Tuesday, October 17, 2006

Тогтолцооны тухай бодлоо дурдахад

Монголын улс төр дүн өвлийн өмнө бужигнаад эхлэв. Өнгөрсөн 13-ны баасан гаригт УИХ-ын 24 /Ардын эрх сонин дээр гэхэд 16-ны дугаарт 24 гээд, маргаашийн дугаарт нь 23 гэчихсэн байх юм/ гишүүний нэр бүхий Засгийн газрыг огцруулах тухай бичиг өргөн баригдсанаас хойш юм юм л эхэлж буй бололтой. Ерөнхий сайд Энхболд даруй няцаалт өгч, ил захидал маягийн юм бичжээ. Ерөнхий утгыг нь 10 cарын 16-ны Ардын эрх сонин дээр М.Жаргал гэдэг сэтгүүлч тоймлон бичсэн байна. /http://www.sonin.mn/?p=2496/ Няцаалтад дурдсан дараах үгс их анхаарал татсан тул уншигч танд ахин танилцуулах гэсэн юм.
“УИХ-ын гишүүн Л.Гансүх нарын нэр бүхий гишүүдийн Засгийн газрыг огцруулах тухай бичгийг улс төрийн зорилготой, төрийн албыг бүх шатанд цалгардуулан, төр болон олон түмний хоорондын итгэлцлийг алдагдуулах хортой явуулга хэмээн дүгнэсэн байна. Тиймээс төрийн бүх шатны албан хаагчид сонор сэрэмжтэй байж, улс төрийн хийрхлээс зайлсхийн олон түмэнтэй ажиллах ажиллагаагаа улам бүр үр дүнтэй болгохыг Засгийн газрынхаа өмнөөс Ерөнхий сайд уриалжээ”

Налуугаар тэмдэглэсэн үгсийг анхааран харна уу. “Хортой явуулга”, “Төрийн бүх шатны албан хаагчид сонор сэрэмжтэй байж”, “Олон түмэнтэй ажиллах ажиллагаагаа...” Яг л 1930-аад оны үеийн хэлмэгдлийн үед хэрэглэгддэг байсан “ангийн дайсан”, “Японы тагнуул”, “суртал ухуулга” гэх мэт үгтэй нэг л төстэй сонсогдоод явчихлаа. За энэ ч яахав. Үгнээс өлгөөд дайрчихдаг улс төрчдийн хувьд бол их л сайхан зууш байна.
“Хортой явуулга гэж юуг хэлээд байгаа юм. Бид Үндсэн хуульд олгосон эрхийн дагуу Засгийн газрыг огцруулах саналыг хуулийн хүрээнд тавьж байна. Үүнийг хортой явуулга гэж хэлээд байгаа юм уу?” гэх мэтээр дайралтад өртөхөөр үг их харагдаад байгаа юм л даа.

Мөн 10 сарын 17-ны Ардын эрх сонин дээр З.Маараг гэдэг хүний бичсэн мэдээнээс харахад /
http://www.sonin.mn/?p=2529/ “МАХН-ын Удирдах зөвлөл Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ” гэж бичжээ. Засгийн газрыг огцруулах үндэслэлийг хуулинд хэрхэн заасныг баринтаг задлан үзвэл дараах үндэслэлүүд байх юм. Үндсэн хуулийн 43 дугаар зүйлд,
1. Огцрох тухайгаа Ерөнхий сайд УИХ-д өргөн мэдүүлэх,
2. Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол,
3. УИХ-ын эсхүл Ерөнхийлөгчийн санаачилснаар УИХ шийдвэрлэх
4. УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах хүсэлтийг албан ёсоор тавибал УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ гэжээ.
Тэгэхээр мэдээнд дурдсан шиг Засгийн газрыг огцуулах эсэх асуудлыг МАХН хэлэлцэх нь хуулинд заагаагүй хууль бус үйлдэл болж таарлаа. Засгийн газрын тухай хуулийн 28 дугаар зүйлд болохоор Засгийн газар нь өөрийн бүрэн эрхэд хамаарах аливаа асуудлаар УИХ-д суудал бүхий намын дээд төв байгууллагатай шууд харилцана гэж заасан болохоос аливаа нэг нам дээр ярилцаж байгаад Засгийн газрыг огцруулах эс огцруулах тухай эрхийг олгоогүй ажээ.

Хуулийн заалт болон өдөр тутмын амьдрал хооронд байнгын орон зай байдаг. Зан заншлын хүрээ хийгээд шүүхийн тайлбар энэ орон зайд гүүр болдог ажээ. Тэгэхээр,
УИХ-ын гишүүн,
Засгийн газрын гишүүн,
Эрх баригч нам гэсэн гурван ойлголтын талаар жаахан тунгаацгаая. Олонхи хүн энэ гурван институцыг салган ойлгох гээд байдаг. Гэтэл М.Энхболд бол УИХ-ын гишүүн агаад Засгийн газрыг толгойлсон Ерөнхий сайд, түүний зэрэгцээ МАХН-ын дарга. Эндээс л засаглалын тухай сайтар тунгаан бодох шаардлага урган гарч байгаа юм.

АНУ-д Засгийн газрын гишүүд болон Парламентын гишүүнийг заагладаг. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүн хүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар гүйцэтгэхийг үл зөвшөөрнө. Монгол улс энэ тогтолцоог 1992 оны Үндсэн хуулиндаа зоож өгсөн боловч, 90-ээд оны сүүлчээр ҮХ-д өөрчлөлт оруулан энэ заалтыг өөрчилж орхисон. Түүнээс хойш Засгийн газрын танхимыг УИХ дотроос болон гаднаас холимог байдлаар бүрдүүлж ирсэн байдаг.

Харин Англи болон Японд Засгийн газрын танхимын гишүүд заавал Парламентын гишүүд байх ёстой. Энэ орнуудад намын дарга нь Ерөнхий сайд болдог зан заншил үйлчилж байдаг. Монгол улс тэгэхээр Америк маягийн тогтолцооноос салж, Англи Япон маягийн парламентын засаглал уруу ойртсон гэсэн үг. Японд энэ систем сүүлийн 60 жилд үйлчилж ирсэн боловч, нэг нам төрийн эрхэнд дэндүү удаан байсан болохоор /дунд нь 2 жил завсарласныг эс тооцвол бараг 60 жил/ нам доторх “том толгойтой” фракцууд бэхжиж, эдгээр нөхдүүд хөшигний цаана хор найруулан, Ерөнхий сайдыг томилж, солин, гарын дор байлгаж ирснээс эрх мэдлийн хоосон орон зай үүсдэг сөрөг тал гарсныг олон судлаач нар ажиглаж, шүүмжилсэн байдаг. Парламентын засаглал үйлчилж буй нөхцөлд сонгуулиар сонгогчдын олонхийн саналыг авсан Эрх баригч намын бодлогыг /сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтууд/ Намын дарга нь Ерөнхий сайд болж аваад хэрэгжүүлж эхлэнэ. Тэгэхдээ бас УИХ-ын нэг гишүүний хувьд тэдний байнгын хяналтад байна гэсэн үг. Нэлээд сайн бодсон шилдэг системийн л нэг.

УИХ болоод намынхаа дэмжлэгээ олохоо байсан Ерөнхий сайд ангалын ирмэгт ирлээ л гэсэн үг. Засгийн газрыг огцруулах эсэхийг хууль эрх зүйн хувьд улс төрийн нам шийдэх эрхгүй боловч эцсийн дүндээ нам доторх шийдвэр, яриа хэлцэл УИХ-ын гаргах шийдвэрийн үндсэн хүчин зүйл болдог нь яахын аргагүй үнэн юм. Энэ нь жижиг тойрогтой мажоритар сонгуулийн тогтолцоонд намаас нэр дэвшин, сонгуульд өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүд намын шийдвэрийг дагаж, түүний нэг эд эс болж явдагтай гүнзгий холбоотой ажээ. Ингэсгээд өндөрлөе. Яриа бүр тэнэж эхлэв.

Sunday, October 15, 2006

"Жаксоны ардчилал" манайд туйлширсаар

Ардын эрх сонины 10 сарын 9-ны дугаарт аймаар мэдээ нийтлэгджээ. Байгаль орчны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Энхээ гэдэг нөхөр тус яамны төслийн ажилтан Пүрэвдоржийг зэрлэг танхайгаар зодож хүнд гэмтэл учруулан, чихийг нь тас хазсан тухай мэдээ юм. http://www.sonin.mn/?p=2209 .Байгаль орчны яамны хэлтсийн дарга яг л вампир шиг харагдаж байсан гэнэ гэж сэтгүүлч дүрсэлжээ.

Зэрлэг халдлагад өртсөн Пүрэвдоржийг би таних юм. Байгаль орчны яаманд цуг ажиллаж байсан нөхрийн хувьд ажлын их чадвартай, үг дуу цөөтэй, нуруутай залуу гэж би дотроо их хүндэлдэг юм. Миний сурч буй Киото хотод байгаль орчны бохирдлын асуудлаар болсон хуралд оролцохоор сая энэ 9 сард ирэхэд нь очиж уулзан, Монголын ойрын сонин сайхныг яриулан хамт хөөрөлдөж суусан билээ. Найз маань, Засаг халагдаж, сайд солигдсоноос хойш олон албан хаагч ажлын байраасаа хөндийрснийг харуусахын сацуу, байгаль орчны салбарт зүтгэхийн үнэ цэнэ, сайхан талыг хуваалцан ярьж, энэ салбарт хүн “дурлачихдаг” юм байна гэж өгүүлж суусансан. Саяхан л ийнхүү хөөрөлдөж суусан нөхөр маань Байгаль орчны яамныхаа хэлтсийн даргын гарт ийнхүү зэрэмдэглэгдэх гэж. Харамсмаар, бас энэ хэлтсийн дарга шиг тохиолдлын шинжтэй нөхөд төрийн албаны удирдлагад ордог болчихсон өнөөгийн улс төр, төрийн албаны тогтолцоог зүхмээр.

Сэтэртэй мөнгөтэй нь ёс суртахуун хийгээд хуулийн хариуцлагаас мултарсаар ирсний харгай Монголын нийгэмд улам л газар авч байна. Аль тэртээ 19 дүгээр зууны Америкт ноёлж байсан “Жаксоны ардчилал” буюу улс төрчид төрийн албан хаагчдыг ангуучилдаг тогтолцоо Монголын төрийн албанд нүүрлэсний гайг бид ийнхүү их ойроос мэдрэх боллоо. Сонгуульд оруулсан хувь нэмрээр нь хүнийг үнэлж, албан тушаалаар шагнадаг энэ тогтолцоо 1880-аад онд Америкт амьсгал хурааснаас хойш Монголд ийнхүү вампир шиг амилж босч ирдэг байж дээ.

Анд минь, хурдан эдгээрэй. Хамтдаа зүтгэе.

Monday, October 09, 2006

Цуутын цагаагч гvv

Ардын үлгэрийн тухай бодолд ахиад ээрэгдэв. Багадаа эмээгийнхээ үдэш ярьж өгдөг үлгэрийг сонсч байсан болоод ч тэр үү, үлгэрийн тухай одоо ч бодоод байдаг юм. Сүүлийн үед хүүдээ сонсгож байгаа үлгэр бол Цуутын цагаагч гүү. Энэ үлгэрт би их дуртай. Зохиомж нь онцгой. Нэрнээс нь эхлээд харъя. Үлгэрийн нэр нь цуутай цагаан /бор/ гүү гэсэн үг л дээ. Монгол хэлэнд тэмдэг нэр эр эм хүйсээр хувирдаг уламжлал байсан гэдэг. Эдүгээ ч монгол хэлнээ энэ нь илэрдэг. Арван хоёр жилийг тоолохдоо эр эм жилээр нь ялгаад улаан бар, улаагчин туулай гэх мэтээр тэмдэг нэрийг хувиргана. Тэгэхээр цагаан гүү гэлгүй цагаагчин гүү гэж хувирч байсан гэсэн үг. Гэтэл үлгэрийн маань нэр Цагаагч гүү гээд байдаг. Аягүй бол “цагаач” гэдэг үгтэй зориуд ойртуулж Цагаагч гүү болгосон байж болох.

Үлгэрийн агуулгыг товчлон өгүүлбээс, хэсэг адуу их ган нүүрлэсэн буйд газраас нутаг сэлгэн нүүж, өвсний соргог алс бэлчээрт очих боловч болгоомж алдан галууны өндгийг няц дэвсэлж орхино. Үрээ алдсан шувууд адуун сүрэг үрүү цэрэглэн дайрна. Энэ тулалдаанд Цуутын цагаагч гүү Цолмон цоохор унагаа өмгөөлөн тулалдсаар амь үрэгдэнэ. “Амийг амиар”, үрээ алдсан бол эхийг нь алж, амьдын хагацлын зовлонг адил амсуулна гэсэн хорвоогийн гашуун агаад ширүүн ёсыг адуу шувууны амь эрсдсэн тулалдаанаар үлгэр бидэнд өгүүлнэ. Балчир унага амин газраа шарх авсан эхээсээ хагацан салахаа үл ойлгон элдвийг шалгаан асуусаар байдаг. Ээж нь үхлийн мөч хүртэл амин шархны учрыг хүүдээ эс хэлсээр, нутгийн захад хүрээд ухаант захиас үгээ үлдээн хорвоог орхидог.

Энэ үлгэрийг ертөнцийн өнцөг булан бүрт байгаа монгол хүүхэд бүр сайтар сонсоосой. Монгол ахуй заншил хийгээд хорвоогийн хатуу ёс, энэрэх сэтгэлийн чухлыг бидэнд учирлана. Эхээс нь хүүг, хүүгээс нь эхийг нь салгахын элэг эмтрэм эмгэнэл, өшөө хорслын хоосон чанарыг бас давхар сэнхрүүлнэ.

Балчир хүү маань сүрэглэсэн шувуу харахаараа шувууны цэрэг гэж боддог болсон бололтой юм. Гадаа явж байгаад баахан шувуу харвал гэр үрүүгээ гүйнэ. Яах гэсэн юм гэхээр ээжийгээ хамгаална гэнэ. Хүү маань гэхдээ лав л шувууны өндөг хагалж болохгүй гэж ярьдаг болсон байна лээ.

Saturday, October 07, 2006

Блогоо ухаж сурах шинжтэй

Блог бичиж эхэлснээс хойш хагас оныг үджээ. Ганц мэддэг, мэддэг ч гэж дээ Word программыг арай ухаалаг бичгийн машины хэмжээнд ашигладаг гэх үү дээ, текстээ шивэн хуулж аваад, блогын нүүрэн дээр наадаг байлаа. Блогын анхны тэмплэйт нь бэлэн байгаа болохоор хүн харахад тийм ч муугүй эх бэлэн болно.

Гэтэл блог бичдэг бусад нөхдийн блогийг харахад үсэрч орох линкүүдтэй , зураг хөрөг, дуу хөгжим, видео, тоолууртай гээд л зүйрлэвэл супер тэрэг шиг л намбайгаад л, интернет ертөнц дотор хурдлан давхисаар байлаа. Гэтэл миний блог анх нээсэн 3 дугаар сард газар хагалдаг хуучин улаан трактор байсан яг л тэр хэвээрээ байв. Бахь байдгаараа, хагас оныг өнгөрөөжээ.
Харин өнөөдөр сайн андын тусламжтайгаар блог дотор линк байрлуулж сурлаа. Орох дуртай блог гэдэг гарчгийн дор байгаа линкүүд уруу уншигч та зочилж үзээрэй. Ийнхүү энэ блог гадагш урсгалгүй нуур шиг бөглүү нэгэн байхаа болив. Гадагшаа хүссэн зүгтээ урсч, уншигч таныг интернетийн далайд арал барин бүтээн байгуулалт босгож буй БЛОГ АНДУУДАД хүргэх хөлөг онгоцтой боллоо. Линктэй болоход блог дотроо байгаа тэмплэйтээ ухаад байхад болдог л юм байна. Тэмлэйтийн side bar гэсэн хэсэгт нь л тавих гээд байгаа линкээ хуулаад оруулчихад хангалттай.
Цаг гарган блогоо ухах аргыг зааж өгсөн анддаа баярлалаа.