Friday, February 02, 2007

Хоорэнсоо хэмээх дүрэм

Бизнес дэх бөмбөгийн тухай Тулгат андын бичсэнийг хараад Япон бизнесийн хэв маягийн талаар цааш нь жаахан нэмэрлэж дуугармаар санагдлаа. Япон хэлэнд “Хоорэнсоо” гэсэн ухагдахуун байдаг. Энэ нь Хоококу (Тайлагнах, мэдээлэх), Рэнраку (Холбоо барих), Соодан (Зөвлөх) гэсэн үгнүүдийг эхний үеэр нь товчилж үүсгэсэн ойлголт болно. Манай МОНЦАМЭ гэдэг шиг. Хоорэнсоо гэж нийлүүлээд дуудахаар Японд хоолонд өргөн хэрэглэдэг навчин ногоотой адил сонсогдоно. Япончуудтай нэг дор ажиллахад энэхүү “Хоорэнсоо”-г байнга хэрэглэж зурших хэрэгтэй болдог. Аливаа нэг асуудал шийд гарах төвшинд очих хүртэл холбогдох хүмүүс өвөр зуураа байнга зөвлөж, холбоо барьж, тайлагнадаг гэсэн үг. Хоорэнсоо дүрмийг баримталснаар ажил хариуцсан ажилтнаасаа авахуулаад ажил шийдэх дарга нь хүртэл байнга реаль тайм мэдээллээр хангагдана. Мөн хоорэнсоог тогтмолжуулснаар цэргээсээ дарга хүртэл тухайн асуудалд хандах үзэл хандлага, ойлголт, вектор нь ижилсэж ирдэг сайн талтай. Ингээд шийдвэр гаргасны дараа нэг жигд ойлголт, вектортой болсон компани албан байгууллага бүх хүчээ дайчлан шийдвэр хэрэгжүүлэх боломжийг аль хэдийнээ бий болгочихсон байдаг.

Монгол байгууллагад үүнээс арай өөр зарчим үйлчилж байх шиг санагддаг. Асуудал хариуцсан ажилтан ихэвчлэн өөр дээрээ цугласан болон цуглуулсан мэдээллээ бусадтайгаа хуваалцах дургүй, зөвлөх дургүй, дээр нь бас тайлагнах чадвар дульхан байдаг. Мэдээллийг өмхийртөл нь дарсаар ажил нураах тохиолдол ч олон. Тиймээс нэг байгууллага байтугай нэг жижиг хэлтэс тасаг дотор ч хүн бүр шал өөр юм ярина. Дарга нь тэмээ гэж байхад цэрэг нь ямаа гээд зогсч байх энүүхэнд.

Японд суралцаж буй миний нэг танил найз хэдэн жилийн өмнө гэрлэлтээ батлуулахаар Японд суугаа Монголын Элчин сайдын яамны Консулын хэлтэст хандаж л дээ. Шаардагдах бичиг баримтыг утсаар лавлан бүрдүүлж, өдрийн сайныг сонгон, Осакагаас Токио хүртэл замын зардал гарган байж гэрлэх бүсгүйтэйгээ хамт очжээ. Гэтэл ЭСЯ-ны ажилтан тэдний бүрдүүлсэн бичиг баримтыг дутуу байна гээд буцаачхаж. Лавлах үед хэлж өгөөгүй баахан бичиг баримт нэмж шаардаж л дээ. Найз маань гайхаж, “Үгүй ээ, бид танайх уруу лавлаж байж л бүрдүүлсэн юм даа” гэхэд “Тэр ямар хамаатай юм бэ. Та нар надтай ярихгүй яасан юм” гэж амыг нь тагласан гэж байгаа. Элчингийн ажилтнууд найзын маань асуултад хариулж мэдэхгүй байсан юм бол мэддэг хүнтэй нь холбоод өгчих “Рэнраку”(Холбоо барих) ажлын этикгүй байж л дээ. Хаанаасаа хаалгач нь гэдэг шиг “Надаас асуухгүй яасан юм” гэж томордог нөхөр хэрэв энд суугаа монголчуудаас ийм асуулт олон ирдэг, тийм тохиолдолд ийм тийм материал бүрдүүлэх хэрэгтэй гэсэн лавлагааг ажлын байран дээрээ бэлэн байлгаж, бусадтайгаа мэдээллээ хуваалцдаг байсан бол ийм хүндрэл гарахгүй л байж.

Мэдээллийг бусадтай хуваалцалгүй өмчирхдөг зан Монголын хөгжлийн төмөр чөдөр ажээ.

5 comments:

Solace said...

Японд байгаа Монголын элчин рүү утасдаж юм асуухаар өөдөөс дандаа манай Вэбсайтаас тэр мэдээлэлээ ав гэж хэлдэгийн. Тэгээд тэр вэбсайтад нь орохоор хэрэгтэй мэдээлэл ерөөсөө байдаггүй. Ялангуяа гэрлэлтээ бүртгүүлэхэд ямар бичиг баримт шаардлагатай, паспортоо сунгуулахын тулд яах хэрэгтэй гээд л. . . Тэгээд бүр хэрэг болгож элчин дээр очихоор нөгөө ажил хариуцсан түшмэл нь ажил дээрээ байхаасаа байхгүй нь их байх жишээтэй. Нэг тийм ядаргаатай, хүнд сурталтай газар.

Tsatsral said...

Нээрээ Монголд дандаа л "Наадахаа урьд нь асууж байхад хэлэхгүй яасан юм бэ?" гэмээр байдал гардаг шүү.

D.Byambabaatar said...

Yu bn daa, Angiin and Narashka!Blogiin yortontsoor heren hesej yavtal sanamsargyi bagiin and chini blogt orchihloo, neleen heden bichlegiig chini unshlaa, sanal niileh zyil ih bn,sanal soliltsoh zyil ih bn,nemj delgeryyleh gants neg yum ch bn, yor ni hel gar hoyoriig mini zagatnuulj orhiloo, ene blogiinhon. Blogtoi boloh yum san...
Mor moroo hoosoor uulzalgyi udjee,chamaig gadnii ulsuudtai hamt yavj bhad chini halit taaraldsaniig es tootsvol 7,8 jil uulzaagyi shig bn,naiz ni Hyatadad tyr hugatsaagaar ajillaj bgaad tsagaan saraas hoish Mgl.doo bn, chi Mgl.d baival zalgaadahaarai, minii utas 99080696.
Za arvan jiliin and naizdaa, bas ger byld ni sain saihniig hyseed ergen uulzahiin yorool taviya!

Burenbayar said...

uigarjin usegeer bicyee gebel boljoo chat iig tataj abaarai
http://210.77.30.21/cbl/proto/index1/down.jsp?fn=Boljoo_1_0_1.exe

Jenni said...

Unshaad bsan chin ikh sonirholtoi bn

visit
http://erdenekhuu.blogspot.com