Монгол үндэстэн хил хязгаарын хувьд гурав тасраад зогсохгүй оюун соёлын өвийн хувьд ч өөр хоорондоо нэвтрэлцэхэд бэрхтэй хана босгожээ. Өөрөөр хэлбэл, хорьдугаар зууны сүүл хагасаас эрчимтэй холдож эхэлсэн хэл болон бичгийн ялгааг энд цохлон дурдмаар байгаа юм. Хэлний тухайд өнөөдөр Монгол улсад халх, Өвөр монголд цахар аялгуугаар ярилцах тул өөр хоорондоо нэвтрэлцэх төдийгүй муугүй ойлголцох боломжтой. Харин буриадуудтай оросоор ярихаас өөр аргагүй болсон бололтой. Буриад хэлээрээ ахмад настайчуул ярих төдий бөгөөд залуус нь зөвхөн оросоор л ярьдаг. Хэлний хувьд ч орос хэлний нөлөө нэвт шингэж, ихээхэн оросжсон гэдэг. Буриадад жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх газрыг “Хээлтэй эмд совет өгөх дом” гэж нэрлэдэг тухай явган яриа явдаг. Энэ ч ортой байх. Тэр байтугай, Буриадын автономит улсыг тарааж, Эрхүүгийн тойрогт нэгтгэх тухай энэ онд явуулсан санал асуулгаар хүн амын ихэнх нь Оросын гэр бүлд нэгдэхийг дэмжсэн гэж байгаа.
Харин Өвөр монголын цахар аялгууг бид түвэггүй ойлгодог. Үүний нэг жишээ нь, ӨМ-ын “Одон” телевиз. Харин уг телевизийн нэвтрүүлгийн дараа экран дээр урсах босоо бичгээ хараад уншиж ойлгодог хүн эдүгээ манайд тийм ч олон бус. Оюуны өв гэдэг бичиг үсгэндээ хадгалагдаж явдаг. Тэгэхээр 1945 оноос хойш 60 жилд бий болгосон Монгол улс дахь крилл үсгийн оюуны өвтэй Өвөр монголчууд болон буриадууд танилцах боломжоор хомс байсан нь ойлгомжтой. Гурван монголын хооронд хил хязгаар оршин тогтнохоос гадна Өвөр монголчууд хэл адил ч бичиг ондоо, буриадууд бичиг адил ч хэл ондоо байхын зовлонг амсч иржээ. Өөрөөр хэлбэл, оюуны өвийн том ангал үүсч орхисон байна. Энэ нь өвөр зуураа оюуны солилцоо, харилцаагаа хөгжүүлэх сонирхол, бодлого дутаж ирсний л харгай. ӨМӨЗО-ны тэргүүн гэж ямар хүн байдаг, эндхийн Коммунист намын хорооны кадрын хэдэн хувь нь хятад үндэстэн, ямар зохион байгуулалттай байдаг, өнөөдөр ӨМ-ын улс төрийн амьдрал ямар байна гэдэг бидний хувьд бөөн оньсого. Буриадуудын тухайд ч мөн л адил. Тэгэхээр Монгол улсын талаар ӨМ-чууд болон Буриадууд тодорхой нарийн ойлголттой явж байгаа гэдэгт би эргэлзэж байна.
Монголд өнөөдөр телевиз сонин олон гардаг болжээ. Эдгээр нь гадаад мэдээ гэхээрээ СNN-ий мэдээг орчуулчхаад Израйль, Ливан, Иракын асуудлыг яриад байхаас бидэнд ойр хилийн цаахнатай байгаа хоёр Монголынхоо тухай ганц үг ч ган хийхгүй дээ. Үл тоомсорлож байгаа юм байлгүй. Тэр байтугай Улаанбаатар хотод 2004 оны 7 сард болсон их үерийн яг ид үеэр Монгол телевиз шуурхай мэдээ цацах нь байтугай, хаана болоод байгаа нь мэдэгдэхгүй хөгийн концерт нэвтрүүлж байсныг санаж байна. Мөн үерийн үеэр нас барсан хүмүүсийн тухай мэдээ цацахаас өмнө Израйльд болсон террор халдлагын тухай нэвтрүүлж дургүй хүргэж байх жишээтэй. 2005 оны 9 сард Хятадууд Монголын хилийн ойролцоо маш том хуурай замын хээрийн сургууль хийв. Газрын зураг дээр харахад Шилийн гол аймагт, яг тэгэхдээ Сүхбаатар аймгийн чанх урд талд уг хээрийн сургууль болсон байлаа. Хэрэв би андуураагүй бол энэ талаар манай мэдээллийнхэн бас л таг дуугүй өнгөрсөн. Ямар ч тоймч энэ талаар нийтлэл бичээгүй. Нөгөө аанай л ярьдаг Израйль, Ливан, Иракаа яриад өнгөрсөн байх. Бид хэдий болтол гадаад мэдээг орчуулах төдийгөөр үзэгчдээ хуурч, өөрийн толгойгүй юм шиг аашилж ирэх вэ дээ. Монгол улсын хувьд амин чухал ач холбогдолтой гадаад мэдээг түрүүлэн цацаж, өөрсдөө дүн шинжилгээ өгдөг мэдээллийн систем дутагдсаар ирсэн.Одоо ч дутагдаж байна. Ингэж чадаагүй нь, хорьдугаар зууны олон улсын нөхцөл байдлын золиос болон гурав тасарсан Монголчуудын хэл соёлын хувьд ч холдон хөндийрсний нэг шалтгаан болов уу.
Монгол улс бол монгол үндэстний гал голомтыг хамгаалан үлдсэн цорын ганц тусгаар улс гэдгийг бид байнга ухамсарлах ёстой. Энэ утгаараа Монгол үндэстний соёл, оюуны өвийн төв (Hub) байх хэрэгтэй. Онходын Жамъян үхэр тэрэг хөллөн Монгол үндэстний нутгаар ар өвөргүй явж олон судар ном цуглуулан, Судар бичгийн хүрээлэнг байгуулжээ. Энэ Судар бичгийн хүрээлэнд Жамсраны Цэвээн тэргүүтэй Буриадын орчин үеийн боловсролтой сэхээтнүүдээс авахуулаад Өвөр Монголын мэргэд ч ирж, шинэ цагийн Монголын боловсролыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн түүхтэй.
Монголчууд бид хил хязгаараар хэдий тусгаарлагдсан ч оюуны өвөө чөлөөтэй солилцдог болохсон. Интернет, ном хэвлэлийн хөгжил энэ боломжийг улам өргөтгөж байгаа юм. Real ертөнцөд нэгдэж болдоггүй юм бол Интернэт ертөнцөд яагаад нэгдмэл цул байж болдоггүй юм. ХХ зуунд Монголчууд гурав таслагдсан ч оюуны өвөө өөрсдөө гурав таслаад байгаагийн учир юунд оршино вэ?

