Tuesday, October 30, 2007

Япон судлалаар илтгэл тавихыг урьж байна

Монголын Япон Судлалын Нийгэмлэгийн 2007 оны хурал 2007 оны 12 дугаар сарын 5-ны өдөр болно. Энэ жилийн хурлаар Японы соёлын уламжлал ба шинэчлэлийн асуудлуудыг түлхүү авч үзэж, энэ сэдвээр тусгай илтгэлүүд тавиулахаар төлөвлөж байна. Тухайлбал, Зэн буддизм, Бушидо, Сумо бөхийн соёл зэрэг сэдвүүдээр тусгай илтгэлүүд тавигдах болно. Түүнчлэн Японы соёлоос гадна Япон хэл шинжлэл, түүх, улс төр, эдийн засаг, боловсрол зэрэг сэдвүүдээр илтгэл хүлээн авах болно.

МЯСН-ын оны хуралд илтгэл тавих хүмүүс 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өмнө илтгэлийн сэдэв, илтгэлийн товчлолоо МЯСН-ийн Гүйцэтгэх захирал Загдцэсэмд ирүүлнэ үү. Илтгэлийг 11 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон Хурлыг зохион байгуулах комисс хүлээн авах болно.

Холбоо барих утас: 317185, 99884016


E-mail: *zagdtsesem@yahoo.com* <zagdtsesem@yahoo.com>;
pnaranbayar@gmail.com* <pnaranbayar@gmail.com>

Web: http://japanstudymongolia.blogspot.com

* Хурлыг зохион байгуулах комисс*

Thursday, October 25, 2007

Элбэгдорж найр тараав

МАХН-ын 25-р Их хурал сонингуудын нэгдүгээр нүүрийг эзлээд хэд хонолоо. Төрийн эрхэнд байгаа том нам болохоор нийгмээрээ анхаарч байгаа нь ч аргагүй. Сонин, ТВ-нүүд МАХН-р давалгаалаад эхлэхээр АН гээд бусад улс төрийн хүчин ёроолд живэн, олны анхаарлаас хэсэг холдоход хүрэв.


Сонингийн эхний нүүрнээс хэд хоног холдлоо л бол улс төрийн хүчнүүдэд том цохилт болох нь мэдээж. Кока кола гэсэн сурталчилгаа хаа сайгүй байдагтай л адил. Тэд байнга анхаарлын төвд байх ёстой. More...

Тэгээд л Элбэгдоржийн “678 авилгач” гэсэн дайралцаан гарч ирсэн хэрэг. Энэ үг бол манай хэвлэлийнхний хэлээд байгаа зүгээр ч нэг амны хийгээ сул гарган бурсан хэрэг биш. МАХН-ын мэдээллийн давалгааг сааруулах, улмаар АН-ын даргын хувьд сонины тэргүүн нүүр, зурагтын мэдээнүүдийн алтан цаг, аа мөн Ху намын Их хурлын сурвалжлага дундуур Элбэгдорж орж ирэх гэсэн улс төрийн арга техник юм даа. Цагаа олоод дуугарчихсан болохоор өнөөдрийн сонингуудаар эхний нүүрэнд л Ху намын хурлын мэдээний хажууд Элбэгдорж заларч байна. Түүнийг загнасан, зүхсэн, егөөдсөн өгүүллүүд шил шилээ даган хөвөрч эхлэв.

МАХН-аар давалгаалсан мэдээллийн шуурга Элбэгдорж орж ирснээр намжиж эхлэв. Айлын найранд нутаг усаараа нэг цуглачихсан байхад нэг хэлэмгий нөхөр орж ирээд “Та нар муусайнууд бүгдээрээ хулгайч нар” гээд доромжлоод гараад явчихвал найранд ирсэн зочид бүгд уурлах нь зүй. Доромжилсон нөхрийг гадаа гарч навс балбахаар аягүй бол бүгдээрээ гадагшилна даа. Тэгээд сүр дуулиантай эхэлсэн найр тарж байгаа юм.
Улс төрд ч бас найр тараах үзэгдэл гарч байна.

Monday, October 22, 2007

Хэвлэлүүдийн тухай буюу мэдээллийн резонанс

БҮГДЭЭРЭЭ сайт дээр завгүй хүмүүст зориулан өдөр тутмын сонины тоймыг хүргэдэг. Сонин сайхан буланд маусын пойнтоо аваачихад хэвлэлийн тойм гээд бэлхэн байж байгаа. Энэ буланд манайд албан хаагчдын сонин гэж нэрлэгддэг “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Өнөөдөр” сонингуудын өдөр тутмын дугаарыг тоймлон бичдэг юм.

Сонин тоймлоно гэдэг ярвигтай ажил бололтой. Бүгдийг нь гүйлгэн уншина, дээр нь бас сонирхолтой агаад чухал мэдээллүүдийг тогтож унших ёстой. Уншчихаад хамгийн чухал гэсэн сэдвүүдийг цойлдон авч уншигчиддаа тоймлон хүргэнэ.

Монгол оронд “эзний сэтгүүл зүй” үйлчилж байна гэж нэгэн сэтгүүлч халаглаж байсан. Энэ ч ортой үг. Сонингоор хэн нэгнийг магтах, аль эсхүл муулан “буудах” хүртэл эрх чөлөө таны өмнө байна. Харин танд мөнгө л байх ёстой гэнэ. Хэн мөнгө төлнө түүнд хөгжим тоглож өгнө гэсэн зарчим л даа.

Сонингуудын эхний нүүр гэдэг онцгой ач холбогдолтой. Эхний нүүрт тавьсан мэдээнүүдийг харьцуулан харахад л Монголын нийгэмд өнөөдөр ямар асуудал тулгараад байна, дөрөвдэх засаглал болсон хэвлэл мэдээлэл ямар мэдээллийн шуурга үүсгэж, ямар улс төрийн хүчнийг буудаж байна гэдэг нь шууд харагддаг. Жишээ нь, хэд хоногийн өмнө Монгол банкыг тойрсон мөнгөний дуулиан энэ гурван сонины эхний нүүрт заларч байв. Өнөөдрөөс эхлээд Хувьсгалт намын Их хурал, тэгээд бас гурилын үнийг зохиомлоор өсгөснийг буруушаасан мэдээллүүд гарах боллоо. Эхний нүүрт хэвлэгдсэн мэдээллүүд богинохон настай боловч нийгэмд мөрөө гүн гүнзгий үлдээдэг жамтай. Өдөр тутмын бүх хэвлэлээр иймэрхүү хурц асуудлыг нэг дор нэг цаг минутад нийгэмд чиглүүлэн бөмбөгдөөд байвал мэдээллийн резонанс үүсч, хүн бүхний мэддэг сонирхдог, ашиг сонирхлоо илэрхийлдэг, бухимддаг сэдэв болон хувирдаг байна. Энэ том мэдээллийн давалгаа ямар нэгэн хүн, улс төрийн хүчин, байгууллагыг ангуучлан, скээп гоут буюу золиосыг хайж байдаг.

Сонинг бид тоймлон хүргэхдээ ийм л зүйлийг анхаарч байгаа юм. Ойрын хугацаанд, албан хаагчийн сонингийн хүрээнээс хальж, энгийн иргэдийн авч унших дуртай шар сонингийн хүрээнд халдах бодолтой байна. Шар сонин гэдэг нэг бодлын сонирхолтой талбар. Тэнд олон хүн окопноос бие биенээ буудаж, энд тэндгүй бор шувуу нисч, аа бас томчуудын ярих дуртай хаалттай сэдвүүдийг ч нээлттэй тавьсан байдаг.

Wednesday, October 10, 2007

Жижиг бодрол

Хэдэн сарын өмнө гэртээ түлхүүрээ орхисон чигээрээ төмөр хаалгаа хааж орхисон юм. Хаалгаа эвдэж орохоос өөр аргагүй боллоо. Бүргэд хаалга засварыг дуудлаа. Дороо л ороод ирэв. “Цоож эвдээд ахиад шинээр тавихад тэд эдэн төгрөг ш дээ” гэж байна. Би ч “Болно оо, хурдан гэрт оруулаад аль” гэлээ. Мэргэжлийн хүмүүс ч бахархмаар хурдан ажиллаж байна. Цоожны голыг дор нь салам цохиж эвдээд, шинэ гол оруулан эвтэйхэн засаад өгөв. Ингээд л гэртээ орлоо. Орсон хойноо бодоод байх нь ээ, хаалга эвдсэн нөхөд надаас “Энэ гэрийн хүн мөн үү?”, “Хэн гэдэг вэ, биеийн байцаалт байна уу?” гэж нэг ч асуугаагүйг санав. Хэрвээ би хулгайч байгаад, орох гэсэн айлынхаа хаалгыг эвдүүлсэн бол ердөө л арван мянган төгрөгөөр том хулгай хийж болох байж.


Саяхан нэг танилтайгаа ярих хэрэг гараад, холбоо барих хаягийг нь хайлаа. Ажлын газрыг нь мэдэх тул лавлахаас асууж олоод тийш нь утасдлаа. Нэг эмэгтэй авч байна. Танилынхаа нэрийг хэлээд холбоод өгөөч гэтэл миний нэр усыг ч асуулгүй шууд л гар утсыг нь хэлээд өгөв. Монголд бол үүнд гайхаад зүйл алга. Хамт ажилладаг нөхөртэй нь ярих хэрэгтэй байна гэж нэг хүн ярьсан. Тэгэхээр нь гар утсыг нь заагаад өгчихсөн. Ингээд л болоо. Харин гадаадад бол хувь хүний гар утасны дугаарыг танихгүй хүнд өөрийнх нь зөвшөөрөлгүй заагаад өгнө гэдэг түнжин хагарахад хүргэж мэднэ. Хувь хүнд хамаарах мэдээллийг хэн нэгэнд дураараа зааж өгнө гэдэг эрүүл хүний хийх алхам бус гэнэ.


Ер нь монголчууд бид их энгийн харилцааны соёлыг эрхэмлэдэг. Өөрөөс залуу хүнийг “миний дүү”, “миний хүү” гэж дотночилно. Танихгүй улсууд нэг дор цуглавал, удаж төдөлгүй яриа өрнүүлэн дотносоод авна. Алсын замд гарвал авч яваа хоол хүнсээ хүнийх минийх гэлгүй хамт ууж иднэ. Жижиг сажиг аар саарханаар бусдыг гоочлохгүй. Энгийн тэнүүн тайван амгаланг эрхэмлэнэ. Улаанбаатарт байгаа миний аавд гээд л хаяглачихад захидал нь яаж ийж байгаад эзэн дээрээ оччихсон тухай нэг хөөрхөн кино байдаг ш дээ.


Нийгэм хөгжих тусам хүний харилцаа нарийсч бие биенээсээ зөвшөөрөл авах, магадалж нягтлах нь ихэсдэг бололтой. Хөгжингүй орнуудад өмгөөлөгч, хуульчид өндөр орлоготой байдаг нь үүнтэй холбоотой. Монголын нийгэм ч энэ хандлагыг тойрч гарахгүй биз ээ.

Thursday, October 04, 2007

Аваргын балгас

Хэнтийгээр яваад ирлээ. Аймгийн онцлогийг нь санаанд орсноороо жагсаачихъя. Эзэн Чингисийн төрсөн нутаг, Галшарын угшлын адууны өлгий нутаг, хойд хэсгээрээ буриад зонтой, Дадал сумын цөцгий Монголд номер нэг, буриад талхаараа алдартай, мойлтой тос нь салахын аргагүй амттай, Монголын хамгийн олон малтай малчин байдаг за тэгээд Өндөрхаан хотынхон Монголд хамгийн их дугуй унадаг гээд олон онцлог байна аа. Түүний дээр Хэнтийн Мөрөн сумын хүнсний ногоо аймагтаа толгой цохидог, Дэлгэрхаан сум дотоодын аялал жуулчлалын томоохон төв гээд “Нэг баг нэг бүтээгдэхүүн, нэг сум нэг бүтээгдэхүүн” хөдөлгөөн ер нь энд тэнд өрнөөд байгаа шинжтэй.

Улаанбаатар Өндөрхааны хооронд энхэл донхол, нүх жалгагүй шахалт сайтай Мянганы замыг хэдийн тавьжээ. Өндөрхааны төв талбайд Чингис хааны зэс хөшөө, хэдхэн метрийн цаана замын нөгөө талд Чингис хааны боржин хөшөө сүндэрлэнэ. Зэс хөшөөг 800 жилийн ойгоор босгосон гэх ба бараг 100 орчим сая төгрөгөөр боссон бололтой. Монгол оронд маань мөн ч олон хөшөө босч байна даа. Тэгсэн атлаа гадны тусламжид дулдуйдсан хэвээр л байгаа шүү дээ.

Өндөрхаанаас баруун тийш гараад зуун гуч орчим км давхиад Хэрлэний Хөдөө арал орно. Хэрлэн баян улаан хэмээх хааш хаашаа 30 орчим км үргэлжилсэн нурууны үзүүр, Хэрлэн, Цэнхрийн голын огтлолцох бэлчир нутгийг ингэж нэрлэдэг. Хэрлэний хөдөө арлыг Монголд мэдэхгүй хүн бараг байхгүй. “Их хуралдай хурж, хулгана жил гуран сард Хэрлэний хөдөө арлын Долоон болдог Шилхэнцэг хоёрын зуур ордос бууж бүхүйд бичиж дуусгав” гэж алдарт Монголын нууц товчоо өндөрлөдөг шүү дээ. Тиймээс л Монголын нууц товчооны 750 жилийн ойг энд тэмдэглэж, хөшөө босгосон байдаг. Хөшөөний дэргэд Монголын эзэнт гүрний үеийн түүх, археологийн олдворуудыг харуулсан хөөрхөн музей босгосон байна. Музейн үзмэрүүд их сонин. Монгол цэргийн нууц зэвсгийн нэг болох сөргө, тахилгын амьтны ясны үлдэгдэл, хэлхээ хуяг гээд л. Хөшөөнөөс жаахан алхаад Аваргын балгасанд хүрнэ. Аваргын балгасыг тойруулаад хамгаалалтын төмөр хашаа хатгажээ. 1.5 км х 500 метрийн хэмжээтэй нэлээд том хашаа байна. Хашааны цаана Аваргын рашаан гэж дотор сэнгэнүүлсэн рашаан оргилдог юм байна.

Аваргын балгасыг анх 1960-аад онд их эрдэмтэн Хөдөөгийн Пэрлээ малтан гаргаж, судалгааны хүрээнд оруулжээ. Түүний дараа Японы эрдэмтэн Шираиши нар 2000 оноос хойш судалж, Чингис хааны орд өргөө энд байсныг баттай тогтоожээ. Үүнийг Японы сонингууд нэг хэсэг Чингисийн булш олдлоо гэж эндүү мэдээлэн шуугиж байсан тал бий. Чингисийн орд 17 х 17 метр хэмжээтэй том хэмжээний цац байсан агаад түүний дараа Өгөдэй хааны орд, эцэст нь Монголын их хаадын тахилгын сүм байсан ажээ. Өгөдэй, Мөнх, Есөнтөмөр нар энд хаан ор суусан гэдэг. Харин 15-р зууны үед хаадын тахилгын сүмийг эдүгээгийн Өвөрмонголын Эзэн хорооноо шилжүүлжээ. Чингисийн тахилгын сүм ийнхүү Эзэн хороонд шилжсэн нь Даян хаанаас өмнө Монголын төр самуурч, дор бүрнээ толгойгоо мэдсэн амбиц ихтэй ноёдын хэрүүл тэмцлийн үетэй холбоотой бололтой.

Аваргын балгас цагтаа төмөр боловсруулдаг дархны олон газартай, хятад маягийн байшингууд, өргөн гудамтай подхийсэн суурин байсан гэж Шираиши гуай хэлж байсан. Одоо бол дэрс ургасан дэнж газар бүхий эзэнгүй талаас өөр юу ч алга. Пэрлээ гуайн цагтаа малтлага хийгээд булалгүй орхисон ч он цагийн элээлтэд бараг эдгэчихсэн хоёр хонхор газар, Японы эрдэмтдийн малтлага хийгээд эгүүлэн булж, тэмдэг болгон тавьсан хэдэн чулуунаас өөр нүдэнд торох юм алга. Хорвоо хоосон гэж өвгөд маань ярьдаг.