Monday, February 02, 2009

Цагаан сар


1 сарын 26-ны өдөр орон даяар цагаан сар болчихсон ч юм шиг болоогүй ч юм шиг сонин оргиж байлаа. Олны аяыг харвал тэмдэглээд ч байгаа юм шиг үгүй ч юм шиг. Тэмдэглэчихсэн бол үхэр жил болчихсон ч юм шиг үгүй ч юм шиг. Ёстой ойлгох юм алга аа. Ухаандаа Өвөр Монголын наахантай, Монгол улсын дотор 1 сарын 26-аас хойш одоо мэндэлж буй хүүхдүүд бол хулгана жилтэй, хил даваад хэд алхахаараа үхэр жилтэй болчихно гэсэн үг байх нь.
Улс амьтны маргаанаас хараад байхад сар шинэ хэзээ болохыг Төгс буянт хэмээх зурхай шийдээд буй бололтой. Дорно дахины орнуудтай нэг өдөр тэмдэглэхийг шаардаад байгаа нь шарын хэмээх зурхай. Олон улсын хэмжээнд шарын зурхай гэж нэрлэдэг ч юм уу үгүй юм уу бүү мэд. Манайхан л шарын гээд байгаа.
Хөдөлмөрийн тухай хуулийг сөхөн харвал шинийн 1, 2-ныг нийтээр амрах баярын өдөр гэж хуульчилжээ. Харин шинийн 1-нийг чухам хэдийд байхыг юуг баримтлан, ямар хуулийн этгээд шийдэх ёстойг дурдаагүй байна. Ёс заншлын хүрээнд Гандантэгчинлэн хийдийн баримталж буй Төгсбуянтын зурхайг өнөөг хүртэл дагаж, урин хавраа угтах сар шинийн баяраа тэмдэглэж иржээ.
Тэгэхээр цагаан сард гурван шинж агуулагдаж байна. Нэгдүгээрт, төрөөс бүх нийтийн амралт болгон хуульчлан тогтоосон баяр ёслол; хоёрдугаарт, зурхайч Тэрбиш зэрэг улсуудын зурсан литийг үндэслэн Гандантэгчинлэн хийдээс шинийн нэгэн болох өдөр судар хийгээд үйлдэх зан үйл, шашны ёслолыг тогтоодгоос үзэхэд шашны хийгээд уламжлалт шинжтэй ёс заншил мөн; гуравдугаарт, хүйтэн өвлийг өнтэй давж, урин хавартай золгосны баяр болдог байна. Астрономийн үүднээс харвал хүн төрөлхтөн, түүний дотроос Монгол улс, түүний дотроос үзмэрч Дашцэрэн, зурхайч лам нар маргасан ч маргаагүй ч сар дэлхийг тойрдгоороо тойрч цаг хугацаа тогтсон хугацаандаа улирч л байгаа.
Дээрх санаануудаа базаад хэлэхэд, уламжлалт ёс заншил, шашнаа хүндэтгэн үзэхийн сацуу Хөдөлмөрийн тухай хуульд үндэслэн Ерөнхийлөгчийн зарлиг гаргах замаар чухам аль зурхайн билгийн тооллыг баримтлахаа шийдчихвэл амар санагдаад байгаа юм. Эс тэгвэл Арго багш 9 сард , шарын зурхайтангууд 1 сард, бусад нь 2 сард цагаан сараа тэмдэглэж эхэллээ. Энэ нь хуулийн үүднээс харахад Хөдөлмөрийн тухай хуультай зөрчилдөөд л байгаа юм л даа.

2 comments:

Anonymous said...

Тиймээ таньтай санаа нэг байна. Бид чинь одоо үхэр жилд амьдараад ч байгаа юм шиг үгүй ч юм шиг яг нөгөө Хүрлээгийн эргэлзээ шиг сайхан холион бантанг нь хутгаж байнаа хэхэхэ.

Tseesuren's blog said...

Цагаан сараа хэзээ тэмдэглэх нь чухал биш... Тэмдэглэж байх нь л чухал... Хэзээ тэмдэглээд байнаа гэж эргэлзэхийн оронд яаж тэмдэглэхээ бодсон нь дээр гэж бодож байнаа. Энэ дэлхий дээр эргэлзээгүй зүйл гэж үгүй.... Гэхдээ эргэлзээ бүхэн эцэстээ тайлагддаг. 3 сар гараад л бид бүгдээрээ адил үхэр жилд амьдрана шүү дээ!!! kkk...