Шинэ жилийн уур амьсгал орсон Улаанбаатарт замын хөдөлгөөн түгжирдэгээрээ түгжирч, асфальтан гадарга мөсөн гулгуур болов. Тэгээд мунхаглаад байх нь ээ, ер нь нийслэлд сүйх тэрэг явуулж яагаад болдоггүй юм бол гэсэн шүү бодол орж ирж байна аа. Машин морь хоёрын аль нь хурдан бэ? Улаанбаатарын замд бол сүйх тэрэг хамаагүй хурдан байж таарна. Яг л энэ зураг дээр байгаа шиг гоё хээнцэр. Гэхдээ үндэсний хэв загварыг өөртөө шингээвэл бүр сайн. Зундаа сүйх тэрэг жуулчдын дуртай унаа болно гэх мэт. Харин замыг нь яаж бий болгох вэ? Энэ далимаар замаа өргөтгөн, нийтийн эрх ашгийн үүднээс газрын мафи гэж нэрлэгддэг улсуудыг задлаад хаячихсан.
Wednesday, December 31, 2008
2008 он баяртай
Шинэ жилийн уур амьсгал орсон Улаанбаатарт замын хөдөлгөөн түгжирдэгээрээ түгжирч, асфальтан гадарга мөсөн гулгуур болов. Тэгээд мунхаглаад байх нь ээ, ер нь нийслэлд сүйх тэрэг явуулж яагаад болдоггүй юм бол гэсэн шүү бодол орж ирж байна аа. Машин морь хоёрын аль нь хурдан бэ? Улаанбаатарын замд бол сүйх тэрэг хамаагүй хурдан байж таарна. Яг л энэ зураг дээр байгаа шиг гоё хээнцэр. Гэхдээ үндэсний хэв загварыг өөртөө шингээвэл бүр сайн. Зундаа сүйх тэрэг жуулчдын дуртай унаа болно гэх мэт. Харин замыг нь яаж бий болгох вэ? Энэ далимаар замаа өргөтгөн, нийтийн эрх ашгийн үүднээс газрын мафи гэж нэрлэгддэг улсуудыг задлаад хаячихсан.
Monday, December 15, 2008
Төрөлжин хөгжихүйг үргэлжлүүлэн бодоход
Чөлөөт худалдааны тухай ярьж эхлэхээр Дэвид Рикардогийн нэр заавал гарч ирнэ. Түүний боловсруулсан харьцангуй давуу талын онол одоо ч гэсэн анхаарал татсан хэвээр байна. Аль нэгэн улс өөрийн хамгийн сайн хийж бүтээж чаддаг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд хүч хаяж, түүнийгээ экспортлох замаар хамгийн их ашиг олж чадна. Тухайлбал, хөгжиж буй оронд дарс үйлдвэрлэл хөгжсөн орноос хэд дахин хямд өртгөөр үйлдвэрлэгдэж байвал, тухайн улс өндөр өртөгтэй бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх гэж илүү зардал хүч гаргах шаардлагагүй. Дарс үйлдвэрлэлд анхаарлаа төвлөрүүлж, энэ салбарт өрсөлдөх чадвараа сайжруулан экспортолж, харин хажуудаа байгаа хөгжсөн орноос тэнд хямд үйлдвэрлэж чаддаг барааг оруулж ирэх хэрэгтэй. Ингэснээрээ хоёр улс хоёул хожно гэж Дэвид Рикардо үзсэн байдаг. Энэ нь чөлөөт худалдааны гол тулгуур онол гэж би ойлгодог.
Өнөөдрийн Дэлхийн худалдааны байгууллага олон улсын чөлөөт худалдааг дэлгэрүүлэх, нэгдсэн нэг дүрэмд оруулахаар их зүйл хийсэн байгууллага. Чөлөөт худалдааг хөгжүүлснээр Хөгжингүй орнууд хожив уу, Хөгжиж буй орнууд хожив уу? Энэ бол өөр асуудал. Монгол улс л лав чөлөөт худалдааны ертөнцөд явж орсноор үндэсний үйлдвэрээ босгож чадаагүй гэж би боддог. Африкын Судан улсад эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан нэг багшийн маань яриа одоо ч гэсэн сэтгэлд хадаатай байдаг юм. Суданы Ерөнхийлөгчийн зөвлөх түүнийг Суданд мэргэжилтнээр ажиллаж байхад нь дуудаж уулзжээ. Тэгээд, "Судан улсыг ДХБ-д элсүүлэхэд юуг анхаарах ёстой вэ?" гэж асууж. "Танай улс үйлдвэрлэлийн ямар салбараа хамгийн чухалчлан үзэж байна вэ? Өөрөөр хэлбэл, гадаадын хямд бараа их хэмжээгээр цутган орж ирэхээс хамгаалах бодолтой байгаа үйлдвэрлэлийн салбараа сонгож аваад хамгаалах бодлого явуулах хэрэгтэй. Нэгэнт чөлөөт худалдааны цэвэр өрсөлдөөн бүхий тоглоомын хатуу дүрэмтэй ертөнцөд явж орох тул чухалчилж үзсэнээс бусад салбарыг хаях хэрэгтэй болно. Тэгэхээр ДХБ-д элсэн орно гэдэг дотоодын үйлдвэрлэлийн хөгжлийн сонголтын тухай бодлого юм" гэж хариулсан байна.
Монгол улс төрөлжиж чадав уу? Хамгаалах салбараа сонгож чадав уу? Бидний хамгийн сайн чаддаг үйлдвэрлэлийн ямар салбар байна? ДХБ-д элсэн орсноос хойш боловсруулаагүй ноолуур их хэмжээгээр Хятад уруу гардаг болсон, Хятадын худалдаачид бэлэн мөнгө барин гар дээрээс шууд ноолуур худалдан авдаг болсноор ноолуурын үнэ тэнгэрт хадаж, дотоодын үйлдвэрлэгч нар түүхий эдээ хурааж чадахгүй зогсоход хүрсэн гашуун туршлага саяхных. Хятад Орост үйлдвэрлэсэн сүү сүүн бүтээгдэхүүн 40 сая малтай Монгол улсын дэлгүүрийн лангуунд ярайж байна. Гадаадын сүү сүүн бүтээгдэхүүн Монголынхоос хямд. Дээр нь бас импортын даршилсан өргөст хэмх, помидор, жимсний чанамлууд. Ай яа яа, бид сонголтоо хийж чадсангүй. 1996 онд ДХБ-д элсэн орохдоо энэ тухай үндэсний үйлдвэрлэгч нартайгаа ч зөвлөлдсөнгүй...
Friday, December 05, 2008
Андерсений "Шидэт хэт"
Тэгээд бодоод байх нь ээ, үлгэр гэдэг жаахан хүүхдэд зөв ёс суртахууныг заадаггүй бололтой. Жишээлбэл "Шидэт хэт" гэдэг үлгэр байна. Ерөнхий утга санаа нь нэг иймэрхүү.
Нэг цэрэг дайн дуусаад гэртээ харих замдаа шуламтай тааралдана. Шулам түүнийг агуйд орж хөсрий хаягдсан хэт авчирч өгөхийг хүснэ. Хонгилд байгаа алт мөнгийг дураараа авагтун гэсэн үгэнд шунагтсан цэрэг агуйд орон үүргэвчээ алт мөнгөн зоосоор дүүргэн гарч ирээд шулам эмгэнээс хэтийг юунд хэрэглэхийг асууна. Эмгэн чамд хамаагүй хаданд чимээгүй гэхээр нь алж орхино. Ингээд л шууд дээрэм, аллага гарч байгаа юм. Эмгэн уг үлгэрт шулам л гэж гарахаас ямар нэг алуулахаар муу үйл хийсэн тухай огт гарахгүй.
Тэгээд хөрөнгөтэй болсон цэрэг хотын хамгийн үнэтэй зочид буудалд тансагласаар мөнгөө бараад дээврийн хөндийд ядуухан амьдрахдаа хэтээ санан цахиж үзтэл том ноход гарч ирэн юу санасан есөн хүслийг нь биелүүлж өгнө. Ингээд амар хялбар амьдралыг шууд л сурталчилж байгаа юм.
Цэрэг бүр давраад шидэт нохдоороо хааны охиныг унтаагаар нь хулгайлуулан авчирч, шөнөжингөө дэргэдээ байлган үнсэж үлгэнэ. Ингэхэд охин огт сэрэхгүй. Эцэст нь хааны охиныг шөнө хулгайлдаг хэрэг нь илэрч баригдана. Дүүжлүүлэхийн даваан дээр шидэт ноход нь ирж аварна. Хаан нохдоос айсандаа гүнжээ өгч, дээр нь бас хаант улсын талыг бэлэглэнэ.
Үлгэрийн зохиомжийг бүхэлд нь харахад үнэнч шударга хөдөлмөрлөх, хүн алж, хүрээ талахгүй байх ёс суртахууны хэм хэмжүүр үл оршино. Гайхмаар шүү. Андерсен юу хэлэх гэсэн юм бол?
Хүү маань надаас "Аав аа, энэ цэрэг шулмыг яагаад алчихав?" гэж асуухаар нь тайлбарлаж чадсангүй. Тэгээд яахав, шулам гэдэг угаасаа муу хүн байдаг юм гэхээс өөр тайлбар олдсонгүй. Андерсен муу хүнийг тонилгож байх ёстой гэж хэлэх гэсэн юм болов уу.
Friday, November 28, 2008
Шилэн галзуу баатар
Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой хүү, Гунан улаан баатар гээд л шатаж яваа их эрч хүчийг илэрхийлж ирсэн байх юм. Арван зүгийг хамгаалагч догшин дүрт бурхдыг хүний зүрх гарт нь бариулж, хохимой хүзүүнд нь зүүлгэж, нүгэлтнийг дэвслэн тонилгож байгаагаар дүрслэн шүтэн биширдэг. 20-р зууны 30-аад он хүртэл атаатныхаа амьд зүрхээр туг сүлдээ тахиж, сүр хүчээ бадраадаг байсан гээд л монголчууд бид галзуу, догшин төрхийг мууг зайлуулан гэсгээгч гэдэг утгаар нь эерэг талаас нь хүлээн авч ирсэн ард түмэн.
Ийм сэтгэлгээний суурь дэвсгэрээс улбаалан, аархсан хүчтэнг бишрэн хүндлэх, нийгмээрээ хүлээн авах, зарим талаар таашаах хандлага байдаг байх. Бөхийн ертөнцөд энэ нь ажиглагддаг. Би ч гэсэн, аархсан, эрчтэй, зоримог барилдааныг харах дуртай. Асашёорюүгийн барилдаан ч мөн гоё шүү. Харахад сэтгэл сэргэдэг.
Японы зураач Үтагава Күниёшигийн дүрсэлсэн баатар
Thursday, November 13, 2008
Japan Guide буюу Япон хөтөч
Шашин шүтлэг
Хэдэн жилийн өмнө нэг танил япон маань хуримаа удахгүй хийнэ гэж надад ярив. Тэгээд хуримын төлөвлөгөөнийх нь талаар жаал ярилцлаа. Мань эр сүйт бүсгүйтэйгээ христосын сүмд хуримлах болж байгаа гэв.
-Та хоёр христосын шүтлэгтэн үү? гэж би асуулаа. Гэтэл
-Үгүй гэж байна.
-Тэгвэл яагаад чухам христосын сүмд хуримаа хийх гэж байгаа юм бэ?
-Сүйт хүүхэн маань европ маягийн хуримын цагаан даашинз өмсөхийг хүсч байгаа юм л даа. Тэгээд ч христосын сүмд тэмдэглэвэл дурсгалтай.
Япончууд шашин шүтлэгт ер нь нэг иймэрхүү прагматик байдлаар ханддаг. Өөрөөр хэлбэл, шашинд гүнзгий автдаггүй, өөрт ашигтай хэсгээс авч хэрэглэдэг гэсэн үг. Тухайлбал, оршуулгын ёс жаяг нь буддын шашныг голлодог атал шинэ байшинд орох, машин худалдаж авах гээд аливаа юмыг эхлэхдээ уламжлалт шинто мөргөлийн[1] (神道) ёсыг баримтална. Манайхан шинэ машинтай болохоороо лам залан, ном уншуулаад урд талын толиноосоо хадаг уядаг шиг япончууд аян замын өлзий билэгдсэн тарнитай цаасыг машин дотроо наасан байх нь цөөнгүй. Япон хүн гэгээн хувилгаадын өдрийн битүүн[2], зул сарын баярыг Европ, Америкын ёс заншлаар тэмдэглэчихээд шинэ жилийн баяраа шинто мөргөлийн ёсоор угтана. Мөнх ногоон хулс, нарсны мөчрөөр үүдээ чимэглэн, шинтогийн тэнгэрт цагаан будааны боовоор тахил өрж тавина. Тэдний шинэ жилийн баяр нь манай цагаан сар шиг бурхны шашны зан заншлыг их шингээсэн байдаг. Битүүний шөнө буддын сүмийн хонхыг 108 удаа цохидгоос үүнийг харж болно. Зуны адаг сард буддын болон шинтогийн ёс жаягаар өвөг дээдсийнхээ сүнсийг тахих баярыг тэмдэглэнэ[3]. Мөн Хятадаас гаралтай уламжлалт шинжтэй олон баяр энэ оронд бий. Тэгэхээр христос, буддизм, шинто, тэгээд конфусианизм холилдсон зан заншил, баяр ёслол, шашин шүтлэг Японд байгааг та олж харах болно.
Японд гэрийн ойролцоо хаана ч гэсэн очоод мөргөчихөөр сүм, шинто мөргөлийн газрууд байна. Шалгалт дөхөөд ирэхээр оюуныг тэтгэгч бурхдыг тахисан сүмд очин, сахиус худалдаж аван мөргөнө. Талийгаачийн хойдохын буяныг уншуулан, ажил төрлөө даатгана. Японд бурхны шашны сэтгэлгээ, бясалгалыг голлосон урсгал болох Зэн буддизм хөгжсөн гэж манай судлаач, сэтгүүлч нар шагшран магтдаг. Энэ үнэн. Гэвч үүний хажуугаар мааний зургаан үсгээ хэлээд байвал диваажинд заларна гэх мэтээр хялбарчлан номлодог урсгалыг хамруулаад бурхны шашны 10 гаруй урсгал энэ оронд байж л байна. Энэтхэг, Хятадаас дамжиж ирсэн буддын шашин Японд орж ирэхдээ японжиж, япончуудын гараар олон урсгал бий болсонд хэргийн зангилаа нь оршдог болов уу. Бурхны шашин Японд 7 дугаар зуунд орж ирэхдээ анхандаа язгууртнуудын дунд дэлгэрч, төрийн нэгдмэл байдлыг хадгалах сэтгэлгээний төв болсон байдаг. Энэ шашныг “Нарагийн буддизм” гэж судлаачид нэрлэдэг. Түүний дараа самурай нар буюу цэргийн эрхтнүүд төрийн эрхийг барьж эхлэхдээ “Зэн буддизм”-ыг Японд дэлгэрүүлсэн байдаг. Гэвч жирийн тариачдад илүү ойр, ойлгомжтой, зардал багатай шашин хэрэгтэй байсан агаад энэ хэрэгцээг нь “жёодо шашин” (浄土宗) буюу мааний зургаан үсгээр диваажинд очих тухай номлосон шашин хангасан хэрэг. Жёодо шашин нь хатуу сахил санваарийг үл шаардана. Мах идэх, эхнэр авах эрх чөлөөг эдэлнэ. Учир шалтгааны шүтэлцэл, бясалгал энэ тэр гээд шашны философийг гүнзгий ойлгохыг шаардахгүй, зүгээр л итгэж бишрэхийг номлоно. Өөрөөр хэлбэл, шүтлэгийн орчин илүүтэй туссан шашин гэж ойлгож болох юм. Япон орон дахь бурхны шашны олон урсгал нь ийнхүү хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийцсэн олон өнгө төрх, сургаал баримтлалтай байдаг.
Тэгвэл япончуудын сэтгэлгээ, бясалгал, тулааны урлагийн хөгжилд их хувь нэмэр оруулсан зэн буддизмд гэгээрэлд хүрэх замыг аль нэг гадаад хүчнээс бус зөвхөн өөрийн дотоод ертөнцөөс хайхыг номлодог. Чиний бясалгалын замд бурхан таарсан ч, ачит багш таарсан ч, ариун богд таарсан ч тонилгогтун. Энэ бол чиний гэгээрэлд хүрэх цорын ганц зам гэж сургадаг ажээ. 13-р зуунд Зэн буддизмын Соотоо урсгалыг (曹洞宗) үндэслэсэн Доогэн (道元) хэмээх санваартан өөрийгөө хайж нээх гэгээрлийн бясалгалыг гэтэлснийхээ дараа нэг ийм алдартай үг хэлсэн байдаг.
“Би босоо хамрын дээр хэвтээ хоёр нүд байгааг л олж мэдлээ. Зэнд ямар ч гайхамшиг байхгүй. Цаг хугацаа урсч, нар зүүнээс мандаж, баруунд шингэнэ”[4]
Япончууд бидэнтэй адилхан буддын шашинтай атлаа хүн эргэн төрөх, төрөл арилжих, урьд хойд төрлийн тухай бараг мэддэггүй. Тэд талийгаачийн алтан савыг нээх, сүнс нь хэдийд биеэс зайлсан хийгээд, ирэх төрөлдөө юу болж төрөх нигууртай гэдгийг сонирхдоггүй. Угаас тэдний шашинд энэ тухай бараг дурдаагүй байдаг бололтой. Нас барсан хүнээ “хотокэ сама” (仏様) буюу “бурхан болооч” гэж дуудахаас бус манайхан шиг энэ тэр хамаатны тийм хүүхэд болон эргэн төрсөн гэж огт ярьдаггүй, мэддэг ч үгүй болой.
Харин манай шашинд энэ төрлөөс илүү хойд төрлийг бодож буян үйлдэх, үхсэний дараах ертөнцийг дүрсэлж, нүглийг тэвчих сэтгэл төрүүлэхийг илүү чухалчилдаг бололтой. Чойжин ламын музейд байгаа халуун хүйтэн тамын зургууд, ямандаг бурхад, “Чойжид дагинын тууж”, үхэгсдийн зурхайн ном гээд зөндөө олон бий. Нэг явган яриа дуулж байсан юм байна. Үнэн ч байж магадгүй. МУИС-д монгол хэл үзэж байсан япон оюутан, монгол хэлэнд үхлийг илэрхийлсэн үг олон байгааг анзаарч багшаасаа энэ талаар асууж л дээ. Багш нь маш олон байдаг гэж. Оюутан ч манай япон хэлэнд бас олон байдаг гэж мэтгэжээ. Ингээд багш оюутан хоёр тус тусын хэлээр үхлийг илэрхийлсэн үгийг тоолон бичиж ирэхээр болжээ. Монгол хэлний багш үхлийг илэрхийлсэн монгол үг 200 гаруйг жагсаасан байв. Гэтэл япон оюутан тоолоод тоолоод 100 хүргэж чадсангүй. Багш нь,
- За монгол хэлэнд аргагүй их байгаа биз
гэж хэлэхэд оюутан,
- Багш аа, монголчууд тэгвэл арай илүү үхдэг байсан байх аа
гэж хариулсан гэдэг.
[1] Шинтоо нь манай бөө мөргөлтэй төстэй, япончуудын уугуул шүтлэг. Энэ ертөнцөд байх тоо томшгүй олон онго савдгийг (八百万の神々) шүтэн биширдэг.
[2] Halloween буюу халловийнийг Оксфордын Англи-Монгол толь /2006/- д ингэж монгол хэлнээ буулгажээ. Монголд хүүхэд залуучуудын дунд энэ баяр нэлээд дэлгэрч байгаа. Тэд халловийнийг сүнсний баяр гэж хэлдэг юм билээ.
[3] Япон хэлээр oбон (お盆) гэх ба жил бүрийн 8 дугаар сарын сүүлээр болдог. Обоны үеэр тэнгэрийн оронд байгаа бурхан болооч өвөг дээдэс нь төрсөн голомтоо эргэж, үр ачаа хардаг ажээ. Гэрт сүнс орж ирэхийг баярлан угтаад үдэн гаргадаг баяр гэж бодохоор аймаар ч юм шиг.
[4] ルース・ベネデクト『菊と刀』講談社学術文庫2006年第6刷。Рүүз Бэнэдикт, Удвал ба сэлэм, Кооданша гакужүцүбүнко, 2006, 6-р хэвлэл
Wednesday, November 12, 2008
White stag буюу Цагаан буга
Уран зөгнөлд сургамжтай зүйл олон бий. Энэ талаар Жамц андын бичсэн сэтгэгдлийг уншиж үзээрэй. Мөн байгальтай харьцах ан агнуурын соёл, хүн төрөлхтний соёл иргэншлийн тухай өөрийн үзэл бодлоо зохиолч Николь "Туулай өвгөн" хэмээх дүрээр өгүүлсэн байгаа. Уншигч та ажлын зав чөлөөгөөрөө нэг уншаад үзээрэй.
Tuesday, November 11, 2008
Салхи зүсэлсэн хөвгүүн
Номын зургийн тухайд зохиогч Николь өөрөө зурсан. Хавтсан дээрх зургийг нь орчуулагч миний бие түүний зураг дотроос нь сонгосон хэрэг л дээ. Уг номын доторх зохиогчийн уран зөгнөлийн оргил болсон хэсгийг хавтасны зураг илэрхийлж байгаа юм. Амьд ахуйдаа тэрсэлдэн тэмцсэн хоёр сүнс оддын ертөнцөөр зугаалж, зохиогчийн дүрсэлсэн ийм ертөнцөд очно. Тэнд цаг хугацаа, орон зай гэсэн хэмжигдэхүүн үл оршино. Нэг анд маань уг номын талаар "Жингүйдэл" хэмээх нэртэй сэтгэгдлээ бичсэн байна лээ. Та уншаад үзээрэй.
Уран зөгнөл гэдэг хүний сэтгэлийг тайвшруулах, бухимдлаас салгах гайхамшигт ид шидтэй зүйл. Уншигч та ч гэсэн жингүйдэж үзээрэй.
Monday, November 10, 2008
Николийн тухай
"Англи Бурын дайнд 17 хон настай Уэльсийн нэгэн залуу оролцож. Масай омгийнхон хүүгийн отрядыг бүсэлж, тэд ч үхлээ хүлээхээс өөр аргагүй болж. Шөнө болж, Африкын одод асгарах цэлмэг тэнгэрийг ширтэн суусан Уэльсчууд эх нутгаа санагалзан ардынхаа дууг бүгдээрээ дуулжээ. Үүрээр бүсэлсэн дайснууд тэднийг хүйс тэмтэрнэ. Энэ шөнийн тэнгэрийг сүүлчийн удаа харж байгаа болохоор тэд дуугаа өр зүрхнээсээ хайлан дуулж, шөнийн анирыг мялаажээ. Хариуд нь Масайчууд омгийнхоо дууг дуулж, дайтагч талууд шөнийн талд харанхуйн хязгаарт дуулалджээ. Үүр цайхад бүсэлсэн дайснууд тэднийг орхин одсон байлаа. Энэ отрядын дотор байсан 17 настай залуу дайчин бол миний өвөг эцэг Николь байсан юм даа"
Дээрх яриаг дууссаны дараа өвгөн зохиолч унтахаар явж, зочны өрөөг нь эзэгнэсэн би зуухны галыг нь өрдөөд, намрын салхи залгихаар гадаа гарч жаал зогссон билээ.
Monday, November 03, 2008
Сайн уу муу юу аль нь вэ хө
Монголын нийгэм өнөөдөр нэг л хэлбэр хэмжээгүй болчихлоо. Сайн муугийн тухай ойлголт задраад одоо 20 жил шахаж байгаа болохоор нормгүй, моральгүй болох нь аргагүй. 90 он хүртэл сайн хүн гэдэг бол улс нийгэмдээ үнэнч, амбицигүй, хувийн машингүй, хогшилгүй, субботникт байнга оролцдог, сээгий малгай өмссөн сэхээтэн залуу байж. Үүний дараа ийм улсууд хог дээр үсэрч, гахай зөөдөг, ном уншдаггүй, наймааны гүйлгээ ухаантай, бага зэргийн хулхи зантай, хууль дүрэм сахидаг ч үгүй, мэддэг ч үгүй нэг иймэрхүү залуус түрэн орж ирж. Одоо ч гэсэн энэ дүр зургийн үргэлжлэл явж байна. Ялгаатай нь тэд хөрөнгөтэй, улс төрч бизнесмэнүүд болсон. Сэтэртэн болохын төлөө улайран зүтгэгчид, ёс суртахууны хариуцлагыг уландаа гишгэгчид эрх мэдэлтнүүд болов. Үүнийг нийгэм маань "сайн" гэж хүлээн авч байгаа бололтой. Нормгүй болчихсон нийгэмд "сайн" гэсэн нийтлэг ойлголт байхгүй. Үүнд л манай нийгмийн эмгэнэл, сонгуулийн хямралын уг үндэс оршино гэж би үзнэ.
Saturday, October 18, 2008
Never give up!
Thursday, September 25, 2008
Одоо болж буй улс төрийн амьдрал
Монгол улсын хувьд парламентын сонгуулийн дараа орон нутгийн сонгууль болдог. Энэ нь 10 сард болно. Түүний дараа ерөнхийлөгчийн сонгууль 2005 оны зун болно. Эхнийх нь хаяанд ирчихсэн, дараах нь барааны газар дөтлөн айсуй. Энэ хоёр сонгуулиар баримжаалан, өнөөдрийн улс төрийн байдлыг харъя.
Эвслийн Засгийн газар байгуулчихсан нөхдүүд орон нутгийн сонгууль дээр эвсэл байгуулах боломжгүй нь ойлгомжтой. Тэгэхээр орон нутгийн сонгууль дээр эсрэгцэх, бодлогын шинжтэй зөрчлийн тулгуур үүсгэж сонгуульд оролцох ёстой гэсэн үг. Гэтэл Монголд сөрөг хүчингүй улс төрийн нөхцөл байдал үүсээд байдаг. Энэ тохиолдолд, сонгогчид чухам юунд түшиглэн саналаа өгөх вэ гэдэг нь бүрхэгдүү болчхож байгаа юм. Монголын парламентыг дангаар эзэгнэсэн улс төрийн хоёр хүчин эвссэнээрээ орон нутгийн сонгууль утгагүй байдалд орж байна. Энэ байдал нь хэрэв Ардчилсан нам эвслийн засгийн газар байгуулалгүй сөрөг нам хэвээр байсан бол тэдэн үрүү цутгах ёстой байсан саналын их урсгалыг хааж буй гэдэгтэй олон хүн санал нийлэх биз.
Дараа нь 2005 оны ерөнхийлөгчийн сонгууль. Энэ сонгуульд гүйцэтгэх засаглал дээрээ эвсчихсэн байгаа хоёр нам бодлого, зарчмын хувьд эсрэгцэх нэр дэвшигч гаргах уу үгүй юу? Энэ өөрөө бас л сонин асуудал. Татвар, нийгмийн халамж, мөнгө санхүүгийн бодлого дээрээ эсрэгцэж, хариуцлагатай улс төр хийх ёстой намууд ийнхүү эвсэж орхисноороо орон нутгийн болоод ерөнхийлөгчийн сонгуулийг нэг л утгагүй болгочихлоо.
Бүх урсгал нэг л зүг үрүү чиглэх шиг. Улс төрийн ийм нөхцөл байдал хэнд ашигтай үйлчилнэ вэ?
Tuesday, September 23, 2008
Шинэ Засгийн газрын тухайд
Хамтарсан ЗГ-ийн үндэслэл нь ердөө энгийн. Хоёр намын мөрийн хөтөлбөрийг уншаад байсан чинь ерөөсөө зарчмын шинжтэй ялгаа алга. "Эрдэнийн хувь" гэхэд нөгөөх нь "Эрдэнийн хишиг" гэсэн. Хувь хишиг гэсэн монгол хэлний холбоо үг байна. Нарийн дээрээ ярьвал нэг л юмыг зааж байгаа юм. Монгол хэлний үгийн баялаг агуу. Тэгэхээр тангаргаа өргөхгүй тэс хөндөлдөөд хэвтсэн нөхдийг босгож тайтгаруулахын тулд Засгийн газраа хамтран байгуулж, гацаанаас гарцгаасан нь дээр. Угтаа нэг л зүйлийг олон талаас нь тайлбарлаж санал цуглуулсан болохоор один чёрт.
Ингээд 15 суудлын 6 -г нь Ардчилсан намд өгөв. Цаадуул нь боорцгоо хуваахдаа зодолддог банди нар шиг олны өмнө ичих нүүргүй ил цагаан хэрэлдэж эхлэв. Лу.Болд, Баттулга нарын нөхдүүд хамтын гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэж намынхаа эсрэг ажиллан, тэрүүхэндээ бужигнуулав. Нэг нь Батлан хамгаалахын нөгөөх нь Барилга, хот байгуулалтын сайд болцгоолоо. Боорцгондоо цадсан банди нар шиг дуугүй болцгоов. Ичих нүүр алга аа.
МАХН-ын томилгоог харахад, жил гаруйн өмнө нүдэндээ чичлүүлж, газрын авилгачнаараа дуудуулж, чамтай байхад МАХН нурж уналаа гэж дайруулж байсан Энхболдын фракц хичнээн амь бөхтэйгөө харууллаа. Өөрөө шадар сайд, тойрон хүрээлэгчид нь танхимын гишүүд. Хувьсгалт нам Баяр гэдэг маскаар нүүрээ сольсноос хэтэрсэнгүй.
Tuesday, September 16, 2008
Цамаархал
Thursday, August 28, 2008
Олимпийн дараа
Гэтэл олимпийн сүүлчийн өдөр манай хоёр тамирчин алтын төлөө үзэх болсон тэмцээн дээр Үйтүмэн маань Монгол телевизэд ирсэнгүй. Үйтүмэнгийн тайлбарласнаар бокс харахад нэг үзсэн шиг болдог болохоор гайхав. Аягүй бол сэтгэл нь хөөрөөд Бээжин ниссэн байх гэж таамаглав. Тамирчид ч алт мөнгөө авлаа, хүмүүс ч хөөрөөд талбай уруугаа гүйлдлээ.
Оройн мэдээ харж суутал Ерөнхийлөгч Айриш Паб дээр очиж олны дунд бокс үзжээ. Гэтэл Үйтүмэн хажууд нь сууж байна. Боксоос хараа салгалгүй, олны шуугиан дунд дуугүй л суудал дээрээ цохилтоос бултаж байдаг байгаа. Ерөнхийлөгчийг энэ өдөр Үйтүмэнг ингээд "өмчилчихсөн"-д дургүй ч хүрэх шиг.
Sunday, August 24, 2008
Alt, alt, ura
Òàëáàé óðóó øóóä ãàðëàà. ÓÐÀÀÀÀÀÀÀÀÀÀÀÀÀÀÀÀÀÀÀÀÀÀ.
Friday, August 22, 2008
Ura
Tuesday, August 19, 2008
Бензиний үнэ гаарч байна
Бензиний үнэ дэлхийн хандлагаас эсрэг явж байна. Мах ч гэсэн мал нь дөчин саяыг давахад үнэ нь өссөөр. Нэг л "но" байна аа даа. Гурилын хувьд арай өөр. Улаан буудайн оронд рапс тариалснаас голлон үүдсэн гэж би боддог. Гурил, мах хоёр чэнж нэртэй картелиудын гараар орж, хөшигний цаана ярилцан үнэ тогтож байна. Бензиний тухайд чэнж гэж хэлэх нь хаашаа юм, гэхдээ Петровис, Ник гэсэн цөөхөн хэдэн монополь групп яриад шийдчихэж байгаа бололтой. Төр уг нь иймэрхүү монополийг задалж, зах зээлийн эрүүл орчинг бүрдүүлэх ёстой. Төр үүнийг хийж чадахгүй байна. Үнийн бодлого цөөхөн тоглогчдын дунд хөшигний цаана явагддагийг задалж, олон тоглогчтой нээлттэй орчинд оруулах эхлэлийг төр уг нь тавих учиртай. Бензиний үнэ энэ чигээр галзуурвал нийгэмд донсолгоон үүсэх аюултай.
Sunday, August 17, 2008
Шинэ Чингис хаан киноны тухай
Жирийн нэг үзэгчийн хувьд киноны тухайд төрсөн сэтгэгдлээ ний нуугүй дурдъя. Зураг авалтын чанар сайн, том дэлгэцийн шаардлагыг бүрэн хангасан бололтой. Киноны дуу оруулалт ч гэсэн муугүй. Мөн киноны хөгжим их дажгүй санагдав.
Зохиомжийн хувьд барагтайхан. Хоорондоо уялдаа холбоо муутай баахан үйл явдал урд хойноо орон хөвөрнө. Чингис гэдэг агуу хүний амьдралыг нэг кинонд багтаана гэдэг тун хэцүү нь ойлгомжтой. Найруулагч, зохиолч нар нь багтаах гээд зүтгэчихсэн болохоор дэвэн дэлхийн хамаг юмыг хамж нийлүүлэн босгосон нь муухан оюутны ядмаг бүтээлэрхүү санагдсаныг нуух юун. Нууц товчоог уншсан байхын дээр Япон, Хятад, Оросын хийсэн Чингисийг алгасалгүй үзсэн хүн арайхийн ойлгомоор.
Дүрүүдийн хувьд ч гэсэн өмнөх "Чингис" кино, "Мандухай цэцэн хатан"-гаар танил болсон бүх жүжигчид ахиад л гарч байна. Өүлэн эх, Хасар хоёроор "занимальдсан" гэж ч хэлж болмоор жүжигчин Сувд, Жаргалсайхан нар ахиад л энэ дүрээрээ гарч ирэв. Идэр залуу Тэмүжин, Их Монголын эзэн хаанаар өргөмжлөгдсөн Чингис хүртэл дүрийг "бөөндсөн" жүжигчин Төмөрбаатарын бүтээсэн дүр сэтгэлд ер хүрсэнгүй. Өмнөх "Чингис" киног Жамухын дүрээр амилуулж, олны сэтгэлд хүрч байсан жүжигчин эрчтэй чадалтай Төмөрбаатараас хэлтэрхий ч үлдсэнгүй. Хайран ч жүжигчин.
Монгол кинонд найруулагчийн шинэ сэтгэлгээ, шинэ жүжигчид гарч ирэх хэрэгтэй болсныг энэ кино харууллаа. Тийм жүжигчид, найруулагчид олон байгаа гэж би боддог. Үзэгчдийн хүлээлтийг мэдэрдэггүй, явцуу хүрээндээ сэтгэл ханан биесээ өргөмжилдөг төрийн цолтон сэтэртэнгүүдийн бий болгосон тогтолцоонд хамаг "но" бий байх.
Monday, February 18, 2008
Өгий нуур
Thursday, January 24, 2008
Хорин мянган үхэр өгчихгүй дээ
Буриадын Ерөнхийлөгч, Засгийн газрын дарга Наговиц Монголд хоёр хоногийн айлчлал хийж байгаа юм байна. Ноён ерөнхийлөгч Засгийн газрынхаа бүх гишүүдийг дагуулаад ирсэн гэх. Цаад ажил нь гайгүй л юм байх даа. Тэгээд тэндхийн ХАА-н сайд нь өнөөдөр манай ХХААЯ дээр ирж хэлэлцээ хийжээ. Хээгүй гүндүүгүй байрын буриад сайд сурвалжлагчийн асуултад буриад монгол хэлээр хариулж байна лээ. Буриад сайд манай сайдаас таван хошуу малнаасаа ямаа, тэмээнээс бусдыг өгөөч гэжээ. Үхэр хорин мянгыг гуйсан байна. Буриадууд соц-ийн үед бэлчээрийн МАА-гаа сөнөөчихсөн болохоор өөрөө яваад бэлччихдэг, халуун хүйтэнд тэсвэртэй бэлчээрийн малгүй болсон юм байх. Тэгээд сэргээх санаатай байгаа юм байна.
Манай сайд эг маг хийгээд олигтой хариу өгөөгүй бололтой. Буриадаас бид хорин мянган үхрийн оронд наймаалаад авчих юм зөндөө байж л таараа. Хорин мянган үхэр өгчихгүй дээ. Буриад улс бэлчээрийн мал, уугуул соёлоо санаж л дээ.