Thursday, July 06, 2006

Наадам тоссон торгон агшин

2006 оны наадам дөхөөд манайд хонь, ямааны үнэ суга өсч байгаа тухай мэдээ дуулдав. Тарган хонь бол жар орчим мянга, ямаа дөч орчим мянган төгрөг байгаа ажээ. Энэ жил ялангуяа тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойтой давхцаад гадна дотно, хот хөдөөгийн зочид гээд хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхсөн том баяр болох шинжтэй. Жилдээ ганц болдог наадам дөхөхөөр тэнгэр хүртэл хураа хайрлаж, хүн малын зоо тэнийн, ногооны анхилам үнэрт Монгол орон маань бялхана. Хүн бүр билэг дэмбэрлийн сайхан үг ам амандаа хэлэлцэж, уур хилэн, уцаар бухимдлаа түрхэн ч болов мартдаг үе.
Яг энэ үеийг угтаад УИХ-р олон чухал хуулиуд батлагдан гарч, нийгмийн тогтолцоонд томоохон өөрчлөлт орж ирсэн туршлага их харагддаг. Хаврын чуулганы хаалт дөхөөд ирдэг болохоор арга ч үгүй юм уу даа. Тухайлбал, энэ жил татварын багц хуулиудад томоохон өөрчлөлт оруулж, татварын нэг шатлалтай тогтолцоонд шилжихээр хэд хоногийн өмнө УИХ-ын эхний хэлэлцүүлгээр батлагдаадхав. Нийгэм тэр аяараа зуны дэлгэр цагийн өнгө аяст уярч, ажлаа мартаганаж, алжаалаа тайлан, айраг боодог хөөцөлдөх цагаар улс төрчид бидний амьдралтай нягт холбоотой тогтолцооны шинжтэй өөрчлөлтийг ийнхүү “ар хударгаар” шийдлээ гээд хэлчихэд бараг л дэгсдэхгүй болов уу. Энэ удаагийн татварын хуулийн өөрчлөлтүүдийг ер нь амьдралд нийцсэн, хувийн хэвшилд очиж буй татварын дарамтыг бууруулж, эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлөх зүйл гэж сайн талаас нь үнэлэх нэгэн байхад нийгмийн халамжийн систем, төсөв бүрдүүлэлт, орлогын дахин хуваарилалтын тал дээр санаа зовинох хүмүүс ч байх. Татварын тогтолцоог өөрчлөөд хаячихсан энэ том өөрчлөлт наадмын өмнөх ажин түжин байдал дунд чимээгүйхэн гулссаар төрөлтийн онцын хүндрэлгүй Монголын газар шорооноо мэндлэх нь дээ. Эх барьж буй УИХ-ын гишүүд дотор 2004 онд бөөн бөөнөөрөө сонгогдсон манай үндэсний бизнесменүүд олон бий. Улс төр бол нийгэмд оршин буй ашиг сонирхлын бүлгүүдийн хүчний харьцаан дээр оршино гэсэн үзлийн үүднээс харах юм бол дэндүү гэмээр мэдээжийн л үр дүн.
Монголд өвөл хавар намар улс төр буцалдаг гэж их ярьдаг. Зуны амралтаа дуусгасан НИЙГЭМ намар болохоор ТӨРИЙН эсрэг дайрч эхэлнэ. Тэгээд өвөл бухимдлаа хурааж байгаад хавар нь зад жагсана. Гэтэл харамсалтай галт тэрэг хэдийнээ хөдөлчихсөн байдаг. Хамгийн чухал тогтолцооны шинжтэй өөрчлөлтүүд чухамдаа зун, зун зундаа наадмын налгар өдрүүд эхлэх торгон агшинд шийдэгдээд та биднийг намар сэхээ орохыг хүлээгээд сууж байдаг нь үүний тодорхой баталгаа. Наадам тоссон торгон агшин манай улс төрийн нүүр царай...

1 comment:

Эрин М.Тулгат said...

Нєхдvvд аль айлын айраг исээ бол, аль айлын охин єсєє бол гэж зуны зуурдхан хугацаанд дэнгийн эрвээхий шиг эргэлдэж байх хооронд амьдралын алхам бvрд нєлєєлєх чухал хуулийг шийдэж дээ. УИХ-д бизнесмэнvvд олон байдаг нь ч тэр байх, гэтэл ер нь ингэснээр улсын тєсєвт хэдий хэр нєлєє vзvvлэхийг (багасах, ихэсэх г.м.)яаж тооцсон бол оо? Тэгээд тэр тооцоо судалгаагаа ард тvмэнд таниулсан л байгаа даа. Тvvнээс гадна Монголд улс тєртэй хvзvv сээрээрээ хэлхэлдсэн хэдхэн монополь компани бий болвол тэгээд байдал тун хэцvvднэ дээ. Наранбаяр аа, зєв цаг vед нь зєв олж харж бичжээ.