Wednesday, May 01, 2019

Японы оны цолын тухайд

Японд оны цол өөрчлөгдлөө. Хэйсэйгээс Рэйва болов. НТ-ын 645 онд анх Тайка хэмээх оны цолыг хэрэглэж эхэлснээс хойш энэ уламжлал тогтжээ.
Онд цол өргөж, хаанчлалын эрин үеэ тунхагладаг энэ ёс Зүүн Ази тэр дундаа Хятадад үүссэн байдаг юм.
Оны цолыг Монголд Хүннү гүрний үед мэр сэр хэрэглэж байв. Хамгийн эцэст нь Богд хаант Монгол улсын үед "Олноо өргөгдсөн" хэмээх цолыг хэрэглэж байв.
Өнөө үед энэ ёсыг авч үлдсэн улс бол Япон л байх шиг байна. Үүнд учир бий. Японд эзэн хаант төр улс үүссэн цагаас нэг удам тасралтгүй хаанчилж байгаатай энэ нь хамаатай. Энэ тухай 1890 онд батлагдсан Азийн анхны үндсэн хууль болох Мэйжигийн үндсэн хуульд "Их Японы эзэнт гүрнийг түмэн үе угсаа залгасан эзэн хаан захирна" гэж тунхаглажээ.
Улс үндэстнүүдийн түүхийг харж байхад Сыма Цяний ажигласанчлан, буян доройтсон хааны угсааг дотоодоосоо түлхэн унагаж, эсвэл гаднаас түрэмгийлэн орж ирээд мохол мушгилгүй болгож ирсэн байх юм.
Харин Японы хааны угсаа ийм тавилангаас ангид байсан нь далайгаар хүрээлэгдсэн газарзүйн байршил, геополитикийн онцлогоос гадна эзэн хаан эрх мэдлийг шууд өөрийн гарт төвлөрүүлж барьдаггүй засаглалын онцлогтой нь холбож үзэх нь бий.
Эдүгээгийн эзэн хаан 1947 оны үндсэн хуулийн тогтолцоогоор цэвэр билэг тэмдгийн шинж чанартай болжээ. Эзэн хаан өчигдөр сэнтийнээсээ буухдаа ард түмэндээ талархлаа илэрхийлэв. Японы ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн эзэн хаан байлаа.
Шинэ эринийг авчирч буй Рэйва. Эдүгээгийн хаан Монголд 2007 оны 7-р сард ширээ залгах хунтайж байхдаа Монголд айлчилж байсныг олон хүн санаж байгаа байх аа. Өгий нуурт зочлоход нь тухайн үеийн Байгаль
орчны сайдын зөвлөх Дамдин дарга Өгий нуурыг танилцуулан ярьж, миний бие дэргэд нь орчуулга хийж билээ. Хунтайж хүний яриаг маш анхааран сонсдог, асуулт их тавьдаг хүн байв. Бид төлөвлөсөн цагтаа тайлбар яриаг дуусгасны дараа Эзэн хааны ордны албанаас надад цайны мөнгөн халбага бэлэглэсэн билээ. Ишин дээр нь эзэн хааны гэр бүлийн тамга дүрс болох удвал сийлсэн байлаа. Энэ халбага эдүгээ ч манайд байна. Хааяа охин маань хэрэглэдэг юм.
Монголын тал нутгийг сэтгэлдээ тээсэн эзэн хаан мэндэллээ. Монгол Японы харилцаа хөгжлийн шинэ шатанд гарах эрин үе эхлэв.

No comments: