Monday, November 10, 2008

Николийн тухай

Николь гэж сайхан эр байх. 1960-аад онд Японд каратэ сурах гэж очоод, дорнын соёлд татагдан тэр чигтээ Японд үлдчихэж. Каратэг ч сурсан шиг сурч. Бас хажуугаар нь зохиол оролдон, бага наснаасаа адал явдал хайн аялж байсан үүх түүхээ уудлан уран зөгнөл болгоод уншигчдад хүргэдэг болж. Зохиолуудыг нь Японы уншигчид таалж, мань эр ч алдартай болсон байна. Тэгээд цуглуулсан мөнгөөрөө Японы Нагано мужид Курохимэ (Хар гүнж) нэртэй уул худалдан авч, цэвэрлэн янзлаад тэндээ өдгөө суурин сууж, хүүхэд шуухдад байгаль орчны хичээл сургалт, ой мод, ан амьтантай хэрхэн харьцах талаар зааж өгдөг болжээ. Тэгээд сууж байхад нь миний бие Хар гүнж уулнаа очиж, зохиогчтой золгон уулзсан юм. Мэдээж, монгол идээгээ амсуулалгүй яахав. Тэгээд ярьж суулаа. Зохиолч хүнтэй ярих ч гоё шүү. Дараа нь хүлхээд л баймаар гоё гоё ярианууд цээжинд хоногшино.

"Англи Бурын дайнд 17 хон настай Уэльсийн нэгэн залуу оролцож. Масай омгийнхон хүүгийн отрядыг бүсэлж, тэд ч үхлээ хүлээхээс өөр аргагүй болж. Шөнө болж, Африкын одод асгарах цэлмэг тэнгэрийг ширтэн суусан Уэльсчууд эх нутгаа санагалзан ардынхаа дууг бүгдээрээ дуулжээ. Үүрээр бүсэлсэн дайснууд тэднийг хүйс тэмтэрнэ. Энэ шөнийн тэнгэрийг сүүлчийн удаа харж байгаа болохоор тэд дуугаа өр зүрхнээсээ хайлан дуулж, шөнийн анирыг мялаажээ. Хариуд нь Масайчууд омгийнхоо дууг дуулж, дайтагч талууд шөнийн талд харанхуйн хязгаарт дуулалджээ. Үүр цайхад бүсэлсэн дайснууд тэднийг орхин одсон байлаа. Энэ отрядын дотор байсан 17 настай залуу дайчин бол миний өвөг эцэг Николь байсан юм даа"

Дээрх яриаг дууссаны дараа өвгөн зохиолч унтахаар явж, зочны өрөөг нь эзэгнэсэн би зуухны галыг нь өрдөөд, намрын салхи залгихаар гадаа гарч жаал зогссон билээ.

5 comments:

Battur Sanchin said...

Жаргаж яваа хөгшин байна да... Бага байхад Сэлэнгэ аймгийн Дулаанхан уулын өвөө(нэрийг нь санахгүй байна) гээд буянтай буурал өвгөн байдагсан. Уулын энгэрт байгалийн музей өөрөө хийж босгоод, өрөөл бусдад тайлбарлан, таниулж суудагсан...

Наранбаяр said...

Saikhan uvgun bna. Baga baikhad neg tiim ulger yarij ugdug, urt tsagaan sakhaltai uvguniig ih tusuuldug baij bilee.

A.Амарсайхан said...

Сонин түүх байна шүү

Anonymous said...

Sain baina uu.

Nachin baina. Bi sayahan Afangiin oig ochij uzlee.

Nicol guaigaas o'oriin chin orchuulsan nomiig belgend avsan. Bayarlalaa!

Amjilt!

Наранбаяр said...

Nachin hisashiburi des.

Horvoo jijig gedeg. Neeree tiim yum daa.