Monday, October 09, 2006

Цуутын цагаагч гvv

Ардын үлгэрийн тухай бодолд ахиад ээрэгдэв. Багадаа эмээгийнхээ үдэш ярьж өгдөг үлгэрийг сонсч байсан болоод ч тэр үү, үлгэрийн тухай одоо ч бодоод байдаг юм. Сүүлийн үед хүүдээ сонсгож байгаа үлгэр бол Цуутын цагаагч гүү. Энэ үлгэрт би их дуртай. Зохиомж нь онцгой. Нэрнээс нь эхлээд харъя. Үлгэрийн нэр нь цуутай цагаан /бор/ гүү гэсэн үг л дээ. Монгол хэлэнд тэмдэг нэр эр эм хүйсээр хувирдаг уламжлал байсан гэдэг. Эдүгээ ч монгол хэлнээ энэ нь илэрдэг. Арван хоёр жилийг тоолохдоо эр эм жилээр нь ялгаад улаан бар, улаагчин туулай гэх мэтээр тэмдэг нэрийг хувиргана. Тэгэхээр цагаан гүү гэлгүй цагаагчин гүү гэж хувирч байсан гэсэн үг. Гэтэл үлгэрийн маань нэр Цагаагч гүү гээд байдаг. Аягүй бол “цагаач” гэдэг үгтэй зориуд ойртуулж Цагаагч гүү болгосон байж болох.

Үлгэрийн агуулгыг товчлон өгүүлбээс, хэсэг адуу их ган нүүрлэсэн буйд газраас нутаг сэлгэн нүүж, өвсний соргог алс бэлчээрт очих боловч болгоомж алдан галууны өндгийг няц дэвсэлж орхино. Үрээ алдсан шувууд адуун сүрэг үрүү цэрэглэн дайрна. Энэ тулалдаанд Цуутын цагаагч гүү Цолмон цоохор унагаа өмгөөлөн тулалдсаар амь үрэгдэнэ. “Амийг амиар”, үрээ алдсан бол эхийг нь алж, амьдын хагацлын зовлонг адил амсуулна гэсэн хорвоогийн гашуун агаад ширүүн ёсыг адуу шувууны амь эрсдсэн тулалдаанаар үлгэр бидэнд өгүүлнэ. Балчир унага амин газраа шарх авсан эхээсээ хагацан салахаа үл ойлгон элдвийг шалгаан асуусаар байдаг. Ээж нь үхлийн мөч хүртэл амин шархны учрыг хүүдээ эс хэлсээр, нутгийн захад хүрээд ухаант захиас үгээ үлдээн хорвоог орхидог.

Энэ үлгэрийг ертөнцийн өнцөг булан бүрт байгаа монгол хүүхэд бүр сайтар сонсоосой. Монгол ахуй заншил хийгээд хорвоогийн хатуу ёс, энэрэх сэтгэлийн чухлыг бидэнд учирлана. Эхээс нь хүүг, хүүгээс нь эхийг нь салгахын элэг эмтрэм эмгэнэл, өшөө хорслын хоосон чанарыг бас давхар сэнхрүүлнэ.

Балчир хүү маань сүрэглэсэн шувуу харахаараа шувууны цэрэг гэж боддог болсон бололтой юм. Гадаа явж байгаад баахан шувуу харвал гэр үрүүгээ гүйнэ. Яах гэсэн юм гэхээр ээжийгээ хамгаална гэнэ. Хүү маань гэхдээ лав л шувууны өндөг хагалж болохгүй гэж ярьдаг болсон байна лээ.

Saturday, October 07, 2006

Блогоо ухаж сурах шинжтэй

Блог бичиж эхэлснээс хойш хагас оныг үджээ. Ганц мэддэг, мэддэг ч гэж дээ Word программыг арай ухаалаг бичгийн машины хэмжээнд ашигладаг гэх үү дээ, текстээ шивэн хуулж аваад, блогын нүүрэн дээр наадаг байлаа. Блогын анхны тэмплэйт нь бэлэн байгаа болохоор хүн харахад тийм ч муугүй эх бэлэн болно.

Гэтэл блог бичдэг бусад нөхдийн блогийг харахад үсэрч орох линкүүдтэй , зураг хөрөг, дуу хөгжим, видео, тоолууртай гээд л зүйрлэвэл супер тэрэг шиг л намбайгаад л, интернет ертөнц дотор хурдлан давхисаар байлаа. Гэтэл миний блог анх нээсэн 3 дугаар сард газар хагалдаг хуучин улаан трактор байсан яг л тэр хэвээрээ байв. Бахь байдгаараа, хагас оныг өнгөрөөжээ.
Харин өнөөдөр сайн андын тусламжтайгаар блог дотор линк байрлуулж сурлаа. Орох дуртай блог гэдэг гарчгийн дор байгаа линкүүд уруу уншигч та зочилж үзээрэй. Ийнхүү энэ блог гадагш урсгалгүй нуур шиг бөглүү нэгэн байхаа болив. Гадагшаа хүссэн зүгтээ урсч, уншигч таныг интернетийн далайд арал барин бүтээн байгуулалт босгож буй БЛОГ АНДУУДАД хүргэх хөлөг онгоцтой боллоо. Линктэй болоход блог дотроо байгаа тэмплэйтээ ухаад байхад болдог л юм байна. Тэмлэйтийн side bar гэсэн хэсэгт нь л тавих гээд байгаа линкээ хуулаад оруулчихад хангалттай.
Цаг гарган блогоо ухах аргыг зааж өгсөн анддаа баярлалаа.

Saturday, September 30, 2006

Хэвлэгдэх гэж байгаа ном

Кино ярья гэдэг шиг Монголд удахгүй хэвлэгдэн гарах гэж байгаа номын тухай уншигч танд дуулгая.

ЭМОС клуб (http://www.emongol.net/emos/) –ээс Инамори Казүо (Японд төдийгүй дэлхийд нэртэй Киосэра группыг үндэслэн байгуулсан хүн) - гийн “Амжилтад хүрэх гал эрмэлзэл PASSION” номыг монгол хэлнээ орчуулан энэ 10 сард хэвлэн гаргах гэж байна. Тус клубын гишүүн арван залуу гар нийлэн орчуулсан уг бүтээл удахгүй Монгол уншигчдынхаа гарт очих нь. Энэ арвын нэг нь үүнийг бичигч би вээр тул блогоороо дамжуулан удахгүй гарах гэж буй номоо сурталчилж буй ухаантай гэх үү дээ.
Англи хэлний “Passion” гэдэг үг нь Profit /Ашиг/, Ambition /Амбиц/, Sincerity /Үнэнч зан/, Strength /Жинхэнэ хүч/, Innovation/Инноваци/ Optimisim /Өөдрөг үзэл/, Never Give Up /Хэзээ ч бууж өгөхгүй/ гэсэн үгийн эхний үсгүүдийг илэрхийлж байгаа юм. Хүн ажил амьдралдаа энэ долоон зарчмыг баримтлан явбал мөрөөдлөө биелүүлж, утга төгөлдөр амьдарч болохыг уг номонд тодорхой дурджээ. Түүний дээр, өнөөгийн Монголд үгүйлэгдээд буй зөв үзэл хандлага, ёс суртахуунлаг байдал, гал эрмэлзэл, хамгийн гол нь хүний хувьд ноён нуруутай байхын чухлыг энэ ном сануулж байгаа юм.
Бид дээрх Passion хэмээх түлхүүр үгийг “Гал эрмэлзэл” гэж монголчилсон юм. Гал цог, бадрангуй байдал, эрч хүч, зарим тохиолдолд шунал тачаал гэсэн утгыг агуулсан энэ үгийг Оросын түүхч Гумилев түүхийг үзэх философийнхоо үндсэн ойлголт болгосон байдаг. Гумилев Монголын тал нутагт хүчирхэг гүрэн байгуулагдсан нууцыг “Пассионарность” хэмээх ухагдахуун ашиглан тайлбарлах гэж оролдсоныг энд дурдалтай. Өөрөөр хэлбэл, 13 дугаар зууны Монголд “Пассионарность” хуримтлагдан зангирч, цээжинд нь гал цог, гал эрмэлзэл шатсан талын баатар эрс[1] олноор төрөн гарсантай холбоотой гэж энэ судлаач бичсэн байдаг. Тэгэхээр гал эрмэлзэл буюу пассион хэмээх үг нь манайханд хэдийнээ танил болсон үг болж таарлаа. Бидний өвөг дээдэс хэдэн зууны тэртээ чухамхүү энэ гал эрмэлзлийн эзэд байж их гүрэн байгуулжээ. "Нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой хөвүүн" гэж зүгээр ч нэг зүйрлээгүй нь лавтай.
Уг номын хавтасны дизайныг эдүгээ яг хэлэлцэж буй бөгөөд уншигч та Тулгатын блог http://togi3togi.blogspot.com/ -т товшин ороод таалагдсан загвараа сонгон саналаа өгөх боломжтой байгааг дуулгая. “Амжилтад хүрэх гал эрмэлзэл PASSION”-ыг та ер нь гарын дор байнга байлгаж, зөвлөгч нөхрөө болгоорой гэж хүсье.
Номын буян арвижих болтугай.
[1] Пассионтой хүмүүс буюу тухайн үеийн монгол орчуулгад “Урт дурын хүмүүс” гэж оноосон байдаг санагдана

Monday, September 18, 2006

НVБ-ын шинэчлэл Монголын хамаарал

9 дүгээр сарын 18-ны Ардын эрх сонин дээр С.Мөнх гэдэг хүн товчхон мэдээ бичжээ. Угаас товч мэдээг ахин хураангуйлбал “Ерөнхий сайд М.Энхболд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 61 дүгээр чуулганд оролцож үг хэлэхээр өчигдөр Нью-Йоркийг зорилоо... Тэр “Хөгжлийн төлөөх түншлэл” сэдвээр илтгэхээр зэхжээ. НҮБ-ын шинэчлэлийн асуудал, Засгийн газрын байр суурь, нийгмийн хөгжлийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг нь Ерөнхий сайдын илтгэлд багтсан байна... АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буштай ганцаарчилсан уулзалт хийх төлөвлөгөөтэй гэнэ”гэжээ. http://www.sonin.mn/?p=1536

Энд Засгийн газрын ямар асуудалд хандсан байр суурийн асуудлыг хөндөв өө? Өгүүлбэрийг хураангуйлаагүй ч нэг л ойлгомжгүй. Бодвол НҮБ-ын ЕНБД-ын сонгуульд нэр дэвшигчийн талаарх байр суурь юм болов уу. Энэ удаа Азиас хүн гаргачих санаатай Солонгос, Тайланд зэрэг орнууд нэлээд хүчтэй лобби хийгээд гүйгээд байгаа сураг дуулдаж буй. Тайландын Гадаад хэргийн сайд нь Монголд айлчилж ирээд манай хүнийг дэмжээрэй гэж шууд хэлсэн гээд байгаа. Элбэгдоржийн нэр хүртэл яригдлаа гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээ чих дэлссэн. Нэр дэвшүүлсэн гээд байгаа сайт уруу нь орж үзэхэд манайхны хэлдгээр хулхидуу маягийн юм байх шиг байсан. Энд Монгол хүн нэр дэвшсэн гэсэн яриаг шүүмжлэх гэсэндээ бус Элбэгдорж өөрөө иймэрхүү ярианд албан ёсны тайлбар хийх хэрэгтэй гэж бодож буй тул энд дурдав.


НҮБ-ын шинэчлэл гэж юуг хэлээд байна вэ? НҮБ-ын үйл ажиллагааг оновчтой болгох энэ тэр гээд олон зүйл яригдаж байгаа биз. Гэхдээ энд би ганц л асуудлыг онцолмоор байна. Юу вэ гэвэл, угаас НҮБ гэдэг байгууллага Дэлхий 2-р дайны дараа байгуулагдахдаа ялагч талын холбоотон улсуудын санаачилгаар байгуулагдсан гэдгийг энд сануулах гэсэн юм. Өөрөөр хэлбэл, НҮБ нь Америк, Англи, Франц, эдүгээгийн Орос, Хятад гэсэн таван том гүрэн дэлхийд энхтайвны дэглэм тогтоодог нэг институци гэж хэлж болох юм. Ялагдагч Герман, Япон, Итали зэрэг улсууд хэдийгээр эдийн засгийн том гүрнүүд болсон ч дэлхийн аюулгүй байдлын бодлогод шууд оролцох боломж нь хаалттай хэвээр байгаа юм. Дайн дууссанаас хойш 60 жилийн хугацаанд энэ систем НҮБ-д үйлчилж иржээ. НҮБ-ын Аюулгүй байдлын байнгын хороон дээр дурдсан ялагч таван гишүүн улс дэлхийд байнга л дүрэлзэж байдаг халуун цэгүүдийн хаана нь цэрэг илгээхийг ярилцаж консенсусаар шийддэг гэсэн үг. Зүйрлэвэл, гэрийн хойморт таван нөхөр суучхаад дэлхийн хэмжээн дэх цэргийн хүч хэрэглэх бодлогыг яриад суучихна. Харин Япон, Герман зэрэг улсууд гадаа суугаад гарах шийдвэрийг хүлээж байдаг ажээ. 60 жил болоод байхад бахь байдгаараа байхаар энэ хоёр гүрэн мэдээж хоймор уруу зүтгэх нь мэдээж. Үүнийг л “НҮБ-ын шинэчлэл” гэж нэрлээд байна гэж ойлгож байгаа юм. Өнгөрсөн жил энэ асуудал баахан яригдаж, Америк Англи зэрэг улсууд анхандаа Японыг Аюулгүйн байнгын хороонд оруулахад нааштай хандаж байснаа адагт нь сүүлээ шарвасан байдаг. Барьцах үзэгдэл гэдэг юм уу даа. Герман Япон хоёр гэрийн хойморт зүтгэхээр бусад нь яаж зүгээр байх вэ, Бразили, Энэтхэг зэрэг орнууд чаргууцалдаад, сүүлд нь Африкын орнууд төлөөллөө оруулна энэ тэр гээд алиагаа алдаж байгаа юм. Ер нь НҮБ дээр нэг улс нэг санал гэдэг зарчим барьдаг тул жижиг Nation state-үүд саналаа үнэтэйхэн борлуулах гэж зүтгэдгийн нэг илрэл гэх үү дээ. Африкын орнууд “НҮБ-ын шинэчлэл” хэмээн томъёологдсон Японы дипломат бодлогоор далимдуулан авдаг тусламж дэмжлэгээ нэмэгдүүлэхийг чармайж, зарим нэг төсөл амлуулж, тусламжаа хүртэл подхийтэл нь өсгөж байгаа юм. Тусламжийн гадаад бодлого оо гэж. Жижиг орны зүгээс харвал санал борлуулах бодлого ч гэж хэлмээр юм уу. Манайхан ч гэсэн жижиг орны статустайгаар НҮБ-ын талбар дээр үзэж тарж байгаа. Энхболд “НҮБ-ын шинэчлэл”-ийг дэмжсэн үг хэлж л таарах байх. Ноднин жилийн 3 сард Гадаад хэргийн сайд байсан Мөнх-Оргил Японд айлчлахдаа энэ талаар бүр тов тодорхой амлачихсан байгаа.

НҮБ-ын шинэчлэлийн асуудал дээр Африкын орнууд яах нь мэдэгдэхгүй янцаглаж байгаад цаг нь тулахаар хээв нэг мурьчихсан. Нодлин жил тийм хандлага ажиглагдсан. Жижиг орны гадаад бодлого мөс муутай хүний аяг занг шаарддаг бололтой. Монгол ч гэсэн үүнийг олон тулгуурт гадаад бодлого хэмээн томъёолсон. Гадаад бодлогод ёс суртахууныг шаардах нь утгагүй хэрэг. Гол нь л үндэсний ашиг сонирхол. Энэ ашиг сонирхлыг дипломат бодлогын реалист урсгалын эцэг гэгддэг Моргентау “Улс орны хүчин чадал түүний ашиг сонирхлыг тодорхойлдог” гэж хэлсэн байдаг. Хүчтэй болбол ашиг сонирхол нэмэгдэн зангараг сууж, хүч суларвал ашиг сонирхол өвдөл цөвдөл төдийхнөөр хязгаарлагддаг ажээ.

Sunday, September 17, 2006

Заан оготно

Зааны тухай Монгол ардын олон үлгэр байдаг. Манайд заан гэж амьтан эртнээс байгаагүй атал Монгол домог үлгэрт олонтаа гарна. Бурхны шашинд заан гэдэг амьтныг дээдэлж, дөрвөн хүчтэнд оруулдагтай холбоотой юм болов уу. Бурхан багшийн төрүүлсэн эх Маяа цагаан заан зүүдлэн бие давхар болсон гэдэг домог яриа бий. Эрдэнийн сан Субашид, Бигэрмижид хааны тууж гээд Жагар орноос гаралтай үлгэр домгийг бидний өвөг дээдэс эртнээс дуулж, бичиж туурвиж ирсэнтэй ч холбоотой байх. Хубилай хаан дал гарсан хойноо заан хөлөглөж, дайнд мордож байсан тухай түүхчид өгүүлдэг. Наймдугаар Богд Их хүрээнээ заан авчруулж, өвлийн ордныхоо хашаанд тэжээж байсан түүх бий. Улсын сан хөмрөг хэцүүхэн байхад заан хүртэл худалдаж авсан “дураараа” богдын талаар Олноо өргөгдсөн Богд хаант Засгийн газарт сангийн зөвлөхөөр ирсэн Орос зөвлөх мэргэжилтэн таагүйхэн шүүмжилсэн байдаг. Ер нь заан гэдэг уугуул монгол үг үү, эсхүл самгарди тийшээгээ үг үү?

Заан оготны хооронд болсон дайны тухай сонин үлгэр байдаг. Нэг заан нууранд ирж ус уудаг байж. Нуурын хажууд оготны нүх байж гэнээ. Заан ууж ханахаараа хамраараа ус татаж, оготны нүхэнд цутган зугаагаа гаргадаг байж. Оготно ингэхгүй байхыг заанаас олон гуйсан авч дээрэлхүү заан хүчиндээ эрдээд сонссонгүй. Тэвчээрээ барсан оготно заанд дайн зарлана. Заан ч оготныг огт тоосонгүй. Оготно заанд дайн зарласнаа хавийн айл амьтанд хэлж, их тулааны товыг тодорхой дуулгаад холхон нүүхийг сануулав. Гэвч заанд дайн зарласан оготны үгийг хэн тоохов дээ. Ингээд их тулааны өдөр ч болно. Заан хамартаа ус татахад нь нууранд отож байсан оготно хамрын нүхээр орж, уушиг зүрхийг нь урна. Заан тарчлан, тэлчлэн, галзууран, байж ядахдаа айл амьтны гэр барааг хүн малтай нь няц дэвслэн амь тавьдаг. Аймаар реальный үлгэр шүү.

Олон улсын эрх зүйн үүднээс үзвэл оготно хуулиар тогтоосон хэм хэмжээний хүрээнд ажиллаж. Хэлэлцээ хийж үзээд учраа ололцоогүй тул дайн зарлан энгийн иргэдийг дүрвэхийг сануулжээ. Дайтвал дайтсан шиг дайтаж, хорын үндсийг тасалбал тасалсан шиг тасалж. Холливудын мультфильм энэ тэр хажууд нь юу ч биш. Аяа, ардын үлгэр ээ гэж.

Wednesday, September 06, 2006

Гадаад дахь монголчуудын эрх ашиг


Эхлээд 9 дүгээр сарын 5-ны Өдрийн сонин дээр гаргасан мэдээнээс хэсэглэн танилцуулъя. Банзрагчийн Долзодмаа гэдэг хүн уг мэдээг бичжээ.

”Манай улсын харилцаа холбооны зохицуулах хороо­ноос гаргасан шийдвэрээр гадаадаас монгол руу ярих vнийн тарифанд өөрчлөлт оржээ. Суурин телефон руу нэг минутад 80 центээр, vvрэн телефон нь 14 цент болс­ноор урьд өмнөхөөсөө бараг тав дахин нэмэгдсэн болж байгаа юм. Энэ шинэ­чилсэн vнийн тариф нь ес­дvгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж байгаа. Гэвч vнийн энэ өөрчлөлтөөс vvдэж га­даа­даас тухайлбал, АНУ-д суугаа монголчууд нутаг нэгтэнтэйгээ ярих боломжгvй болчихоод байгаа талаар уншигчид мэдээлэл ирvvлэв...” гэжээ.
http://www.sonin.mn/?p=1143

Мэдээнд дурдсанаар бол суурин утас уруу залгах нь үүрэн утсанд залгаснаас бараг дөрөв тав дахин үнэтэй болж таарч байна. Хаана ч гэсэн суурин утасны төлбөр үүрэн утаснаас арай л хямд байдаг гэж би ойлгодог. Энэ мэдээг харахаар тийм биш байдаг бололтой юм. Бас төлбөр нь 80 центээр нэмэгдсэн юм уу, 80 цент болсон юм уу нэг л ойлгомжгүй оргиод явчихлаа. Манай сэтгүүлчид тоо дурдахаараа дунд нь бантан хутгаад хаячихдаг хандлага ажиглагддаг. За энэ ч яахав.

Гадаадад суугаа Монголчуудын эрх ашиг ийнхүү Монголын төрийн бодлогоос хамааран ийнхүү хохирч эхэллээ. Интернетийн нөлөөгөөр дэлхий даяар харилцаа холбооны төлбөр хямдарч, е-мэйлийн софт ашиглавал өвөр зуураа үнэгүй ярьж, чатлах боломжоор хангагдаж байгаа нь ердийн үзэгдэл болоод уджээ. Монгол байтугай өндөр хөгжилтэй улс орнуудын коммуникацийн салбарууд үйлчилгээний төлбөр хямдрах энэ хандлагаас яаж ч оролдоод мултарч чадахаа больсон. Үүнийг ч ойлгож, дасан зохицохын зэрэгцээ шилэн кабель гэх мэт мэдээлэл технологийн шинэ дэд бүтцэд хөрөнгө хаяж, уг салбар дахь ажилгүйдлын аюулыг гэтлэн давж байх жишээтэй. Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо энэ хандлагыг эс тоомсорлон унаагаа ухрах араанд нь оруулжээ. Эс тоомсорлосон уу, эсвэл санаанд орсноороо ухвар мөчидхөн дайрав уу. Хэвлэл мэдээллээр ийнхүү үнэ нэмэх гэж буйгаа урьдчилан мэдээлээгүй, гарч ирэх эерэг сөрөг үр дагаврын талаар бүрэн тооцож чадаагүй, тариф нэмэх үндэслэлээ хэвлэл мэдээлэлд сайтар тайлбарлаагүйгээс үзэхэд лав л энэ Хороо бүдүүн зүрх гарган дайрснаас зайлахгүй. Accountablity буюу иргэдэд бодлогоо тайлбарлаж өгөх хариуцлагаас эд лав мултарч чадахгүй дээ. Гэхдээ манайд энэ төрлийн хариуцлагыг үүрэх, үүрүүлэх харилцаа одоогоор сул хөгжсөн л дөө. Тэр утгаараа энэ хорооныхон азтай улсууд болж таарлаа.

Гадаадад зуу мянга хол давсан монголчууд сууж байна. Тэдний ихэнх нь БНСУ, АНУ, ХБНГУ, Япон, Орос, Хятад гэх мэт Монгол улсаас суух ЭСЯ-дтай газарт байгаа юм. Тэгэхээр УИХ-ын сонгуульд гадаадад байгаа иргэд саналаа өгөх боломж бүрэн байна гэж үзэх ёстой. Монголоос чадалтай, эрчтэй хүчтэй залуучууд хөдөлмөрлөх, сурахаар гадаадад сууж байна. Тэдний ашиг сонирхол Монголын улс төрд тусгалаа олж байх ёстой нь бодоожийн зүйл. Бараг 200 мянга дөхөөд буй сонгуулийн насны эдгээр монголчуудын санал хүсэлт одоогоор Монголын хаана ч биеллээ олохгүй байна гэхэд хилсдэхгүй. Тэдний таван хурууны хумсаа тамтартал ажиллаж, тэмцэж байж олсон мөнгийг хүртээд суухаас тэдний эрх ашгийг Монголд авчрах, хамгаалах, улс төрд тусгаж өгөх талаар та бид гар хумхиж иржээ. Гадаадад байгаа монголчууд дунд юм үзэж, нүд тайлсан, асуудлыг харах харааны өнцөг тэлсэн хүн олон бий. Монголын нэгэн хэв аястай болсон улс төрд ийм хүмүүсийн санал шинэ уур амьсгал авчирна. Энэ нь шинэ типийн улс төрчдийг төрүүлэн гаргах, жалганы улс төрөөс ангижрах боломжийг олгохыг үгүйсгэх аргагүй.

Харилцаа холбооны зохицуулах хорооны энэ ойлгомжгүй гэнэтийн Пёрл Харборын дайралт шиг шийдвэрээс болоод Америкаас байтугай Японд суугаа монголчууд хүртэл IP утсаар дамжин холбогдох боломжгүй болоод байгаа юм. Дээр нь бас тав дахин үнэтэй гээд байгаа. Хэнээс ч асуулгүй, хэнтэй ч зөвлөлгүй гэнэ гэнэ аймшгийн шийдвэр гаргаад байдаг ноён Төртэй ингээд заамдалцах хэрэг гарч байна даа.

Харилцаа холбооны зохицуулах хорооны тухай доорх вэб сайтаас бага сага уншиж танилцах боломжтой байна.
http://www.crc.gov.mn/english/medee.aspx?num=1

Tuesday, September 05, 2006

Азтай улсууд

Өчигдрийн Ардын эрхийг харж суутал жижигхэн атлаа сонин мэдээ анхаарал татав. Ерөнхий сайд М. Энхболд Монгол Улсад айлчилж буй АНУ-ын Конгрессын гишүүн Ж. Колб тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Америкын парламентч эр М. Энхболдыг НҮБ-ын чуулганд оролцох гэж байгаа тухай сонссон гэхэд, Ерөнхий сайд “Хэрвээ АНУ-ын Элчин сайдын яам виз гаргаж өгвөл АНУ-д очно оо. Иргэд маань виз аваад баярладаг тул би ч виз аваад баярлах байх” гэж инээмсэглэн нэмж хэлэв гэсэн байна. Дорхноо л сонин.мн дээр дэлхийгээр нэг тарсан монголчууд сэтгэгдлээ үлдээжээ. Болж, визээ өгөхгүй онгироод байгаа муу Америкуудыг “байдалд оруулах” нь зүйтэй гэсэн нэгэн байхад зарим нь Ерөнхий сайд байж арай ч дэндүү өөрийгөө дорд тавьжээ гэх нэг нь ч байх. Хамгийн гол нь Ерөнхий сайд гэдэг Монголын төрийг толгойлж байгаа улс төрч агаад энэ утгаараа энэ хүний хэлсэн ярьсан болгон Монгол улстай холбоотой юм. Энхболд бол Энхболд гэсэн махбодыг төлөөлж буй бус Үндсэн хуульд заасан Ерөнхий сайд хэмээх албан тушаалыг төлөөлж буй. Тиймээс Ерөнхий сайдын амнаас унасан авиа болгон Энхболд хэмээх бодгаль бус төрийн нэг институцийн хэлж ярьж буй зүйл гэж ойлгох нь зүйтэй.
Японд Ерөнхий сайдынхаа өдөр тутмын ажил амьдралыг сонины нэг буланд өдөр бүр тавьдаг. Өглөө тэдэн цаг тэдэн минутад өргөөнөөс гарав гэдгээс авахуулаад орой өргөөндөө орох хүртэл нь яс дагачихсан товч тэмдэглэл байна. Цаг минут болгоныг нарийн тэмдэглэж, бүр үсээ хаана засуулсан, хаанахын ресторанд ямар улсуудтай хоол идсэнийг хүртэл танд “ховлоод” өгнө. Ер нь л Ерөнхий сайдын өргөөний гадна ажиллаж байхдаа хаагуур юу хийж явааг дурайтал нь бичнэ. Ийм мэдээ өдөр бүр сонингийн “Ерөнхий сайдын нэг өдөр” гэдэг буланд гарна. Ингээд л ард түмэндээ яс тас тагнуулаад цагдуулчихдаг Японы Ерөнхий сайд мөн үйлтэй хүн ээ.
Бас болоогүй ээ. Иймэрхүү мэдээ орон нутгийн сонингуудад хүртэл өөрсдөөс нь сонгогдсон парламентын гишүүн тус бүр дээр гарсан байдаг. Парламентын гишүүд нь хүртэл санаа амар хаа нэгтээ хэн нэгэнтэй “хор найруулж”, эрх мэдлээ урвуулж болдоггүй. Манай парламентч нар эдний хажууд ёстой олон нийтийн хяналтын зовлонг үзээгүй “эвдрээгүй” нөхөд байхгүй юу. Хяналт байтугай хэлсэн үгэндээ “ороогдохын” зовлонг манайхан бага эдэлнээ. Эдэлнээ ч гэж дээ эдэлдэг юм болов уу. “Кондом, кондом бас дахин кондом” гэсэн алдарт үгийг манай Эрүүл мэндийн сайд л үлдээсэн байх. Өмнөх ерөнхийлөгч сэнтийнээс буухад "анд" нар нь нийлж жип бэлэглээд л. Түүнийг нь хадгаар мялааж, хүү нь унахаар болсныг манай сониныхон тухайн үед нь шуурхай мэдээлсэн. Сайн хэрэг. Гэхдээ уг мэдээнүүд экс ерөнхийлөгчийн хүү хөлөглөх болсон шинэ унааг нь магтан сайшаасан байсан санагдана. Ингээд гар цайлгаснаа бэлгэнд авсан машинтай нь хамт магтуулан дуулуулсаар буудаг манай улс төрчид тэнгэрийн умдаг атгасан азтай нөхөд шүү. Монголын сонингоор ийм мэдээ гардаг нь ертөнцөөр нэг тарвал эвэртэй туулай л гэсэн үг.
Ахиад болоогүй ээ. Японы яам тамгын газруудын хажууд Сэтгүүлчдийн клуб гэж бас байнаа. Энд тэндхийн сонин тв радиогийн сурвалжлагч нар нэгдэн клуб байгуулчхаад яамдын түшмэдийг сахиад цагдаад суучихна. Энэ сурвалжлагч нар аль нэг яам тамгын газрыг олон жил “мөшгин цагдах” тул сүүлдээ бүр мэргэшээд ажилдаа дөнгөж орсон залуу албан хаагч байтугай олон жил төрийн алба хашсан хашир бурхинуудыг ч андахаа байж “агнаад янзлаад өгдөг” болчихно. Мэдээллийн үнэн худал төдийгүй цаад учир начрыг нь хүртэл гадарлаад байгаа хүнийг “маллана” гэдэг гонжийнжоо. Манай сэтгүүлч нар шиг “Мэдээлэл өгөөч” гээд албан хаагчийн үүд өндөлзүүлж явахгүй, авсан мэдээллийнхээ учрыг ч ололгүй сонссоноороо бичнэ гэж бүр байхгүй. Манай зарим сонин дээр тавьсан мэдээлэл нэг л ойлгомжгүй оргиод байдаг. Хужрыг нь тунгаалгүй сонссоноо хам хум тэмдэглээд тавьчхаж буй мэдээлэл яаж ч ойлгомжтой байх вэ дээ. Яамдын дэргэдэх Сэтгүүлчдийн клуб дотроо бас “аминчхан”. Мэдээллээ солилцоно, нягтална. Ингээд мэргэшсэн нөхдийн гараар орсон мэдээлэл сонины нүүрэн дээр гарахдаа часхийсэн агаад үнэ цэнэтэй болдог ажээ. Дээр нь бас их сургуулиудаар нэг тарсан судлаач нар хошуу нэмэрлээд судалгааны төвшинд “алаад өгнө”. Ийнхүү өөрсдөөс нь илүү шахам мэдээлэлтэй мэдлэгтэй суугаа сэтгүүлч, судлаач нарын хяналтан доор байдаг Японы албан хаагч, экспертүүд мөн хөөрхийлөлтэй еэ.

Ингээд харьцуулаад байвал Японы Ерөнхий сайд, парламентч, төрийн түшмэдүүд шиг хөөрхийлөлтэй хүмүүс алгаа. Мөн азгүй улсууд аа. Тоогүй. Эсрэгээр нь манайд бол эдгээр шиг азтай, чөлөөтэй улс алгаа. Үнэ цэнэгүй мэдээллээр дүүрсэн хар шар сониноор дамжин ертөнцийг харахад хүрч буй бид ямар азгүй вэ, ТИЙМ ЭЭ?!

Saturday, September 02, 2006

Грек Ромоос орчин үеийг харах нь-3

Фемистоклыг дагаад бичээд байх санаатай байсан ч ингэсгээд өндөрлөе. Нэг сэдвийг сар илүү хэвтүүлчхээр нойрмоглоод эргэн босгоход хүнд байдаг юм байна. Ахиж л ингэхээ больё. Энэ бичлэгийн төгсгөл хүртэл уншсан танд баярлалаа. Ингээд түүхээ хуучилъя даа.
Тухайн үед Спарт эрчүүд долоон настайгаасаа хуаранд амьдарч, цэргийн хатуу хүмүүжлээр эрийн цээнд хүрэн, 60 гарч байж чөлөөнд гардаг байж. Энэ улс Грекийн хот улсуудын дотор хамгийн хүчирхэг агаад цомхон армитай байжээ. Персийн түрэмгийллийг үлдэн хөөсний дараа орчин үежсэн флоттой ардчилсан дэглэмт Афин, хүчирхэг армитай цэргийн дарангуйлалт Спарт улсын харилцаа хүйтрэхийг угтан харсан хүн бол Фемистокл байлаа. Тэр Спартын эргэн тойронд байгаа хот улсуудад ардчилсан дэглэм тогтоохыг ил далд хэлбэрээр дэмжиж эхлэв. Тэр байтугай Спартын цэргийн дарангуйлал дор байгаа иргэдэд эрх чөлөө амлаж, тэднийг эрх чөлөөний төлөөний тэмцэлд дуудан Спартыг дотроос нь задлахыг оролджээ. Хүйтэн дайны үеийн гадаад харилцааны түүх 2500 жилийн тэртээ эртний Грекийн хот улсуудын хооронд оршиж л байж.
Фемистоклын номлолыг гадаад бодлогын хүрээнд хэрэгжүүлэхэд түүнд эрх мэдлийн хүчтэй тулгуур хэрэгтэй байлаа. Тэрээр Афины доод борчуудад иргэний өргөн эрх олгох замаар дэмжлэг олохыг эрмэлзэв. Эдгээр иргэд Персийн дайнд усан цэргийн хувиар оролцож, эрэлхэг тулалдсаны дээр тэднийг командалж байсан Фемистоклыг хүндлэн хайрладаг байжээ. Гэвч Фемистоклын улс төрийн дайснууд гар хумхин суусангүй. Аристид тэргүүтэй нөхдүүд түүнийг Перс хэмээх дайсныг умартаад холбоотон улс Спартын эсрэг үйл ажиллагаа явууллаа хэмээн шүүмжлэн дайрч, хотын иргэдийн санал хураалтад оруулан Фемистоклыг Афинаас хөөв. Ийнхүү Афины суут жанжин, төрийн зүтгэлтэн, шинэчлэгч энэ эр Грек Персийн дайны ердөө долоохон жилийн дараа буюу МЭӨ 471 онд насаараа зүтгэсэн хот улсаасаа хөөгдөв. Афинаас хөөгдсөн Фемистокл цэргийн дарангуйлалт Спартын аюулын талаар очсон газар бүртээ ухуулан таниулж байлаа. Гэвч түүний үгийг грекчүүд сонссонгүй. Сонсох байтугай аюултай эсэргүү этгээд гэж үзэх болсон байлаа. Фемистокл зэвсэг зөрүүлэн тэмцсэн дайсан улс Перс үрүү зугтахаас өөр багтаж шингэх газаргүй болов. Түүнийг Перст очиход Ксеркс хаан хэдийн тэнгэрт хальж, хүү нь захирах болсон байлаа. Эртний атаат дайсан улс Персийн хаан түүнийг хүндэтгэн угтаж, элбэг хангалуун амьдралаар хангажээ. Харин 10 жилийн дараа буюу МЭӨ 460 онд Фемистоклыг Персийн усан флотыг удирдан Грекийн хот улс уруу дайлаар мордохыг хаан хүснэ. Өөрийг нь хүндэтгэн хүлээн авч, хүнд хэцүү цагт тэтгэн тулсан Персийн хааны хүсэлтийг Фемистокл няцааж чадсангүй. Гэвч эх орныхоо эсрэг хэрхэн цэрэглэх билээ. 70 хүрсэн Грекийн суут жанжин Фемистокл Персийн нутагт хор уун амиа егүүтгэжээ.
40 жилийн дараа түүний урьдчилан харснаар Спарт Афины хооронд “хүйтэн” дайн эхэлж, эцэстээ хоёр хүчирхэг улс мөргөлдөн, Грекийн хойгт хот улс хоорондын дайн эхэлнэ. Энэ дайнд Афин ялагдсанаар Грекийн хот улсын ардчиллын үе шувтардаг. Харин энэ үеэс Италийн хойг дээрх Ромчууд хүчирхэгжинэ.

Friday, August 11, 2006

Хөршөө олсны дараа яах вэ

Грекийн тухай яриа маань гол цөмдөө ороогүй байхад шал өөр юм уруу санаа маань хальтраад орчихлоо. Хар гэртээ хаан, бор гэртээ богд, блог дотроо онцгой эрх эдэлж буй “хааны” хувьд дураар аашлахыг өршөөнө үү.

Киото их сургуулийн Хуулийн факультетын барилга гэж нэг манай МУИС-ийн 1, 3 дугаар байрыг нийлүүлсэн шиг урт сунасан тийм ч томгүй авсаархан байшин байдаг. Намайг анх энд ирэхэд энэ барилгын баруун хагас нь орчин үеийн маягаар засварлаж тохижуулсан газар хөдлөлтөд илүү тэсвэртэй, зүүн хагас нь хагас зуун жилийн өмнөхөөрөө агаад газар хөдөлбөл нурж унах аюултай байсан юм. Яахав, Киото хот угаас газар хөдөлдөггүй гэлцдгийн дээр төсөв мөнгөн дээрээ сургуулийн захиргаа гар нь татагнаад барилгын хагасыг нь бэхлээд хагасыг нь тэгж байгаад сайжруулна гээд хаячихсан хэрэг. Гэтэл 2004 оны дүн өвөл дөхөж байхад Нийгатад аймшигтай газар хөдлөв. Киотогоос шулуун шугам татаад хэмжээд үзвэл тийм ч холгүй. Бажга авсан сургуулийн захиргаа хэл ам гарахаас өмнө нөгөө талаа барилгын нэг компаниар бараг жил тойрон бэхлэх ажлыг гүйцэтгүүлсэн билээ. Ямар нэг томоохон хэрэг явдал гарч байж, нөхцөл байдал урагшилдаг тал байдаг шиг байгаа юм.

Энэ оны 7 сар гараад Хойд Солонгос Япон тэнгис үрүү зүглүүлсхийгээд долоон пуужин харваадхав. Японы хажууханд “хатуу самар” оршсоор байгаад энэ хэрэг явдал сануулсан хэрэг. Мэдээж Хойд Солонгосын заналын талаар Японд зөндөө ярьдаг хэлдэг улс төрчид, судлаачид, сэтгүүлчид байдаг. Гэхдээ олон нийтэд аюул занал хичнээн ойр байгааг энэ долоон пуужин харуулснаар тэднээс санал цуглуулж, “ажилтайгаа золгодог” улс төрчдийг эрчимтэй хөдлөхөд хүргэлээ. Өөрөөр хэлбэл, Хуулийн факультетын барилга засварт орсонтой адил зарчим энд үйлчлэв.

Ерөнхий сайд Коизумигийн Монголд хийж буй айлчлалын гол зорилго маш тодорхой агаад энэ нь Хойд Солонгостой дипломат харилцаатай байгаа Монгол улсад Хойд Солонгосын цөмийн зэвсэг, пуужин, хулгайлагдсан иргэдийн асуудлаар түшмэдүүдийн төвшинд ярилцах сувгийг нээхэд оршиж байлаа гээд хэлчхэд нэг их хилсдэхгүй. Коизуми Энхболдод “Ач хариулсан тогоруу” хэмээх хүүхдийн номыг бэлэглэж, Монгол хүүхдүүдийн сурах бичигт ашиглахыг хүсчээ. Энэ номонд нэг залуу шархадсан тогоруу эмчлэн эдгээгээд тавьсны хариуд тогоруу үзэсгэлэнт бүсгүйд хувилан ирж, залуугийн эхнэр болоод нүднээс далд тогоруундаа хувилан өөрийн биеэс зулгаасан өдөөр торго нэхэж өгдөг тухай гардаг юм. Япон ардын үлгэрээс бага насандаа үзэж гэдэг сайн хэрэг. Гэхдээ энэ ном Япон улсын тусламжийг хүртэн амьдарч буй бидний хувьд ач тусыг санах цаг ойртсоныг битүүхэн сануулж буй мэт гээд хэлчхэд бас хэтрүүлэг болохгүй буй за. Монгол улсын хувьд гуравдахь хөрш ойртож ирснийг харуулж буй нэг жишээ энэ.

Ийнхүү Орос, Хятад, Хойд Солонгос, Япон, Америкын дундах тоглоомд Монгол улс оролцож эхлэв. Хойд Солонгосын асуудлаар Орос, Хятад аядуу зөөлөн байр суурь барьж, Япон Америк хатуухан байр суурьтай явж ирсэн байдаг. Энэ дунд Монгол улс хавчигдах нь. Дээр нь бас ОХУ-тай энэ оны 7 сард Засгийн газрын Фрадковын Монголд хийсэн айлчлалын үеэр Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурчихсан байдаг. Энэ протоколд хоёр улсын ГХЯ-дууд “НҮБ, олон улсын бусад байгууллага болон олон улсын чуулга уулзалтад хамтран ажиллах, хоёр улсын харилцааны болон бүс нутгийн асуудлаар бүх түвшинд зөвлөлдөж байх” гэсэн заалт орчихсон цохиж яваа.

90-ээд оноос хойш гуравдахь хөршөө хайж ирсэн Монгол улсад Хойд Солонгос харин гуравдахь хөршийг маань бодит байдалд арай дөхөм утгаар нь хөтлөөд ирж байгаа шинжтэй. Гуравдахь хөршөө хайсан гадаад бодлогоос гуравдахь хөршөө олсны дараах гадаад бодлого илүү хонжоотой ч илүү эрсдэлтэй байхыг үгүйсгэхийн аргагүй. Монголын гадаад бодлого нэг шинэ шатанд гарав. Чадвартай,эх оронч агаад зөв сэтгэлтэй үндэсний боловсон хүчин Монголын тусгаар тогтнол болон хөгжлийн замыг батжуулна.

Коизуми энэ 9 сард улс төрийн өндөрлөгөөс бууна. Гэхдээ түүний энэ удаагийн айлчлал хоёр орны харилцаанд томоохон орон зай нээж орхилоо.

Бэсүд.П.Наранбаяр
Киото хот 2004.8.11

Thursday, August 10, 2006

Грек Ромоос орчин үеийг харах нь -2

Тэр эхлээд Грекийн газар нутгийн гуравны хоёрыг Персүүдэд эзлүүлэн, Афин хотоос иргэдийг Саламин аралд нүүлгэн шилжүүлж, их армиа Саламины буланд байрлуулна. Хэдийгээр Грекийн газар нутгийн ихэнх хэсэг персүүдэд эзлэгдсэн ч Грекийн арми ямар ч хохирол амсалгүй харийнханд үхлийн цохилт өгөхөөр Фемистоклийн гар доор тулаанд зэхэж байсан хэрэг. Энэ тактикийг мянга таван зуун жилийн дараа Оросын Кутузов жанжин Напалеоны эсрэг хэрэглэж, хоосон Москвад Францын армийг урхидан оруулсан байдаг.
Ксерксийн арми төрөлх хотыг нь талж, түймэрдэн шатаахыг Саламины буланд нуугдсан Афины цэргүүд чихээр сонсч, түймрийн утаа суунаглахыг нүдээр харж байлаа. Тэд төрөлх хотоо харийнханд харсаар байтал булаалган талуулж буйдаа сэтгэл өвдөн, тулалдах мөчөө тэсч ядан хүлээж байв. Чухам үүнийг л Фемистокл хүссэн ажээ. Ксеркс хаан хот талан цөс хөөрсөн их цэргээ Афины цэргийг мөшгихөөр тэнгисийн тулалдаанд оруулав. Түүхэнд Саламины хэмээн алдаршсан тэнгисийн тулалдаан Персийн флотын бүрэн ялагдлаар дуусдаг. Фемистокл мэдээж Саламины тулалдаан хүртэл Персийн армид газар нутгаа зүгээр л дэвсээд өгчихсөнгүй. Энэ хооронд олон том жижиг “Бородино” байсан нь ойлгомжтой. Үүнээс хамгийн сэтгэл хөдлөм тулалдааныг дурдахгүй өнгөрч чадахгүй нь. Спартын хаан Леонидын толгойлсон Спартын шилдэг гурван зуун дайчин Фермопилах хавцалд Персийн армийн тогтоон барьж, сүүлчийн спарт дайчин амь үрэгдэх хүртэл эцсээ хүртэл тулалдсан гэдэг. Эр зоригийн энэ дуулийг гэрэлт хөшөөнөө зүрх хайлан мөнхлөн бичжээ. Махчилбал, “Харийн хүн минь, эх нутгаа хайрлаж, түүнд амиа өргөсөн дайчид энэ газарт мөнх нойрсож буйг Спартчуудад дуулгагтун”.

Monday, July 31, 2006

Грек Ромоос орчин үеийг харах нь-1

Түүх давтагддаг гэж ярьдаг. Эртний Ром Грекийн хот улсуудын талаар уншиж суутал нэгэн сонин түүх гараад ирэх нь тэр. Уг нь арван жилд байхад ерөнхий рамыг нь Эртний дэлхий дахины түүхийн хичээл дээр үздэг л дээ. Гэхдээ тухайн үед нарийн ширийн ухаагүйн дээр эдүгээ толгой дотор бүүр түүр бүрэлзэхээс цаашгүй болсон ой ухааныг Шионо Нанами хэмээх Япон судлаач зохиолчийн “Ромчуудын түүх” гэдэг ном сэргээн баяжуулж өгөв. За ингээд яриандаа оръё.
Энэ удаад Фемистокл хэмээх Грек эрийг уншигч тантай хамт хэсэг дагая. МЭӨ 5 дугаар зуунд болсон Грек Персийн дайны үеэр Грекийн хот улсуудын холбооны цэргийг удирдаж ялалт байгуулсан Афины жанжин. Энэ дайн нь Газар дундын тэнгист ноёрхлоо тогтоох гэсэн эдийн засгийн ашиг сонирхлын зөрчил хийгээд тухайн үеийн Ази, Европын соёл иргэншлийн томоохон мөргөлдөөнөөс үүдсэн байдаг .
Грек Персийн анхны тулалдаан Марафоны талд болох үеэр Грекчүүд хүчээ нэгтгэж чадалгүй Грекийн гол хот улс болох Афин бараг дангаараа тулалдаж, Афинчууд ялдаг. Фемистоклын алдар энэ үеэс эхлэн түүхийн тавцнаа тодорно. Фемистокл Персийн цэрэг дахин довтлон ирэхээс өмнө Афины батлан хамгаалах хүч, нэн ялангуяа тэнгисийн цэргийн хүчийг зузаатгахыг уриалжээ. Харин түүний улс төрийн хүчтэй өрсөлдөгч Аристид эсэргүүцнэ. Тухайн үед Грект хотын иргэдийн санал хураалтаар эрх баригч нэгнийг улс төрийн тавцангаас буулгаж, Афинаас 10 жилийн хугацаагаар хөөдөг тогтолцоо байж. Фемистокл энэ санал хураалтад Аристидийг оруулж, Афинаас хөөснөөр гол өрсөлдөгчөө замаасаа зайлуулна. Үүний дараа Фемистокл хамгийн түрүүнд уурхай олборлолтын орлогыг иргэдэд хуваан олгодгийг болиулж, улсын хөмрөгт төвлөрүүлэн байлдааны усан онгоцонд зарцуулснаар жил хүрэхгүй хугацаанд Афины тэнгисийн цэрэг хүчирхэгжин орчин үежжээ. Марафоны тулалдаанаас 10 жилийн дараа буюу МЭӨ 480 онд Персийн Ксеркс хаан 300 мянган перс цэрэг, 1000 онгоцтойгоор дайрав. Эв түнжин муутай Грекийн хот улсууд энэ удаа хүчээ нэгтгэж, Афины ардчиллыг үзэн яддаг цэргийн дарангуйлалт Спарта хүртэл Персийн түрэмгийллийг эсэргүүцэн босчээ. Грекийн холбоотны цэргийн стратегийг Фемистокл боловсруулав.

Thursday, July 06, 2006

Наадам тоссон торгон агшин

2006 оны наадам дөхөөд манайд хонь, ямааны үнэ суга өсч байгаа тухай мэдээ дуулдав. Тарган хонь бол жар орчим мянга, ямаа дөч орчим мянган төгрөг байгаа ажээ. Энэ жил ялангуяа тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойтой давхцаад гадна дотно, хот хөдөөгийн зочид гээд хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхсөн том баяр болох шинжтэй. Жилдээ ганц болдог наадам дөхөхөөр тэнгэр хүртэл хураа хайрлаж, хүн малын зоо тэнийн, ногооны анхилам үнэрт Монгол орон маань бялхана. Хүн бүр билэг дэмбэрлийн сайхан үг ам амандаа хэлэлцэж, уур хилэн, уцаар бухимдлаа түрхэн ч болов мартдаг үе.
Яг энэ үеийг угтаад УИХ-р олон чухал хуулиуд батлагдан гарч, нийгмийн тогтолцоонд томоохон өөрчлөлт орж ирсэн туршлага их харагддаг. Хаврын чуулганы хаалт дөхөөд ирдэг болохоор арга ч үгүй юм уу даа. Тухайлбал, энэ жил татварын багц хуулиудад томоохон өөрчлөлт оруулж, татварын нэг шатлалтай тогтолцоонд шилжихээр хэд хоногийн өмнө УИХ-ын эхний хэлэлцүүлгээр батлагдаадхав. Нийгэм тэр аяараа зуны дэлгэр цагийн өнгө аяст уярч, ажлаа мартаганаж, алжаалаа тайлан, айраг боодог хөөцөлдөх цагаар улс төрчид бидний амьдралтай нягт холбоотой тогтолцооны шинжтэй өөрчлөлтийг ийнхүү “ар хударгаар” шийдлээ гээд хэлчихэд бараг л дэгсдэхгүй болов уу. Энэ удаагийн татварын хуулийн өөрчлөлтүүдийг ер нь амьдралд нийцсэн, хувийн хэвшилд очиж буй татварын дарамтыг бууруулж, эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлөх зүйл гэж сайн талаас нь үнэлэх нэгэн байхад нийгмийн халамжийн систем, төсөв бүрдүүлэлт, орлогын дахин хуваарилалтын тал дээр санаа зовинох хүмүүс ч байх. Татварын тогтолцоог өөрчлөөд хаячихсан энэ том өөрчлөлт наадмын өмнөх ажин түжин байдал дунд чимээгүйхэн гулссаар төрөлтийн онцын хүндрэлгүй Монголын газар шорооноо мэндлэх нь дээ. Эх барьж буй УИХ-ын гишүүд дотор 2004 онд бөөн бөөнөөрөө сонгогдсон манай үндэсний бизнесменүүд олон бий. Улс төр бол нийгэмд оршин буй ашиг сонирхлын бүлгүүдийн хүчний харьцаан дээр оршино гэсэн үзлийн үүднээс харах юм бол дэндүү гэмээр мэдээжийн л үр дүн.
Монголд өвөл хавар намар улс төр буцалдаг гэж их ярьдаг. Зуны амралтаа дуусгасан НИЙГЭМ намар болохоор ТӨРИЙН эсрэг дайрч эхэлнэ. Тэгээд өвөл бухимдлаа хурааж байгаад хавар нь зад жагсана. Гэтэл харамсалтай галт тэрэг хэдийнээ хөдөлчихсөн байдаг. Хамгийн чухал тогтолцооны шинжтэй өөрчлөлтүүд чухамдаа зун, зун зундаа наадмын налгар өдрүүд эхлэх торгон агшинд шийдэгдээд та биднийг намар сэхээ орохыг хүлээгээд сууж байдаг нь үүний тодорхой баталгаа. Наадам тоссон торгон агшин манай улс төрийн нүүр царай...

Tuesday, June 13, 2006

Орчуулга

Доорх сэтгүүл дээр гарсан нэгэн өгүүллээс тасдаж орчуулан та бүхэнд хүргэж байна. Өгүүллийн нэр нь "Ардчиллаас хойш арван жил, шинэ улс байгуулах гэж дуншиж буй Монгол" гэсэн нэртэй.Гадаад хүн Монголоос ангид хол байх тул бидний өдөр тутмын амьдрал хийгээд хууль тогтоомжийн нарийн ширийнийг мэдэхгүй тал байдаг. Тиймээс аа энэ хэсэг нь жаахан дэгс биш үү гэсэн зүйл зөндөөн л тохиолддог. Гэвч тэдний дотор Монголыг олон жил судалж, болж буй үйл явцыг нэгтгэн зангидаж, гуравдагч этгээдийн нүдээр анализ хийж дүгнэлт өгсөн судалгаа бичлэг цөөнгүй байдаг. Ийм л нүд бидэнд хэрэгтэй байгаа юм. 1999 онд нэгэн япон судлаачийн бичсэн өгүүллийг тийм утгаар нь энд авчирч тавилаа. Манай сонин хов жив, өдөр тутмын хэт нарийн мэдээллийг сайн өгдөг атлаа, базах, задлан шинжлэх, ухах, дүгнэх талдаа тун дульхан санагддаг юм. Ингээд нэг базаад өгөөсэй. Орчуулагч
Азийн Их Сургуулийн Ази судлалын хүрээлэнгийн мэдээлэл №93 1999 оны 1 сар 27
Олон улсын харилцаа судлалын тэнхмийн профессор Коибучи Шиничи


Ардчилах явцын үе шат

Ноднин жилийн хавар ардчиллын удирдагч Зоригтой ярилцах завшаан тохиосон юм. “Монголын ардчилал анх тавьсан зорилгодоо хүрсэн үү? Хэрэв хүрээгүй гэж үзэж байвал ямар шатандаа явж байна вэ?” гэж түүнээс асуухад, “Талдаа ч хүрээгүй байна. Улс төр, нийгэм, иргэдийн ухамсрын аль аль нь жинхэнэ ардчиллаас хол байна. Ахиад арван жил шаардагдах биз ээ” гэж хариулж билээ.
Өнгөц харахад, ардчилсан сонгуулиар сонгогдсон гишүүдээс бүрдсэн парламентын тогтолцоонд тулгуурласан ардчилсан улс төр явагдаж, хууль тогтоох, хэрэгжүүлэх, шүүх засаглалд хуваагдан, төрийн өмчийн ААН-үүдийн ихэнх нь хувьчлагдаж, Японоос ч илүү либеральчлагдсан орчинд зах зээлийн тогтолцоонд шилжин, иргэд нь эрх чөлөөг магтан дуулж, Япон болон Америк зэрэг гадаад улс орнуудаас Монголын ардчилалд шилжих явцыг сайшааж буй цаг үед Зориг ийнхүү хариулж байлаа. Байдлыг ингэж тунгаан харж буйг мэдээд бахархах сэтгэл төрж билээ.
Үнэхээр Монголыг гаднаас нь харахад ардчилал хөгжсөн мэт байвч, дотор нь ойртож харахад Зоригийн хэлснээр хаа сайгүй “Социалист маяг”-ийн үзэл, арга барил үлдсэн байх агаад үүнээсээ салж чадсан гэж хэлэхэд хэцүү. Энэ нь нийгмийн өнцөг булан бүрт амь бөх үлдэж, шилжилтийн хямралт байдлаас гарахад чөдөр болж байна гэхэд хилсдэхгүй. Жишээ нь, улс төрийн арга барилыг харахад хэт төвлөрөл, захиргаадалт социализмын үеэс ч чангарсан гэж хэлж болохоор. 1996 оны сонгуулиар Ардчилсан эвсэл МАХН-ыг ялж түүхэндээ анх удаа засгийн эрхийг авсан боловч, энэ эвслийн засгийн газраа бүрдүүлсэн хийгээд төрийн захиргааны шинэчлэл явуулсан арга барил нь үүний нэг тод жишээ болно.
Ардчилсан эвслийн ЗГ-ын явуулсан төрийн захиргааны шинэчлэл нь 13 яамыг нэгтгэн 9 болгож, УИХ-ын гишүүд сайд болохыг хориглон, гурав байсан шадар сайдын албан тушаал болон яамдуудын дэд сайдын албан тушаалыг устгаж, УИХ-ын Байнгын хороодыг 40 хувиар бууруулснаас гадна яамдын газар, хэлтсийн дарга нарын төвшин хүртэл удирдах ажилтны халаа сэлгээнд хүрсэн зоригтой эрс шинэчлэл байлаа. Гэвч ийм том шинэчлэлийг шинэ Засгийн газар ердөө 10 орчим хоногт багтаасан байдаг. Парламент дээр бараг хэлэлцэлгүй, яамдуудын ажилтнууд байтугай иргэдэд ч тайлбарласан зүйлгүй, бэлтгэл хугацаа ч өгөлгүй Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төдийгөөр даруй хэрэгжүүлжээ. Шинэ Засгийн газар 7 сарын 18-нд байгуулагдаж, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт орсон нь 7 хоногийн дараа буюу 7 сарын 25, яамдуудын нүүх байрыг шийдвэрлэсэн нь 5 хоногийн дараа байв. Чингээд 8 сарын 10-нд яамдыг бөөнөөр нь яаруу сандруу нүүлгэв. Иргэд яамд хаашаа нүүж, аль нь юу хариуцаж буйг ойлгоо ч үгүй байхад энэ бүхэн хэрэгжжээ. Боловсон хүчний халаа сэлгээ ч гэсэн МАХН-ын улсуудыг зайлуулах, танил тал харсан томилгоонд дулдуйдаж, төрийн албаны уламжлах байдал, албан хаагчдын урам зоригийг үл тоомсорлосон зүйл байлаа. Үүний дараа ар араасаа цувсан шинэ бодлогууд ч адилхан арга барилд тулгуурлаж байв. Нийтийн үйлчилгээний төлбөр нэмэгдсэнийг иргэд хэрэгжих өдөрт нь олж мэдсэн г.м туйлширсан жишээ цөөнгүй байна. Мөн гаргасан зарлиг тушаалаа баруун солгойгүй өөрчлөх нь олонтаа тохиолдож, хууль дүрмийг бөөн бөөнөөр нь зөвхөн нэг талын үзэмжээр өөрчилж байлаа.
Социалист маягийн улс төрийн арга барилыг устган, ардчилсан засаглалыг тогтоохоор гарч ирсэн Ардчилсан эвсэл өөрөө төвлөрөл, захиргаадалтаас салж чадсангүй. Иргэд ч гэсэн улс төр, засгийн газар гэж ийм л юм байдаг гэсэн социализмын үеийн сэтгэлгээнээс ангижирч чадаагүйгээс сэтгэл дундуур байгаа болон бухимдаж буйгаа илэрхийлэх нь цөөн байдаг байна.

Улс төрийн гацаа

Монгол улс шилжилтийн нөхцөлд удаан дуншаад байгаагийн нэг томоохон шалтгаан бол улс төрийн хямрал юм. Олон намын тогтолцоонд шилжсэний дараахан болсон сонгуульд МАХН ялалт байгуулсны дараа эвслийн Засгийн газар байгуулсныг эс тооцвол 1996 оны сонгуулиар Ардчилсан эвсэл Засгийн эрхэнд гарч гарах хүртэл МАХН засгийн эрхийг барьж, улс төрийн тогтвортой байдлыг ямар нэг байдлаар хангаж ирсэн гэж үзэж болно.
Гэвч 96 оны сонгуулиар Ардчилсан эвсэл МАХН-ыг ялж, Энхсайханы шинэ Засгийн газар дээр дурдсан яаруу шинэчлэлийг хүчлэн явуулснаар ард олны эсэргүүцэлтэй тулгарсны дээр үхрийн бөөр шиг цугласан Ардчилсан эвслийн дотоод зөрчил гүнзгийрч улс төр тогтворгүй болж эхлэв.Мөн Ардчилсан эвслийн Ерөнхий сайд Үндсэн хуульд заасан Ерөнхий сайд болон дээд шатны нэгжийн засаг дарга нь доод шатны нэгжийн засаг даргыг томилох эрхийг ашиглан МАХН-ын аймгийн засаг дарга нарыг томилохоос татгалзсан тул эрх баригч болон сөрөг намын хоорондох харилцаа хурцаджээ. Дээр нь 1997 оны ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-аас нэр дэвшсэн Багабанди ерөнхийлөгч болсноос хойш Ерөнхийлөгч болон Засгийн газрын хооронд улс төрийн гацаа үүсч, байдлыг улам төвөгтэй болгов.
98 оны 5 сард УИХ-ын гишүүний сайдын алба хавсрахыг хориглохыг хүчингүй болгох тухай шийдвэрээр шалтаглан Ардчилсан эвсэл дотроосоо хагарсан агаад үүний дүнд Энхсайханы Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорч, Элбэгдоржийн ЗГ мэндэлсэн боловч ердөө гуравхан сарын дотор чанаргүй зээлийн асуудлаас эхэлсэн улсын хийгээд хувийн банкыг нэгтгэх асуудал болон эрх баригч намын доторх тэмцэлд баригдан огцроход хүрсэн. Элбэгдоржийн ЗГ унаснаас хойш таван сарын турш шинэ ерөнхий сайдыг томилж чадахгүй байгаа гэсэн байж боломгүй нөхцөлд байдал үргэлжлэв. Энэ нь МАХН-аас гарч ирсэн шинэ ерөнхийлөгч Ардчилсан эвслээс ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүнийг хүлээн зөвшөөрөлгүй Энхсайхан аймгуудын засаг дарга нарыг томилохоос татгалзаж гацаасны хариуг авсан хэрэг байлаа. Ерөнхийлөгч эрх баригч намаас ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүнийг арав гаруй удаа хүлээн зөвшөөрөлгүй буцаажээ. ЗГ огцорсны дараа шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор сонгож томилно гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн нөхцөл байдал дунд улс төр зогсонги байдалд орсон төдийгүй иргэдийн итгэл алдарч, донор орнуудын хуралдааныг хүртэл нээж чадахгүйд хүрчээ.

Хэсэгчлэн орчуулсан П. Наранбаяр
Япон улс Киото хот

Friday, June 09, 2006

Нутгаа хайрлах сэтгэл

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутаг дахь ой 2006 оны 6 сард ийм л нүд халтирам болжээ. Сумын айлуудын ихэнх нь мод бэлтгэж зардаг гэнэ. Айлын хашаа бүрт хөрөө рам хангинаж, уулаа нүцгэлэн суугаа нутгийнхныг яалтай билээ. Тэднийг үйлдвэрлэлгүй, ажилгүй, орлогогүй, малгүй, сэтгэлгүй, итгэлгүй болгосон нь хэний буруу вэ? Хэдэн жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Тужийн нарсыг яг л ингээд газрын хөрстэй нь арчиж хаясан даа. Сургамж гэдэг давтахгүйн тулд оршдог. Сургамж авалгүй давтаад буй нь доройтохын цондон.
Зургийг авсан Нямаа

Tuesday, May 30, 2006

Нохойтой харьцах монгол ахуй

Монгол хүн ер нь амьтныг уяж гинжлэх, хаших дургүй. Үхэр нь дуртай ууландаа очиж идээшлээд оройн нар хүүшлэхэд тааваараа цувсаар хүрээд ирнэ. Адуу, хонь, ямаа ч мөн л адил. Адуу харин ууландаа хоночихдог адтай мал бололтой юм билээ. Ийнхүү Монголын тал нутгаар эзэнгүй чөлөөтэй хөлхөлдсөн тэжээвэр амьтан олон. Энэ эмьтдын нэг нь хоточ банхар. Монгол хүний нохойтой харьцах ахуйн талаар жаал хүүрнэе.
Хоточ банхар гэрийн гадаа өвөл зунгүй уяатай уяагүй байж л байна. Уяатай ч гэж дээ уяагүй байх нь их. Боохой ойртвол хуцаж чимээлнэ. Зочин ирвэл хоргоож угтана. Зарим сургасан ухаантай нэг нь хонь дагана, ан хийлцэнэ. Угаадсаар хооллоно. Ульбал зодуулна. Эрхэлбэл өшиглүүлнө. Гэлээ ч нохой эзэндээ гомдохгүй. Гадагш гарахад нь даган шогшино. Жов муу банхар гэсэн үгээр мялаалгаад урам хугаран эсгий гэрийн зүг гэлдэрнэ. “Эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй”, “Хүүхэд нохойн доог” гэсэн үгнүүдэд монгол хүний нохойд хандах хандлага сайтар илэрчээ. Нохойг хамт тоглох андаа гэж үзэн, эрхэлж наадуулдаг нь хүүхэд болохоор хүүхэд, нохой гэсэн холбоос үг үүссэн юм болов уу. Ер нь монгол банхар хүүхэд зуудаггүй, тэдэнд их дөлгөөн ханддаг нь хүүхэд нохой хоёрын ийм нэг гүн нарийн холбоотой хамаатай байхыг үгүйсгэх аргагүй.
Нохойн нас богино. Насаараа эзэндээ зүгтгэсэн нохойг нас эцэслэхэд сүүлийг нь тайрч дэрлүүлэн, аманд нь шар тос хийгээд ирэх төрөлдөө хүн болохыг билэгдэн хөдөөлүүлнэ. Нохой хөдөөлүүлэх монгол ёс харин их л хүндэтгэлтэй, утга учиртай байдаг ажаам. Нохой хөдөөлүүлдэг ийм нарийн ёсыг бий болгосон зөөлөн сэтгэлтэй ард түмэн энэ ертөнцөд чухам хичнээн байдаг бол?
Өндөр хөгжилтэй орнуудад нохойд зориулсан эмнэлэг, саатуулах газар, хувцас, тоглоом гээд тоймгүй их үйлчилгээ байдаг. Хүн шиг хувцасласан нохой, хөдөлгөөн дутан жин ихдэж зөнөсөн нохой ч их бий. Энд нохой хүнээс ялгаагүй амьдарч, нас эцэслэхээрээ тусгайлан бэлдсэн нохой муурны оршуулгын газарт заларна. Тэд нохойг хүний төвшинд тэжээн эрхлүүлээд, нохойн төвшинд оршуулдаг ажаам. Тэд нохойг нохой болон мэндлэхийг хүсдэг бол монгол малчин нохойг нохой шиг тэжээж, хүн болгон оршуулж, хүн болон мэндлэхийг хүсдэг ажээ. Хүн шиг амьдралыг туулсан нохой, нохойн ёсоороо насаа барсан нохой. Аль нь илүү жаргал үзсэн бол? Харин эсрэгээр нь хүнийг нохой шиг амьдруулахыг хэн ч үл тэвчинэ. Нохойд нь нохойн жаргал, хүнд нь хүний жаргал. Хорвоогийн жам гэдэг энэ ажаам.
“Өвлийн нар нь ээ хө
Өвөлдөө дулаан даа хө” гэсэн ардын дуу онож хэлсэн ажээ.


Зургийг http://www.tibetanmastiff.org/photogallery/displayimage.php?album=11&pos=9 сайтаас татав.

Saturday, May 20, 2006

Монгол нь монголоо тэжээх сэтгэлгээ

- Хөөе найз аа юу байна?
- Өө юмгүй дээ ойрдоо ажил ихтэй. Хэдэн хүнтэй яваад л байж байна.
- Хаанахынхан юм?
- Аа японууд. Нэг групптэй явж байгаа юм.
- Хэр улсууд байна.
- Дажгүй шүү
- Хэдээр явж байна?
- Өө гайгүй. Өдрийн тавиар. Уг нь цагаар тооцно гэж байсан юм. Гэхдээ энэ удаа өдрөөр тооцоо хийх болж байгаа.
- Хөгшин нь бас нэг гайгүй англитай таарсан. Цагийн арваар явж байгаа.

Биеэ үнэлэгч ярьж байна гэж та бодож байна уу. Үгүй дээ. Хоёр орчуулагчийн яриа. Зун цаг болж, жуулчны улирал болоход иймэрхүү яриа хаа сайгүй л чих дэлсдэг. Монгол улс нээлттэй гадаад бодлого, чөлөөт зах зээлд шилжсэнээс хойш манайд ирдэг жуулчны тоо эрс нэмэгдсэн. Аялал жуулчлалын салбар өнгөрсөн хугацаанд ДНБ-нд тодорхой жин эзэлсэн томоохон салбар болж чаджээ. Энэ салбар олон монгол хүнийг хоолтой нь залгуулж, долларын бараа харуулсныг үгүйсгэхгүй. Гэхдээ бодох юм зөндөө байна аа. Энэ талаар уншигч авхай тантай ний нуугүй ярих гэсэн юм. Ний нуугүй ярих ч гэж дээ зүгээр л буу халъя.
Миний нэг танил нэлээд олон жилийн өмнө аялал жуулчлалын компани байгуулсан юм. Өөртөө нэг деликатай. Хөдөө гадаагүй жолоо мушгина. Тэгээд бас гадаадад хэдэн жил сурч байсан тул англиар чөлөөтэй ярьчихна. Зундаа нэгэн танилынхаа илгээдэг Америкаас ирэх жуулчдыг хүлээн аваад хөөрхөн амруулна. Хөдөө газар хэдэн гэр бариулаад хамаатныхаа хүнд хариуцуулан ажиллуулна. Тэгээд жолооч, орчуулагч-хөтөч, оффисын ажилтан, зохион байгуулагч гэсэн бүх ажлыг өөрөө гардана. Ганцаараа энэ бүхнийг гүйцэлдүүлэх тул ашиг өндөр. Компани байгуулсан анхны хэдэн жилдээ ингэх нь ч аргагүй биз. Харамсалтай нь танил маань ашгаа хуваах хүсэлгүй тул одоо болтол ганцаараа мачийж яваа ба түүний жуулчлалын бизнес энэ олон жилд өргөжиж чадсангүй. Бахь байдгаараа л байгаа. Хөдөө бариулсан хэдэн гэр нь орон нутгийн малчдад ад үзэгдэж байгаа сурагтай байсан. Танил маань жолооч, оффисын ажилтан, орчуулагч, хөдөө нутагт хөтөч хийх малчин зэргийг хөлсөлсөн бол дор хаяж дөрвөн монгол хүнийг тэжээх боломжтой байлаа. Тэр хэмжээгээрээ танилын маань ажил өргөжиж, урагш хөгжин томрох байсан биз ээ. Жижиг байх, жалга дотроо сэтгэх нь алсдаа хор уршигтай.
Манайд байгаа жуулчлалын ая төрх иймэрхүү л байгаа. Дангаараа бүхнийг хийж ашгаа ганцаараа авах сэтгэлгээнд хүлэгдсэн тул өдий болтол төрөлжиж чадаагүй. Оролцогч нар ашгаа ухаалаг хуваарилж чадаагүй. Дээр нь бас ашиг олох процесст оролцох хүний тоог хэт хязгаарласан. Өөрөөр хэлбэл, тэлэх, төрөлжих, хамтран ажиллах, зах зээлээ гадаадын компаниудаас хамгаалах, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах хандлагатай бус, бүх ашгийг жуулчны компани дангаар эзэгнэх гэсэн явцуу хандлагатай байгаа юм. Уг нь бол жуулчлалыг дагаад олон салбар хөгжих боломжтой. Санаанд орсноороо хэдэн жишээ дурдъя.
Юуны түрүүнд зочид буудал. Манайхан зочид буудал гэхээр үнэтэй цайтай зүйлээр тоноглогдож, чимэглэсэн, нүсэр том юмыг төсөөлдөг. Гэтэл тийм биш. Цэвэрхэн, цомхон агаад үйлчилгээ сайтай орчин байхад л хангалттай. Нэг айл ч байсан болно гэсэн үг. Зундаа ер нь Улаанбаатарын айлуудыг жуулчид хүлээж авах жижиг өрх-зочид буудал болгох нь зүйтэй мэт санагддаг юм. Өрх-зочид буудал Японы аялал жуулчлалын газруудад зөндөө байдаг. Энэ нь нутгийн айлуудын орлогыг шууд нэмэгдүүлдэг сайн талтай.
Дараа нь гар урлал. Бэлэг дурсгалын хэмжээнд бол манайд овоо хөгжиж байгаа. Чингисийн үеийн морьтон баатруудын зураг хэдэн мянгаараа бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд ярайж байгаа нь үүнийг гэрчилнэ. Гэхдээ залуу эмэгтэй жуулчдад зориулсан хүний сэтгэл гижигдэм хөөрхөн бэлэг дурсгал ховор байгаа санагддаг юм. Гар урлал бол зөвхөн бэлэг дурсгалаар хязгаарлахгүй. Морин аялал өргөн дэлгэр болоод байгаа өнөөгийн нөхцөлд гадаадынхан дуртай хэрэглэдэг англи эмээл Монголд чанар сайтай гар үйлдвэрлэлийн хэмжээнд хөгжих ёстой. Гэтэл ийм үйлдвэрлэлийн сураг ч алга. Малчдын бэлдсэн хэдэн янгиа эмээл, эсвэл гадаадаас өндөр үнэтэй оруулж ирсэн хэдэн эмээлээ тохоод л байж байна.
Нээлттэй мэдээлэл. Монгол орны цэцэг, мөөг, шувуу, мод, амьтны зурагт лавлахууд хэвлэгдэн гарч, хот хөдөөгийн захын дэлгүүрүүдэд ч зарж байх ёстой. Энэ ч бас хангалттай хэмжээнд хүрч чадаагүй. Жуулчны компаниуд нь ашгаа түрийлчхээд төр засгаа хараад сууж байдаг. Төр засаг нь мэдээллээ сейфэндээ тас даран, түүнийгээ боловсруулж, олон нийтэд хүргэх чадавхигүй болчхоод гадаадын тусламжийн байгууллагуудыг дулдуйдан алгаа тосч байдаг. Таарч дээ. Дээр нь бас, аялал жуулчлалын компаниуд интернэтээр мэдээллээ цацахдаа баахан хойрго. Нэг хоумпээжтэй болсон ч түүнийгээ шинэчилдэггүй. Яахав дээ, интернэтийн бизнес хийдэг байгууллагуудтай ашгаа хуваахгүй гэсэндээ л ийм үр дүнд хүрч байгаа юм.
Бидний ийм явцуу үзэл нийтээр нь аваад үзэхэд хэн хэндээ уршигтай. Үүнээс зайлсхийхийн тулд монгол хүн монгол хүнээ тэжээх сэтгэлгээг хөхиүлье. Монгол нь монголоо тэтгэх, дэмжих, тэжээх сэтгэлгээ нь та бидний бие даан хөгжих, хамаатан садны хооронд хязгаарлагдаад буй явцуу итгэл (trust) - ийг задалж тэлж өгнө. Ажлын тэргүүн шугам дээр чадвартай чадалтай үндэсний боловсон хүчин ажиллаж, гэр бүл хамаатан садны сүлжээ (network) бус чадвартай итгэл даах монголчуудын network улс орныг урагш хөтлөх болно. Монгол хүнийг Солонгос, Тайвань зэрэг гаднын улс орон, олон улсын байгууллагууд бус монгол хүнийг монгол хүн тэжээх ёстой.

Tuesday, April 25, 2006

Бодрол

Шүтлэг шүүмжлэлийг шүүмжлэх нь
Шашин гэж номлол болоод шүтлэгийн цогц юм. Шүтлэггүй шашин гэж оршихгүй бол шашингүй шүтлэг дангаар оршиж болно. Шашингүй шүтлэгийн гол төлөөлөл нь бөө мөргөл, онго сүнс тахилга гэж би ойлгодог. Тэгвэл шашин шинжлэх ухаан хоёрын зааг ялгаа юунд оршино вэ. Энэ талаар олон мэргэд бясалгаж ирсэн. Хамгийн гол ялгаа нь шинжлэх ухаан бүх юмс үзэгдэлд хөдөлшгүй баталгаа шаардаж, аливаа зүйлд эргэлзэн хандах танин мэдэхүйн хандлагыг голлодог. Энэ утгаараа шинжлэх ухаан нь шүтлэг гэсэн тулгуур баганагүйгээр учир шалтгааны холбоосон дунд оршдог гэж ойлгож болох мэт. Харин шашинд бол туйлын үнэн болох бурхад, эзэн тэнгэр, аллах оршиж, энэхүү шүтлэгийн баганад тулгуурлан номлолоо бүрдүүлдэг. Шүтлэгийг батлах шаардлагагүй. Шүтлэг ямар нэгэн нөхцөлгүйгээр итгэхийг шаардана. Ийм итгэлээ шашинд өгсөн хүнийг шүтлэгтэн гэнэ. Шүтлэгийн илүү гүнзгий хэлбэрийг сүсэг хэмээнэ. Ийм хүмүүсийг сүсэгтэн, сүсэг бишрэлтэн хэмээнэ.
Шашин бас олон төрлийн ухааныг өөртөө шингээх чадвараараа шинжлэх ухаанаас хамаагүй илүү. Тухайлбал шашны дотор анагаах ухаан, одон орон, цаг хугацаа, орон зайн хэмжилтүүд, утга зохиол, түүх, угсаатан зүй, ёс заншил, төр барих ухаан буюу улс төр, эдийн засгийн номлолууд гээд олон төрлийн ухаан шингэсэн байдаг. Дээр нь бас тухайн улс үндэстний айдинтитиг бүрдүүлж, салшгүй нэг хэсэг нь болно. Харин шинжлэх ухаан бол их хажигч. Шашны номлолоос алиныг нь ч өөртөө ойртуулахгүй. 19, 20-р зуун шинжлэх ухааны ялалтын зуун байсан гэж ярьцгаадаг. Гэвч буддизм дотор шингэсэн анагаах ухааны зарим ололтыг одоо хүртэл шинжлэх ухаан тайлж чадаагүй явна.
Шүтлэг болон шашны тухай ийнхүү ялган тунгаасны дараа өнөөгийн Монголын нийгэм дэх бурхны шашны талаарх ажиглалтаа дурдъя.
“Монголчууд бурхны шашны цаад санааг нь ойлгохгүй хоосон ном уншуулж, залбирдаг. Төвд номны учир агуулгыг нь ч мэдэхгүй, мөргөж шүтэх нь утгагүй хэрэг” хэмээн олон хүн шүүмжилдэг. Залбирах, мөргөх, тарни унших, ном уншуулах, засал хийлгэх, мөр гаргах, адис авах, элс цацах гэх мэт үйлдэл нь шүтлэгийн орчин юм. Монголчууд бидний өдөр тутмын амьдралд шүтлэг хангалттай сервис үзүүлж байна гэсэн үг л дээ. Бидний хэрэгцээг хангах зориулалттай жирийн л нэг үйлчилгээ. Хүний шүтлэгийн хэрэгцээг рациональ үзлээр харж шүүмжлэх нь ямар ч утгагүй хэрэг. “Ойрдоо ажил жаахан явж өгдөггүй, хийморийн сан тавиулъя”, “Манай тэр маань хагалгаанд орно. Гандангийн хуралд даган баясъя” гэх мэтээр шүтлэг, сүсэг бишрэл нь бидний сэтгэлийн орон зайн дахь хэрэгцээнээс хэтрэхгүй юм. Сүүлийн үед CD дээр бичсэн бурхны ном, гар утсаар ном уншуулах үйлчилгээ гарч ирээд буй нь шүтлэг гэдэг сэтгэлийн хэрэгцээг хангасан үйлчилгээ гэдгийг давхар батлаад өгч байгаа хэрэг. Гэвч сэтгэлийн хэрэгцээг гар утас мутасханаар хангах гээд байгаа нь жаахан хэтэрч буй хэрэг л дээ.
Шүтлэг бол хүний жирийн л хэрэгцээ агаад энэ нь универсаль шинжтэй. Шүтлэгийн орчин хаана ч байдаг. Өндөр хөгжилтэй Японд энэ бүр ч түгээмэл үзэгдэл. Гэрийн ойролцоо хаана ч гэсэн очоод мөргөчихөөр сүм, шинто мөргөлийн газрууд байна. Шалгалт дөхөөд ирэхээр оюуныг тэтгэгч бурхдыг тахисан сүмд очин, сахиус худалдаж аван мөргөнө. Талийгаачийн хойдохын буяныг уншуулан, ажил төрлөө даатгана. Японд бурхны шашны сэтгэлгээ, бясалгалыг голлосон урсгал болох Зэн буддизм хөгжсөн гээд л манай судлаач, сэтгүүлч нар шагшран магтдаг. Энэ үнэн. Гэвч үүний хажуугаар мааний зургаан үсгээ хэлээд байвал диваажинд заларна гэх мэтээр хялбарчлан номлодог урсгалыг хамруулаад бурхны шашны 10 гаруй урсгал энэ оронд байж л байна. Энэтхэг, Хятадаас дамжиж ирсэн буддын шашин Японд орж ирэхдээ японжиж, япончуудын гараар олон урсгал бий болсонд хэргийн зангилаа нь оршдог болов уу. Бурхны шашин Японд 7 дугаар зуунд орж ирэхдээ анхандаа язгууртнуудын дунд дэлгэрч, төрийн нэгдмэл байдлыг хадгалах сэтгэлгээний төв болсон байдаг. Энэ шашныг Нарагийн буддизм гэж судлаачид нэрлэдэг. Түүний дараа самурай нар буюу цэргийн эрхтнүүд төрийн эрхийг барьж эхлэхдээ Зэн буддизмыг Японд дэлгэрүүлсэн байдаг. Гэвч жирийн тариачдад илүү ойр, ойлгомжтой, зардал багатай шашин хэрэгтэй байсан агаад энэ хэрэгцээг нь жёодо шашин буюу мааний зургаан үсгээр диваажинд очих тухай номлосон шашин хангасан хэрэг. Жёодо шашин нь хатуу сахил санваарийг үл шаардана. Шүтлэгийн орчин илүүтэй туссан шашин гэж ойлгож болох юм.
Монголд дэлгэрсэн бурхны шашны тухайд Занабазар, Агваанлувсанбалдан, Заваадамдин, Данзанравжаа гээд Монголын олон сэтгэгчид төрөн гарсан боловч харамсалтай нь тэдний сэтгэлгээ шашны урсгалыг нээх хэмжээнд хүртэл хөгжиж чадаагүйн дээр ном зохиолыг нь өнөө үеийн сэхээтнүүдэд бүрэн хүргээгүй, олны хүртээл болгоогүйд хэргийн учир нь оршиж буй болов уу. Мөн өнөөдөр олон лам хувраг бурхны номд шамдаж, 21 дүгээр зууны Монголын бурхны шашны шинэ хөрс бүрэлдэж буйн зэрэгцээ судлаач нарын дунд бурхны шашин судлал нэг үеэ бодвол нэлээд хурдацтай хөгжиж буй мэт санагдана. Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг” крилл үсгээр хэвлэгдэн, шашны нэр томъёоны тайлбар толиуд ар араасаа цувран гарч буй нь энэ бүхний эхний алхам гэж үзэхэд хангалттай үндэслэл болно.
Урьд үеийн сэтгэгчдийн талаарх судалгааны бүтээлийг шүтлэгтнүүдэд хүргэж, шашны хөгжлийг хангах нь юунаас чухал болой. Бид шүтлэг, шүтлэгийн орчинг шүүмжлэх, түүнийг хөгжүүлэх гэж оролдох бус, түүнийг агуулан буй орон зай болох шашинг хөгжүүлэхэд анхаарах ёстой мэт бодогдоно. Шүтлэгийн орчин чөлөөтэй байх ёстой агаад шүтлэгтэндээ үйлчилсний төлөө шашнаа шүүмжлэх нь учир дутагдалтай юм. Сэтгэлгээний агууламж хомсхон гэж шүүмжлээд байдаг шарын шашинд бясалгалын том ухаан оршдог. Бид л өөрсдөө хар авдрандаа далд хийчхээд байхгүй гэж тас гүрийгээд, хоосон тэнэгээ гайхаад байгаа бус уу. Айлаас эрэхээр авдраа уудал.
Хар авдранд ном бий
Хазгар өвгөнд эрдэм бий
Хамаагүй басч болохгүй.

Wednesday, April 19, 2006

Боловсролын тухай жаахан хадуурах нь

Блог бичиж эхэлснээс хойш сар гаруйг үдэв. Бусдын л адил тэрүүхэндээ бас завгүй явсаар энэ хугацаанд цөөхөн хэдэн юм нэмснээс хэтэрсэнгүй. Харин блог нээсэн улсуудын бичсэн зүйлийг маначихдаг зуршлыг энүүхэндээ бас сурч авав. Өнөөдөр Хөлгөний блог дээр хичээлийн шинэ жилийн тухай дурджээ. Японы хичээлийн шинэ жил сакура цэцэглэх улирал буюу 4 сарын эхээр тохиодог. Харин Монголд бол 9 сарын 1. Есөнсарыннэгэн гэсэн бараг нэр нэршил болсон үг юм даа. Хичээлийн шинэ жил гэхээр дараах дуу санаанд ордог юм.
Номхон морио уналаа даа
Номтой цүнхээ үүрлээ дээ
Есөн сарын нэгэн бол
Ерөөсөө бидний баяр даа.
Багад сурсан дуу чихэнд хоногшин мартагдахгүй. Гудамжны улиасны навч шарлан, салхины аясаар унаад л. Оюутнууд бужигнаад л. Цэнгэлдэх, бөхийн өргөөнд том том шоу ээлжлэн болоод л. Улаанбаатар амь ордог үе.
Хичээлийн шинэ жил олон монгол хүнийг эрдмийн замд дууддаг. Талын малчнаас авахуулаад зах дээр ундаа зардаг хүүхэд, баян бизнесмэний танхил хүүхдийг хүртэл яг л адилхан эрдмийн өргөөнд авчирч, ялгаваргүй эрдмийг заадаг. Эрдэмд баян ядуугийн ялгаа үл оршино. Харин суралцагч шавийн эрдэм шингээх чадвар, хичээл зүтгэл бүхнийг шийднэ. Эрдэмд боловсорсон хүмүүс улс орны баялаг болж, энэхүү баялгаа ашиглан улс хөгждөгийг хүн төрөлхтний түүх бидэнд харуулдаг. Бичиг үсгээ мэдэхгүй малчин, бурхны шавь лам хувраг, хятад доншуур наймаачнаар төсөөлөгдөж байсан Монгол улсыг өдий зэрэгтэй шинэчилж, өөрчилж, хөгжүүлж өгсөн улсууд бол чухам ийм л орчин үеийн боловсролтой хүмүүс билээ.
Зохиолч Балжирын Догмид хүүхэд ахуй үеэ дурсан ярьж байсныг зурагтаар үзэж байсан юм. Б.Догмид их эрх өссөн юм байх. Бас тэрүүхэндээ аавын цээж. Хар багаасаа тамхи татаж сурчээ. Сургуульд анх орохдоо аавынхаа бэлдэж өгсөн гаансыг түрийлээд очиж. Мэдээж хүүхэд тамхи татахыг зөвшөөрөхгүй. Гаансыг нь хураан авчээ. Хөдөөнөөс сумын төвд ирж буй хүүхэд. Эцэг эх, өссөн орчноосоо хол байх хэцүү. Гэрээ санана. Нэг гэртээ харихдаа аавдаа өөрийн үзсэн “зовлон”-гоо тоочиж. Аав нь сургууль дээр нь давхин очиж, захирал багшийг нь зад загнан, “Миний хүүд тамхийг нь татуулж бай” гэж байжээ.
П.Дамдин гэж Аж үйлдвэрийн сайдыг социализмын үед олон жил хашсан манай нэртэй төрийн зүтгэлтэн байдаг. Энэ хүн багадаа мөн л эцэг эхийн гар дээр эрх дураараа өсчээ. Сургуульд ороход аав нь уут дүүрэн чихэр бэлдэж, захирал багшид нь гардуулан өгөөд “Миний хүү чихэрт дуртай юм. Та үүнийг хүүд минь өгч байгаарай” гэж захижээ. Дамдин хичээлийн завсарлагаанаар захирал дээрээ ороход захирал багш түүнд нөгөө чихрээс нь гарган өгдөг байсан тухай түүний дурсамж яриан дотор байдаг.
Иймэрхүү жишээ олон бий. Догмид хэрвээ сургуульд ороогүй бол нутгийн нэг “индиан” чигээрээ хоцрох байсан. Түүний сайхан тууж зохиолууд ч төрөн гарахгүй байсан биз ээ. Сайд асан Дамдин хэдийгээр сургуулиа орхин хөдөө гарсан ч эцэст нь хичээн суралцаж, дээд боловсрол эзэмшсэн хүн. Орос хэлэндээ паг хүн Москвад очоод Толстойн зохиолыг барьж хэрхэн зүдэрч байж орос хэл сурсан, эдийн засагчийн мэргэжил хэрхэн эзэмшсэн тухай түүний намтар ярианаас олж үзэж болно. Боловсрол хүнийг бүтээдэг ажээ. Монголын баялаг бол боловсролтой иргэн. Монгол хүн эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв сэтгэлгээтэй, боловсролтой байгаа цагт улс орон цэцэглэн хөгжих нь дамжиггүй. Монголын боловсрол мандтугай.

Tuesday, April 11, 2006

Сургуулийн музей

Хэд хоногийн өмнө сургуулийнхаа музейг орж үзэв. Жил хагасын өмнө энд ирчхээд завтай үеэрээ нэг шагайна даа гэсээр яваад өдий хүргэсэн хэрэг. Музей Киото Их Сургуулийн судлаачдын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг харуулсан үзмэрүүдээс эхэлж байна. Үүнд Монголтой холбоотой байсан нэгэн эрдэмтний үзмэр анхаарал татав. Иманиши Кинжи. Энэ хүн Япон дахь бич судлалын ухааныг үндэслэж, дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн эрдэмтэн. Мөн хайрст далавчтаны төрлийн нэгэн шавьжийг (англи нэр нь Mayfly) судалж, Дарвины байгалийн шалгарлын тухай онолыг үгүйсгэн, зүйлийн хөгжлийн ухаанд шинэ урсгал оруулсан ажээ. Энэ эрдэмтэн үзэхдээ, амьтад өөр зуураа тэмцэлдэж, өрсөлдсөний үрээр урт хугацаанд шалгарч үлдэх бус, өвөр зуураа мөргөлдөхгүй байдлаар идэш хоол амьдрах орчноо сонгож, тус тусдаа оноогдсон орчинд дасан зохицох замаар зэрэгцэн оршдог хэмээжээ. Иманиши Кинжигийн түүвэр ботиуд гэж бий. Үүний 2 дугаар боть нь “Нүүдэлчний тухай онол болон бусад” гэсэн нэртэй. Энэ ботид Дэлхийн хоёрдугаар дайн дуусахаас өмнөх Өвөр Монголын ахуй амьдрал, нүүдлийн мал аж ахуйн судалгааны өгүүллүүдийг нэгтгэн оруулжээ. Иманиши Кинжи Өвөр Монголын малчин айлд удаан хугацаагаар байж, тэдний өдөр тутмын амьдралыг нарийн ажигласны үндсэн дээр судалгаагаа бичсэн байдаг. Түүний нүүдэлчдийн тухай онолыг хальт харахад, тухайн үеийн шинжлэх ухааны нийтлэг үзэл баримтлалын нөлөө их байх шиг санагддаг. Өөрөөр хэлбэл, нүүдлийн аж ахуйг хоцрогдсон хэмээн дүгнэхийн сацуу, нүүдэлчид гэж хэлээд буй боловч ганцхан толгойг тойроод жилийн турш ойрхон газар нүүдэллэдэг. Заримдаа зүгээр л хэдэн аравхан метр газар гэрээ шилжүүлэн барьдаг. Нүүдэлчдийн хийж буй нүүдэл гэдэг нь ямар нэгэн рациональ үндэслэлтэй зүйл биш зүгээр л мухар сүсэг ч юм уу, шашны үндэслэлтэй байх нь элбэг гэх мэтээр дүгнэжээ.
1940-өөд он хүртэл Японы эзэнт гүрэн Манж-Го улсыг байгуулан, түүний харьяанд Өвөр Монголын зүүн хэсэг багтаж байсныг уншигч та сайн мэднэ. Тухайн үед Япон улс Монголыг сонирхож, олон төрлийн судалгаа хийсэн байдаг. 1930-аад онд Дорнод Монголын гол мөрний загасны тухай судалгааны тайлан байдаг. Энэ ном манай үндэсний эрдэмтдийн загас судлалд тодорхой хувь нэмэр оруулсан нь дамжиггүй. Монгол орны гол мөрөнд амьдардаг 70 гаруй зүйлийн загасыг судалж, тодорхойлолт бичин, монгол нэрийг нэг мөр болгон эмхтгэсэн Я.Цэнд-Аюушийн “Монгол орны загас” хэмээх ном 2001 онд хэвлэгдэн гарсан агаад зохиогч уг бүтээлдээ 1930-аад оны япончуудын судалгааг ч мөн ашигласан байдаг. Тухайн үед япончууд Монгол болон Хятадын зүүн хойд хэсгийг судлах зорилгоор Дорно дахины судлалын хүрээлэнг Хаалган хотноо байгуулж байжээ. Хүрээлэнг толгойлж байсан хүн нь Иманиши Кинжи. Тус хүрээлэн дэлхийн хоёрдугаар дайнд Япон ялагдаж, Манж-Го улс болон Өвөр Монголд суурьшсан япончууд буцах хүртэл судалгаагаа үргэлжлүүлжээ. Иманиши Кинжигийн удирдлага доор тус хүрээлэнд судалгаа хийж байсан Үмэсао Тадао тухайн үеийн Өвөр Монголын нүүдэлчин малчны ахуй амьдрал, эдлэл хэрэглэл, монгол хэлний талаар цогц судалгаа хийсэн байдаг. Үмэсао Тадао бол Японд маш нэртэй угсаатан, соёл судлаач. Мөн л Киотогийн Их Сургуулийн эрдэмтэн. Энэ хүний түүвэр ботийн 2, 4 дүгээрт Монголын тухай маш сонирхолтой өгүүллүүд байдаг. Япон хэлтэй эрхэм уншигч завтай үедээ нэг харна биз ээ. Киотогийн Их Сургуулийн урдаа барьдаг хоёр том эрдэмтэн ийнхүү Монголыг судалж, монгол хэл сурч байж. Энэ хоёр эрдэмтэн Япон дахь Монголын угсаатан судлалд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь дамжиггүй. Монголын нүүдлийн мал аж ахуйн талаар сонирхол татам бүтээл гаргаад байдаг Конагая Юки хэмээх эрдэмтэн бүсгүй Үмэсао Тадаогийн удирдлага доор Осакагийн Угсаатан судлалын музейд ажиллаж байсан юм билээ.
Музейн бас нэг сонирхол татам үзмэр нь Ангараг гаригийн гурван хэмжээст зураг байлаа. Ангараг гаригийн газрын гадарга уруу 250 км хүртэл ойртож, 40 метрийн нарийвчлалтайгаар 3 хэмжээст зураг авчээ. Нарны аймгийн хамгийн өндөр уул болох Олимпусын /21200 метр өндөр/ зургийг 3 хэмжээсийн нүдний шилээр харахад сүрлэг байна лээ шүү.

Saturday, April 01, 2006

Бидний хаяг

Бэсүд.П.Наранбаяр
Киото хот 2006 оны 4 дүгээр сар 1

Нийслэлд амьдарч буй хүн гурван хаягтай. Түүнд шуудан явуулъя гэвэл шуудангийн салбар дахь шуудангийн хайрцгийн хаяг хэрэг болно. Улаанбаатар шуудангийн салбар – 43, хайрцаг – 206 гм. Энэ шуудангийн хайрцгаар та танилдаа шуудан илгээвэл хэд хоногийн дараа очно. Гэхдээ Улаанбаатарчууд өвөр зуураа энэ шууданг хэрэглэнэ гэж бараг байхгүй. Зүгээр л утсаар яриад уулзаж байгаад л гардуулаад өгнө. Улаанбаатар ийм л жижиг хот. Гэхдээ бас Улаанбаатарын оршин суугчдын бараг тал хувь нь шуудангийн хайрцаггүй. Ер нь хүн шавааралдсан энэ жижиг хотод шуудангийн систем тун муу хөгжсөн.
Хэрэв та танилынхаа гэрт очъё гэвэл Улаанбаатарчууд дунд хэрэглэгддэг хаягаар нь явж очно. Жишээ нь, нэгдүгээр хорооллын тэддүгээр байр тэдэн тоот, Толгойтын өнчин цагааны хойд талын буудлын таван давхар, эсвэл Таван шарын тэддүгээр байрны тэдэн тоот гэх байдлаар олж очно. Энэ үед танд хамгийн хэрэгтэй мэдээллийг нөгөө адлагдаад байдаг микроавтобусны кондуктор хүүхдүүд хэлээд өгнө. Тэд буудал болгоныг зарлах бөгөөд микроавтобусанд хэрэглэгдэж буй Улаанбаатар хотын буудлуудын нэр 500-1000 метрийн зай болгонд өөрчлөгдөх тул нарийвчлал тун өндөр. Энэ хаяг л танд хамгийн их хэрэг болно. Жишээ нь, 10-р хороолол, 25-р эмийн сан, ТБД андууд, Дөрвөн зам гээд ердөө 2 км хүрэхгүй замд 4 буудал байх тул тэр хавьцааг олж очиход тун амар.
Харин сонин энэ тэр дээр бол Баянгол дүүргийн тэддүгээр хорооны тэддүгээр байрны оршин суугч гэж бичнэ. Сонин дээр гарч буй нь албан ёсны өөрөөр хэлбэл засаг захиргааны нэгж дээрх бүртгэлтэй хаяг нь. Та танилындаа албан ёсны бүртгэлтэй хаягаар нь олж очноо гэдэг гонжийнжоо. Тухайн хороонд оршин суугаа хүнээс бусад Улаанбаатарчууд тухайн хороо гэдгийг хаана байдгийг огт мэдэхгүй. Тэддүгээр хороо энэ тэр гэсэн тодорхой тэмдэг заагийг ч та хайгаад олохгүй. Хороо гэдэг нь аль нэгэн орон сууцны байрны доод давхарт байх жишээтэй. Хороон даргын сонгууль энэ тэр нь хэзээ яаж явагддаг юм бүү мэд. Учир битүүлэг газар даа. Гэхдээ энэ Хороон дарга гэдэг хэдэн байрнуудынхаа дунд гараж бариулах газар олгох, хүүхдийн тоглоомын талбайг эвдэж зайлуулах, бас хөөрхий тордож янзлах, бас сонгуулийн үеэр сонгуулийн байрыг бэлдэх, нэр дэвшигчдийг хүлээж авах, ядуу өрхийн судалгаа хийх, тусламжийн бараа хүргэх, хаяг бүртгэл, цэрэг татлага зохион байгуулалцах энэ тэр гээд хөөрхөн ажилтай байдаг бололтой. Хороон дарга нар газар олгох энэ тэр дээрээ бас хөөрхөн мөнгө цохичихдог гэж ярилцах нь ч бий.
Аа бас газрын зураг дээрх Улаанбаатар хот гэж байна. Амарсанаагийн гудамж, Сөүлийн гудамж, Энэбиш, Чингүнжав, Балингийн Цэрэндоржийн гудамж гээд л Улаанбаатарчууд өдөр тутмын амьдралдаа дуулж мэдээгүй гудамж газрын зураг дээр ярайтал бичээстэйг яана. Улаанбаатарт төрж өссөн мань мэт нь ч тухайн гудамж хаана буйг сайн мэдэхгүй тул гадаадын аль нэг хотын газрын зургийг харж буй мэт сэтгэгдэл төрнө. Энэ гудамжийн нэрээр та танилындаа очно гэж бас л горьдсоны гарз. Учир нь эдгээр гудамжийг манай Улаанбаатарчууд яг мэдэж харагдаач. Ер нь гудамжны нэрийг ингэхэд хэн өөрчилж мэдлэн будилуулаад байна аа? Та бидний сонгодог Улаанбаатар хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 40 нөхөр. УИХ-ын сонгуулийн дараа гэзэг даран болдог Орон нутгийн сонгуулийг сонгогч нар бараг тоодоггүй сонирхдоггүй болохоор санал өгөлт их доогуур хувьтай байдаг. Сонгогдсоныхоо дараа энэ 40 товарищ хаагуур юу хийж харайлгаж явдаг юм бол. Жаахан азнаж байгаад гудамжны нэр энэ тэрийг өөрчилж, Засаг даргаа ярсхийтэл гар өргөн хүлээж аваад байгаа болохоор оршин тогтнож буй бололтой юмдаг аа.
Уг нь гудамж талбайн нэр – шуудан – оршин суугч, албан байгууллагын хаяг нэг хэлхээс дунд оршмоор. Шуудангийн үйлчилгээ нь бүрэн бүрэлдээгүй төр иргэддээ төрийн үйлчилгээгээ бүрэн үзүүлж чадахгүй. Хаяг тодорхойгүй /дор хаяж 3 хаягтай/ иргэдтэй төр татварын тогтолцоогоо бүрэлдүүлэх гэж мөн ч их ядрах нь тодорхой. Зардал ч их гарна. Түүнээс гадна гудамж газрын нэр гэдэг түүхийн нэг баримт болдог. Түүхийн удаан хугацаанд бүрэлдэн тогтсон хотуудын гудамжны нэрийг та бид сайн мэднэ шүү дээ. Москвагийн Арбат гээд л бид ярьдаг. Гэтэл Улаанбаатар хотод ч гэсэн ардуудын дунд нэрлэгдэж ирсэн түүхэн улбаатай гудамжны нэр зөндөө л байсан. Усны гудамж, Дамнуургачны гудамж гээд л. Гудамжны нэр хаягаа цэгцлэх цаг болсон мэт санагдана.
Микроавтобусны хүүхдүүд “Бөмбөгөр, бөмбөгөр”, “7 буудал”, “6 буудал”, “5 буудал”, “Дамба”, “Тоосгон завод”, “Ханын материал” гэж хашгиралдана. Улаанбаатар хотынхны хаяг, шуудангийн системийн бодлогыг эд нар заагаад өгч байгаа юм биш үү?