Думаагийн Содном гуайн "Амьдрал, бодол" (2003) -оос сонирхож уншсан зарим хэсгээ энд бичлээ. Тэмдэглэл төдий юм.
1. Содном гуайн аав манай цэргийнхний даалгавраар Өвөрмонголд очин тагнуул, туршуулын ажил хийж байгаад 1940-өөд онд баригдан амь үрэгдсэн бололтой. Ер нь тухайн үед хил орчмын аймгийн малчин эрчүүдийг тагнуулд явуулж, мэдээлэл цуглуулдаг байсан. Энэ тухай түүхэн талаас нь нарийвчлан судалбал ихээхэн ач холбогдолтой билээ.
2. Эрдэнэтийн асуудал. 1970-аад оны эхэн үед Эрдэнэтийн хэлэлцээг хийж байх үед Монгол Зөвлөлтийн ЗГ хоорондын комисссын Монгол талын дарга Майдар Зөвлөлтийн талтай уг асуудлаар шууд тохиролцоо хийн, гарын үсэг зурснаас Монголын талд хохиролтой гэрээ болсон.
3. Уг гэрээг шинэчлэхээр 10-аад жил хөөцөлдсөний эцэст, 1984 онд зарим өөрчлөлт оруулж чадсан. Гэхдээ уг асуудлыг Монгол Зөвлөлтийн найрамдлын эсрэг чиглэсэн үйл ажиллагаа хэмээн Филатова, Майдар нарын зүгээс Содном, Моломжамц нарын улс төрчдийг зайлуулахаар дайралт хийсэн. Цэдэнбалын ой ухаан муудаж, албан тушаалаа хаших чадваргүй болсныг ашиглан зарим улс төрчид албан тушаал ахих сонирхлоо Филатова авгайгаар дамжуулан хэрэгжүүлэх гэж зүтгэдэг байж. Тухайн үеийн улс төрчдийн хоорондын тэмцэл ЗХУ-ын Коммунист намд бие биеийнхээ талаар алтан хошуу өргөх, УБ-т суугаа Зөвлөлтийн ЭСЯ-аар үүнийгээ дамжуулах гм арга хэлбэрээр Монголын хилийг давж, Москвад шууд хүрдэг байсан нь цаг үеийн онцлог юм даа. Гэвч Москвагийн бодлого Цэдэнбалыг нам төрийн удирдлагаас зайлуулахад аль хэдийн чиглээд байв.
4. 1990-92 оны хооронд Улс төрийн товчооны гишүүн байсан улсуудын банкин дахь хадгаламжийг хяналтад оруулж, тэднийг мөрдөн шалгасан тухай сонирхолтой мэдээлэл байна.
Дуртгал гэдэг хувь хүний намтар. Гэхдээ дуртгалаа бичсэн хүн түүхэн зангилаа үйл явдлуудын гэрч бол энэ нь түүх бичихэд ашиглагдах үнэ цэнтэй. Уг дуртгалд бичсэн Эрдэнэтийн гэрээ болон "Майдар, Филатова" нарын үйл ажиллагааг илүү нарийвчлан авч үзэх нь түүхчдийн үүрэг болов уу. Түүх биднээс өдөр өдрөөр холдсоор, баяжсаар байдаг. Болоод өнгөрсөн үйл явдал "нэг" боловч үүнд өгөх тайлбар цаг хугацаа өнгөрөх тусам олон янз болдог нь түүхийн онцлог. Түүхийн гэрч болсон хүмүүсийн амьд дуртгал, ярианы үнэ цэн улам бүр өссөөр байдаг нь үүнтэй холбоотой билээ.
No comments:
Post a Comment