Sunday, March 10, 2019

Чингис хаан түүний үр сад

Орчуулагчийн үг

Окада Хидэхирогийн “Дэлхийн түүх мэндэлсэн нь” (2012, 2017, 2018), “Энх-Амгалан хааны захидлууд” (2018) бүтээл тус тус монгол хэлээр хэвлэгдэж, улмаар түүх соёлоо эрхэмлэн сонирхдог уншигчдын оюуны таашаалд нийцсэнд миний бие баяртай байдаг юм. Энэ удаа түүхч эрдэмтэн Окадагийн бичсэн Монголын бүрэн түүхийг уншигч та бүхний гарт хүргэж байна. Дорно дахин судлаач Окадагийн судалгааны үнэ цэнэ нь аливаа “тухай” номоор дамжилгүй эх сурвалжид түшиглэн, түүнд объектив дүгнэлт өгдөгт оршдог. Энэхүү бүтээлийг туурвихдаа ч Монголын түүхийн гол эх сурвалжуудыг хэрэглэгдэхүүнээ болгосон нь судлаачийн буурьтай хандлагыг харуулжээ.  
“Чингис хаан, түүний үр сад” бүтээлийг орчуулахдаа эх сурвалж хийгээд түүний монгол орчуулгаас иш татав. Тухайлбал, “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл – Монголын түүхийн сурвалж бичгийн харьцуулсан судалгаа” Улаанбаатар хот 2010 он (уйгуржин монгол бичгээс хөрвүүлсэн Д.Пүрэвдорж); “Цэндийн Дамдинсүрэнгийн эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган, I боть”-ийн “Монголын нууц товчоо” Соёмбо принтинг 2017 он (“Монгол сурвалж бичгийн өв” цуврал); Рашид ад-Дин “Судрын чуулган” Улаанбаатар хот 2002 он (орос хэлнээс орчуулсан Ц.Сүрэнхорлоо); Н.Ц.Мункуев “Монгол татаарын бүрэн тодорхойлолт” Монсудар 2017 (орос хэлнээс орчуулсан Ч.Баатар); Дандаа чянсан хэмээх Дэмчигдоржийн орчуулсан “Юань улсын судар” Соёмбо принтинг 2015 (“Монгол сурвалж бичгийн өв” цуврал); Саган сэцэний “Хаадын үндэсний эрдэнийн товч” (хөрвүүлсэн М.Баярсайхан, Соёмбо принтинг, 2006), Лувсанданзаны “Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг хураасан Алтан товч хэмээх оршвой” (хөрвүүлсэн Ш.Чоймаа, Соёмбо принтинг, 2006) зэрэг болно. Юань улсын төрийн байгуулал, засаг захиргааны нэршлийг орчуулахдаа ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс хэвлүүлсэн “Монголын Юань улс” (Адмон, 2006) бүтээлд тулгуурлав.
Монгол үндэстний түүхийн үнэнийг олж, түүндээ үндэслэн өнөөгийн улс орныг тодорхойлж, ирээдүйг төсөөлөх хараа бидэнд хэрэгтэй. Бусдын нөлөөнд хэт автсан, өмнөхөө дөвийлгөсөн эсвэл үгүйсгэсэн түүхийн хандлага монгол үндэстний цаашдын хөгжилд чөдөр болмуй. Монголын түүх бол монголчууд бидний өв, салшгүй хэсэг. Тийм учраас л Монголд элэгтэй хандаж, Монголын түүхийг аливаа “-изм”-ээс ангид бичсэн Окада Хидэхирогийн бүтээл чухал билээ. Энэхүү бүтээлийг МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн "Монгол судлалын дурсгал" цувралд багтаан хэвлүүлсэн МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал, доктор профессор Д.Заяабаатар болон орчуулгын алдаа мадгийг шүүн цэвэрлэж, үнэтэй зөвлөгөө хайрласан түүхийн ухааны доктор, профессор Т.Мөнхцэцэг багш, мөн хэвлэлийн эх бэлдэх нөр их ажлыг хамтран нугалсан бусад хүмүүст чин сэтгэлийн угаас талархал илэрхийлье.
Эсгий туургатан монголчуудыг тэнгэр ивээг!

П.Наранбаяр
2019 оны 2-р сарын 9-ний өдөр