Японы Ерөнхий сайд Абэ Шинзоо 2013 оны 3 сарын 30, 31-нд Монголд айлчлаад буцлаа. Аль нэг орноор айлчлах далимдаа Монголоор дайрсангүй, манайхыг зорьж ирээд уулзах гэсэн улсуудтайгаа ярилцаад харив. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас гадна сөрөг намын даргатай хүртэл уулзлаа. Урьд нь Койзүми Жюничироо мөн л зорьж ирээд буцсан ч суудлаасаа буухын урдьхан ирсэн, харин Абэ Шинзоо суудалдаа залраад хагас жил ч болоогүй байхдаа Монголд айлчлав. Үүгээрээ энэ хоёр айлчлал ихээхэн ялгаатай.
Friday, April 12, 2013
Monday, December 17, 2012
Сонгууль хэмээх цусгүй тулалдаан
Японы парламентын доод танхимын сонгууль өчигдөр болж үр дүн нь тэр даруй олны өмнө ил болов. Нийт 480 суудлаас ЛАН-Коомэй намын эвсэл 325, Засгийн эрх баригч асан АН 58, сонгуулийн өмнөхөн байгуулагдсан Ишинно-кай буюу Шинэчлэл нам 54 суудал авч, бусад жижиг нам, бие даагчид үлдсэн 43 суудлыг хамлаа.
3 жил 3 сарын өмнө япончууд "бор халзан хонь" байсан ч Ардчилсан намын нэр дэвшигчид өгөхөд бэлэн байсан бол энэ удаад ЛАН-ын хүн л бол саналаа шууран өглөө. Шуурах үзэгдэл нийгэм тогтворжсон Японд ч байдаг байна. Ер нь сонгогчдын сэтгэл зүй манайхаас ч алд дэлмийн зөрүүгүй мэт.
Monday, December 10, 2012
Буриадын Улаан-Үдээр явлаа
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Буриадын Улаан-Үдэд очоод ирлээ. Улаанбаатараас өглөө эртлэн автобусаар гарч, их үдийн хирд Алтанбулагт хүрээд хилийн шалган, гаалиар оров. Гаалийн мэдүүлэг гэдэг "мартагдсан соёл" энд дүрээрээ байхыг үзлээ. Дараа нь хэдхэн зуун метр яваад ахиад л Оросын гааль. Яг адилхан мэдүүлэг, гаалийн шалгалт.
Monday, September 24, 2012
Шинэ аваргын тухай Асахи сонины эхний нүүрт
Японы өдөр тутмын том сонин "Асахи"-гийн нэгдүгээр нүүрэнд 607 үсгэнд багтааж бичсэн "Тэнсэй жинго" нэртэй жижиг булан 1904 оноос тогтмол гарч байгаа юм. "Тэнсэй жинго" гэдэг нь Vox Populi, Vox Dei ("The voice of the people is the voice of the gods") хэмээх латин үгийн орчуулга бололтой. Агуулгын хувьд тэнгэрийн байдал, цагийн аяс, хандлага зэргээр сонины редакцийн үзэл бодлыг товчхон өгүүлсэн бяцхан эссе гэж тодорхойлж болно. 2012 оны есдүгээр сарын 24-ний Асахи сонины "Тэнсэй жинго" шинээр мэндэлж буй аваргын тухай дарааг нийтлэлийг гаргажээ. Бүрэн эхээр нь орчуулснаа Цахим өртөө вэб дээр мөн тавьсан болно.
Friday, September 14, 2012
Зэрлэг галуу
Мори Оогайгийн бэсрэг тууж "Зэрлэг галуу"-ны тухай хэдэн үг бичье. Япон нэр нь 『雁』, англи нэр нь "Wild Geese". Зүгээр л "Галуу" гэе гэж хэдэнтээ бодсон. Гэвч гэрийн тэжээмэл галуу нисдэггүй. Зохиолд гардаг нь нисдэг зэрлэг галуу бөгөөд энэ нь зохиолын баатруудын хувь заяаг шийдэх нэг сэжим болдог юм. Тиймээс зориуд "зэрлэг" гэдэг тодотгол хэрэглэв. "Зэрлэг" гэлгүй "Хээрийн галуу" гэвэл яасан юм ч гэж бодлоо. Гэтэл "Хээрийн галуу" гэвэл Bar-headed goose гэдэг Энэтхэг Монголын хооронд нүүдэллэдэг тусгай зүйл болоод хувирчихна. Зохиолын нэгдүгээр бүлгийг уншигчидад танилцуулах зорилгоор блогтоо байрлууллаа. Сонирхон уншиж үзнэ үү.
Tuesday, September 11, 2012
Мори Оогайгийн зохиолыг орчууллаа
Японы нэрт зохиолч, орчуулагч, соён гэгээрүүлэгч, эмч Мори Оогай (1862-1922) -гийн "Зэрлэг галуу" хэмээх туужийг зүрхлэн орчууллаа. Ямар ч хүний амьдралд тохиолддог хайр сэтгэл, мөнгөгүй байхын гачлан хийгээд санамсаргүй тохиолдлоор хувь заяа хэрхэн холбогдож, тасран салдгийг харуулсан зохиол болохоор эдүгээ ч хуучраагүй. Түүний дээр барьж аваад нэг дор уншчих боломжтой авсаархан тууж. Уншигчид янз бүр байдаг. Зарим нь орондоо, зарим нь ариун цэврийн өрөөнд, зарим нь кофены даруулга болгон унших үйлдлийг гүйцэтгэдэг. Үүнд л яг тохирсон ном гэх гээд байгаа юм, хэхэхэ.
Sunday, September 09, 2012
Түүх бичлэг хийгээд Столыпины нэг номын танилцуулга
"Москва Бээжингийн завсар дахь Монгол орон". Аркадий Столыпины 1971 онд франц хэлнээ бичиж хэвлүүлсэн энэ бүтээлийг Л.Бат-Очир гэдэг хүн орчуулж, 2000 онд Монсудар хэвлэлийн газраас хэвлүүлжээ. Орчуулгын хувьд сайн, бас зохиогчийн эндүүрч, ташаарсан зарим газарт залруулга, зүүлт хийсэн нь олзуурхууштай.
Saturday, September 01, 2012
"Жангар"-ын гайхамшигт үгээс
Хэдэн жилийн өмнө Халимагийн жангарч, хөөмийч Охнойн Цагаанзам гуай манай ажлын газраар хэд ирсэн юм. Бид эртний монголчуудын зан аалийн талаар өөрсдийн төсөөллөө ярилцлаа. Монгол баатрууд тулалдаанд орохдоо товшуураа аван хөөмийлөөд, хоолойн хархираа үүсгэн дайсан руугаа дайран ордог байсан гэж Цагаанзам гуай өгүүлэв. Хэдэн зуун баатар хархирахад газар доргиж, чих дөжрөм байж таараа гэж ирээд л нүдэнд харагдтал ярьдаг байна шүү.
Жил нас хоёроо
Жадын үзүүрт өргөе...
Бух цэргийг нягт гэж
Буцаж харьсан баатар манайд үгүй.(Жангараас)
Thursday, August 30, 2012
Д.Содномын "Амьдрал, бодол" 2003
Думаагийн Содном гуайн "Амьдрал, бодол" (2003) -оос сонирхож уншсан зарим хэсгээ энд бичлээ. Тэмдэглэл төдий юм.
Tuesday, August 07, 2012
( ) ! << >> < >
Бийр янтайгаас бичгийн машины хэрэглээнд орсон нь том дэвшил байлаа. Бичихтэй адил үр дүнг "цохих" үйлдэл авчирдаг болов. Компьютер гэдэг санах ойтой гайхамшигт машин үйлдвэрлэгдэж, "цохих" нь "оруулах"-аар солигдлоо. Хэдэн жилийн өмнөөс iPad мэндэлж, "таап" хийтэл нь "товших" болов.
Sunday, June 17, 2012
Салхи зүсэлсэн хөвгүүн
"Салхи зүсэлсэн хөвгүүн". Япон нэр нь 「風を見た少年」. 2008 онд монгол хэлнээ хөрвүүлэн гаргасан. Тэр үеийн орчуулгаа хараад бас л сэтгэлд хүрдэггүй. Харандаа бариад улаан нялга болтол засч орхилоо. Ингээд энэхүү бүтээлийн нэмж засварласан хоёр дахь хэвлэлийн эх бэлэн болов. Уг нь бол гайхамшигтай сайхан зохиол. Дульхан орчуулгаар уншигчдыг чилээсэндээ хүлцэл өчье. "Салхи зүсэлсэн хөвгүүн" бол хүүхэд багачууд төдийгүй томчууд хүртэл уншиж таашаах уран зөгнөлт тууж. Ийм төрлийн бүтээл манайд ховорхон гарч байгааг энд нурших хэрэг юун. Номын танилцуулга болон зарим хэсгээс доор нийтлэв.
"Цагаан буга" дахин хэвлэгдэв.
С.W.Николийн "Цагаан буга" туужийг 2004 онд орчуулан хэвлүүлснээс хойш найман жил өнгөрчээ. Анх орчуулсан номыг хэлэх үү, туршлага дутаж, найруулга зүй, үг хэллэгийн хувьд засах шаардлагатай байв. Уг номыг дахин хэвлүүлэх завшаан тохиосноор орчуулгаа чамбайруулж засах боломжтой боллоо. Номыг дахин хэвлүүлж өгсөн анд нартаа баярлалаа. Номын тухай танилцуулгыг дор нийтлэв.
Wednesday, April 25, 2012
Шинэ ном - Дэлхийн түүх мэндэлсэн нь
НОМЫН ХЭСГЭЭС
...Түүх бол соёл юм. Гэхдээ энэ нь бүх соёл иргэншилд
байдаггүй...
... Ази, Европын тэмцэл нь түүхийн гол сэдэв бөгөөд Азийг Европ дийлэх нь түүхэн
хувь заяа гэдэг үзлийг Херодот харамсалтай нь бий болгож орхисон юм...
...Сыма Цяний “Түүхэн тэмдэглэл” Хятад хэмээх ертөнцийг
тодорхойлсон бол Сыма Гуаны “Төрд туслах
нэвтэрхий толь” хятад үндэстний ухагдахууныг бий болгосон юм...
... Монголын эзэнт гүрний XIII зуунаас хойш үлдээсэн өмч бол Төв Евразийн
нүүдэлчид төдий биш юм. Төв Евразийн суурин иргэд хүртэл Монголын эзэнт гүрний
нөлөөг авч, өнөөгийн дүр төрхөө олсон юм. Үүний тод жишээ нь энэтхэгүүд,
иранууд, хятадууд, оросууд, Турк улсын туркууд болой....
Monday, April 23, 2012
Шинэ ном-Дэлхийн түүх мэндэлсэн нь
![]() |
| Окада Хидэхиро |
Монголын уншигчдад зориулсан зохиогчийн үг
“Дэлхийн түүх мэндэлсэн нь” ном маань эдүгээгээс 20 жилийн өмнө 1992 онд Японд
хэвлэгдсэн юм. Миний бие энэ номдоо XIII зууны Монголын эзэнт гүрнээс дэлхийн
түүх жинхэнэ утгаараа эхэлсэн гэсэн санааг судалгааны ертөнцөд анх дэвшүүлсэн
билээ. Уг бүтээл монгол хэлнээ хөрвүүлэгдэн монголчууд төдийгүй дэлхийн монгол
судлаач нарын гарт очиж байгаад туйлаас баяртай байна.
Tuesday, April 17, 2012
Дэлхийн түүх мэндэлсэн нь - Шинэ ном хэвлэгдлээ
Хэд хоногийн өмнө орчуулсан ном маань хэвлэгдэн гарчээ. Номын тухай мэдээлэл болгон молхи орчуулагчийн зүгээс үг бичсэнээ блогтоо байрлуулав.
Saturday, February 25, 2012
Могол угсаатныг сурвалжилсан нь

Миний бие "Могол угсаатныг сурвалжилсан нь" номыг орчуулан 2011 онд хэвлүүлэхдээ доорх үгийг бичсэн билээ. Сүүлийн үед хүмүүс уг номыг сонирхон уншиж, санал бодлоо илэрхийлэх болсонд мөхөс орчуулагч би туйлын баяртай байна.
ОРЧУУЛАГЧИЙН ҮГ
Японы нэрт эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Үмэсао Тадаогийн анхны бүтээлийн нэг болох “Могол угсаатныг сурвалжилсан нь” хэмээх аян замын тэмдэглэлийг уншигч танд толилуулж буйдаа баяртай байна. Ойрхи Дорнодоос Зүүн Ази хүртэл сунасан Монголын эзэнт гүрний өнцөг булан бүрт монгол цэрэг суурьшиж, тухайн газар оронд дэг журам тогтоон төрийн эрхийг атгасан найман зууны түүхийн улбаа өнөөдөр ч үлдэн хоцорчээ. Үүний нэг жишээ нь, Афганистанд байгаа моголчууд юм. Тэд Чингис хаан, Хүлэг хаан, Цагаадайн Монголын тал нутгаас дагуулж аваачсан их цэргийн үр удам болно. Зохиогч 1955 онд Киотогийн их сургуулийн эрдэмтдийн багт багтан, Афганистаны Горат, Херат нутгаар аялж, дундад зууны монгол хэлний нэг болох могол хэл болоод моголчуудын ахуй амьдралын судалгааг хийсэн тухайгаа энэхүү номонд өгүүлжээ. Өнөөгийн монгол бичигт ул мөрөө үлдээсэн дундад зууны монгол хэлний онцлогийг хадгалсан могол хэлээр ярилцдаг цөөхөн ч гэсэн могол хүмүүс 1955 он гэхэд байсан тухай уншигч та энэ номноос олж мэдэх болно.
Saturday, September 24, 2011
Догма
Хууль шүүрдэх гэдэг ажил эхлээд дөрвөн жилийн нүүр үзэж байна. Монголд хүчин төгөлдөр үйлчилж буй 460 гаруй хууль хоорондоо давхцсан, зөрчилдсөн, зарим талаараа хийдсэн болохоор цэгцлэх санаатай төрийн байгууллагуудын хүрээнд эхлүүлсэн ажил л даа. Явц нь ч тийм муугүй. Зарим нэг хууль дээр хийсэн задлан шинжилгээг харахад ийм бодол төрсөн.
Гэхдээ улиг болсон загварт автсан сэтгэлгээг манай хуулиудыг уншихад хэнбугай ч мэдрэх буй за. Доорх догма загварыг бид бүгдээрээ л мэднэ дээ.
Гэхдээ улиг болсон загварт автсан сэтгэлгээг манай хуулиудыг уншихад хэнбугай ч мэдрэх буй за. Доорх догма загварыг бид бүгдээрээ л мэднэ дээ.
Thursday, September 15, 2011
Зүг чиг
Токио бол нүсэр хот. Цахилгаан тэрэгний буудал хооронд олны давалгаанд түрэгдсээр саахалтын газрыг туулахад зүг чиг гэдэг утгаа алдах ажаам.
Ийн явсаар нэг л мэдэхэд нар шингэж, өдөр шөнийн зааг арилна. Хот гэрэлд умбана. Бугуйн цагаар өдөр шөнийг мэдэж, буудлын нэрээр суугаа газраа тоймлоно. Үүнийг хөөцөлдөж, түүнийг гүйцээсээр, нэг л мэдэхэд их хотын амьдрал урсана. Цонхны гэрэл гялбалзаж, тансаг тохилгыг илтгэнэ. Гэвч олон цонхны цаана их хотын ганцаардал, зожигрол нүүрлэн байгаа даа.
Ийн явсаар нэг л мэдэхэд нар шингэж, өдөр шөнийн зааг арилна. Хот гэрэлд умбана. Бугуйн цагаар өдөр шөнийг мэдэж, буудлын нэрээр суугаа газраа тоймлоно. Үүнийг хөөцөлдөж, түүнийг гүйцээсээр, нэг л мэдэхэд их хотын амьдрал урсана. Цонхны гэрэл гялбалзаж, тансаг тохилгыг илтгэнэ. Гэвч олон цонхны цаана их хотын ганцаардал, зожигрол нүүрлэн байгаа даа.
Wednesday, September 14, 2011
Наритад болсон явдал
Токио хотын Наритад өнөөдөр буулаа. Бүгчим халуун агаар өөдөөс пүнхийгээд, Монголоос өмсч ирсэн зузаан жинс гуянд наалдаж, пөөнийгөөд л. Хилийн шалганаар дороо гарч, ачаагаа ч даруй олоод авлаа. Гэтэл хажууд нээх хөөрхөн нохой ирээд чемоданыг маань үнэрлээд эхэллээ. "Үү жүү жүү, хөөлхий ш дээ" гэж бодоод доош хартал мань хашир хорио цээрийн шалгалт гэсэн хүзүүвч зүүсэн албан үүргээ гүйцэтгэж яваа лут золиг байдаг байгаа. Төдөлгүй гаалийн ажилтан ирж, намайг хажуу тийш нь аваачлаа. Чемодан нээлгэлээ. Ундааны цаасан саванд түнтийтэл чихээд, хар гялгар уутаар нямбайлан боосон хонины хэдэн боодол махыг маань хураагаад авчихлаа. Хайран мах.
Saturday, April 02, 2011
Тарган дарга
Аливаа хэлнээ үгс хоорондоо нийлж холбоо хэлхээ үүсгэхдээ өөрийн гэсэн дүрэм, мэдрэмжийг шаарддаг ажээ. Ухаандаа, "урин" гэдэг үг байлаа гэхэд хамгийн түрүүнд "урин хавар", "урин дулаан", "урин цаг", "урин харц" гэж буухаас "урин хоол", "урин гар" гэхгүй шүү дээ. "Халуун хоол", "дулаан гар" гэж л хэлнэ. Хэлний хэрэглээ төрөлх мэдрэмж, сэтгэлгээг шаарддагтай энэ нь холбоотой. Нэг багш маань бидэнд доорх зүйлийг ярьж өгсөн юм.
"Тарган гэдэг үгийг ХААИС-ийн оюутнуудад өгөөд нийлэмж, холбоо үг зохиох даалгавар өгсөн чинь, ихэнх нь "тарган тавтай", "тарган мал", "тарган хонь" гэх мэтээр бичсэн байв. Харин нэг нөхөр "тарган дарга" гэж бичсэн байхаар нь дуудаад уулзтал хотын хүүхэд байсан."
"Тарган гэдэг үгийг ХААИС-ийн оюутнуудад өгөөд нийлэмж, холбоо үг зохиох даалгавар өгсөн чинь, ихэнх нь "тарган тавтай", "тарган мал", "тарган хонь" гэх мэтээр бичсэн байв. Харин нэг нөхөр "тарган дарга" гэж бичсэн байхаар нь дуудаад уулзтал хотын хүүхэд байсан."
Subscribe to:
Posts (Atom)





