Sunday, August 17, 2008

Шинэ Чингис хаан киноны тухай

Монголын уран бүтээлчид хоёр дахь удаагаа Чингис хаанаа дэлгэцэнд амилуулан "Чингис хаан -Үхэж үл болно" гэдэг нэртэй кино бүтээж, хэд хоногийн өмнөөс Тэнгис кино театрт гаргаж эхлэв. Энэ киног өнөөдөр найз нартайгаа цуг үзлээ. Хоёр цаг 20 орчим минут үргэлжилж байна.

Жирийн нэг үзэгчийн хувьд киноны тухайд төрсөн сэтгэгдлээ ний нуугүй дурдъя. Зураг авалтын чанар сайн, том дэлгэцийн шаардлагыг бүрэн хангасан бололтой. Киноны дуу оруулалт ч гэсэн муугүй. Мөн киноны хөгжим их дажгүй санагдав.

Зохиомжийн хувьд барагтайхан. Хоорондоо уялдаа холбоо муутай баахан үйл явдал урд хойноо орон хөвөрнө. Чингис гэдэг агуу хүний амьдралыг нэг кинонд багтаана гэдэг тун хэцүү нь ойлгомжтой. Найруулагч, зохиолч нар нь багтаах гээд зүтгэчихсэн болохоор дэвэн дэлхийн хамаг юмыг хамж нийлүүлэн босгосон нь муухан оюутны ядмаг бүтээлэрхүү санагдсаныг нуух юун. Нууц товчоог уншсан байхын дээр Япон, Хятад, Оросын хийсэн Чингисийг алгасалгүй үзсэн хүн арайхийн ойлгомоор.

Дүрүүдийн хувьд ч гэсэн өмнөх "Чингис" кино, "Мандухай цэцэн хатан"-гаар танил болсон бүх жүжигчид ахиад л гарч байна. Өүлэн эх, Хасар хоёроор "занимальдсан" гэж ч хэлж болмоор жүжигчин Сувд, Жаргалсайхан нар ахиад л энэ дүрээрээ гарч ирэв. Идэр залуу Тэмүжин, Их Монголын эзэн хаанаар өргөмжлөгдсөн Чингис хүртэл дүрийг "бөөндсөн" жүжигчин Төмөрбаатарын бүтээсэн дүр сэтгэлд ер хүрсэнгүй. Өмнөх "Чингис" киног Жамухын дүрээр амилуулж, олны сэтгэлд хүрч байсан жүжигчин эрчтэй чадалтай Төмөрбаатараас хэлтэрхий ч үлдсэнгүй. Хайран ч жүжигчин.

Монгол кинонд найруулагчийн шинэ сэтгэлгээ, шинэ жүжигчид гарч ирэх хэрэгтэй болсныг энэ кино харууллаа. Тийм жүжигчид, найруулагчид олон байгаа гэж би боддог. Үзэгчдийн хүлээлтийг мэдэрдэггүй, явцуу хүрээндээ сэтгэл ханан биесээ өргөмжилдөг төрийн цолтон сэтэртэнгүүдийн бий болгосон тогтолцоонд хамаг "но" бий байх.


1 comment:

gegeen said...

gokshoon font-g ni yanzlahaar bolchij. unicode converter www.gegeen.com -n linkuud dotor baigaa shuu