Sunday, January 08, 2017

Багшийг хөглөх нь (2015)

Ном дор мөргөмү
Будда дор мөргөмү
Багш дор мөргөмү


Бурхны судар энэ үгээр эхэлж, монголчууд болон дорно дахины уламжлалд уг үзэл гүн бат суужээ. Багшийг шүтсэнээр багшийн эрдэм шавьд уламжлагдана гэх. Үүнд л асуудлын цөм оршмуй. 

Багш самбарын өмнө зогсоод, эсвэл анги дундуур яваад зааж буй дүр зургийг та ангид харна. Хүүхэд багшаа сэтгэлээсээ хүндлэн, зааж буй хичээлийг сонирхож, анхаарлаа төвлөрүүлэн суралцаж байвал багш ч гэсэн байдгаараа мэрийдэг. Багш хүүхдийн сониуч зан, мэдлэгт тэмүүлэх сэтгэлийг өдөөж, хүүхэд балын амтанд дурлах зөгий мэт багшийн хичээлд хандсанаар багшийн сэтгэл ч хөглөгдөж, нийцтэй уур амьсгал, яруу тансаг аялгуу үнэртсэн сайн хичээл өрнөдөг юм. Ийм хичээлээс агуу багш, агуу шавь төрнө. Багшийг хөглөгч нь хүүхэд ажгуу.

Сэтгэл сэтгэлийн дотроос хүндлэх сэтгэл хамгийн эрхэм. Хүндлэлээс хайр үүсч, хайраас эерэг бүхэн ундарна. Тиймээс л багшийг хүндэлж байж түүний эрдмийг ав хэмээн дорно дахинд сургадаг ажээ. 

Багшийг хүндлэх нь зөвхөн багш шавийн хоорондын асуудал бус, "багш-эцэг эх-шавь" гэсэн харилцаанд ч хамаатай. Сургуулийн үйл ажиллагааг сайжруулах ухаалаг зөвлөгөө, бүтээлч санал, зүйтэй шүүмжлэл, зохистой урам өгдөг сайхан эцэг эх маш олон байдагт би баярладаг. Багшид, сургуульд хандсан бүтээлч шүүмжлэлийг бид хүлээн авч улам сайн сургалт явуулахын тулд чармайдаг. Бүтээлч, зөв зүйтэй шүүмжлэл хаа хаанаа хэрэгтэй. Түүний зэрэгцээ саар хандлагыг гаргадаг эцэг эх ч байдаг нь харамсалтай.

Эцэг эхийн зүгээс багшийг үл хүндлэн хүүхдийн дэргэд загнаж дайрдаг үзэгдэл хаа нэг гардаг. Ийм зүйлээс сайн зүйл төрөхгүй нь ойлгомжтой. Хүндлэх сэтгэлийн үзүүрт тос, доромж сэтгэлийн үзүүрт эвдрэл оршмуй. 

Сургууль гэдэг нийтийн баялаг. Боловсон хүчин гэдэг нийгмийн баялаг. Боловсон хүчин сайн багшийн гараас төрөн гардаг. Аминч үзэл, доромж сэтгэл, алагчлах хандлагыг таягдваас сайн багш жаргалтай нийгмийг цогцлоох агуу шавь нарыг маш олноор төрүүлнэ. Нийтийн баялаг, нийгмийн баялгийг төрүүлэгч сургууль болон багш нарын алдар бадартугай.   

Сэхээтэн төрөх нь (2015)

Цыган нараас сэхээтэн төрж эхэлсэнд "Тэд удахгүй тусгаар тогтнолоо зарлах нь" гэж судлаачид ихээхэн сэрэмжилсэн байдаг. Учир нь сэхээтнүүд түүхээ бичиж, тэндээс үндэсний үзэл төрдөг болохоор тэр. 

Түүх бичих сэхээтэн бол үндэсний хэмжээний хүн байдаг гэж би боддог. Түүх, хэл соёл, философийн судалгаа хамрах хүрээгээрээ ч өргөн юм. Үндэсний хэмжээний ийм сэхээтэн ховор төрнө. Үе бүрээс ч төрөхгүй. Тухайн нийгмийн үе шатад хэдхэн л мэндэлнэ. Байгалийн ухаан, инженерчлэл, эдийн засаг, хууль эрхзүйн сэхээтнүүд олноор төрж, материаллаг орчныг бүрдүүлдэг бол оюун санааны хүрээг үндэсний хэмжээний сэхээтнүүд бүрдүүлдэг. Тэдний бүтээсэн оюун санааны хүрээ улсын тусгаар тогтнолын суурь болж, тэндээс олон сэхээтэн төрж, үндэстэн хүчирхэгждэг болов уу. 

Монголын хувьд орчин цагийн үндэсний хэмжээний сэхээтэн төрөх түүх Агийн Буриадаас эхтэй гэж би хувьдаа боддог. Энэ тал нутгаас Дорж Банзаров (1822-1855), Цэвээн Жамсранов (1880-1942) хэмээх хоёр агуу эрдэмтэн төрж, Цэвээн Жамсрановын нөөлгөөр Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн хэмээх Монголын хоёр том сэхээтэн мэндэлсэн билээ. Түүхчдээс гэвэл Ш.Нацагдорж (1918-2001), хэл шинжээчдээс Ш.Лувсанвандан, зохиолчдоос их Нацагдорж, Буяннэмэх, Ядамсүрэн, Намдаг, Дарма Батбаяр гээд агуу сэхээтэн төржээ. 

Том сэхээтэн, суутан яаж төрдөг юм бол? Бодоод байх нь ээ, дараах нөхцөл бүрдсэн байвал төрөх магадлал өндөр болно.

1. Үе дамжсан уламжлал. Ихэнхи суутан үе дамжсан боловсролтой хүмүүсийн дундаас төрсөн байх нь элбэг. 
2. Сайн сургууль, сайн багш, сайн номтой учирсан байх. 
3. Үзэсгэлэнт сайхан байгальтай газарт өссөн байх. Агуу Дамдинсүрэн Матадын талаас төрсөн бол Буяннэмэх, Батбаяр нар Дэлгэрхангай уулнаас төрсөн гээд тоочоод байвал жишээ олон. 
4. Цаг үеийн шаардлага, хүлээлт. 

Өнөөгийн хотын сургуулиудад 1,2, 4 нь байна. Харин 3-ыг бодлогоор бий болгох хэрэгтэй. Хөдөлмөр зуслан, сурагч солилцоо, намрын аялал гээд эх орныхоо байгалиар бахдах, байгальтайгаа ойр орших ухааныг бид хүүхдүүдэд сургах цаг болжээ. Шинэ Монгол сургуульд энэ талаар хэрэгжүүлсэн, хийсэн ажил нэлээдгүй бий. Хэдэн жилийн дараа үндэсний хэмжээний сэхээтнүүд олноор төрөх болтугай.

Сургахуйн тухай (2015)

Японы философич Вацүжи Тэцүроо-гийн "Күнз" хэмээх номд дараах утгатай зүйлийг бичжээ. "Хүн төрөлхтөний агуу дөрвөн багш буй. Сократ, Бурхан багш, Ийсүс, Күнз нар. Тэд өөрсдийн бүтээлээ бичиж үлдээсэнгүй. Харин тэд агуу шавь төрүүлсэн. Тэдний сургаалийг шавь нараар нь дамжуулж бид мэддэг. Сократыг Плато, Аристотель нараас, Бурхан багшийг Ананд, Субуди тэргүүтэй шавь нараас нь, Ийсүсийг Гэгээн Петр тэргүүтэй шавь нараас нь, харин Күнзийг түүний Янь Хуй тэргүүтэй шавь нараас нь бид мэддэг билээ" гэжээ. 
Эндээс би ийм асуулт тавих гэсэн юм. Энэ дөрвөн багш ямар аргаар агуу шавь нарыг төрүүлэв ээ? гэж.  

Күнзийн сургаал дотор ийм мөр байна. Өөрийнхөөрөө орчуулаад үзье. "Күнз өгүүлрүүн, - Яах вэ, яах вэ гэж огт дуугардаггүй хүнийг би яаж ч чадахгүй"
Энэ хэдэн үгээс дараах зүйлийг хэлж болмоор юм.
1. Амжилттай сурах хүн өөрөө сурах их хүсэлтэй байх агаад түүнийгээ илэрхийлэх ёстой.  

2. Сурах хүслээ илэрхийлээгүй хүнд заах хэрэггүй. Хэрэв ингэхгүй бол дургүй ламд дарж байж сахил хүртээхийн үлгэр болж, агуу шавь хэзээ ч төрөхгүй. 

3. Багш хүн шавь нараа суръя гэсэн хүслээ дарж чадахгүй болтол нь, түүнийгээ илэрхийлэх хүртэл нь "хүлээх" хэрэгтэй. Хүслээ илэрхийлтэл нь заахгүй гэсэн үг. 

4. Гуравдугаарт дурдсан "хүлээх" гэдэгт сургалтын гол амин сүнс оршино. Юу ч хийлгүй гар хумхин суух бус хүн бүрт таарсан аргаар "хүлээж", сурах арга барил, чадварыг тогтооход голлон анхаарч, тэдний үзэл хандлагыг сурахуйд чиглүүлнэ гэсэн үг. Энэ нь идэвхигүй бус идэвхитэй хүлээлт юм

Жич: ЭМОС клубээс эрхлэн гаргах дараагийн ном бол "Яаж сурах вэ?" үүнд зориулан блог дээрээ өөрийн санал бодлоо тэмдэглэж буй юм.

Шинэ Монгол сургуулийн карьер хөгжлийн төвийн нээлт (2015)

Манай Ерөнхий боловсролын системд сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, цаашид дэвшин суралцах их дээд сургуулийн талаар зөвлөгөө өгөх, дэмжих, шалгалтад бэлдүүлэх, төгсөгчиддөө ажлын байр олгоход дэмжлэг үзүүлэх, тэдэнтэй амин холбоотой ажиллах шинж чанар нэлээд дутмаг байдаг нь ажиглагддаг. Тиймээс бид энэ бүх шинж чанарыг өөртөө агуулсан тогтолцоог Шинэ Монголын дотор бий болголоо. Энэ бол Шинэ Монгол карьер хөгжлийн төв юм.
Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн (ШМЭХ) харьяанд Карьерийн төв нээгдэж буй нь Ерөнхий боловсролын ШМС төдийгүй өнөөгийн боловсролын тогтолцоонд шинэчлэлийн шинжтэй алхам болж буйг тэмдэглэе. 

Карьер төв ШМЭХ-ийн харьяа сургуулиудын сурагч, оюутанд ирээдүйн ажил мэргэжлийн талаар зөвлөгөө өгөх, танилцуулах, гадаад дотоодын их дээд сургуулийн мэдээллээр хангах, элсэлтийн шалгалтад бэлдэхэд туслалцаа үзүүлэх, ШМЭХ-ийн харьяа ахлах сургууль, коллеж, дээд сургууль хоорондын уялдааг бэхжүүлэх, багш ажилчдад карьерийн талаар мэдлэг олгох, төгсөгч нарын мэдээллийг цуглуулах, шаардлагатай хэмжээнд түгээх, төгсөгчдөд дэмжлэг үзүүлэх гэх мэт олон үүргийг гүйцэтгэнэ. Монголын боловсролын тогтолцоонд хамгийн хэрэгцээтэй атлаа тэр бүр хийгдэлгүй орхигдож ирсэн энэхүү орон зайд үйл ажиллагаагаа дагнан явуулах болж буйд тус төвийн ач холбогдол оршино.

Төгсөгчид нь сургуультайгаа амин холбоотой төдийгүй өөр хоорондоо алтан хэлхээтэй байх нь агуу сургуулийн чанар мөн. Түүний зэрэгцээ сургууль мөрөөдлөөр дүүрч, мөрөөдөл бүр бодит алхам болон жигүүрээ дэлгэн дүүлэн  нисдэг байх ёстой. Эдгээр чанар чухамхүү Карьер төвөөр дамжин биеллээ олох учиртай. Шинэ Монгол сургуулийн захирал, багш нар, төгсөгчдийн хооронд бат нут барилдлага тогтож ирсэн уламжлал бий. Өнөөдөр энэ уламжлал Карьер төвийн тогтолцоогоор дамжин улам бэхжих боломжтой боллоо. 

Төвийг байгуулах ажлыг анхнаас нь дэмжсэн ШМЭХ-ийн ерөнхийлөгч Ж.Галбадрах багш, байгуулах ажлыг гардан гүйцэтгэсэн Г.Суурь, Имай Чиэ, Н.Мөнхбаясгалан, Б.Батбаяр даргадаа болон төвийг байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн 1-р үеийн төгсөгч нартаа талархлаа илэрхийлье.
Карьер төвөөс олон мөрөөдөл жигүүрээ дэлгэн гарч, ирээдүйн агуу Шинэ Монголыг бүтээх болтугай.

Ном унших номыг орчуулан олны хүртээл болгов (2015)

ӨМНӨХ ҮГ



“ЭМОС-Ном” цувралын тав дахь бүтээл “Ном унших ном” эрхэм уншигчийн гарт очиж буйд баяртай байна. Уг номыг Чикагогийн их сургуулийн профессор, Америкийн нэрт философич Мортимер Ж. Адлер туурвин 1940 онд Тачстөүнбүүк хэвлэлийн компаниар хэвлүүлснээс хойш олон хэлнээ орчуулагдан, оюунд шимтэгч залуусын ширээний ном болжээ. Бид энэхүү анхны хэвлэл болон 1972 онд Мортимер Ж.Адлерын зүгээс Чарльз В. Дорентой хамтран нэмж засварлан хэвлүүлсэн хэвлэл, түүнчлэн 1997 онд Кооданша компаниас эрхлэн гаргасан япон орчуулгыг барьж уг бүтээлийг монгол хэлнээ хөрвүүллээ.[1]

Энэ номоос уншигч та сайн ном гэж юу болох, унших гэж юу гэсэн үг болох, номыг анхан шатны уншлагаас цойлдож, задлан шинжилж, эцэст нь харьцуулан унших шат дамжлагаар дамжин идэвхитэй унших арга технологийг эзэмших болно. Ном уншихад хурдан унших, олныг уншихыг онцлох шаардлагагүй юм. Харин сайн номыг олж унших, сайтар ойлгох, өөрийн үгээр утга санааг нь илэрхийлэх, үнэн мэдлэгийн ертөнцөд нэвтрэх нь чухал болой.

ЭМОС клубын “Өөрийгөө хөгжүүлье” хэмээх анхны ном 2004 онд, дараагийн “Мэргэжлээ зөв сонгоход тань” ном 2005 онд, гурав дахь ном болох “Амжилтад хүрэх гал эрмэлзэл” 2006 онд тус тус хэвлэгджээ. Эдгээр цуврал ном нь өөрийгөө хэрхэн хөгжүүлж, мэргэжлээ хэрхэн сонгож, хэрхэн амжилтад хүрэхийг залуучуудад ойлгуулахыг оролдсоноороо ач холбогдолтой болсон.[2] Энэ удаад бид арвисан боловсролын үндэс суурь болох номтой хэрхэн танилцаж, хэрхэн үр дүнтэй унших талаар өгүүлэв. Бидний дараагийн ном бол “Яаж сурах вэ?” гэсэн асуудлыг хөндөх болно. ЭМОС-ийн зургаа дахь бүтээл болох учиртай “Яаж сурах вэ?” номыг бид 2016 оны хавар гаргахаар ажиллаж байна. Ерөөс “ЭМОС-Ном” цувралын зорилго нь “How to” буюу аливааг “Яаж, хэрхэн” үр дүнтэй, зөв хийж бүтээх аргыг танилцуулахад оршдог юм.

Энэхүү номыг орчуулахыг ЭМОС-ийн анд нартаа санал болгосон Ц.Буянцогтоо, төслийг удирдсан Ч.Чинзориг, төслийн ажилд идэвхийлэн оролцсон Н.Бямбадорж, редакцийн зөвлөлд ажилласан доктор Ч.Лодойравсал, М.Тэмүүлэй, Д.Батхуяг нарт талархсанаа илэрхийлье. Мөн бидний орчуулгыг хянан тохиолдуулсан Монгол судлалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, доктор Д.Заяабаатар, номын чимэг зургийг зурж, утга санааг тодотгож өгсөн шог зураач С.Цогтбаяр[3], номын нүүрний зургийг зурж өгсөн Л.Энэрэл охинд тусгайлан талархал дэвшүүлье.

Хүн төрөлхтний мэдлэгийн санд хувь нэмрээ оруулах, номд нэвтэрхий залуус маш олон болтугай.

ЭМОС-ын зохицуулагч, доктор П.Наранбаяр




[1] Англи эх нь Mortimer J. Adler and Charles Van DorenHow to Read a Book: The Classic Guide to Intelligent Reading, Touchstone book, 1972Япон орчуулга нь本を読む本外山 滋比古 未知子 翻訳)講談社学術文庫1997

[2] Үүнээс гадна 2008 онд хэвлүүлсэн “Япон хөтөч” хэмээх ЭМОС-ийн ном бий.
[3] С.Цогтбаяр гуай ЭМОС-ийн анхны номын чимэг зургийг зурсан билээ.

Мэндлэхийн ач тус

Шинэ Монгол сургуульд жижүүр багш, менежер, нийгмийн ажилтан, ахлах сургуулийн сурагч нар өглөө бүр үүдэнд хүүхдүүдээ угтаж мэндэлдэг.  Багш, сурагч нарын энэ үйл ажиллагаа ихээхэн утга учиртай. 

Угтан авч мэндлэх, угтуулан авахуулж мэндлэх хоёр сэтгэлзүйн хоёр өөр орчин. Угтан авч мэндлэх нь өөрийн зүгээс эхэлж мэндлэх гэсэн идэвхитэй үйлдлээс улбаатай. Энэ үед энэ хүүхэд яагаад над руу харахгүй байна, яасан дуу нь сул юм, би ч гэсэн ингэдэг байх даа гэх мэт олон зүйлийг ажигладаг. Угтан авч мэндэлж үзсэн хүн дараа хүнтэй мэндлэхдээ яг энэ идэвхитэй үйлдлээ хадгалсаар байдаг агаад мэндлэхийн ач холбогдол, утга учрыг гүнзгий ойлгосон байдаг юм.

Мэндлэх гэдэг хүмүүс эхлэн золгоход сэтгэлийн үүдийг нээж өгдөг чухал алхам. Таньдаг атлаа мэндийн зөрүүгүй өнгөрвөл тэр нь хоёр хүн өс зангидсан, эсвэл сэтгэлээ нээх хүсэлгүй, хоёр биенээ үл тоомсорлосныг илэрхийлж буй хэрэг.

Мэндэлснээр сэтгэлийн цонх нээгдэж, бие биедээ хандсан хүндлэл үүснэ. Хүндлэл гэдэг хүнийг алагчлах явцуу үзлийг үлдэн хөөнө. Хүнийг алагчилдаггүй, хүндэлж чаддаг хүн өөрийгөө ч хүндэлдэг гэсэн үг. Өөрийгөө хүндэлж чаддаг хүн бие даасан үзэл бодолтой, хүчтэй нэгэн байдаг. Ийм хүчтэй хүн бусдыг хайрладаг, энэрэнгүй нэгэн байдаг. Хайр, энэрлээр дүүрсэн сэтгэлтэй хүний эргэн тойрон ямагт аз жаргалаар бялхаж байдаг билээ.

Хүүхдэд зориулсан бүтээлийн зохисгүй агуулгад тавьж буй хяналтын тухай- Японы жишээн дээр –(2014)

Хүүхдэд зориулсан бүтээлийн зохисгүй агуулгад тавьж буй хяналтын тухай- Японы жишээн дээр –
П.Наранбаяр
ЭМОС клубын[1] гишүүн
Шинэ Монгол БДС-ийн гүйцэтгэх захирал

Лодойравсал андын үндсэн илтгэлд зориулан зарим нэмэлт мэдээлэл өгөх боломж олгосон зохион байгуулагч нарт талархснаа илэрхийлье. Энд тавьж буй илтгэлдээ хүүхдэд зориулсан бүтээлийн зохисгүй агуулгад тавих хяналтыг Японы жишээгээр авч үзэв. Япон бол эрх зүйн хувьд Германы эрх зүйн системийг баримталдаг, шүүх тогтолцоо нь Англи, Америкын нөлөө ихтэй тул тус орны жишээгээр дамжуулан өрнө дахины нийтлэг үзэгдлийг олж харах боломжтой гэж үзсэнтэй энэ нь холбоотой.
Хүүхдэд зориулсан бүтээлийн зохисгүй агуулгад тавьж буй Япон улсын тогтолцоог бүхэлд нь авч үзвэл дараах байдлаар ангилж болмоор санагдана. Үүнд, нэгдүгээрт, төрийн зүгээс тавьдаг хяналт. Энэ хяналтыг дотор нь шүүх эрх мэдлийн хүрээнд, гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн хүрээнд тус тус авч үзэж болохоор юм.
Хоёрдугаарт, орон нутгийн засаг захиргаанаас тавьдаг хяналт. Муж, хот тус бүрээс гаргасан журмуудыг энэ хүрээнд авч үзнэ.
Гуравдугаарт, төрийн бус байгууллагаас тавьдаг хяналт. Хэвлэлийн ёс суртахууны зөвлөлийн үйл ажиллагаа үүнд хамаарна.
Дөрөвдүгээрт, хэвлэлийн компаниудын хяналт. Үүнд, хэвлэлийн редакторуудын гүйцэтгэж буй үүрэг өндөр юм.
Шүүх эрх мэдлийн хүрээнд хяналтыг хэрэгжүүлсэн тохиолдол Японд ховор байдаг юм байна. Энэ нь хэвлэн нийтлэх эрх чөлөөний асуудал хөндөгддөгтэй холбоотой бололтой.
Орон нутгийн засаг захиргааны тухайд хүүхдэд зориулсан бүтээлийн зохисгүй агуулгад тавих хяналтыг журмаар зохицуулдаг. Японы нийт 47 мужийн 46 нь энэ харилцааг зохицуулсан журмыг 1950-1970 оны хооронд батлан гаргажээ. Журамд заасан нийтлэг хязгаарлалтаас дурдвал, хүүхдэд зохисгүй ном, тоглоомыг заан тогтоодог, номын дэлгүүрт зохисгүй номыг зарах газрыг тусад нь тавиулахаар журамладаг, хүүхдийг шөнө тодорхой шалтаангүй гадагш гарахыг хориглодог, хүүхдээс хуучин ном, бусад зүйлийг худалдан авахад асран хамгаалагчийн зөвшөөрөл шаарддаг гэх мэт заалтууд байдаг аж.
Хэвлэлийн ёс суртахууны зөвлөл нь орон нутгийн журмууд гарсантай холбоотойгоор 1960-аад онд байгуулагдсан. Японы Хэвлэлийн жижиглэн борлуулалтын холбоо, Хэвлэлийн зуучлалын холбоо, Сэтгүүлийн холбоо, Ном хэвлэлийн холбоо зэрэг байгууллагууд хамтран уг зөвлөлийг бүрдүүлдэг. Жилд 3-5 удаа зохисгүй ном хэмээн зааан тогтоогдсон бол сайн дурын үндсэн дээр борлуулалтыг хязгаарлаж, хориглох үйл ажиллагааг явуулдаг.
Хэвлэлийн компаниуд дээр хяналтын тогтолцоо идэвхитэй ажилладаг. Японд хэвлэлийн редактор нь тухайн хэвлэлийн компаний ажилтан бөгөөд мэргэжлийн өндөр ур чадвар, туршлагатай хүмүүс байдаг ажээ. Тэд зохисгүй агуулга хянах төдийгүй найруулга, утга санааны хувьд тухайн бүтээлийг төгс болгохын тулд их зүйлийг хийдэг. Манайд энэ тогтолцоо сул, бүтээл гаргагч нь өөрөө редактороо хайж олдог тул чанаргүй бүтээл гарах нь олон. Телевиз, радио зэрэг медиа байгууллагад хууль, журмаар тогтоогүй боловч зан заншлын хүрээнд баримталдаг зарчим бий. Үүний жишээ нь бусдыг ялгаварлан гадуурхсан, бүдүүлэг үг хэллэгийг эфирт хэрэглэхийг хориглосон явдал юм.
Зохисгүй агуулгад тавих хяналт нь хэвлэн нийтлэх эрх чөлөөг ямар нэг хэмжээнд хөнддөг тул “сайн дур”-ын шинжтэй байх нь элбэг. Гэвч энэ нь хууль шиг хэрэгжиж чаддаг, мөн орон нутгийн захиргааны байгууллага илүү оролцоотой болохыг илтгэлийг бэлдэх явцдаа ажиглав. Төрийн үйлчилгээг иргэнд хамгийн дөт үзүүлдэг газар бол орон нутаг. Тиймээс орон нутгийн эрх мэдлийг эрх зүйн хүрээнд өргөтгөх нь энэхүү илтгэлийн сэдэвтэй холбоотой болж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.


[1] ЭМОС клуб: Өөрийгөө хөгжүүлэх, нийгэмд сайн сайхныг түгээх зорилготой хүүхэд залуучуудад урам өгөх, оюуны бүтээлч үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор 2004 онд байгуулагдсан клуб. ЭМОС гэдэг нь “Электрон Монгол Оюутнуудын Семинар” гэсэн үгийн толгой үсгийг нийлүүлсэн товчлол юм. Байгуулагдсан цагаасаа хойш нийгэмд тустай сайн дурын үйл ажиллагаа олныг зохион байгуулж ирснээс гадна “Өөрийгөө хөгжүүлье” (Төслийн удирдагч: М.Тулгат), “Мэргэжлээ зөв сонгоцгооё” (Төслийн удирдагч: Ч.Лодойравсал), “Амжилтад хүрэх гал эрмэлзэл” (Төслийн удирдагч: П.Наранбаяр), “Япон хөтөч” (Төслийн удирдагч: Г.Суурь) нэртэй номыг хэвлүүлж, олны хүртээл болгожээ. Эдүгээ “Ном унших тухай ном”-ыг орчуулан гаргахаар ажиллаж байна.

Sunday, September 15, 2013

Монгол Японы эдийн засгийн иж бүрэн түншлэл хаачив?

Япон. Иж бүрэн түншлэлээс стратегийн түншлэлд шилжсэнээ манай Ерөнхий сайдын айлчлалын үеэр зарлав. Хэдэн Засгийн газрын өмнөх үеэс яригдаж байсан нь өнөөдөр биеллээ олсон хэдий ч нарийн дээрээ яривал энэ нь туйлын хангалтгүй юм. 600 сая долларын бонд бүтээлээ гэнэ. Энэ ч хангалтгүй. Хоёр орны хооронд 4 жил гаруй яригдаж буй эдийн засгийн иж бүрэн түншлэлийн гэрээний асуудал манай талын айлчлалын үеэр яригдсангүй нь харамсалтай. Бонд гэдэг цаанаа барьцаатай, буцаах хөрөнгөний асуудал. Хөөрөөд баярлаад байх зүйл ч биш. 

Хоёр орны харилцаанд өнөөдөр дутаад буй зүйл бол яах аргагүй эдийн засгийн түншлэл. Японы бодит ашиг сонирхол, Монголын ашиг сонирхол яах аргагүй нийцэх салбар бол энэ мөнөөс мөн атал энэ удаа ч ганзага хоосон байгааг бид юу гэж ойлгох вэ? Хоёр улс ойртон нягтрах нь Хятад, Монгол, цаашлаад Солонгосын хойгт хүртэл тодорхой хэмжээнд нөлөөлөх учиртай. Орос, Хятадын эдийн засгийн нөлөөлөл дотор Монгол улс хэдий болтол байх вэ?

Friday, April 12, 2013

Абэ Шинзоогийн айлчлалын дараа

Японы Ерөнхий сайд Абэ Шинзоо 2013 оны 3 сарын 30, 31-нд Монголд айлчлаад буцлаа. Аль нэг орноор айлчлах далимдаа Монголоор дайрсангүй, манайхыг зорьж ирээд уулзах гэсэн улсуудтайгаа ярилцаад харив. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас гадна сөрөг намын даргатай хүртэл уулзлаа.  Урьд нь Койзүми Жюничироо мөн л зорьж ирээд буцсан ч суудлаасаа буухын урдьхан ирсэн, харин Абэ Шинзоо суудалдаа залраад хагас жил ч болоогүй байхдаа Монголд айлчлав. Үүгээрээ энэ хоёр айлчлал ихээхэн ялгаатай.

Monday, December 17, 2012

Сонгууль хэмээх цусгүй тулалдаан

Японы парламентын доод танхимын сонгууль өчигдөр болж үр дүн нь тэр даруй олны өмнө ил болов. Нийт 480 суудлаас ЛАН-Коомэй намын эвсэл 325, Засгийн эрх баригч асан АН 58, сонгуулийн өмнөхөн байгуулагдсан Ишинно-кай буюу Шинэчлэл нам 54 суудал авч, бусад жижиг нам, бие даагчид үлдсэн 43 суудлыг хамлаа. 

3 жил 3 сарын өмнө япончууд "бор халзан хонь" байсан ч Ардчилсан намын нэр дэвшигчид өгөхөд бэлэн байсан бол энэ удаад ЛАН-ын хүн л бол саналаа шууран өглөө. Шуурах үзэгдэл нийгэм тогтворжсон Японд ч байдаг байна. Ер нь сонгогчдын сэтгэл зүй манайхаас ч алд дэлмийн зөрүүгүй мэт. 

Monday, December 10, 2012

Буриадын Улаан-Үдээр явлаа

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Буриадын Улаан-Үдэд очоод ирлээ. Улаанбаатараас өглөө эртлэн автобусаар гарч, их үдийн хирд Алтанбулагт хүрээд хилийн шалган, гаалиар оров. Гаалийн мэдүүлэг гэдэг "мартагдсан соёл" энд дүрээрээ байхыг үзлээ. Дараа нь хэдхэн зуун метр яваад ахиад л Оросын гааль. Яг адилхан мэдүүлэг, гаалийн шалгалт. 

Monday, September 24, 2012

Шинэ аваргын тухай Асахи сонины эхний нүүрт

Японы өдөр тутмын том сонин "Асахи"-гийн нэгдүгээр нүүрэнд 607 үсгэнд багтааж бичсэн "Тэнсэй жинго" нэртэй жижиг булан 1904 оноос тогтмол гарч байгаа юм. "Тэнсэй жинго" гэдэг нь Vox Populi, Vox Dei ("The voice of the people is the voice of the gods") хэмээх латин үгийн орчуулга бололтой. Агуулгын хувьд тэнгэрийн байдал, цагийн аяс, хандлага зэргээр сонины редакцийн үзэл бодлыг товчхон өгүүлсэн бяцхан эссе гэж тодорхойлж болно. 2012 оны есдүгээр сарын 24-ний Асахи сонины "Тэнсэй жинго" шинээр мэндэлж буй аваргын тухай дарааг нийтлэлийг гаргажээ. Бүрэн эхээр нь орчуулснаа Цахим өртөө вэб дээр мөн тавьсан болно. 

Friday, September 14, 2012

Зэрлэг галуу

Мори Оогайгийн бэсрэг тууж "Зэрлэг галуу"-ны тухай хэдэн үг бичье. Япон нэр нь 『雁』, англи нэр нь "Wild Geese". Зүгээр л "Галуу" гэе гэж хэдэнтээ бодсон. Гэвч гэрийн тэжээмэл галуу нисдэггүй. Зохиолд гардаг нь нисдэг зэрлэг галуу бөгөөд энэ нь зохиолын баатруудын хувь заяаг шийдэх нэг сэжим болдог юм. Тиймээс зориуд "зэрлэг" гэдэг тодотгол хэрэглэв. "Зэрлэг" гэлгүй "Хээрийн галуу" гэвэл яасан юм ч гэж бодлоо. Гэтэл "Хээрийн галуу" гэвэл Bar-headed goose гэдэг Энэтхэг Монголын хооронд нүүдэллэдэг тусгай зүйл болоод хувирчихна. Зохиолын нэгдүгээр бүлгийг уншигчидад танилцуулах зорилгоор блогтоо байрлууллаа. Сонирхон уншиж үзнэ үү. 

Tuesday, September 11, 2012

Мори Оогайгийн зохиолыг орчууллаа


Японы нэрт зохиолч, орчуулагч, соён гэгээрүүлэгч, эмч Мори Оогай (1862-1922) -гийн "Зэрлэг галуу" хэмээх туужийг зүрхлэн орчууллаа. Ямар ч хүний амьдралд тохиолддог хайр сэтгэл, мөнгөгүй байхын гачлан хийгээд санамсаргүй тохиолдлоор хувь заяа хэрхэн холбогдож, тасран салдгийг харуулсан зохиол болохоор эдүгээ ч хуучраагүй. Түүний дээр барьж аваад нэг дор уншчих боломжтой авсаархан тууж. Уншигчид янз бүр байдаг. Зарим нь орондоо, зарим нь ариун цэврийн өрөөнд, зарим нь кофены даруулга болгон унших үйлдлийг гүйцэтгэдэг. Үүнд л яг тохирсон ном гэх гээд байгаа юм, хэхэхэ. 


Sunday, September 09, 2012

Түүх бичлэг хийгээд Столыпины нэг номын танилцуулга

"Москва Бээжингийн завсар дахь Монгол орон". Аркадий Столыпины 1971 онд франц хэлнээ бичиж хэвлүүлсэн энэ бүтээлийг Л.Бат-Очир гэдэг хүн орчуулж, 2000 онд Монсудар хэвлэлийн газраас хэвлүүлжээ. Орчуулгын хувьд сайн, бас зохиогчийн эндүүрч, ташаарсан зарим газарт залруулга, зүүлт хийсэн нь олзуурхууштай.

Saturday, September 01, 2012

"Жангар"-ын гайхамшигт үгээс

Хэдэн жилийн өмнө Халимагийн жангарч, хөөмийч Охнойн Цагаанзам гуай манай ажлын газраар хэд ирсэн юм. Бид эртний монголчуудын зан аалийн талаар өөрсдийн төсөөллөө ярилцлаа. Монгол баатрууд тулалдаанд орохдоо товшуураа аван хөөмийлөөд, хоолойн хархираа үүсгэн дайсан руугаа дайран ордог байсан гэж Цагаанзам гуай өгүүлэв. Хэдэн зуун баатар хархирахад газар доргиж, чих дөжрөм байж таараа гэж ирээд л нүдэнд харагдтал ярьдаг байна шүү. 


Жил нас хоёроо 
Жадын үзүүрт өргөе...
Бух цэргийг нягт гэж
Буцаж харьсан баатар манайд үгүй.(Жангараас) 

Thursday, August 30, 2012

Д.Содномын "Амьдрал, бодол" 2003

Думаагийн Содном гуайн "Амьдрал, бодол" (2003) -оос сонирхож уншсан зарим хэсгээ энд бичлээ. Тэмдэглэл төдий юм.

Tuesday, August 07, 2012

( ) ! << >> < >

    Бийр янтайгаас бичгийн машины хэрэглээнд орсон нь том дэвшил байлаа. Бичихтэй адил үр дүнг "цохих" үйлдэл авчирдаг болов. Компьютер гэдэг санах ойтой гайхамшигт машин үйлдвэрлэгдэж, "цохих" нь "оруулах"-аар солигдлоо. Хэдэн жилийн өмнөөс iPad мэндэлж, "таап" хийтэл нь "товших" болов. 

Sunday, June 17, 2012

Салхи зүсэлсэн хөвгүүн

"Салхи зүсэлсэн хөвгүүн". Япон нэр нь 「風を見た少年」. 2008 онд монгол хэлнээ хөрвүүлэн гаргасан. Тэр үеийн орчуулгаа хараад бас л сэтгэлд хүрдэггүй. Харандаа бариад улаан нялга болтол засч орхилоо. Ингээд энэхүү бүтээлийн нэмж засварласан хоёр дахь хэвлэлийн эх бэлэн болов. Уг нь бол гайхамшигтай сайхан зохиол. Дульхан орчуулгаар уншигчдыг чилээсэндээ хүлцэл өчье. "Салхи зүсэлсэн хөвгүүн" бол хүүхэд багачууд төдийгүй томчууд хүртэл уншиж таашаах уран зөгнөлт тууж. Ийм төрлийн бүтээл манайд ховорхон гарч байгааг энд нурших хэрэг юун. Номын танилцуулга болон зарим хэсгээс доор нийтлэв. 

"Цагаан буга" дахин хэвлэгдэв.

С.W.Николийн "Цагаан буга" туужийг 2004 онд орчуулан хэвлүүлснээс хойш найман жил өнгөрчээ. Анх орчуулсан номыг хэлэх үү, туршлага дутаж, найруулга зүй, үг хэллэгийн хувьд засах шаардлагатай байв. Уг номыг дахин хэвлүүлэх завшаан тохиосноор орчуулгаа чамбайруулж засах боломжтой боллоо. Номыг дахин хэвлүүлж өгсөн анд нартаа баярлалаа. Номын тухай танилцуулгыг дор нийтлэв.