичлэг хийгээд Столыпины нэг номын танилцуулга

"Москва Бээжингийн завсар дахь Монгол орон". Аркадий Столыпины 1971 онд франц хэлнээ бичиж хэвлүүлсэн энэ бүтээлийг Л.Бат-Очир гэдэг хүн орчуулж, 2000 онд Монсудар хэвлэлийн газраас хэвлүүлжээ. Орчуулгын хувьд сайн, бас зохиогчийн эндүүрч, ташаарсан зарим газарт залруулга, зүүлт хийсэн нь олзуурхууштай.

Уг ном мэдээлэл харьцангуй хязгаарлагдмал, хүйтэн дайны цаг  үед бичигдсэн ч Монголын түүхийг эерэнгүй хандлагаар авч үзсэн нь мэдрэгдэнэ. 

Түүхчид түүх бичихдээ болж өнгөрсөн явдлыг зүгээр л тоочоод байдаггүй. Эхнээс эцсийг хүртэл тоочиж барахгүйн дээр ийм ажлыг интернэтийн Википедия болон түүхийн лавлах толь бичиг гүйцэтгэдэг. 

Түүхчид өөрийн үзэл бодол, дүгнэлтийн дагуу үйл явдлыг үнэлж цэгнэдэг. Үүнийг "түүх бичлэг" гэж нэрлэе. 

Монголын түүхчид тусгаар тогтнолын асуудлыг 1950-иад оноос түүх бичлэгийн гол сэдэв болгосоор эдүгээ хүрчээ гэж би дотроо боддог. Б.Лхамсүрэн гуайн "Монголын гадаад орчин, төрийн тусгаар тогтнол" (1995) гэдэг мундаг бүтээл байна. Олон түүхчид энэ сэдвээр бүтээлээ туурвисан боловч түүхч Б.Лхамсүрэнгийн судалгааны хүрээнд л эргэлддэг бололтой. Үүний зэрэгцээ социализмын үед олонхи эрдэмтэд Владимирцовын бүтээлд дөрөөлөн Монголд феодализм хэрхэн тогтнож байсан, нүүдэлчний ертөнцөд "газрын эзэн-тариачин" гэсэн харилцааг хэрхэн буулгаж, тухайн үеийн нийгмийн харилцааг марксизмын онолын үүднээс яаж тайлбарлах вэ гэсэн асуудлыг тайлахад цаг, хүчээ зарцуулсан санагддаг. Өөрөөр хэлбэл, социализмын үеийн түүхчдийн судалгааны сэдэв нь марксизмын ангийн тэмцэл, диалектик хөгжлийн үүднээс түүхийг бичихэд оршиж байв. Б.Ширэндэв гуайн "Монголын ардын хувьсгалын түүх" (1999)-ийг харахад ийм сэтгэгдэл төрнө. Ш.Нацагдорж гуай бас л энэ хүрээнд бүтээлээ туурвисан. Гэхдээ марксизмаас ангид сэтгэлгээгээр бичсэн түүний  "Чингис хааны цадиг" (1991)-ийг харахад  аргагүй л агуу санагддаг.

Түүхч Окада Хидэхиро "Дэлхийн түүх мэндэлсэн нь" (2012 онд монголоор орчуулагдсан) бүтээлдээ феодализмыг Европын Франц, Англи, Герман гэсэн хязгаарлагдмал газар нутагт хөгжсөн өвөрмөц харилцаа бөгөөд хүн төрөлхтний хувьд нийтлэг хөгжил бус гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Түүх бичлэгийг шинэчлэхэд авч хэрэглэж болох л санаа. Ингээд гол яриа руугаа оръё.

Монголын түүхийг эзэнт гүрний үеэс авахуулаад 1960-аад оны сүүл үе хүртэл авч үзсэн "Москва Бээжингийн завсар дахь Монгол орон" бол судалгааны бүтээл бус энгийн уншигчдад зориулсан хялбаршуулсан зохиол юм. Тиймээс нэлээд чөлөөтэй байдлаар бичсэн, зарим талаар сэтгэл хөдлөл хүртэл шингэсэн байна. 1911 он хүртэлх түүхийн тухайд онц сонин зүйлгүй, манайхны хэлдгээр байдаг л зүйл. Харин орчин үеийн түүх бичлэг нь аргагүй анхаарал татна. Д.Сүхбаатарыг тухайд нэлээд дэгсдүүлсэн нь ажиглагдлаа. 1921 оны хувьсгалыг голлон хийсэн С.Данзан, Д.Бодоо нарыг бараг л дурдсангүй. Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар уг хувьсгалыг удирдсан гэснийг өнөөгийн өндөрлөгөөс харж, залруулахаас өөр аргагүй. Иймэрхүү баримт дурдаад байвал уг номын шинэлэг санааг олж харахгүйд хүрнэ. Тэгэхээр шүүмжлэн улиглахаа татаж, номд шингэсэн зарим сонин санааг уншигчтай хуваалцъя.

Нэгд, Монголчууд өрнө дорнын харилцаанд өрнө дахиныг дотночилж ирсэн хэмээх санаа.

  "Үхэх үү, сэхэх үү гэдэг асуудал тулгарахад монголчууд шар ба цагаан арьстны алинтай холбоо тогтоохыг сонгох шаардлагатай болжээ. Чойбалсан ямар ч эргэлзээгүйгээр цагаан арьстныг сонгосон билээ. 1934 оны арванхоёрдугаар сарын 12-нд Зөвлөлт-Монголын цэргийн хэлэлцээрт гарын үсэг зуржээ. 
   Монгол орон марксист үзэл суртлаас үл хамааран шар арьстны эсрэг цагаан арьстны холбоотон болон хувирчээ. Хубилай хаан, Марка Поло хоёрын нөхөрлөлийн үеэс ажиглагдсан Европ тийш хэлбийх монголчуудын хандлага нь улам хүчтэй, улам урт хугацаатай дахин сэргэж ирэв" (104-р тал)

  Ийм хандлага өнөөдөр ч гэсэн манай нийгэмд байдаг. Бид Хятад, Япон, Солонгосын соёл гэхээсээ Орос, Америк, Германы соёлыг илүү сонирхдог. 
  Хоёрт, Чойбалсанд хандсан эерэг үнэлгээ. Түүнийг хамтралыг эсэргүүцэж, дотоод дахь хувийн жижиг худалдааг дэмжиж ирсэн, орчин үежсэн, өөрийгөө хамгаалах чадвар өндөртэй монголын армийг хөгжүүлэн бэхжүүлсэн, Өвөр Монголыг өөртөө нэгтгэх асуудлаар Сталинтай санал зөрөлдсөнөөр тэдний харилцаа хүйтэрсэн гэх мэтээр дүгнэжээ. "Чойбалсанг Сталины атганд орсон, түүний загварыг сохроор дууриасан хүн гэлцдэг. Гэтэл тэрээр Сталины үеийн бусад дарангуйлагчаас зарим үндсэн шинжээр ондоо юм. Чойбалсанг цусанд шуналтай хүн биш шиг байгаа юм. Тэрээр бүх хариуцлагыг өөртөө хүлээж авсан чухамхүү 1939 оноос цэвэрлэгээ хийх, дур зоргоор баривчлах явдлыг зогсоож эхэлсэн." (103-р тал)

Дээрх мэтээр дүгнэн бичсэнийг бид нухацтай авч үзэх нь зүйтэй. Баабарын түүх бичлэг гэдэг нэгэн том орон зай Монголын оюуны ертөнцөд 1996 онд орж ирсэн. Баабар "Нүүдэл суудал: Монголын түүх" гэсэн бүтээл Монголын түүхийг марксизмаас ангид үзэл суртлаас авч үзэх гэсэн дорвитой оролдлого байсан гэж би боддог. Гэхдээ түүний түүх бичлэг дэх Чойбалсангийн үнэлгээ Столыпиныхээс их л өөр билээ.  




No comments: