Thursday, September 25, 2008

Одоо болж буй улс төрийн амьдрал

Аливааг урьдчилан таамаглах нь утгагүй. Гэхдээ өнөөдөр болж буй процессыг байгаагаар нь олж харахыг хичээх нь чухал. Процессыг олж харахын тулд хамгийн гол хүчин зүйлийг барьж авах хэрэгтэй. Улс төрийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд хамгийн чухал хүчин зүйл нь сонгууль гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

Монгол улсын хувьд парламентын сонгуулийн дараа орон нутгийн сонгууль болдог. Энэ нь 10 сард болно. Түүний дараа ерөнхийлөгчийн сонгууль 2005 оны зун болно. Эхнийх нь хаяанд ирчихсэн, дараах нь барааны газар дөтлөн айсуй. Энэ хоёр сонгуулиар баримжаалан, өнөөдрийн улс төрийн байдлыг харъя.

Эвслийн Засгийн газар байгуулчихсан нөхдүүд орон нутгийн сонгууль дээр эвсэл байгуулах боломжгүй нь ойлгомжтой. Тэгэхээр орон нутгийн сонгууль дээр эсрэгцэх, бодлогын шинжтэй зөрчлийн тулгуур үүсгэж сонгуульд оролцох ёстой гэсэн үг. Гэтэл Монголд сөрөг хүчингүй улс төрийн нөхцөл байдал үүсээд байдаг. Энэ тохиолдолд, сонгогчид чухам юунд түшиглэн саналаа өгөх вэ гэдэг нь бүрхэгдүү болчхож байгаа юм. Монголын парламентыг дангаар эзэгнэсэн улс төрийн хоёр хүчин эвссэнээрээ орон нутгийн сонгууль утгагүй байдалд орж байна. Энэ байдал нь хэрэв Ардчилсан нам эвслийн засгийн газар байгуулалгүй сөрөг нам хэвээр байсан бол тэдэн үрүү цутгах ёстой байсан саналын их урсгалыг хааж буй гэдэгтэй олон хүн санал нийлэх биз.

Дараа нь 2005 оны ерөнхийлөгчийн сонгууль. Энэ сонгуульд гүйцэтгэх засаглал дээрээ эвсчихсэн байгаа хоёр нам бодлого, зарчмын хувьд эсрэгцэх нэр дэвшигч гаргах уу үгүй юу? Энэ өөрөө бас л сонин асуудал. Татвар, нийгмийн халамж, мөнгө санхүүгийн бодлого дээрээ эсрэгцэж, хариуцлагатай улс төр хийх ёстой намууд ийнхүү эвсэж орхисноороо орон нутгийн болоод ерөнхийлөгчийн сонгуулийг нэг л утгагүй болгочихлоо.

Бүх урсгал нэг л зүг үрүү чиглэх шиг. Улс төрийн ийм нөхцөл байдал хэнд ашигтай үйлчилнэ вэ?

Tuesday, September 23, 2008

Шинэ Засгийн газрын тухайд

2008 оны сонгууль төрөлтийн хүндрэлийн үе шатаа арайхийн туулж байна. Засгийн газар сая л нэг юм бүрэлдэв. Кабинетын 15 гишүүний 11 нь яамны сайд нар. Үүний 6 нь УИХ-ын сонгуулиар цөөнх болсон Ардчилсан намынхан. Үлдсэн 9 нь сонгуулиар олонх болсон МАХН. Ардчилсан намынхны хэлээд байгаагаар бол МАХН булхай, луйвраар олонхи болсон гэх. Гэвч нотолгоо байхгүй. Нотолгоо үгүй бол эрхзүйн хувьд хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэсэн үг. Уг нь мөхөс миний ойлгож буйгаар, ард түмний дийлэнх нь МАХН-ын бодлогыг дэмжиж саналаа өгөн хүсэл зоригоо илэрхийлжээ. Гэвч хоёр том нам сонгуулийн үр дүнг эх барьж авангуутаа, ард түмний хүсэл зоригийн гадуур төмөр хөшиг татаж байгаад мэс ажилбар хийчихлээ. Тэгээд л МАХН-Ардчилсан намын хүзүү бөөрөөрөө нийлсэн Сиамын ихэр мэндлэв.

Хамтарсан ЗГ-ийн үндэслэл нь ердөө энгийн. Хоёр намын мөрийн хөтөлбөрийг уншаад байсан чинь ерөөсөө зарчмын шинжтэй ялгаа алга. "Эрдэнийн хувь" гэхэд нөгөөх нь "Эрдэнийн хишиг" гэсэн. Хувь хишиг гэсэн монгол хэлний холбоо үг байна. Нарийн дээрээ ярьвал нэг л юмыг зааж байгаа юм. Монгол хэлний үгийн баялаг агуу. Тэгэхээр тангаргаа өргөхгүй тэс хөндөлдөөд хэвтсэн нөхдийг босгож тайтгаруулахын тулд Засгийн газраа хамтран байгуулж, гацаанаас гарцгаасан нь дээр. Угтаа нэг л зүйлийг олон талаас нь тайлбарлаж санал цуглуулсан болохоор один чёрт.

Ингээд 15 суудлын 6 -г нь Ардчилсан намд өгөв. Цаадуул нь боорцгоо хуваахдаа зодолддог банди нар шиг олны өмнө ичих нүүргүй ил цагаан хэрэлдэж эхлэв. Лу.Болд, Баттулга нарын нөхдүүд хамтын гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэж намынхаа эсрэг ажиллан, тэрүүхэндээ бужигнуулав. Нэг нь Батлан хамгаалахын нөгөөх нь Барилга, хот байгуулалтын сайд болцгоолоо. Боорцгондоо цадсан банди нар шиг дуугүй болцгоов. Ичих нүүр алга аа.

МАХН-ын томилгоог харахад, жил гаруйн өмнө нүдэндээ чичлүүлж, газрын авилгачнаараа дуудуулж, чамтай байхад МАХН нурж уналаа гэж дайруулж байсан Энхболдын фракц хичнээн амь бөхтэйгөө харууллаа. Өөрөө шадар сайд,
тойрон хүрээлэгчид нь танхимын гишүүд. Хувьсгалт нам Баяр гэдэг маскаар нүүрээ сольсноос хэтэрсэнгүй.

Tuesday, September 16, 2008

Цамаархал

Саяхны Зууны мэдээ сонин дээр нэг оюутан охин цагийн ажил олдохгүй байгаа тухайгаа сурвалжлагчид ярьжээ. Нэр усаа нийтлэхгүй байхыг хүсч. Энэ бол мэдээж. Гэтэл ярьсан яриа нь нэг л биш ээ. Хичээлээс гадуур ажил хийдгийг ангийнхан нь мэдчихвэл шараа болно гэнэ. Тэгээд бас ажлыг их голж шилдэг бололтой. Голж шилэх нь ч яахав, манай нөхцөлд эмэгтэй оюутанд үл тохирох аюултай ажлууд байдаг.

Өндөр хөгжилтэй орнуудад оюутан байхдаа цагийн ажил хийх нь мэдээжийн үзэгдэл. Гэрийн багш, сав угаагч, зөөгч гээд л маш олон төрөл. Сургуулийн зүгээс ийм ажлыг албан ёсоор танилцуулна. Тэндхийн оюутнууд ч бие биедээ цагийн ажилтай гэдгээ хэлэхээс огт ичдэггүй. Харин ажил хийдэггүй тэгээд бас болгоод байгаа оюутан нэлээд баян, цамаанд тооцогддог билээ. Тухайн нийгэмдээ нэр хүнд, эд баялгийг олж авсан хүмүүс залуудаа ийм л замаар торнисон байдаг.