Tuesday, October 27, 2009

Хуулийг яаж ойлгох вэ?

Сүүлийн үеийн асуудлаар хувийн бодлоо дурдах гэсэн юм. Буруу зөрүү байх нь мэдээж. Мэргэн уншигч тунгаана биз.

Ерөнхий сайд өвчний улмаас ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө барилаа. УИХ-ын намуудын бүлгийнхэн зурагтаар ярихыг сонсоод байх нь ээ, "Ерөнхий сайд, /таслал/ Засгийн газрын гишүүд" гэж ярьж байх юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд ажлаасаа чөлөөлөгдөж байгаа нь Засгийн газрын кабинетэд үл хамаарна, тэгэхээр орных нь ЕС-ыг томилчиход асуудал шийдэгдэнэ гэсэн маягийн тайлбар тавиад байна. Үндсэн хуулийг сөхөөд үзвэл,

40-р зүйлийн 2-т,
"Засгийн газрын бүрэн эрх Улсын Их Хурлаас Ерөнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерөнхий сайдыг томилсноор дуусгавар болно."
43-р зүйлийн 2-т,
"Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно." гэжээ.

Энд ямар нэгэн "өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бол тэгнэ ингэнэ" гэсэн заалт алга. Ажлаа өгсөн л бол, өөрөөр хэлбэл, огцорсон л бол 40-р зүйлийн 2-ийн дагуу бүрэн эрх дуусгавар болж, дараагийн ЕС Засгийн газрыг эмхлэн байгуулж, УИХ-р томилуулна гэсэн гаргалгаа гарч байна.

Харин Засгийн газрын тухай хуулийн 21-р зүйлийн 2-т дараах байдлаар заажээ.
"Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөхчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна"

ЕС-ыг нөхөн томилдог юм байж. Энд огцорсон болон чөлөөлсөн гэдэг хоёр өөр ухагдахууныг нэг дор бөөндсөн байна. Үндсэн хуульд заагаагүй ухагдахуунууд тууж явна гэсэн үг л дээ.

Ардчилсан засаглалын схемийг хялбарчлаад харъя.

Чөлөөт сонгууль - УИХ дээр олонхи болох - Засгийн газраа бүрдүүлэх - Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх - Чөлөөт сонгууль - .....давтагдана.

Нэг ийм циклээр дүрсэлж болж байна. Чөлөөт сонгуулиар эхэлж, чөлөөт сонгуулиар цикль дуусч байна. Чөлөөт сонгууль бол олонхийн санаа бодлыг Засгийн эрхэнд тусгах процессийн эхлэл болоод дүгнэлт болох учиртай. Тиймээс гүйцэтгэх засгийг бүрдүүлж буй Засгийн газар нь энэ циклийн тусгал болж, Ерөнхий сайд танхимын гишүүдийн хооронд хариуцлагын тогтолцоо бүрдсэн байх ёстой. Үндсэн хуулийн 43.2 дахь заалт ийм санаа агуулж байна.

Гэтэл манайд ийм биш бололтой. "Улс төрийн тохироо" гэдэг үгийн цаана бүх шийдэл явагдаж байна. Албан тушаалаа ашиглан гэмт хэрэг үйлдсэн бололтой нөхдүүд ч энэ тохироогоор хамгаалагдан халдашгүй дархан эрх олж, азгүй нэг нь мөн энэ тохироогоор гэмт хэрэгтэн болж байна. Сөрөг хүчингүй парламент Засгийн газрын тухай хуулийн 21.2-ийн бөөндсөн, учир битүүлэг бүрхэг заалтыг барин иргэдийн толгой угааж, танхимаа хамгаалах гэж үхэн хатан зүтгээд байх юм. Иргэдийн байр сууринаас сэтгэдэг хардаг засаглал чухал болоод байна.







Monday, October 05, 2009

Найруулагч Батмөнхийн бүтээлийг үзэв

Өнөөдөр найруулагч С.Батмөнхийн кино цоморлигийн нээлт Тэнгис кино театрт боллоо. Батмөнхтэй би 2007 оны хавар танилцсан юм. Тэгэхэд Германд телевиз киноны дээд сургуулийг дүүргээд дөнгөж эх орондоо буцаж ирээд байсан. Түүний өргөн агаад гүнзгий мэдлэг, гадаад хэлний өндөр чадвар, цаг үеийг үнэлэх соргог мэдрэмжийг андын хувьд биширч явдаг нэгэн л дээ. Батмөнх хэд хоногийн өмнө утасдаж, өөрийн анхны киноны нээлтэд урив. Ажиллаж буй студи дээр нь очиж, урилгаа гардлаа. За тэгээд өнөөдөр ажлаа тараад Тэнгисийг чиглэв. Олон герман хүн иржээ. Бас манай кино урлагийн нэртэй жүжигчид ч ирсэн харагдана. Тэнгисийн нэг танхим дүүрэн зочид цугласан байв.


Эхний кино нь "Шамбалын орны эрэлд". Нэг залуу лам шамбалын орныг эрэхээр урт аянд бадарчлан явна. Говийн айлд очин, сэтгэлдээ харж явсан хөдөөгийн үзэсгэлэн болсон хүүхэнтэйгээ таарна...За за, Бүгдийг яриад яахав. 90-ээд онд тайзан дээр Ромеод тоглож од болж байсан жүжигчин Гэрэлсүх гол дүрд нь тоглож байна. Зураг авалт, дуу ёстой янзтай. Жүжигчдийн тоглолт ч гоё болжээ. Монголын байгаль гэдэг тэр чигтээ л уран зураг. Уран зургийн дотор бадарчин. Уг киноны зохиомж, санаа тун энгийн атлаа үзэгч таныг эргэцүүлэхэд хүргэх идтэй байнам. Винайн ёсыг сахиж, хоосон чанарыг шүтдэг лам хүн төдийгүй бид ч гэсэн дотор сэтгэлдээ хүсэл гүйцээдэг шидийн орныг хайж байдаг. Тэгээд шидийг олоод нисэхийг шахаж байтал шидэмсээр боолгон үхэхийг шахав гэдэг шиг эрэл маань зэрэглээ болон замхарнам. Ийм санаа энэ бүтээлд цухалзаад байх шиг санагдав.

Дараа нь "Сүүлчийн хүсэл". Германы жүжигчид тогложээ. Германаар ярьж, доор нь монгол хэлээр сабтайтл нь гарч байна. Киноны сүүлчийн хэсэг нь их сонин санагдав. Нээрээ ч энгийн иргэдэд улс төр ямар падлий байх вэ дээ. Уншигч та Тэнгист очоод үзвэл намайг юу хэлээд байгааг даруй ухна.

Киноны цоморлигийн сүүлчийн бүтээл нь "Жигүүр". Гол дүрийн хүүхэд их сайн тогложээ. Агуулгыг нь яриад яах вэ. Бүтээлийн зураг авалт, дуу, бүтээлийн санаа сэтгэлд хоногшив. Хоногшино гэдэг сайн бүтээлийн язгуур шинж болов уу. Гол дүрийн жаалхүү цамхаг дээрээс үсэрч зориглоогүй боловч жигүүрээ үүрээд хамаг хүчээрээ гүйж яваа киноны сүүлчийн хэсэг сэтгэл догдлуулам байв. Санаа байвч сачий хүрэхгүй. Сачий хүрэхгүй учраас л өдөр бүр мөрөөдөж, нисэн дүүлэх гэж оролдсоор байна. Энэ л чухал шүү дээ. Мөрөөдөлд хүрч орхивол мөрөөдөл дуусна. Хүрч чадахгүй байгаа мөрөөдөл чиний дэргэд үргэлж байж, чамайг өдөөдөг байвал яг л дүүлэх гэж оролдон байдаг чадлаараа гүйж яваа Бумаа хэмээгч энэхүү жаалхүү шиг сэтгэл татам чанарыг өөртөө шингээдэг ажээ.

Батмөнх ч гэсэн киноныхоо нээлтэд ингэж хэлсэн шүү. "Жижиг ч гэсэн мөрөөдөж бай. Мөрөөдлөө бүү хая. Хүрэхээр оролдоод байвал хэзээ нэг цагт биеллээ олно" гэж. Андынхаа бүтээлийн талаар хувийн сэтгэгдлээ дурдахад нэг иймэрхүү санаа орж ирж байна.

Wednesday, September 02, 2009

Дашбалбарыг орчуулж үзэв

Энэ жил бороо хуртай сайхан зун боллоо. Зуслан дээр өнжөөд л баймаар зун байв. Зуслан ажлын хооронд явахдаа машин дотроо шүлэг сонсох сайхан. Дашбалбарын "Эх орон" шүлгийг олонтаа сонсов. Нэг сонсоход сэтгэл хөдөлж, олон сонсоход аманд хүлхэх амтат ааруул мэт хайлж, сац бас эрч нэмэгдэж сэтгэл ариусна. Тэгээд энэ шүлгийг япон хэлнээ орчуулъя гэх бодолд ээрэгдэн хэд хоновой. Шүлэг сонирхож байгаагүй, түүний дээр япон хэлээр бол шүлэг бараг огт уншиж байгаагүй над мэтийн хүнд ахадмаар даваа. Гэхдээ заавал гоё ганган, ая дантай байх шаардлагагүй, утгын таягийг тулбал барав гэх бөх зүрх намайг түлхэж, уг шүлгийг барьж авахад хүргэв.
Зарим шүлгийг сонсоод байх нь ээ, орчуулахын аргагүй үгүүд цувардаг ш дээ. Яагаав нөгөө "Аргалын утаа боргилсон Малчны гэрт төрсөн би" гэдэг мөртүүдийг харь уншигчийн сэтгэлд буутал орчуулах ямар ч аргагүй гэдэг. Гэтэл зарим шүлгэнд универсаль шинж гэж байдаг бололтой. Энэ лав тийм шүлэг мөн. Тиймээс орчуулахад тийм ч их хүндрэл гарсангүй. Гэхдээ япон хэлний хувьд алдаа мадагтай, дээр нь бас мөхөс миний дутуу дулимаг ойлголтын улмаас ойлгомжгүй агаад ташаарал байж л таарна. Тиймээс үүнийг япон хэлтэй уншигч уншваас мадгийг залруулж өгвөөс туйлын их баярлах болно. За ингээд бөх зүрх гарган хөрвүүлсэн орчуулгыг минь толилно уу.

母なる国

詩:O. Dashbalbar

翻訳:P.Naranbayar 200991

崇高な母なる国よ、汝を拝む

満遍なく散らばる石ころに真実が潜むことを信じる

生きること自体が汝の御心によるものと見る。


偉大なる汝を毎日拝む

息をする度に汝に届く

目をつぶっても汝を見る

汝のために善を行い、

悪をなせば汝の前で恥を覚える。

冬の日、雪の原でごろ寝し、

色彩を帯びる雪花がきらきら落ちるのを見入る。

周りに存在する生き物全てが汝のものなり

今、汝を通してのみ物事をみる。

母なる国よ、汝の力が我に滲みこむから我は強くなる

汝の愛が我に届くから我は他者への愛を覚える

母なる国よ

勢いある炎も汝のものだと考える

汝の内なる優しい息を敬って生きる

母なる国よ

清らかな空気も汝のものだと考える。

息する度に汝は我の中に滲みこむ

母なる国よ

汝は万物に化し、我らに下る

我の生命は汝の御心による

岩石の中でも汝を見つける

大地の草むらからも汝は蘇る

生き物全てのために万物に宿り、

悪行の道から我らを救う

この世の色と音は汝を表現する

汝よ、我の平凡な暮らしを支え

万物に汝の愛を注ぐ力をくれたまえ

汝は、四方八方へ連なり

中心がいたるところに存在し

汝は、 生まれるものの源となる。

汝に敵う万能物は無し。

母なる国よ、汝を拝む

汝、この肉体の善悪を吟味する

救いの父よ、その御手で祝福を与え

望むもの全てを叶えたまえ

善行は我の永久の友となれ

悪行は我の姿をみるなり逃げされ

へつらいは我の声をみとめるなり消え去れ

臆病者は声を殺して疎遠せよ

病は我を避けよ

病になった者を我が看病せよ

息する度に汝は我の中に滲みこむ

目をつぶっても汝を見る

我の心は汝を喜ばせるように広くなれ

我の本質は人間であれ。

母なる国よ、美を他者に与え

この世の者全てを幸せにする我に助けをくれたまえ

我の体、知、心、行は汝のものなりとみれば

母なる国よ、汝は我のものなり。

我は汝の光に包まれて暮らすものなり。

Монгол хэлээр сонсоё гэвэл энд дар.




Friday, July 10, 2009

Зам ямар үнэтэй вэ?

Наадам дөхөөд сайхан байна. Дэнж хотойтол нааддаг дэлхийд ганц баяр. Ньюс мн-г хараад сууж байхнээ Хүй долоон худаг уруу наадамчдын зам тавьсан тухай мэдээ гарчээ. 2.4 км замыг 445 сая төгрөгөөр бариулсан ажээ. Км тутамд 185 сая төгрөг гэсэн үг. Энэ ер нь боломжийн үнэ үү? Гадаадад ер нь ямар үнээр тавьдаг юм бол?

Tuesday, May 26, 2009

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа

Элбэгдоржийн ялалтыг талбай дээр нижгэр тэмдэглэж, салют хүртэл буудууллаа. АН-с нэр дэвшигч ийнхүү ялж буй нь 12 жилийн дараа тохиож байгаа болохоор, 7 сарын 1-ний хэрэг явдлаас хойш АН-ын байгуулсан хамгийн том ялалт болохоор, Энхбаяр хэмээх яаж ч болдоггүй том уулыг нураасан болохоор гээд олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Энд би сонгуулийг аль болох хөндлөнгийн өнцгөөс харахыг оролдохын сацуу хувийн бодлоо та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо.
  • Энэ сонгууль бүхэлдээ хар пиар, сэтгэл хөдлөл давамгайллаа. Бодлого, үзэл суртлын шинж чанартай асуудал гэвэл шударга ёсыг тойрч эсрэгцлээ. Гэхдээ Элбэгдоржийн яриад байгаа ШУДАРГА ЁС-ны талаар Энхбаярын талаас хариуцлагатайгаар, бодлогын шинж чанартай хариулт өгч чадсангүй. Энэ нь сонгуулийн дүнд нөлөөллөө. Хар пиарууд: Сүрэнхорын захидал, Солонгос дахь Элбэгдоржийг дэмжих клубын асуудал, Элбэгдоржийн гарал үүслийн талаарх цуу яриа гм. Энэ хар пиар дотроос Сүрэнхорын захидал, Элбэгдоржийг дэмжих клубын асуудал ер нь цаашид нухацтай авч үзэх ёстой асуудал байсан болов уу.
  • Хоёр нэр дэвшигч амлалтаараа уралдах гоомой хандлагаа аанай л давтлаа. Энхбаяр оюутны сургалтыг төлбөргүй болгох талаар амлатал Элбэгдорж бүр тэтгэлэг олгох талаар ярив. Энхбаяр улиг болсон 1.5 саяын эх орны хишгийг амлахад Элбэгдорж 2.5 саяыг амлалаа. Энхбаяр морь унаж яваагаа сурталчлахад Элбэгдорж бүр уурга бариад адуун сүрэгт шунган орж байгаа дүрсээ гаргаж амжив.
  • Энхбаяр монгол бичгээр бичиж, есөн хүслийн амлалт гаргаж, дээл өмсөн, уламжлал, билэгдлийн талыг түлхүү барьсны зэрэгцээ малчдыг татвараас, банкны зээлийн хүүгээс чөлөөлөх гэх мэтээр хөдөөд анхаарлаа хандуулжээ. Элбэгдорж харин эхнээсээ л хотын сонгогчдоо анхаарч, билэгдэл энэ тэр гэсэнгүй. МАХН угаас хөдөөд хүчтэй байдаг. Японд бол төрийн эрхийг олон жил барьсан ЛАН хөдөөдөө хүчтэй байдаг. Төрийн эрхэнд удсан нам хөдөөд хүчтэй, хотод сулхан байдаг нэг тийм хандлага байна. Тиймээс хотын сонгогчдоо илүү анхаарах ёстой байжээ гэдэг нь одоо бол тодорхой харагдаж байна.
Бүхэлд нь харахад популизм, хар пиар, сэтгэл хөдлөл энэ сонгуульд давамгайлах хандлагатай байв. Сонгогчид бид бэлэн амлалтаас бэлэн амлалтын хоорондох сонгуульд дэндүү дасчихаж уу дээ.

Wednesday, May 06, 2009

Солонгос жүжгээ гэж

Үнжээ гэдэг хүүхний тухай өгүүлдэг "Эхнэрийн урхи" жүжиг өчигдөр хөшгөө хаалаа. Улаанбаатарчууд нэлээд үзсэн бололтой. Манай гэр бүлийн хүн үзээд байхаар нөгөө идэвхгүй тамхи таталт гэдэг шиг алдаг оног үзсэн юм. Байдаг л савангийн дуурь. Нөгөө сувгуудаар "Дорнын диваажин", "Сайн нь ч муу нь ч" гэх мэт олон ангит Хангүг жүжгүүд ар араасаа цуварч байна аа. Үүний өмнө Солонгосын хааны ордон, тайганууд гардаг жүжиг яваад л байсан. Орчуулга талаасаа ер нь дажгүй шүү. Гэхдээ солонгосчуудын зэрэг зиндаагаараа дуудалцдаг ёсыг нь тэр хэвээр нь үлдээж орчуулсан бололтой. Ойлгомжтой юман дээр л "Ким захирал", "Ким хүргэн", "Ким тайган", "Тончоолын аав" (Тончоол гэдэг хүүгийн аав буюу нөхрөө дуудаж байгаа юм) гэх мэт манайхаар бол инээдтэй орчуулга чихэнд чийр уях юм. Зүгээр л Ким ээ, эсхүл захирал аа гэхэд хангалттай.

Солонгосчууд өөрийн соёлын нөлөөгөө дэлхийд түгээх бодлогыг нэлээд хэдэн жилийн өмнө боловсруулж, амжилт олж байна. Соёлын үйлдвэрлэл нь ч Азийг байлдан дагуулж, Солонгосын soft power хүчирхэгжиж байна. Мөнгө ч олж байгаа байх. Монгол ч гэсэн соёл, уламжлалаараа гайхалтай улс. Бидэнд соёлын үйлдвэрлэлийн салбар нээлттэй байна. Сүүлийн үед Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудад монгол кинонууд үзэгчдээ байлдан дагуулах болов. Саяхан тв-р "Гурван өдөр хоёр шөнө" киног үзлээ. Тун аятайхан кино байна лээ. Монголын кино урлаг сэргэж байна. Бидэнд кино экспортлох цаг үе ойрхон ирлээ.

Thursday, March 26, 2009

Тогоруу


Үүний урьд шувууны тухай бичсэн болохоор энэ удаа тогорууны тухай товчхон өгүүлэх гэсэн юм. Өвөгт тогоруу гэдэг шувууг монголчууд сайн мэднэ. Намар болохоор талд хэдэн мянгаараа цуглан чуулж байгаад алс хол Гималайн нурууг зорьдог. Энэ шувуу тогорууны төрөл дотроо хамгийн жижиг шувуу боловч дэлхий дээр хамгийн өндөрт нисдэг жигүүртэн. Монголын тал нутгаас зэллэн нисч, хэдэн мянган бээрийг туулаад 8000 м илүүтэй Гималайн өндөр нурууг салхи хөлөглөн давдаг гайхамшигтай амьтан. Нүүдлийн маршрут нь үндсэндээ Энэтхэг-Монгол. Хааяа Японы аралд ганц нэгээрээ төөрсөн шувуу очдог юм билээ. Төөрнө төөрнө гэхэд зад төөрч байга юм шүү.

Зургийг http://www.yachoo.org/images/anehaduru.jpg

Friday, March 20, 2009

Хээрийн галуу


Хээрийн галуу нисээд хүрэхгүй газраас

Хүний хүү эрдэнэ өвөртлөн ирнэ.
Их Нацагдоржийн бичсэн шүлгийн мөр. Ижил утгатай үгийг Хятадын сонгодгуудын нэг нь хэлсэн байна гэсэн яриа ч сонсогддог. Тэр яахав. Бидний чихэнд дэндүү хоногшсон ойр үг. Эрдэнэ өвөртлөн гэхээр эрдэм гэсэн үг санаанд шууд буудаг. Эрдмийг молор эрдэнэтэй зүйрлэн хэлэх нь ч буй. Энэ бол бидний сэтгэлгээ.

Хэд хоногийн өмнө шувуу судлаач Цэвээнмядаг гуайтай ярьж суугаад ер нь хээрийн галуу гэж ямар галууг хэлж байна гэж асуув. Англиар бол bar-headed goose гэдгийг монголоор хээрийн галуу гэдэг ажээ. Энэ галуу бүр Гималайн цаадах чанадад Энэтхэг орж өвөлжөөд Монголд ирж зусдаг юм байна. Тэгэхээр эртний өвгөдийн хэлдэг Жагарын орныг зорьдог шувууд байжээ. Монголчууд эрт цагаас Жагар, Төвдийн орноос ном залсан улс. Нацагдорж зүгээр ч нэг хээрийн галуу гэж дуугараагүй ажээ.

Зургийг: http://www.harteman.nl/omnibus/anseriformes/geese/barheaded.html с авав.

Wednesday, March 04, 2009

Цагаан сарын дараа

Харшилт хэмээх Шороон Үхэр жил ирлээ. Хулгана жил ямар цолтой байсан юм бол? Харшилт гэхээрээ алергитэй гэсэн үг юм бол уу? Цагаан сар аядуу тайван, даруу, бас өргөн дэлгэр боллоо. Бодоод байх нь ээ, настангууддаа мөнгө барьж золгох ёс тогтоод хэдэн арван жил болж. Мөнгө гэдэг байгаагаасаа байхгүй уруу нь гулсан очдог. Тэгэхээр Монгол дахь настангууд мөнгөгүй, тарчиг амьдарч, залуучууд, дунд настангууд хамгийн орлоготой байгаад байгааг цагаан сар энэ 10-аад жил бидэнд харуулж иржээ дээ. Тэтгэврийн хөгшчүүд, ядарсан ахмадууд гэдэг хэллэг бий болоод олон жил болж байна. Монголд өнөөдөр хамгийн орлого өндөр байгаа улсууд бол насны ангиллаар нь аваад үзэхэд 30, 40 настангууд болов уу. Эрүүл эрчтэй дээрээ мөнгө олно, ажиллана. Тэгээд 30, 40 настангууд хөгшрөхөөрөө цагаан сараараа нэг мөнгөө цуглуулдаг "тэтгэврийн хөгшид" болох болов уу. Эсвэл, өндөр хөгжилтэй орнуудад байдаг шиг нийгмийн халамжийн систем дотор мөнгөний гачигдал багатай тарвалзах болов уу. Гадаадад эмгэнээ дагуулаад аялсан шиг. Бидний өнөөдөр бүтээх улс орноос хамаг юм шалтгаална.

Thursday, February 19, 2009

Хямрал

Үгэнд далдын хүч агуулагдана. Япон хэлэнд үүнийг илэрхийлэх бүр тусгай үг байна. Котодама гэнэ. Бид ном уншуулж, тарни цээжилдэг нь үгэнд агуулагдсан далдын хүчийг шүтэж буй хэрэг.

"Худлаа юмыг зуун удаа хэлэхээр үнэн болдог", "Амны билгээс ашдын билэг", "Эвэр амтан" гээд ардын үгэнд иймэрхүү үзэгдлийг аль эртнээс томъёолжээ. Хүний нийгэм гэдэг амьд организм л гэсэн үг. Хүмүүс оюун ухаандаа юуг тунгаан, юу гэж ярина тэрүүгээр нь л болдог. Ухаандаа, хөрөнгийн биржийн хувьцааны үнэ удахгүй өсөх нь гээд яриад эхэлбэл, хүн бүр тийш хошуураад нэг хэсэгтээ өснө. Эдийн засаг хямарлаа, төгрөгийн ханш уналаа гэвэл бас л хошуурах үзэгдэл үүсч, тэгсгээд цуурхлын дагуу болно. Тэгэхээр эдийн засаг, улс төрийн шинжлэх ухаан гэдэг байгалийн ухаан шиг яг таг яс тас тооцоо гаргаж ирдэггүйн дээр, ирээдүйг таамаглах аргагүй гэж үзнэ. Юунд хэрэгтэй ухаан юм бол доо тэгвэл. Эдийн засгийн ухаан эдийн засгийн ухааны номон дотор бий гэдэг үг бий. Амжилт олсон бизнесмэнүүд дотор өндөр боловсролтон, докторууд
тэр болгон байдаггүй.

Хямрал хямрал гэж амтай бүхэн ярьж байна. Гадаад хүчин зүйл ч байгаа нь үнэн. Яг л хэлснээр хямрал хүрээд ирлээ. Бүр түймрийн гал шиг. Хошуурах үзэгдэл газар авч байна. Хошууралдсан олон өөрийгөө сөнөөнө. Цээж баян шиг аашилж асан олон түмэн даруухан даруулгатай байхыг сурч байх шиг.

Monday, February 09, 2009

Далд реклам

Согтууруулах ундаа, тамхийг Монголд сурталчлахыг хуулиар хориглодог. Гэтэл сүүлийн үед телевизүүдээр "Соёмбо", "Болор", хар тодотголтой "Чингис", "Хараа" зэрэг архийг далд байдлаар сурталчилж байна. Нэгэнт хуулиар хориглосон тул архины дүрс гарахгүй, архи гэж хэлэхгүй, согтуу хөлчүү хүн гарахгүй. Гэхдээ яахын аргагүй эдгээр архийг хэлээд байна аа гэдэг нь тун ойлгомжтой рекламууд. Сонирхолтой, өгүүлэмж, зураг дүрслэл, дуу хөгжим сайтай, дээр нь бас сонирхолтой рекламууд гарч байна. Аливаа зүйлийг хорьж цээрлэхэд хэлбэр нь улам нарийсан төгөлдөрждөг. Энэ утгаараа архины рекламууд мэргэжлийн өндөр төвшинд хийгдэж байгаа бололтой. Ямар ч байсан Монголын рекламын хөгжилд тодорхой байдлаар нөлөөлөх нь дамжиггүй.

Муу нуухаар сайн илчил, Даравч дардайна булавч бултайна. Рекламын татварыг нь ахиухан аваад зөвшөөрчихвөл яасан юм бэ? Их Петр хаан оросуудыг сахалнаас нь салгасан түүх санаанд орж байна. Орос улс баруун талдаа хөлддөггүй боомт олж авах санаатай шведүүдтэй байлдаад эхлээд ялагдаж л дээ. Учрыг нь судлаад байх нь ээ,
сахал үсээрээ чимсэн орос цэргүүд гардан байлдаанд орохдоо шведүүдэд сахалнаасаа татуулж, сэлэм гялс толгой бөндгөс болоод байсан нь тодорхой болж. Петр урт сахал тавихыг хориглов. Гэвч эрчүүд чимэгнээсээ салахыг хүссэнгүй. Тэгэхээр урт сахалд татвар оноож орхиж. Тэгээд л орос цэргүүд сахлаасаа удалгүй салсан түүх бий.

Monday, February 02, 2009

Цагаан сар


1 сарын 26-ны өдөр орон даяар цагаан сар болчихсон ч юм шиг болоогүй ч юм шиг сонин оргиж байлаа. Олны аяыг харвал тэмдэглээд ч байгаа юм шиг үгүй ч юм шиг. Тэмдэглэчихсэн бол үхэр жил болчихсон ч юм шиг үгүй ч юм шиг. Ёстой ойлгох юм алга аа. Ухаандаа Өвөр Монголын наахантай, Монгол улсын дотор 1 сарын 26-аас хойш одоо мэндэлж буй хүүхдүүд бол хулгана жилтэй, хил даваад хэд алхахаараа үхэр жилтэй болчихно гэсэн үг байх нь.
Улс амьтны маргаанаас хараад байхад сар шинэ хэзээ болохыг Төгс буянт хэмээх зурхай шийдээд буй бололтой. Дорно дахины орнуудтай нэг өдөр тэмдэглэхийг шаардаад байгаа нь шарын хэмээх зурхай. Олон улсын хэмжээнд шарын зурхай гэж нэрлэдэг ч юм уу үгүй юм уу бүү мэд. Манайхан л шарын гээд байгаа.
Хөдөлмөрийн тухай хуулийг сөхөн харвал шинийн 1, 2-ныг нийтээр амрах баярын өдөр гэж хуульчилжээ. Харин шинийн 1-нийг чухам хэдийд байхыг юуг баримтлан, ямар хуулийн этгээд шийдэх ёстойг дурдаагүй байна. Ёс заншлын хүрээнд Гандантэгчинлэн хийдийн баримталж буй Төгсбуянтын зурхайг өнөөг хүртэл дагаж, урин хавраа угтах сар шинийн баяраа тэмдэглэж иржээ.
Тэгэхээр цагаан сард гурван шинж агуулагдаж байна. Нэгдүгээрт, төрөөс бүх нийтийн амралт болгон хуульчлан тогтоосон баяр ёслол; хоёрдугаарт, зурхайч Тэрбиш зэрэг улсуудын зурсан литийг үндэслэн Гандантэгчинлэн хийдээс шинийн нэгэн болох өдөр судар хийгээд үйлдэх зан үйл, шашны ёслолыг тогтоодгоос үзэхэд шашны хийгээд уламжлалт шинжтэй ёс заншил мөн; гуравдугаарт, хүйтэн өвлийг өнтэй давж, урин хавартай золгосны баяр болдог байна. Астрономийн үүднээс харвал хүн төрөлхтөн, түүний дотроос Монгол улс, түүний дотроос үзмэрч Дашцэрэн, зурхайч лам нар маргасан ч маргаагүй ч сар дэлхийг тойрдгоороо тойрч цаг хугацаа тогтсон хугацаандаа улирч л байгаа.
Дээрх санаануудаа базаад хэлэхэд, уламжлалт ёс заншил, шашнаа хүндэтгэн үзэхийн сацуу Хөдөлмөрийн тухай хуульд үндэслэн Ерөнхийлөгчийн зарлиг гаргах замаар чухам аль зурхайн билгийн тооллыг баримтлахаа шийдчихвэл амар санагдаад байгаа юм. Эс тэгвэл Арго багш 9 сард , шарын зурхайтангууд 1 сард, бусад нь 2 сард цагаан сараа тэмдэглэж эхэллээ. Энэ нь хуулийн үүднээс харахад Хөдөлмөрийн тухай хуультай зөрчилдөөд л байгаа юм л даа.

Wednesday, January 07, 2009

Морьтой цагдаа

Улаанбаатарыг Утаанбаатар гэж заримдаа цоллодог. Ихэнх нь сэконд ханд 100 гаруй мянган машин зам дээр түгжирч, мөн ийм тооны гэр хорооллын айлууд 40 гаруй хувийн чийглэгтэй нүүрс шатаан хүйлэн тэнгэрт хаяж байна. Их хотын бохирдлын асуудал хурцаар яригдсаар өдийг хүрэв. Хөгжлийн эмгэг улам л ужгирсаар.

Бодоод байх нь ээ, Улаанбаатар хотод адуу яагаад байж болохгүй гэж? Хөгжилтэй орнуудад ч морьтой цагдаа нар байдаг. Яг л зурагт байгаа шиг. Монголын цагдаа нар ихэвчлэн явган таваргадаг. Эргүүлийн цагдаа нарыг морьтой болговол зүгээрсэн. Монгол улс би андуураагүй бол 5 сая гаруй адуутай. Сэлэнгэ тийшээ бол том биетэй томсог маягийн морьд олон бий. Адуу олдоно. Тэжээх өвс байна. Цагдаа гэхээр дандаа явган таваргах ёстой юм уу? Дээр нь бас эргүүлийн ажилд дулааны улиралд дугуй ашиглаж болно. Эргүүл хөдөлгөөний хурд нэмэгдвэл их хотын амар жимрийн баталгаа улам сайжирна. Дугуй гэснээс та бүхэн Өндөрхаан хотод очиж үзсэн үү? Монголдоо хамгийн их дугуй унадаг газар байх аа. Хэдэн жилийн өмнө очиход хаа сайгүй дугуй унасан улсууд байсан. Хөрс гэмтээхгүй, тос утаа хаяхгүй, хөдөөгийн цэвэрхэн, жижиг хотод яг таарсан унаа. Байгальдаа ээлтэй хот гэж Өндөрхааныг шагнахсан.

Wednesday, December 31, 2008

2008 он баяртай

2008 он одож байна. Улс төрийн амьдрал давалгаалав. Сонгуулийн жил байлаа. Саналын хуудас тооллого, сонгогчдын үнэмлэх дээр ажилласан тухай барим тавим яриа, 7 сарын 1-ний хэрэг явдал, 250 гаруй залуучуудад ял сонсгосон шүүхийн түргэвчилсэн үйл ажиллагаа гээд л. Эдийн засгийн хувьд халуурлын дээд цэгээс хүйтэрлийн доод цэг үрүү дэндүү хурдан давшиж буй өдрүүд үргэлжлэв. Ингээд л шинэ жилтэй золголоо.

Шинэ жилийн уур амьсгал орсон Улаанбаатарт замын хөдөлгөөн түгжирдэгээрээ түгжирч, асфальтан гадарга мөсөн гулгуур болов. Тэгээд мунхаглаад байх нь ээ, ер нь нийслэлд сүйх тэрэг явуулж яагаад болдоггүй юм бол гэсэн шүү бодол орж ирж байна аа. Машин морь хоёрын аль нь хурдан бэ? Улаанбаатарын замд бол сүйх тэрэг хамаагүй хурдан байж таарна. Яг л энэ зураг дээр байгаа шиг гоё хээнцэр. Гэхдээ үндэсний хэв загварыг өөртөө шингээвэл бүр сайн. Зундаа сүйх тэрэг жуулчдын дуртай унаа болно гэх мэт. Харин замыг нь яаж бий болгох вэ? Энэ далимаар замаа өргөтгөн, нийтийн эрх ашгийн үүднээс газрын мафи гэж нэрлэгддэг улсуудыг задлаад хаячихсан.

Monday, December 15, 2008

Төрөлжин хөгжихүйг үргэлжлүүлэн бодоход

Эркардогийн бичсэн Төрөлжин хөгжихүйг уншаад чөлөөт худалдааны тухай хувийн бодлоо дурдмаар санагдав.

Чөлөөт худалдааны тухай ярьж эхлэхээр Дэвид Рикардогийн нэр заавал гарч ирнэ. Түүний боловсруулсан харьцангуй давуу талын онол одоо ч гэсэн анхаарал татсан хэвээр байна. Аль нэгэн улс өөрийн хамгийн сайн хийж бүтээж чаддаг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд хүч хаяж, түүнийгээ экспортлох замаар хамгийн их ашиг олж чадна. Тухайлбал, хөгжиж буй оронд дарс үйлдвэрлэл хөгжсөн орноос хэд дахин хямд өртгөөр үйлдвэрлэгдэж байвал, тухайн улс өндөр өртөгтэй бусад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх гэж илүү зардал хүч гаргах шаардлагагүй. Дарс үйлдвэрлэлд анхаарлаа төвлөрүүлж, энэ салбарт өрсөлдөх чадвараа сайжруулан экспортолж, харин хажуудаа байгаа хөгжсөн орноос тэнд хямд үйлдвэрлэж чаддаг барааг оруулж ирэх хэрэгтэй. Ингэснээрээ хоёр улс хоёул хожно гэж Дэвид Рикардо үзсэн байдаг. Энэ нь чөлөөт худалдааны гол тулгуур онол гэж би ойлгодог.

Өнөөдрийн Дэлхийн худалдааны байгууллага олон улсын чөлөөт худалдааг дэлгэрүүлэх, нэгдсэн нэг дүрэмд оруулахаар их зүйл хийсэн байгууллага. Чөлөөт худалдааг хөгжүүлснээр Хөгжингүй орнууд хожив уу, Хөгжиж буй орнууд хожив уу? Энэ бол өөр асуудал. Монгол улс л лав чөлөөт худалдааны ертөнцөд явж орсноор үндэсний үйлдвэрээ босгож чадаагүй гэж би боддог. Африкын Судан улсад эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан нэг багшийн маань яриа одоо ч гэсэн сэтгэлд хадаатай байдаг юм. Суданы Ерөнхийлөгчийн зөвлөх түүнийг Суданд мэргэжилтнээр ажиллаж байхад нь дуудаж уулзжээ. Тэгээд, "Судан улсыг ДХБ-д элсүүлэхэд юуг анхаарах ёстой вэ?" гэж асууж. "Танай улс үйлдвэрлэлийн ямар салбараа хамгийн чухалчлан үзэж байна вэ? Өөрөөр хэлбэл, гадаадын хямд бараа их хэмжээгээр цутган орж ирэхээс хамгаалах бодолтой байгаа үйлдвэрлэлийн салбараа сонгож аваад хамгаалах бодлого явуулах хэрэгтэй. Нэгэнт чөлөөт худалдааны цэвэр өрсөлдөөн бүхий тоглоомын хатуу дүрэмтэй ертөнцөд явж орох тул чухалчилж үзсэнээс бусад салбарыг хаях хэрэгтэй болно. Тэгэхээр ДХБ-д элсэн орно гэдэг дотоодын үйлдвэрлэлийн хөгжлийн сонголтын тухай бодлого юм" гэж хариулсан байна.

Монгол улс төрөлжиж чадав уу? Хамгаалах салбараа сонгож чадав уу? Бидний хамгийн сайн чаддаг үйлдвэрлэлийн ямар салбар байна? ДХБ-д элсэн орсноос хойш боловсруулаагүй ноолуур их хэмжээгээр Хятад уруу гардаг болсон, Хятадын худалдаачид бэлэн мөнгө барин гар дээрээс шууд ноолуур худалдан авдаг болсноор ноолуурын үнэ тэнгэрт хадаж, дотоодын үйлдвэрлэгч нар түүхий эдээ хурааж чадахгүй зогсоход хүрсэн гашуун туршлага саяхных. Хятад Орост үйлдвэрлэсэн сүү сүүн бүтээгдэхүүн 40 сая малтай Монгол улсын дэлгүүрийн лангуунд ярайж байна. Гадаадын сүү сүүн бүтээгдэхүүн Монголынхоос хямд. Дээр нь бас импортын даршилсан өргөст хэмх, помидор, жимсний чанамлууд. Ай яа яа, бид сонголтоо хийж чадсангүй. 1996 онд ДХБ-д элсэн орохдоо энэ тухай үндэсний үйлдвэрлэгч нартайгаа ч зөвлөлдсөнгүй...


Friday, December 05, 2008

Андерсений "Шидэт хэт"

Андерсен, Ах дүү Гриммийн үлгэрийн цоморлиг Монголд хамгийн борлуулалт сайтай ном болж байгаа бололтой. Интэр номын дэлгүүрээр ороход тэндхийн бэст сэллэр болсон байна лээ. Хүүтэйгээ цуг унших санаатай тус тусаас нь нэгийг авлаа. Тэгээд энэ жил сургуульд орсон хүү маань дөнгөж уншиж сурч байгаа болохоор оройдоо ганц нэг мөрөөр нь явуулсаар байгаад хэд хэдэн үлгэрийн цаана гараадхав.

Тэгээд бодоод байх нь ээ, үлгэр гэдэг жаахан хүүхдэд зөв ёс суртахууныг заадаггүй бололтой. Жишээлбэл "Шидэт хэт" гэдэг үлгэр байна. Ерөнхий утга санаа нь нэг иймэрхүү.

Нэг цэрэг дайн дуусаад гэртээ харих замдаа шуламтай тааралдана. Шулам түүнийг агуйд орж хөсрий хаягдсан хэт авчирч өгөхийг хүснэ. Хонгилд байгаа алт мөнгийг дураараа авагтун гэсэн үгэнд шунагтсан цэрэг агуйд орон үүргэвчээ алт мөнгөн зоосоор дүүргэн гарч ирээд шулам эмгэнээс хэтийг юунд хэрэглэхийг асууна. Эмгэн чамд хамаагүй хаданд чимээгүй гэхээр нь алж орхино. Ингээд л шууд дээрэм, аллага гарч байгаа юм. Эмгэн уг үлгэрт шулам л гэж гарахаас ямар нэг алуулахаар муу үйл хийсэн тухай огт гарахгүй.

Тэгээд хөрөнгөтэй болсон цэрэг хотын хамгийн үнэтэй зочид буудалд тансагласаар мөнгөө бараад дээврийн хөндийд ядуухан амьдрахдаа хэтээ санан цахиж үзтэл том ноход гарч ирэн юу санасан есөн хүслийг нь биелүүлж өгнө. Ингээд амар хялбар амьдралыг шууд л сурталчилж байгаа юм.

Цэрэг бүр давраад
шидэт нохдоороо хааны охиныг унтаагаар нь хулгайлуулан авчирч, шөнөжингөө дэргэдээ байлган үнсэж үлгэнэ. Ингэхэд охин огт сэрэхгүй. Эцэст нь хааны охиныг шөнө хулгайлдаг хэрэг нь илэрч баригдана. Дүүжлүүлэхийн даваан дээр шидэт ноход нь ирж аварна. Хаан нохдоос айсандаа гүнжээ өгч, дээр нь бас хаант улсын талыг бэлэглэнэ.

Үлгэрийн зохиомжийг бүхэлд нь харахад үнэнч шударга хөдөлмөрлөх, хүн алж, хүрээ талахгүй байх ёс суртахууны хэм хэмжүүр үл оршино. Гайхмаар шүү. Андерсен юу хэлэх гэсэн юм бол?

Хүү маань надаас "Аав аа, энэ цэрэг шулмыг яагаад алчихав?" гэж асуухаар нь тайлбарлаж чадсангүй. Тэгээд яахав, шулам гэдэг угаасаа муу хүн байдаг юм гэхээс өөр тайлбар олдсонгүй. Андерсен муу хүнийг тонилгож байх ёстой гэж хэлэх гэсэн юм болов уу.

Friday, November 28, 2008

Шилэн галзуу баатар


Дарьгангад "Шилэн галзуу баатар" хэмээх тууль байдаг. Галзуу гэдэг үг монгол хэлнээ сөрөг утгаар бус эерэг утгаар хэрэглэгдсэн жишээ олон. Хатанбаатар Магсаржав их цэргээ дагуулан цагаантны үлдэгдлийг хөөж явахдаа үерлэсэн голд тушигджээ. Бачууран цухалдсан Хатанбаатар сэлмээрээ голын ус цавчлан "Төрд чам шиг хэрэггүй гол алга" гэж уурсаж байсан гэдэг. Монгол баатар хүний нэг төрх.

Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой хүү, Гунан улаан баатар гээд л шатаж яваа их эрч хүчийг илэрхийлж ирсэн байх юм. Арван зүгийг хамгаалагч догшин дүрт бурхдыг хүний зүрх гарт нь бариулж, хохимой хүзүүнд нь зүүлгэж, нүгэлтнийг дэвслэн тонилгож байгаагаар дүрслэн шүтэн биширдэг. 20-р зууны 30-аад он хүртэл атаатныхаа амьд зүрхээр туг сүлдээ тахиж, сүр хүчээ бадраадаг байсан гээд л монголчууд бид галзуу, догшин төрхийг мууг зайлуулан гэсгээгч гэдэг утгаар нь эерэг талаас нь хүлээн авч ирсэн ард түмэн.

Ийм сэтгэлгээний суурь дэвсгэрээс улбаалан, аархсан хүчтэнг бишрэн хүндлэх, нийгмээрээ хүлээн авах, зарим талаар таашаах хандлага байдаг байх. Бөхийн ертөнцөд энэ нь ажиглагддаг. Би ч гэсэн, аархсан, эрчтэй, зоримог барилдааныг харах дуртай. Асашёорюүгийн барилдаан ч мөн гоё шүү. Харахад сэтгэл сэргэдэг.

Японы зураач Үтагава Күниёшигийн дүрсэлсэн баатар

Thursday, November 13, 2008

Japan Guide буюу Япон хөтөч


ЭМОС клубын 16 гишүүн нэт дээр нийлэн сууж энэ номыг бүтээсэн юм. Нэт дээрх клуб болохоор ЭМОС дотор хоорондоо нүүр тулан уулзаагүй ч санаа сэтгэлээрээ нэгдсэн нөхдүүд олон бий. ЯПОН ХӨТӨЧ хэмээх энэ ном нь Япон орны тухай 16 монгол хүний өнцгөөс харж бичсэнээрээ онцлог. Ингэснээрээ уншигчдын олон янзын эрэлт хэрэгцээг хангаж байгаа юм. Түүний зэрэгцээ номыг зохиогчид албархаг хатуу үг хэллэг, албан ёсны байр суурь гэх мэт зүйлээс ангид цэвэр хувийн үзэл бодол, өөрийн мэдэрснээрээ Япон орны тухай танилцуулсан байгаа тул уншигч танд илүү ойр агаад ойлгомжтой санагдах болов уу гэж найдна. Мөн уг номд тухайн бичвэртэй нь холбоотой өнгөт зургуудыг оруулсан тул уншихад илүү дөхөмтэй болжээ. Жишээ болгон уг номын нэгдүгээр бүлэгт оруулсан өөрийн бичсэн хэсгээс танилцуулъя.

Шашин шүтлэг


Хэдэн жилийн өмнө нэг танил япон маань хуримаа удахгүй хийнэ гэж надад ярив. Тэгээд хуримын төлөвлөгөөнийх нь талаар жаал ярилцлаа. Мань эр сүйт бүсгүйтэйгээ христосын сүмд хуримлах болж байгаа гэв.

-Та хоёр христосын шүтлэгтэн үү? гэж би асуулаа. Гэтэл

-Үгүй гэж байна.

-Тэгвэл яагаад чухам христосын сүмд хуримаа хийх гэж байгаа юм бэ?

-Сүйт хүүхэн маань европ маягийн хуримын цагаан даашинз өмсөхийг хүсч байгаа юм л даа. Тэгээд ч христосын сүмд тэмдэглэвэл дурсгалтай.

Япончууд шашин шүтлэгт ер нь нэг иймэрхүү прагматик байдлаар ханддаг. Өөрөөр хэлбэл, шашинд гүнзгий автдаггүй, өөрт ашигтай хэсгээс авч хэрэглэдэг гэсэн үг. Тухайлбал, оршуулгын ёс жаяг нь буддын шашныг голлодог атал шинэ байшинд орох, машин худалдаж авах гээд аливаа юмыг эхлэхдээ уламжлалт шинто мөргөлийн[1] (神道) ёсыг баримтална. Манайхан шинэ машинтай болохоороо лам залан, ном уншуулаад урд талын толиноосоо хадаг уядаг шиг япончууд аян замын өлзий билэгдсэн тарнитай цаасыг машин дотроо наасан байх нь цөөнгүй. Япон хүн гэгээн хувилгаадын өдрийн битүүн[2], зул сарын баярыг Европ, Америкын ёс заншлаар тэмдэглэчихээд шинэ жилийн баяраа шинто мөргөлийн ёсоор угтана. Мөнх ногоон хулс, нарсны мөчрөөр үүдээ чимэглэн, шинтогийн тэнгэрт цагаан будааны боовоор тахил өрж тавина. Тэдний шинэ жилийн баяр нь манай цагаан сар шиг бурхны шашны зан заншлыг их шингээсэн байдаг. Битүүний шөнө буддын сүмийн хонхыг 108 удаа цохидгоос үүнийг харж болно. Зуны адаг сард буддын болон шинтогийн ёс жаягаар өвөг дээдсийнхээ сүнсийг тахих баярыг тэмдэглэнэ[3]. Мөн Хятадаас гаралтай уламжлалт шинжтэй олон баяр энэ оронд бий. Тэгэхээр христос, буддизм, шинто, тэгээд конфусианизм холилдсон зан заншил, баяр ёслол, шашин шүтлэг Японд байгааг та олж харах болно.

Японд гэрийн ойролцоо хаана ч гэсэн очоод мөргөчихөөр сүм, шинто мөргөлийн газрууд байна. Шалгалт дөхөөд ирэхээр оюуныг тэтгэгч бурхдыг тахисан сүмд очин, сахиус худалдаж аван мөргөнө. Талийгаачийн хойдохын буяныг уншуулан, ажил төрлөө даатгана. Японд бурхны шашны сэтгэлгээ, бясалгалыг голлосон урсгал болох Зэн буддизм хөгжсөн гэж манай судлаач, сэтгүүлч нар шагшран магтдаг. Энэ үнэн. Гэвч үүний хажуугаар мааний зургаан үсгээ хэлээд байвал диваажинд заларна гэх мэтээр хялбарчлан номлодог урсгалыг хамруулаад бурхны шашны 10 гаруй урсгал энэ оронд байж л байна. Энэтхэг, Хятадаас дамжиж ирсэн буддын шашин Японд орж ирэхдээ японжиж, япончуудын гараар олон урсгал бий болсонд хэргийн зангилаа нь оршдог болов уу. Бурхны шашин Японд 7 дугаар зуунд орж ирэхдээ анхандаа язгууртнуудын дунд дэлгэрч, төрийн нэгдмэл байдлыг хадгалах сэтгэлгээний төв болсон байдаг. Энэ шашныг “Нарагийн буддизм” гэж судлаачид нэрлэдэг. Түүний дараа самурай нар буюу цэргийн эрхтнүүд төрийн эрхийг барьж эхлэхдээ “Зэн буддизм”-ыг Японд дэлгэрүүлсэн байдаг. Гэвч жирийн тариачдад илүү ойр, ойлгомжтой, зардал багатай шашин хэрэгтэй байсан агаад энэ хэрэгцээг нь “жёодо шашин” (浄土宗) буюу мааний зургаан үсгээр диваажинд очих тухай номлосон шашин хангасан хэрэг. Жёодо шашин нь хатуу сахил санваарийг үл шаардана. Мах идэх, эхнэр авах эрх чөлөөг эдэлнэ. Учир шалтгааны шүтэлцэл, бясалгал энэ тэр гээд шашны философийг гүнзгий ойлгохыг шаардахгүй, зүгээр л итгэж бишрэхийг номлоно. Өөрөөр хэлбэл, шүтлэгийн орчин илүүтэй туссан шашин гэж ойлгож болох юм. Япон орон дахь бурхны шашны олон урсгал нь ийнхүү хэрэглэгчдийнхээ хэрэгцээнд нийцсэн олон өнгө төрх, сургаал баримтлалтай байдаг.

Тэгвэл япончуудын сэтгэлгээ, бясалгал, тулааны урлагийн хөгжилд их хувь нэмэр оруулсан зэн буддизмд гэгээрэлд хүрэх замыг аль нэг гадаад хүчнээс бус зөвхөн өөрийн дотоод ертөнцөөс хайхыг номлодог. Чиний бясалгалын замд бурхан таарсан ч, ачит багш таарсан ч, ариун богд таарсан ч тонилгогтун. Энэ бол чиний гэгээрэлд хүрэх цорын ганц зам гэж сургадаг ажээ. 13-р зуунд Зэн буддизмын Соотоо урсгалыг (曹洞宗) үндэслэсэн Доогэн (道元) хэмээх санваартан өөрийгөө хайж нээх гэгээрлийн бясалгалыг гэтэлснийхээ дараа нэг ийм алдартай үг хэлсэн байдаг.

“Би босоо хамрын дээр хэвтээ хоёр нүд байгааг л олж мэдлээ. Зэнд ямар ч гайхамшиг байхгүй. Цаг хугацаа урсч, нар зүүнээс мандаж, баруунд шингэнэ”[4]

Япончууд бидэнтэй адилхан буддын шашинтай атлаа хүн эргэн төрөх, төрөл арилжих, урьд хойд төрлийн тухай бараг мэддэггүй. Тэд талийгаачийн алтан савыг нээх, сүнс нь хэдийд биеэс зайлсан хийгээд, ирэх төрөлдөө юу болж төрөх нигууртай гэдгийг сонирхдоггүй. Угаас тэдний шашинд энэ тухай бараг дурдаагүй байдаг бололтой. Нас барсан хүнээ “хотокэ сама” (仏様) буюу “бурхан болооч” гэж дуудахаас бус манайхан шиг энэ тэр хамаатны тийм хүүхэд болон эргэн төрсөн гэж огт ярьдаггүй, мэддэг ч үгүй болой.

Харин манай шашинд энэ төрлөөс илүү хойд төрлийг бодож буян үйлдэх, үхсэний дараах ертөнцийг дүрсэлж, нүглийг тэвчих сэтгэл төрүүлэхийг илүү чухалчилдаг бололтой. Чойжин ламын музейд байгаа халуун хүйтэн тамын зургууд, ямандаг бурхад, “Чойжид дагинын тууж”, үхэгсдийн зурхайн ном гээд зөндөө олон бий. Нэг явган яриа дуулж байсан юм байна. Үнэн ч байж магадгүй. МУИС-д монгол хэл үзэж байсан япон оюутан, монгол хэлэнд үхлийг илэрхийлсэн үг олон байгааг анзаарч багшаасаа энэ талаар асууж л дээ. Багш нь маш олон байдаг гэж. Оюутан ч манай япон хэлэнд бас олон байдаг гэж мэтгэжээ. Ингээд багш оюутан хоёр тус тусын хэлээр үхлийг илэрхийлсэн үгийг тоолон бичиж ирэхээр болжээ. Монгол хэлний багш үхлийг илэрхийлсэн монгол үг 200 гаруйг жагсаасан байв. Гэтэл япон оюутан тоолоод тоолоод 100 хүргэж чадсангүй. Багш нь,

- За монгол хэлэнд аргагүй их байгаа биз

гэж хэлэхэд оюутан,

- Багш аа, монголчууд тэгвэл арай илүү үхдэг байсан байх аа

гэж хариулсан гэдэг.


[1] Шинтоо нь манай бөө мөргөлтэй төстэй, япончуудын уугуул шүтлэг. Энэ ертөнцөд байх тоо томшгүй олон онго савдгийг (八百万の神々) шүтэн биширдэг.

[2] Halloween буюу халловийнийг Оксфордын Англи-Монгол толь /2006/- д ингэж монгол хэлнээ буулгажээ. Монголд хүүхэд залуучуудын дунд энэ баяр нэлээд дэлгэрч байгаа. Тэд халловийнийг сүнсний баяр гэж хэлдэг юм билээ.

[3] Япон хэлээр oбон (お盆) гэх ба жил бүрийн 8 дугаар сарын сүүлээр болдог. Обоны үеэр тэнгэрийн оронд байгаа бурхан болооч өвөг дээдэс нь төрсөн голомтоо эргэж, үр ачаа хардаг ажээ. Гэрт сүнс орж ирэхийг баярлан угтаад үдэн гаргадаг баяр гэж бодохоор аймаар ч юм шиг.

[4] ルース・ベネデクト『菊と刀』講談社学術文庫2006年第6刷。Рүүз Бэнэдикт, Удвал ба сэлэм, Кооданша гакужүцүбүнко, 2006, 6-р хэвлэл



Wednesday, November 12, 2008

White stag буюу Цагаан буга

Аливаа зүйлийн дотор альбинос гэж байнаа. Бүх бие нь цасан цагаан буга, арслан, чоно гээд л. Мутацийн нэг илрэл юм уу даа. Кельтүүдийн домоглон ярьдгаар бол цагаан бугатай учирна гэдэг муу ёр аж. Хэрвээ ийм бугатай таараад намначихвал ойр дотны хүн нь байтугай өөрөө ч гэсэн нөгөө ертөнцөд одоход хүрдэг гэнэ. Уг уран зөгнөлт туужийн өрнөлд болон төгсгөлд энэ домог чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн туужид Англи, Япон, Австрали зэрэг улсууд гарах боловч одоо бидний амьдран буй ертөнц биш. Тухайлбал, Хубилай хааны их цэрэг 1274, 1281 онд Японы арлыг байлдан дагуулснаас хойш, Япон улс тутаргын тариалан, нүүдэл, ан агнуурын соёл иргэншил холилдсон, цэргийн диктатуртай, хаант засаглал бүхий хүчирхэг гүрэн болсон байна. Мөн Англитай холбоотон болж, Австралийг эзлэн захирсан байх жишээтэй. Николийн уран зөгнөлийн ертөнц дахь япончууд айраг уун, ан хийж, өвөл зундаа нүүдэллэн байх ба Хубилай хаанаас гарвалтай эзэн хаан нь улсаа чанга хатуу гараар барьж, байгалиа дээдлэн хамгаалж, түүний нэг хэсэг болсон ахуйн соёлыг цогцлоосон байна. Мөн тэд эр зориг, тэсвэр хатуужил, төрт ёс, цэргийн сургуулийг дээдэлдэг дайнч ард түмэн болсон байх аж.

Уран зөгнөлд сургамжтай зүйл олон бий. Энэ талаар Жамц андын бичсэн сэтгэгдлийг уншиж үзээрэй. Мөн байгальтай харьцах ан агнуурын соёл, хүн төрөлхтний соёл иргэншлийн тухай өөрийн үзэл бодлоо зохиолч Николь "Туулай өвгөн" хэмээх дүрээр өгүүлсэн байгаа. Уншигч та ажлын зав чөлөөгөөрөө нэг уншаад үзээрэй.

Tuesday, November 11, 2008

Салхи зүсэлсэн хөвгүүн

Энэ номыг саяхан орчуулж гаргалаа. Уг эх нь бол "Салхи харсан хөвгүүн" гэсэн нэртэй байв. Салхи гэдэг хүнд харагддаггүй, мэдрэгддэг агаарын даралтын зөрүүгээс үүсдэг урсгал. Зохиолын гол баатар хөвгүүн ийм салхийг бүр харж, өнгө зүсийг нь ялган, түүгээр ч зогсохгүй салхи мордон нисч чаддаг байсан тухай өгүүлдэг уран зөгнөлт тууж л даа. Монгол хэлэнд "Нар салхи үзээгүй", "Салхинд гарах" гэх үг хэллэгийг өдөр тутмын ярианд хэрэглэдэг болохоор зориуд "зүслэх" гэдэг үгийг хэрэглэсэн ухаантай. Зүслэнэ гэдэг хоёр утгатай, нэг нь "Эцэг маань надад халтар хулыг зүсэлж өгч билээ" гэсэн өгүүлбэрт бол өмчлүүлэх гэсэн утга орж байна. "Мал зүсэлж мэдэхгүй хотын хүү" гэвэл "ялган таних" гэсэн утгатай болно. Зохиолын баатар хөвгүүн салхийг өнгө зүсээр нь ялгаж танин, дээр нь бас өмчлөн хүлэг морь мэт мордож байсан болохоор номын нэрийг ийнхүү буулгасан хэрэг. Салхины өнгө гэснээс С.Эрдэнийн "Алтайд" хэмээх бэсрэг эргэцүүлэлд Алтайн уулсын оройд хөх салхи хүүгэж байхад, тал газар шар салхи сэвшдэг гэсэн эргэцүүлэл байдаг шиг санагдана. Нарийн мэдрэмж шүү.

Номын зургийн тухайд зохиогч Николь өөрөө зурсан. Хавтсан дээрх зургийг нь орчуулагч миний бие түүний зураг дотроос нь сонгосон хэрэг л дээ. Уг номын доторх зохиогчийн уран зөгнөлийн оргил болсон хэсгийг хавтасны зураг илэрхийлж байгаа юм. Амьд ахуйдаа тэрсэлдэн тэмцсэн хоёр сүнс оддын ертөнцөөр зугаалж, зохиогчийн дүрсэлсэн ийм ертөнцөд очно. Тэнд цаг хугацаа, орон зай гэсэн хэмжигдэхүүн үл оршино. Нэг анд маань уг номын талаар "Жингүйдэл" хэмээх нэртэй сэтгэгдлээ бичсэн байна лээ. Та уншаад үзээрэй.

Уран зөгнөл гэдэг хүний сэтгэлийг тайвшруулах, бухимдлаас салгах гайхамшигт ид шидтэй зүйл. Уншигч та ч гэсэн жингүйдэж үзээрэй.