Thursday, November 16, 2006

Хамар Лодон - үргэлжлэл

Эв хамтын будаа[1] чинь иддэг л хоол байна

Хамар Лодоны бөмбөгөр цагаан гэрт ёстой чимэг сүр нэмэгдэж, луун хээтэй авдар нь шинэ амьдралын бэлгэ тэмдэг болоод хавь төсрийг дөргиүлжээ
[2]. Нийгэм журмын сайн сайхан эгээ л гагцхан Хамар Лодонд л төвлөрсөн юм шиг сониучирхан шагшилдана. Ингэх тусам Хамар Лодон авдраа амьтайгаа холбож, өдрийн арван гурав зүлгэж арчаад, хэний айлын дэгжин шар[3] нь хэрэв хумсалж нясалбал манчуурган хамраа зэс улаан болтол цэнтийлгээд нарийн бургасаар шавхуурдаж гардгадаг болжээ.

Хааяа зарим үеийн анд нь Хамар Лодоныд ороод гарахдаа ч авдрыг нь нэг ширвэж, эзнийг нь нэг ёвроод:
- Манай Хамарын гэр ёстой хөдөөдөө диваажин байна даа. “Сайн эмээл агтын чимэг, Сайхан бүсгүй гэрийн чимэг” гэдгээр залуу чавганцаа хоймортоо залах л дутаж байна даа гэж шоолж гардгийг яана.

Хамар Лодон гуч шүргэж яваа залуу тул хэдэн жилийн өмнөөс овооны ар дахь залуу чавганц Жагриймаатай нааш цааш явалцаж ирсэн нь үнэн. Эрх чөлөөтэй цээж тэнүүн амьдрах болсондоо Жагриймаагаа гэрийн чимгээр залахыг хэзээ язаанаас хүсч зүүдэлдэг байна. Хууль ёсоор ханилан суух санаагаа бултайлгасан удаа буй ч залуу чавганц нь толгой сэгсрээд хүлээсэнгүй.

Энэ Жагриймаа гэдэг залуу чавганцын богтолж хайрласан хар хүн нь Намжил заланы сэтэртэй гүүд ногт гүйлгээд
[4] толгой даахгүй ялд унаж, хошуу яамны шоронд ясаа тавьсан билээ. Бэлбэсэн хоцорсон залуу бүсгүйг өвчин эмгэг ороогоод байхаар зурхайч ламхайгаас аврал гуйжээ. “Нүглийн үр айхавтар хуржээ. Зүсээ хувилгавал өвчин эмгэг арилж болох юм байна” гэж ламхай айлдсанд залуу бүсгүй сахилын багшаар үсээ оромдуулж, тангараг өргөн сахил хүртээд чавганц болов. Сүм сангийн бүрээ бишгүүрийг сонсон, сан хүжийн үнэрийг үнэртэж сууя гээд овоон ард сан сүргийн[5] айлтай хаяа дэрлэн буудаллажээ. Одоо шинэ амьдрал нь түүний дур сонирхлыг эрхгүй татах болж, Хамар Лодонтой амьдралын жолоогоо хамтатгахыг санаархсан боловч мянган он уламжлагдаад ирсэн хар шарын мухар бишрэл түүний оюун санааг давхар давхар уясан тул үнэн худал ч ам тангаргаа буцах зориггүй. Юу ч гэсэн арван жил хүж зул өргөж байгаад болъё гэж шийджээ.

Үгээ ололцсон Хамар Лодон ч арван жил хүлээхээр болж, луугийн хээтэй авдраа хумх тоос суулгалгүй зүлгэж арчин гял цал хэвээр нь хамгаалж явснаар барахгүй “Жагриймаадаа хоосон хоргын
[6] түлхүүр атгуулна уу даа” гээд нимгэн өмсч, шингэн идэж байгаад хөх торгон зувцага[7], ягаан чисчүү бүс, булигааран гутал, ногоон дурдан алчуур зэргээр авдраа дүүргэж л байлаа.

Хүлээгээд удсан арван жил нь хүрээд ирэв. Энэ хооронд хөлс сэвхийх завгүй яарч явсан Хамар Лодон бишгүй хөрөнгөжиж, зарлага барилгадаа ч их гараар хөдөлдөг болоод шинэ амьдралын минь замд гэгээн сар болохгүй ч гэрэлт мөрөө үлдээх нь Жагриймаа юм аа! гээд хуримаа намбатайхан хийхээр шуудаж, адуучин Равжаагийн шарга саарлыг суман даргын мөнгөн эмээлтэй зээлж, бэрийн уналга болгохоор болзож, Жавзмаа хөгшнөөр тэрлэг эсгүүлж, Бадам бэргэнээр боорцог хайруулаад, Хорлоо өвгөнийг түрүү худаар залаад яв яаруу.

Арван жилийг яаж ийгээд өнгөрөөсөн боловч аравхан хоногийг ер өнгөрөөж өгөхгүй Хамар Лодоныг хэцүү хийрхүүлнэ. Гоонь бие хос болж, голомтын зүүнтэй нь бүсгүй домбойх болсон нь шинэ цаг ирээгүй бол Хамар Лодоны зүүдэнд орохгүй явдал аа.

Гэвч дээрээс ирсэн нэг хуудас бичиг энэ сайхан мөчийг зэрэглээ мэт сарниулаад Хамар Лодон залуу чавганц хоёрыг хийгээр хөөрүүлж, хөөсөөр бөөлжүүлэв
[8].

“Эв хамтын ёс нь өнөө маргааш биелэгдэх тул улс даяар үсрэнгүй давших хэрэгтэй
[9]” гэж хоршоо нийтээр хөдөлгөөн болов. “Хэдий чадалтай бол төдийгөө гаргаж, юу хэрэгтэй бол түүнийгээ авах” нь давшингуй гэгээн ёс газар даа. Намжил заланыг гаргавал хэн ч гээд хүлээх байлгүй. Хоёр толгой ургасан ч хувийн амьдралаа товхинуулъя гэж Хамар Лодон ам нээх зүрх байна уу? Зав байна уу?

Дээрхийн санаагаар үүрийн дарга өрх дараалан хэсч, борцтой айлаас борц нийлүүлж, гурилтай айлаас хүүдийг гөвүүлсээр энэ айлын шанага, тэр айлын дэвэр
[10] гэж цуглуулаад хоршооны хөмрөгт хоолон гэр[11] гаргахаар болжээ. Гал тогооны ажилд Хамар Лодон урьдаас барагтай, айлын тогоо харсаар ирсэн. Гэр тэрэгтэй болсноос хойш хоол хош хийж оролдож эхэлсэн боловч олигтой амт бүрдүүлсэн эрин нь тоотой. Эв хамтын будаа гэдэг чинь иддэг л хоол, эрин эрин[12] бэлэн будаа иднэ гэдэг чинь ийм сайхан цаг ирсэнгүй бол Хамар надад хаанаас олдохсон билээ гээд Хамар Лодон чимээгээр нь хөлгүй дэрвэж эхлэв.

Гурван хот дөрвөн усныхан нэг л өдөрт овооны шил дээр төвлөрөн буудаллаад хот балгас шиг болов. Үүрийн дарга айлуудын илүү гарсан тогоог цуглуулж, идтэй бяртай залуусаар няц няц дэвсүүлээд болдын зууханд хүргэж байна. Хоолон гэртэй болсон юм чинь гээд Хамар Лодон байхаас гагц гуулин хойвоо аваачиж өгсөнд ширэм биш бол авахгүй гээд буцаажээ.

Сүрэг ноход хуцаж боорлоод эмс хүүхэд үүд гарахын аргагүй болоод байна. Хамар Лодон ч нохойн аюулаас дөнгөж мултраад үүд таармагц шурхийж орсонд залуу чавганц цай чанан бөгцөгнөж байв. Тогоо дүүрэн даргилах хөх цайнаас эхүүн үнэр сэнх татна.
- Золиг чинь мөн морьтой байна гэж залуу чавганц нь шоолж гарахад,
- Нохойд туугдсангүй бол цайн дээр чинь завдахгүй л дээ гээд Хамар Лодон ханзархай шурхинагаа хормойгоороо бөглөж суув. Хөх цайг нь хөлөртөл ууж суух зуур чавганцынхаа ширмэн тогоог хараад Хамар Лодон гэнэт гэгээрэв. Хамар Лодон хид хид гэсээр,
- Энэ тогоогоо надад өгчих дөө гэж хээ ч үгүй гуйсанд залуу чавганц гайхаж,
- Горьгүй горьгүй гэж толгой дамардав
[13].
- Маргаашаас хоолон гэрт цавлацгаах
[14] юм чинь энэ муу тогоогоор эцгээн[15] хийх билээ гэж Хамар Лодон хамраа цэнтийлгэхэд,
- Байг цаашаа! Би дутуу нэг эриний хоол идсэн ч цайнаасаа салж чадахгүйг чи ямар мэдэхгүй биш гэж залуу чавганц дурамжхан бөвтнөв.
Тийм ч тийм дээ. Чавганц хүний хамаг эрдэм нь цай гүзээлэх л шүү дээ.
- Ингэе хө. Би гуулин хойвоороо тогоог чинь сольж авъя. Миний тэр хойвонд цай чанаж гайгүй болно шүү.
Чавганц хариу дуугарсангүй. Удаж удаж толгой дохив. Хамар Лодон хагартал хөөрч, үсэрч босоод тогоог сугалав. Зам зуур бүтэн тогоо авдаггүйсэн гэж бодоод Хамар Лодон тогоогоо шидэж явуулаад хар хүчээрээ дэвссэн боловч хөлний ул нь ээртэл өвдсөнөөс биш тогоо нь хэмхэрсэнгүй. Мэнгэтийн хүү дөрвөлжин хөрзөн чинээ чулуу даан ядан авчраад тогооны хүйс тааруулан буулгав. Нас балчир ч ухаан хэцүү. Ширмэн тогоо сүйрч очиход Хамар Лодон маасаганаж инээгээд хөөг ч хамааралгүй түүж хормойлмогц гарч гүйв. Харамсалтай нь гозойсон эрхий үзсэнээс биш хумсан төдий шан ч хүртсэнгүй.

Хамар Лодон толгойгоо ганзагалаад буцаж харихад луун хээтэй авдрыг нь хоолон гэрт зарахаар хасаг ирээд хүлээж байв. Нулимс бөмбөрмөөр болсон боловч залуу чавганцтай ширээ хавчин хооллохыг бодмогц Хамар Лодоны барайсан царай цэлмийж, баясгалан туяараад дуугүй өгч явуулав.

Шинэ цаг юм чинь дээ, хэлбэл хийдэг л юм байна. Маргааш өглөө нь цавын дун нээрэн ч уул усыг баястал дүнгэнэв. Хамар Лодон хоолон гэрийн хатавчийг алхмагц нэг нүд нь залуу чавганц дээр нөгөө нүд нь луу хээтэй авдар дээрээ тусаад авлаа. Түрүү эриний хоол онцгой амттай санагдсан бөгөөд нэн ч “Эв хамтын нийгэмд хувийн хогшил хэрэггүй ч хувийн бүсгүй хэрэгтэй байлгүй. Өдөр судар сонгож байгаад өнөө жилдээ баталбараа авах уу даа?” гэсэн Жагриймаагийнх нь халуун шивнээ Хамар Лодонд бал үмхүүлжээ. Залуу чавганцтайгаа өдөр өдөр шивнэж ярилдах тохиолтой болсон нь Хамар Лодонд мөн ч жаргалтай санагдсан боловч луу хээтэй авдар нь олны хөлд талхигдахыг үзээд зүрх нь жим жим базалхийлнэ.

Зууханд наалдсан хавтас нь шидэж ч мэднэ гээд Хамар Лодон манчуурган хамраа цэнтийлгэхэд залуу чавганц нь түүнийг ёворч аваад “Ингэ тэг” гэв. Хамар Лодон хоол хамаарагчид,
- Гурилын авдраа зуух тогооноос жаахан зайдуулна уу. Халуун илчинд чийгтэй гурил гашилж мэднэ шүү гэж зөвлөгөө тавьсанд авдрыг нь нээрээ зуухнаас зайдуулав.
Хэдий тийм боловч чийгтэй хэрэмд
[16] наалдсан авдрынх нь ар хавтас нь хэд хоногт гажиж мушийгаад дорсойтол ангайжээ.

“Эв хамтын ёсонд халуунтай
[17] Лодон” гээд үүр аравнаас олон удаа магтаж сайшаав. Гэвч шөнийн гүн болж, амьтны хөл хураагдах цагт Хамар Лодон шингэн будаа шингэсэн хойнох зовиурыг эдлэн нойр холхин хэвтэхдээ,
- Эв хамтын нийгэм маргааш ирчихнэ. Тийм сайхан нийгэм юм чинь миний муу авдраар юу хийх вэ. Лав хэрэггүй юманд гаргаж хаях байх даа. Эв хамтын нийгмийн гадаа хоцрохоороо Намжил залан харин авчихаж мэднэ шүү. Түүнээс л завдъя... гэж олиу солиу бодолд мунхардгийг хэн ч мэдсэнгүй.
(Үргэлжилнэ)

[1] Өвөр Монголд хоол хүнсийг ингэж хэлдгийг бид сайн мэднэ шүү дээ.
[2] Шуугиулжээ
[3] Хүүхдийг Өвөр Монголын нутгийн аялгуунд ингэж хэлдэг юм байна.
[4] Адуу хулгайлахыг ингэж хэлнэ
[5] Сүмийн өмчийн сүргийг хэлж байна.
[6] Авдрын
[7] Нэг зүйлийн дээл
[8] Сарнин алга болох
[9] Маогийн явуулсан Их үсрэлтийн бодлогыг хэлж байна.
[10] Данх
[11] Гуанз. Гуанз гэдэг маань хятад үг юм.
[12] Цаг цагт
[13] Сэгсрэв
[14] Хооллоцгоох
[15] Элэнцгээ хийнэ гэдгийг ингэж илэрхийлдэг ажээ
[16] Хананд
[17] Халуун үнэнч

Friday, November 10, 2006

Киосэрагийн төвд зочлон номын дээжээ гардууллаа

Өнөөдөр Киото хотын Фүшими дүүрэгт байдаг Киосэра компанийн төвд ЭМОС-ийн гишүүн Тэмүүлэй, Чинзориг нарын хамт очлоо. Тус Компанийн Менежмент судалгааны хэлтсийн эрхлэгч Касуя Масашитай уулзаж, монгол хэлээр хэвлэгдэн гарсан “Амжилтад хүрэх гал эрмэлзэл” номныхоо дээжээс арван ширхгийг гардуулах нь бидний гол зорилго байлаа. Касуя Масаши нь уг номыг монгол хэлнээ хөрвүүлэх эрхийг авахад бидэнд ихээхэн туслалцаа үзүүлсэн хүн юм.

Ингээд уулзалт товлосон цагтаа эхлэв. Бид номын дээжээ Касуя Масашид гардуулж, ЭМОС клубынхээ тухай ерөнхийд нь танилцуулан яриад “Амжилтад хүрэх гал эрмэлзэл” номын нээлт Монголд амжилттай болсон тухай дуулгав. Мөн номын тухай санал сэтгэгдлийг тус клубын форум дээр хүлээж авч буй тухай танилцууллаа. Касуя Масаши номын дээжийг гардан авч, талархлаа дэвшүүлээд биднийг компанийхаа музейг үзэхийг урив. Уулзалт маань товлосон цагтаа эхэлсэн боловч, хоорондоо сонирхолтой яриа дэлгэж, компанийн музей үзсээр өндөрлөх цагаасаа 30 минут илүү сунаж орхисон байв.

Компанийн музейд дэлгэн үзүүлсэн керамиксаар хийсэн бүтээгдэхүүнүүдийн дээж гойд анхаарал татлаа. Керамикс гэхээр би хатууруулж шатаасан шавар шаазан гэсэн шүү ойлголттой явсан юм. Тэгсэн, тусгай чанарын файн керамикс гэдэг материал байдаг, түүнийг чинь ёстой “буйлуулж” өгдөг юм байна гэдгийг өнөөдөр нүдээр харав. Керамиксаар өнгө өнгийн бүтээгдэхүүн хийж болдог ажээ. Гялалзтал өнгөлж янзлан эрдэнийн чулуу шиг болгоод сайхан аяга таваг хүртэл хийгээд тавьчихаж. Тус компанийн анхны бүтээгдэхүүн болох “Ховилт Кэрүшима” нь, зурагтны арын лампны цахилгаан тусгаарлагчид ашиглагдсан юм байна. Түүний дараа алдарт IBM-н компьютерийн хагас дамжуулагчийн эд ангийг нийлүүлж эхэлжээ. “Ховилт Кэрүшима” –г хэрэг болгож сайн харж авлаа. Мань мэтэд бол богино тасалсан туузан гоймон шиг өчүүхэн эд юм. Нэмүү үнэц өндөртэй, тээврийн зардлаас нэг их хамаараад байхгүй, тэгээд бас дэлхийн том компаниудын бүтээгдэхүүний үндсэн эд ангид ордог ийм л бүтээгдэхүүнийг Монгол үйлдвэрлэн гаргаж чаддаг болчихвол бүс нутагтаа подхийсэн улс болох юм даа.

2006 оны 11 сарын 10 Киото хот

Thursday, November 09, 2006

Хамар Лодон

Манай хөрш зэргэлдээхэн Японы нэг их сургуулийн докторын курст сурч буй Хадаа гэдэг Өвөр монгол залуу суудаг юм. Тэр бид хоёр Өвөр монгол болоод Монгол улсын өнөөгийн байдлын талаар хоорондоо яриа дэлгэнэ. Нэг өдөр найз маань Өвөр монголын утга зохиолын талаар ярьж байгаад “Хамар Лодон” гэдэг их алдартай өгүүллэг байдаг тухай дуулгав. Өвөр монголын уран зохиолын хичээлийн ном сурах бичгүүдэд орчихсон хүн бүр уншсан өгүүллэг гэнэ. Би ч их сонирхож, дараа авчирч үзүүлээрэй гэсэн юм. Хэд хоногийн дараа надад Монгол бичгээр бичсэн дараах өгүүллэгийг авчирч өглөө. Хадаагийн тусламжтайгаар үсэглэн байж, зарим үгийг нь тайлбарлуулан байж арай чүү уншив.

Ингээд энэ өгүүллэгийг крилл үсэгт буулгаснаа уншигч танд толилуулъя. Өвөр монголын үг хэллэг биднээс тодорхой хэмжээнд ялгаатай нь ойлгомжтой. Гэхдээ найруулгын алдаагаар дүүрсэн сонины модон хэллэгт дасчихсан бидний оюуныг энэхүү өгүүллэг Монгол хэлний үгийн сангийн арвин хураар тэтгэж өгнө гэдэгт найдна. Үгийн баялгаасаа хөндийрсөн нэгэн болох би вээр ухаж ойлгосон, таамагласан хэмжээндээ зүүлт тайлбар хийв. Уншигч та ч гэсэн надад зөвлөж туслаарай.

Зохиолч: Батмөнх

ХАМАР ЛОДОН

Хамар Лодон чавганц
[1] Жагриймаа гэвэл ойр төсөр танихгүй амьтан гэж байхгүй. Чавганц ч яамай, чавганц суусандаа тэгж цолшсон байлгүй. Харин Лодон гуай хамаагүй жаахан юман дээр уурладаг зантай, уурлах болгон манчуурган[2] хамар нь зэс улаан болтол цэнтийдгээрээ[3] хамар Лодон гэж нэршжээ.

Шинэ амбан
[4] юу дутвал эрээлэлгүй хэл гэсэн биш үү? Дуугүй л очоод нэхье

Хамар Лодоны энэ яваа насандаа дадамгайрч цагаарсан ажил гэвэл гагц л мод. Хар багаасаа өргөсөн эцэг модчин Лооройгоо дагаж, өнөөдөр энэ луугарын
[5]хасгийг[6] шааж товхиод[7] атга давс, ам даавуу олж, маргааш тэр айлын балбархай хаалгыг сэлбэж эвлүүлээд цагариг цус, цаасан гүзээ олж иддэг байжээ. Авдар шүүгээ, арал тэнхлэг аргацаах дэмтэй болоод ирэхэд Лоорой өвгөн Лодоныг хаяад хорвоо дуусчээ[8]. Хэдий эрийн цээнд хүрч, гал голомт залгасан ухаантай боловч ооль хөрөө, цүүц харуулыг гаргавал[9] Лоорой өвгөн тасархай бүрээс, хэмхгэр тооно ч үлдээж өгсөнгүй тул мөн л тэнүүл амьдралаа үргэлжлүүлж байсан. Гэдсэндээ зөвгүй[10] Лодон гэр төвхнөж, гэргий буулгах нь ёстой хоосон санаа биз ээ. Хавь төсөрт модчин гэвэл гагц Хамар Лодон болохдоо[11] мөрөө зүдүү бөглөж[12], чүү чамай амьдарч байжээ.

Улаагчин гахай жилийн хавар
[13], Хамар Лодон бүхэл шүүсний[14] ам ширээ[15] хийх албад баригдаад хошуу яаман дээр тэвэр бүдүүн агар[16] зүсч байтал “Өвөр монголын өөртөө засах орон мандаж, гэгээн туг нь хийсч байх” зүрх донсолгом чимээ уламжлагдан иржээ. Хошуу даяндаа, хэлбэл миний зориг хийсвэл тэнгэрийн зориг[17] гэж сэрхийж[18] явсан амбан ноёнтон өдөр шөнийн хооронд билгийн ухаан нь биеэсээ салж, занги залангаа цуглуулан хөл болоход Хамар Лодон харин үймээнийг завдан[19] шөнөөр арилжээ.

Яаман дээр хошуу ардын засаг байгуулагдав. Хамар Лодон харц айл, ядуу нүцгэн үндсэн малчин тул таван ханатай цоо шинэ гэр, тав арван мал идээтэй тэтгэмж олгоно гэж засгийн ордон тогтоожээ. Энэ чимээгээр Хамар Лодон ерөөс тавтир алдаж, оргоод гүйчихмээр санагдав. Хагас насыг тэнэж өнгөрөөн, санаагаараа савж, жолоогоороо гуядаад хангал задгай сурчихсан юм чинь гэдэс цадвал баян, хэсч тойрвол буян. Мал идээтэй ноцолдоно, гэр тэрэг додомдоно гээд хар яршиг, хайран биеэ аргамжлуулахаа больё хө гэж тэр боджээ.
Сумаас дарга кадр бөөнөөрөө ирж,
“Авахгүй яаж болох вэ. Засгийн ордон байгуулагдсан нь нийгэм журмын сайн сайхан эхэлж, ядуу нүцгэн, тэнүүл амьдрал буцалтгүй эцэслэсэн тэмдэг мөн. Сураа бүсэлж сурсан дуугаа дуулж, мохор замыг хөөгөөд байвал шинэ сайхан цагийнхаа нүүрийг гутаасан явдал шүү!” гэж олон бүгдээрээ зах захаас нь ятгаж гарахад Хамар Лодон дүлий годил юм шиг тоохгүй өнгөрөөнө.

Хамгийн сүүлд нь хошуу дарга биеэрээ хөдөлж, Хамар Лодонтой уулзаад, тэмдэглэлийн дэвтэр дээрээсээ нэг бадаг уншаад хэдэн үг хэлэв. Уг үгийг нь Хамар Лодон цээжлэх ой той үгүй. Юу ч гэсэн, ядуу нүцгэн хүн бол хоосон цагаан цаас л юм байна. Ийм цаас хамгийн шинэ, хамгийн сайхан зургийг хялбархан зурж болдог юм байна. Хөөе хө, шинээр шарсан
[20] амбан чинь над надаар нэг зургийн хөдхитэй[21] ноён байна шүү. Ийм баймгай[22] амбан зур гэж байгаа юм чинь дуугүй л зуръя. Хамар би ер нь тэр нэг зургийг горилоод удсан юмдаг. Үгүй ээ, тэгээд хаанаа зурдаг билээ? Алган дээрээ зураад болохгүй л дээ. Авдар байх хэрэгтэй. Авдар нь залан зангийнд л үзэгддэг тийм агар зандан байх ёстой. Авдрынхаа нүүр дээр эгээ л Жаахан сүмийн багана дээр ороолдсон шиг алтан луу тоглосон байх хэрэгтэй. Ийм сайхан авдраа үүрээд явж болно уу? Гэр байх хэрэгтэй. Гэр нь бас цоо шинэ, бөмбөгөр цагаан. За за, юмгүйгээс юмтай нь дээр. Юу өгвөл түүнийг нь авъя. Өгөх хүний өрц нь таталдахгүй байтал авах би алгаа тосохоос ширхийх юу байх вэ.

Хүн шиг амьдрах хүсэл чангарсанд хошуу дарга ч баярлаад:
- Лодон гуай! Юу дутвал эрээлэлгүй хэлж л бай! Ардын засаг ардаа дэмжинэ гэж энэрэнгүй мишээжээ. Ээ дээ, шинэ цагийн амбан гэж ч бурхан гэмээр юм байна гэж бодохтой зэрэг Хамар Лодон хошуу даргын өлмий доор сөгдөөд мөргөчихмөөр санагдана.

Хамар Лодон ингээд гэр малтай боллоо. Гагц алтан луу зурчихмаар авдар байхгүйдээ манчуурган хамар нь бас л цэнтийв. Энэ баахан мялзан годройгоор
[23] би юугаа хийх вэ? Тэгэхийн оронд нэг авдар ч өгөөсэй. Болохгүй нь юу буй?

Шинэ амбан юу дутвал эрээлэлгүй хэл гэсэн биш үү. Дуугүй л очоод нэхье. Гээд явахаар шийдсэн боловч хошуу яамны цэлийсэн том хаалгыг бодмогц хамаг бие нь арзасхийв. Бодож бодоод сурснаараа үүр арваныг
[24] эрж,
- Байдаг малыг чинь буцаая. Балбархай ч яах вэ, авдарнаасаа илүүчилж өгнө үү гэж гуншаад суулгахгүй болов.
- Хаана байсан тийм бэлэн авдар вэ? гэж Аравны даа
[25] уурлаж гарахад Хамар Лодоны манчуурган хамар нь зэс улаан болтлоо цэнтийгээд,
- Би тэгвэл дээд амбанд заргалдана гэж өвчүү дэлдэх шахжээ.
Чухам амбанаас айсандаа юу? Лодоныг хөөрхийлсөндөө юү? Үүр арванаас суманд мэдүүлж, сумнаас хошуунд мэдүүлжээ. Дэмий хэд хоносонгүй хоёр хэсэг сөөм зузаан агар хавтас Хамар Лодонгийн санаагаар хүрээд ирэв. Энэ нь түүний хошуу яамнаас оргож босохдоо дутуу зүсээд хаясан агар байсан тул Хамар Лодон хагартлаа баярласан нь гарцаагүй.
- Тэгэхээр бэлдэж байсан усны хасгийг чинь өгөхгүйд болно биз дээ?” Аравны даа санал асуухад Лодон,
- Дуртай дуртай! Аравны газраас
[26] усаа дамнаж идсэн ч амбан ноёндоо би гомдохгүй гэж гэнэ.
Өдөр шөнөгүй шуухинаж байгаад Хамар Лодон ханхгар бэхлэг зүйрэй
[27] авдар заадаслаж гаргажээ. Хавь төсөрт Хялар Дамбийгаас өөр зурагчин гэж байхгүй. Авдраа ширдэж, луу зуруулъя гэвэл түүнийг л залах хэрэгтэй. Гэтэл Хамар Лодоны хамаг бие дагжиж авав.
Уул нь ган жил Намжил залан буян үйлдэж, сүрэг адуугаар Нэртийн гэгээнд өглөг өргөөд Жаахан сүмийг бариулсан үеийн хэрэг билээ. Хамар Лодон нуруу амлах
[28] албаар барилгад оролцоод сүүл хураах[29] үеэр хийх ажилгүй ханцуй саждаг[30] болжээ. Нэг өдөр гиюүрч явсаар сүмийн улаан багана дээр алтан луу амилтал ороолдуулж байсан зурагчин өвгөн Хялар Дамбийтай тааралдав. Хөөрөг солилцон тамхи татаж суухдаа Хялар Дамбий, “Луу бол хурмастын төрөл” гэж мэрэглэн, “Луутай ханилбал өөдөлж, гуутай ханилбал булагдана” гэж биширч гайхтал нь айлджээ. Хамар Лодоны чих нь чагнаж байвч, нүд нь харин будгийн хайрцаг дахь алтан нунтаг дээр тогтоод хорхой нь хэцүү гуваганав[31]. Аяарлаж босохдоо Хялар Дамбийгийн баганатайгаа ноцолдох дашрамыг завдаж, алтан нунтгаас нь атга битүүлээд[32] хээ ч үгүй сажилж оджээ. Гэвч хожмын хожим энэ нь жинхэнэ алт биш гэдгийг наймаачнаас мэдэж, эзэнд нь буцаахыг бодсон боловч арай зориг хүрсэнгүй. Сонин жигтэй нь харин Хамар Лодон Хялар Дамбийн зурсантай эгээ адил алтан луутай зүүдээрээ хэд тааралдав. Тэгээд бэлгэ дэмбэрэл болох ч магад гэж бодоод олзолсон жаахан алтан будгаараа луу зуруулж авахыг санаархаад удсан байжээ.
Одоо ингэж сайн сайхан амьдрах болсон нь алтан луу зүүдэнд заяасны сайн биз. Хэрэв алтан лууг гэртээ тоглуулчихвал мөнхийн ерөөл тогтчих биш үү.
Хамар Лодон цулгай авдраа сахиад дэн дунтай хэд хонов. Хаашаа бодсон ч ханш нь нэг, шинэ нийгэмд муугаа тоочих нь яруу алдар аа. Ханын нүдэнд хавчуулсан цаасан боолтоо авч өвөрлөөд Хялар Дамбийг эрэн гэмшлээ тоочсонд алтан будаг чухагтаа болов уу, асвар
[33] Лодонгийн хөөрхийлөлтэйгөөс болов уу? Хялар Дамбий хид хид инээж, хамар тамхинаасаа хэд татуулсан бөгөөд хаа байсан газраас хайвагнан ирж, авдрыг нь юм болгож өгчээ.

Уураг шар дэвсгэр дээр алтан луу гал бөмбөгөөр тоглож, үүл угалз дөрвөн өнцөгт нь үзэмж бүрэлдүүлээд өнгө алагласан алхан хээ хөвөө дарна. Энэ нь Хамар Лодоны санаж хүссэнээс хол давж, урьд Намжил заланд ч ийм гойд сайхан авдар харагдаагүй тул хөл нь газар хүрэхгүй хөгсөж
[34], ам хамхилгүй шагшаад, хадаг самбайн дээр гүрэнд нэртэй “Ванхуа Лю” тамхи талбиж, Хялар Дамбийд талархаж бариад үдэж хүргэсэн нь гарцаагүй.

(Үргэлжилнэ)
[1] Сахил хүртэн үсээ хусуулсан эмэгтэйг хэлдэг. Чавганц гэхээр бид үсгүй, шүдгүй, эрүү өвдөг нь нийлсэн эмгэнийг дүрслэн боддог нь угтаа бол зүйд нийцэхгүй юм.
[2] Том модон бороохойг хэлдэг бололтой
[3] Цордойх, сартаганах зэргийг ингэж хэлдэг бололтой
[4] Манжийн амбан гэж бид хэрэглэдэг. Энэ өгүүллэгийн хүрээнд харахад манайхаар бол Засаг даргыг хэлээд байгаа бололтой.
[5] Би буруу уншив уу, ямар ч байсан мэдэхгүй үг байна. Бодвол лухгар баяны гэсэн утга байгаа юм болов уу.
[6] Хасаг тэрэг. Модон тэргийг хэлнэ.
[7] Оёж шидэх, засч янзлах гэсэн утгатай ажээ.
[8] Хорвоог орхижээ гэдгийг Өвөр монголд ингэж хэлдэг юм байна.
[9] Эс тооцвол гэсэн утгыг ийнхүү илэрхийлжээ.
[10] Гэдсээ тэжээж дийлэхгүй гэсэн утгатай
[11] Тулдаа л гэсэн утга агуулжээ
[12] Мөрөө бүрэх төдий хувцастай ядуу зүдүү гэсэн утгатай юм байна.
[13] 1947 он
[14] Хонины мах шүүс
[15] Дөрвөлжин ширээ
[16] Агар мод
[17] Дураар аашилж
[18] Сээхэлзэж явсан
[19] далимдуулан
[20] Ор залгасан, томилогдсон гэсэн утгатай юм байна.
[21] Ямар нэг юманд хэт дурлах, шунахыг хэлдэг ажээ.
[22] Хашир буурьтай
[23] Малаа хэлж байна. Мялзан гэж доголон гэсэн утгатай ажээ.
[24] Манайхаар бол багийн дарга бололтой
[25] Аравны дарга гэсэн утгатай
[26] Холоос гэсэн утгатай
[27] Хос гэсэн утгатай бололтой.
[28] Дуганы нуруу модыг амлуулж угсрах ажлыг хэлж байна.
[29] Төгсгөл үеэр
[30] Ханцуй хаялан дэмий сэлгүүцэхийг хэлж буй бололтой.
[31] Хорхой хөдлөхийг хэлж байна.
[32] Атга дүүрэн аваад
[33] Цайлган цагаан гэсэн утгатай ажээ.
[34] Хөөрч

Wednesday, November 08, 2006

Гурав тасарсан Монгол

Хорьдугаар зуунд Монголчууд гурав тасарчээ. Нэг хэсэг нь Оросын харьяанд буй буриад зон, нөгөө хэсэг нь Монгол улсад суугаа монголчууд, үлдсэн хэсэг нь Хятадын захиргаанд байгаа өвөр монголчууд. Америкын алдарт монголч эрдэмтэн Рупены аль тэртээ 1964 онд туурвисан “20 дугаар зууны Монголчууд” хэмээх алдарт бүтээл ингэж эхэлдэг. Одоо энэ ном миний гар дор байхгүй буй тул яг үг үсгийн дарааллаар нэхэн санах боломжгүй байна. Гэхдээ ерөнхий утга санаа нь иймэрхүү зүйл байсан юм.

Монгол үндэстэн хил хязгаарын хувьд гурав тасраад зогсохгүй оюун соёлын өвийн хувьд ч өөр хоорондоо нэвтрэлцэхэд бэрхтэй хана босгожээ. Өөрөөр хэлбэл, хорьдугаар зууны сүүл хагасаас эрчимтэй холдож эхэлсэн хэл болон бичгийн ялгааг энд цохлон дурдмаар байгаа юм. Хэлний тухайд өнөөдөр Монгол улсад халх, Өвөр монголд цахар аялгуугаар ярилцах тул өөр хоорондоо нэвтрэлцэх төдийгүй муугүй ойлголцох боломжтой. Харин буриадуудтай оросоор ярихаас өөр аргагүй болсон бололтой. Буриад хэлээрээ ахмад настайчуул ярих төдий бөгөөд залуус нь зөвхөн оросоор л ярьдаг. Хэлний хувьд ч орос хэлний нөлөө нэвт шингэж, ихээхэн оросжсон гэдэг. Буриадад жирэмсэн эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх газрыг “Хээлтэй эмд совет өгөх дом” гэж нэрлэдэг тухай явган яриа явдаг. Энэ ч ортой байх. Тэр байтугай, Буриадын автономит улсыг тарааж, Эрхүүгийн тойрогт нэгтгэх тухай энэ онд явуулсан санал асуулгаар хүн амын ихэнх нь Оросын гэр бүлд нэгдэхийг дэмжсэн гэж байгаа.

Харин Өвөр монголын цахар аялгууг бид түвэггүй ойлгодог. Үүний нэг жишээ нь, ӨМ-ын “Одон” телевиз. Харин уг телевизийн нэвтрүүлгийн дараа экран дээр урсах босоо бичгээ хараад уншиж ойлгодог хүн эдүгээ манайд тийм ч олон бус. Оюуны өв гэдэг бичиг үсгэндээ хадгалагдаж явдаг. Тэгэхээр 1945 оноос хойш 60 жилд бий болгосон Монгол улс дахь крилл үсгийн оюуны өвтэй Өвөр монголчууд болон буриадууд танилцах боломжоор хомс байсан нь ойлгомжтой. Гурван монголын хооронд хил хязгаар оршин тогтнохоос гадна Өвөр монголчууд хэл адил ч бичиг ондоо, буриадууд бичиг адил ч хэл ондоо байхын зовлонг амсч иржээ. Өөрөөр хэлбэл, оюуны өвийн том ангал үүсч орхисон байна. Энэ нь өвөр зуураа оюуны солилцоо, харилцаагаа хөгжүүлэх сонирхол, бодлого дутаж ирсний л харгай. ӨМӨЗО-ны тэргүүн гэж ямар хүн байдаг, эндхийн Коммунист намын хорооны кадрын хэдэн хувь нь хятад үндэстэн, ямар зохион байгуулалттай байдаг, өнөөдөр ӨМ-ын улс төрийн амьдрал ямар байна гэдэг бидний хувьд бөөн оньсого. Буриадуудын тухайд ч мөн л адил. Тэгэхээр Монгол улсын талаар ӨМ-чууд болон Буриадууд тодорхой нарийн ойлголттой явж байгаа гэдэгт би эргэлзэж байна.

Монголд өнөөдөр телевиз сонин олон гардаг болжээ. Эдгээр нь гадаад мэдээ гэхээрээ СNN-ий мэдээг орчуулчхаад Израйль, Ливан, Иракын асуудлыг яриад байхаас бидэнд ойр хилийн цаахнатай байгаа хоёр Монголынхоо тухай ганц үг ч ган хийхгүй дээ. Үл тоомсорлож байгаа юм байлгүй. Тэр байтугай Улаанбаатар хотод 2004 оны 7 сард болсон их үерийн яг ид үеэр Монгол телевиз шуурхай мэдээ цацах нь байтугай, хаана болоод байгаа нь мэдэгдэхгүй хөгийн концерт нэвтрүүлж байсныг санаж байна. Мөн үерийн үеэр нас барсан хүмүүсийн тухай мэдээ цацахаас өмнө Израйльд болсон террор халдлагын тухай нэвтрүүлж дургүй хүргэж байх жишээтэй. 2005 оны 9 сард Хятадууд Монголын хилийн ойролцоо маш том хуурай замын хээрийн сургууль хийв. Газрын зураг дээр харахад Шилийн гол аймагт, яг тэгэхдээ Сүхбаатар аймгийн чанх урд талд уг хээрийн сургууль болсон байлаа. Хэрэв би андуураагүй бол энэ талаар манай мэдээллийнхэн бас л таг дуугүй өнгөрсөн. Ямар ч тоймч энэ талаар нийтлэл бичээгүй. Нөгөө аанай л ярьдаг Израйль, Ливан, Иракаа яриад өнгөрсөн байх. Бид хэдий болтол гадаад мэдээг орчуулах төдийгөөр үзэгчдээ хуурч, өөрийн толгойгүй юм шиг аашилж ирэх вэ дээ. Монгол улсын хувьд амин чухал ач холбогдолтой гадаад мэдээг түрүүлэн цацаж, өөрсдөө дүн шинжилгээ өгдөг мэдээллийн систем дутагдсаар ирсэн.Одоо ч дутагдаж байна. Ингэж чадаагүй нь, хорьдугаар зууны олон улсын нөхцөл байдлын золиос болон гурав тасарсан Монголчуудын хэл соёлын хувьд ч холдон хөндийрсний нэг шалтгаан болов уу.

Монгол улс бол монгол үндэстний гал голомтыг хамгаалан үлдсэн цорын ганц тусгаар улс гэдгийг бид байнга ухамсарлах ёстой. Энэ утгаараа Монгол үндэстний соёл, оюуны өвийн төв (Hub) байх хэрэгтэй. Онходын Жамъян үхэр тэрэг хөллөн Монгол үндэстний нутгаар ар өвөргүй явж олон судар ном цуглуулан, Судар бичгийн хүрээлэнг байгуулжээ. Энэ Судар бичгийн хүрээлэнд Жамсраны Цэвээн тэргүүтэй Буриадын орчин үеийн боловсролтой сэхээтнүүдээс авахуулаад Өвөр Монголын мэргэд ч ирж, шинэ цагийн Монголын боловсролыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн түүхтэй.

Монголчууд бид хил хязгаараар хэдий тусгаарлагдсан ч оюуны өвөө чөлөөтэй солилцдог болохсон. Интернет, ном хэвлэлийн хөгжил энэ боломжийг улам өргөтгөж байгаа юм. Real ертөнцөд нэгдэж болдоггүй юм бол Интернэт ертөнцөд яагаад нэгдмэл цул байж болдоггүй юм. ХХ зуунд Монголчууд гурав таслагдсан ч оюуны өвөө өөрсдөө гурав таслаад байгаагийн учир юунд оршино вэ?

Saturday, November 04, 2006

Блогд шингээсэн цэнэг

Ойрдоо блогоороо шагайлгүй завгүй харайлгасаар хагас сар болчихжээ. Эзэнгүй ханхай байсан гэр цаанаа л нэг навтайгаад шороо тоосонд дарагдан хүйт оргиод байдаг. Энэ блог маань ч нэг тийм аястай харагдаад байна шүү. Жаал түлээ жирэглээд зуухандаа үгийн гал түлье дээ. Яндангаар гарах утааг минь хараад замын улсууд буудаллаад явах биз.

Завгүй харайлгав гэж учирлал биччихээд жаал өөрийгөө зэмлэв. Завгүй гэдэг үгээс аль болох зайлсхийх хэрэгтэй гэж
Зоригт блог дээрээ дурдсан байна. Ортой үг дээ. Цагийг би өөрөө бүтээж байгаа гээд бодоод үзэхээр зав гэдэг хаа нэгтээ байж л байдаг. Асуудлыг авч үзэх харааны өнцгөөс аливаа зүйл шалтгаалдаг гэдэг чинь энэ. Нэг ижил ажлыг зарим нь төвөгтэй болгон хүлээн авч байхад зарим нь тун энгийн оновчтой байдлаар шийдвэрлэчихдэг. Тэгэхээр тухайн ажлыг чухам ямар харааны өнцгөөс харж байна вэ гэдэг нь тухайн ажлын хувь заяаг тодорхойлж байдаг аж. Харин бидний харааны өнцгийг “дотор хүн” болох сэтгэл зүрх маань тодорхойлдог. Аливаад хиргүй тунгалаг зүрх сэтгэлээр хандаж явбал амжилтад хүрдэг тухай хэд хоногийн өмнө Монголд хэвлэгдэн гарсан “Амжилтад хүрэх гал эрмэлзэл” хэмээх орчуулгын бүтээлд дурдсан байгаа. Энэ номыг уншигч та заавал авч уншаарай. Удахгүй интернет дээр худалдаалж эхлэх болно.

За ингээд үгээр жирэглэсэн түлээ маань зуухандаа ноцож, гэрийн жавар ч гэсэн арилж эхлэх шиг боллоо. Блог бичиж, бие биедээ хүч, урам, цэнэг өгч, итгэлийн галыг бадраахаар мэрийж явъя даа. Энэ тухай Тулгатын
“Гэрэл, харанхуй” гэдэг бичлэгт тодорхой бичсэн байна. Уншигч та эндээс мордохоороо Тулгатынхаар нэг ороод цай уучхаад гараарай.
Урам өгье гэснээс Монгол хэлэнд хүний урам унтраах, зориг мохоох зүйр цэцэн үг олон байна шүү. Санаанд орсноороо хэдийг дурдаад зуухаа хаая. Гэхдээ доорх зүйр үгэнд хянуур болгоомжтой байх, төлөв даруулгатай байх, хөөрүү сагсууг цээрлэх гэх мэт ёс суртахууны үнэлэмжийг эрхэмлэхийг сургасан утга давхар агуулагдаж буйг үгүйсгэх гээгүй юм шүү. Зүгээр л, харааны нөгөө өнцгөөс авч үзсэн ухаантай юм.

Төрийн төлөө оготно боож үхэв
Будаач будаач гэхээр сахлаа будав
Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө
Саваагүй нохой саранд хуцна
Ямаа тонгочоод янгиа эвдэхгүй
Эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй
Муу эр дайнд хөөрүү
Дайны хажуугаар дажин гэгчээр...
Муу эрийн дуу чанга

Tuesday, October 17, 2006

Тогтолцооны тухай бодлоо дурдахад

Монголын улс төр дүн өвлийн өмнө бужигнаад эхлэв. Өнгөрсөн 13-ны баасан гаригт УИХ-ын 24 /Ардын эрх сонин дээр гэхэд 16-ны дугаарт 24 гээд, маргаашийн дугаарт нь 23 гэчихсэн байх юм/ гишүүний нэр бүхий Засгийн газрыг огцруулах тухай бичиг өргөн баригдсанаас хойш юм юм л эхэлж буй бололтой. Ерөнхий сайд Энхболд даруй няцаалт өгч, ил захидал маягийн юм бичжээ. Ерөнхий утгыг нь 10 cарын 16-ны Ардын эрх сонин дээр М.Жаргал гэдэг сэтгүүлч тоймлон бичсэн байна. /http://www.sonin.mn/?p=2496/ Няцаалтад дурдсан дараах үгс их анхаарал татсан тул уншигч танд ахин танилцуулах гэсэн юм.
“УИХ-ын гишүүн Л.Гансүх нарын нэр бүхий гишүүдийн Засгийн газрыг огцруулах тухай бичгийг улс төрийн зорилготой, төрийн албыг бүх шатанд цалгардуулан, төр болон олон түмний хоорондын итгэлцлийг алдагдуулах хортой явуулга хэмээн дүгнэсэн байна. Тиймээс төрийн бүх шатны албан хаагчид сонор сэрэмжтэй байж, улс төрийн хийрхлээс зайлсхийн олон түмэнтэй ажиллах ажиллагаагаа улам бүр үр дүнтэй болгохыг Засгийн газрынхаа өмнөөс Ерөнхий сайд уриалжээ”

Налуугаар тэмдэглэсэн үгсийг анхааран харна уу. “Хортой явуулга”, “Төрийн бүх шатны албан хаагчид сонор сэрэмжтэй байж”, “Олон түмэнтэй ажиллах ажиллагаагаа...” Яг л 1930-аад оны үеийн хэлмэгдлийн үед хэрэглэгддэг байсан “ангийн дайсан”, “Японы тагнуул”, “суртал ухуулга” гэх мэт үгтэй нэг л төстэй сонсогдоод явчихлаа. За энэ ч яахав. Үгнээс өлгөөд дайрчихдаг улс төрчдийн хувьд бол их л сайхан зууш байна.
“Хортой явуулга гэж юуг хэлээд байгаа юм. Бид Үндсэн хуульд олгосон эрхийн дагуу Засгийн газрыг огцруулах саналыг хуулийн хүрээнд тавьж байна. Үүнийг хортой явуулга гэж хэлээд байгаа юм уу?” гэх мэтээр дайралтад өртөхөөр үг их харагдаад байгаа юм л даа.

Мөн 10 сарын 17-ны Ардын эрх сонин дээр З.Маараг гэдэг хүний бичсэн мэдээнээс харахад /
http://www.sonin.mn/?p=2529/ “МАХН-ын Удирдах зөвлөл Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ” гэж бичжээ. Засгийн газрыг огцруулах үндэслэлийг хуулинд хэрхэн заасныг баринтаг задлан үзвэл дараах үндэслэлүүд байх юм. Үндсэн хуулийн 43 дугаар зүйлд,
1. Огцрох тухайгаа Ерөнхий сайд УИХ-д өргөн мэдүүлэх,
2. Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол,
3. УИХ-ын эсхүл Ерөнхийлөгчийн санаачилснаар УИХ шийдвэрлэх
4. УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах хүсэлтийг албан ёсоор тавибал УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ гэжээ.
Тэгэхээр мэдээнд дурдсан шиг Засгийн газрыг огцуулах эсэх асуудлыг МАХН хэлэлцэх нь хуулинд заагаагүй хууль бус үйлдэл болж таарлаа. Засгийн газрын тухай хуулийн 28 дугаар зүйлд болохоор Засгийн газар нь өөрийн бүрэн эрхэд хамаарах аливаа асуудлаар УИХ-д суудал бүхий намын дээд төв байгууллагатай шууд харилцана гэж заасан болохоос аливаа нэг нам дээр ярилцаж байгаад Засгийн газрыг огцруулах эс огцруулах тухай эрхийг олгоогүй ажээ.

Хуулийн заалт болон өдөр тутмын амьдрал хооронд байнгын орон зай байдаг. Зан заншлын хүрээ хийгээд шүүхийн тайлбар энэ орон зайд гүүр болдог ажээ. Тэгэхээр,
УИХ-ын гишүүн,
Засгийн газрын гишүүн,
Эрх баригч нам гэсэн гурван ойлголтын талаар жаахан тунгаацгаая. Олонхи хүн энэ гурван институцыг салган ойлгох гээд байдаг. Гэтэл М.Энхболд бол УИХ-ын гишүүн агаад Засгийн газрыг толгойлсон Ерөнхий сайд, түүний зэрэгцээ МАХН-ын дарга. Эндээс л засаглалын тухай сайтар тунгаан бодох шаардлага урган гарч байгаа юм.

АНУ-д Засгийн газрын гишүүд болон Парламентын гишүүнийг заагладаг. Өөрөөр хэлбэл, парламентын гишүүн хүн Засгийн газрын гишүүний үүргийг давхар гүйцэтгэхийг үл зөвшөөрнө. Монгол улс энэ тогтолцоог 1992 оны Үндсэн хуулиндаа зоож өгсөн боловч, 90-ээд оны сүүлчээр ҮХ-д өөрчлөлт оруулан энэ заалтыг өөрчилж орхисон. Түүнээс хойш Засгийн газрын танхимыг УИХ дотроос болон гаднаас холимог байдлаар бүрдүүлж ирсэн байдаг.

Харин Англи болон Японд Засгийн газрын танхимын гишүүд заавал Парламентын гишүүд байх ёстой. Энэ орнуудад намын дарга нь Ерөнхий сайд болдог зан заншил үйлчилж байдаг. Монгол улс тэгэхээр Америк маягийн тогтолцооноос салж, Англи Япон маягийн парламентын засаглал уруу ойртсон гэсэн үг. Японд энэ систем сүүлийн 60 жилд үйлчилж ирсэн боловч, нэг нам төрийн эрхэнд дэндүү удаан байсан болохоор /дунд нь 2 жил завсарласныг эс тооцвол бараг 60 жил/ нам доторх “том толгойтой” фракцууд бэхжиж, эдгээр нөхдүүд хөшигний цаана хор найруулан, Ерөнхий сайдыг томилж, солин, гарын дор байлгаж ирснээс эрх мэдлийн хоосон орон зай үүсдэг сөрөг тал гарсныг олон судлаач нар ажиглаж, шүүмжилсэн байдаг. Парламентын засаглал үйлчилж буй нөхцөлд сонгуулиар сонгогчдын олонхийн саналыг авсан Эрх баригч намын бодлогыг /сонгуулийн мөрийн хөтөлбөр, амлалтууд/ Намын дарга нь Ерөнхий сайд болж аваад хэрэгжүүлж эхлэнэ. Тэгэхдээ бас УИХ-ын нэг гишүүний хувьд тэдний байнгын хяналтад байна гэсэн үг. Нэлээд сайн бодсон шилдэг системийн л нэг.

УИХ болоод намынхаа дэмжлэгээ олохоо байсан Ерөнхий сайд ангалын ирмэгт ирлээ л гэсэн үг. Засгийн газрыг огцруулах эсэхийг хууль эрх зүйн хувьд улс төрийн нам шийдэх эрхгүй боловч эцсийн дүндээ нам доторх шийдвэр, яриа хэлцэл УИХ-ын гаргах шийдвэрийн үндсэн хүчин зүйл болдог нь яахын аргагүй үнэн юм. Энэ нь жижиг тойрогтой мажоритар сонгуулийн тогтолцоонд намаас нэр дэвшин, сонгуульд өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүд намын шийдвэрийг дагаж, түүний нэг эд эс болж явдагтай гүнзгий холбоотой ажээ. Ингэсгээд өндөрлөе. Яриа бүр тэнэж эхлэв.

Sunday, October 15, 2006

"Жаксоны ардчилал" манайд туйлширсаар

Ардын эрх сонины 10 сарын 9-ны дугаарт аймаар мэдээ нийтлэгджээ. Байгаль орчны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Энхээ гэдэг нөхөр тус яамны төслийн ажилтан Пүрэвдоржийг зэрлэг танхайгаар зодож хүнд гэмтэл учруулан, чихийг нь тас хазсан тухай мэдээ юм. http://www.sonin.mn/?p=2209 .Байгаль орчны яамны хэлтсийн дарга яг л вампир шиг харагдаж байсан гэнэ гэж сэтгүүлч дүрсэлжээ.

Зэрлэг халдлагад өртсөн Пүрэвдоржийг би таних юм. Байгаль орчны яаманд цуг ажиллаж байсан нөхрийн хувьд ажлын их чадвартай, үг дуу цөөтэй, нуруутай залуу гэж би дотроо их хүндэлдэг юм. Миний сурч буй Киото хотод байгаль орчны бохирдлын асуудлаар болсон хуралд оролцохоор сая энэ 9 сард ирэхэд нь очиж уулзан, Монголын ойрын сонин сайхныг яриулан хамт хөөрөлдөж суусан билээ. Найз маань, Засаг халагдаж, сайд солигдсоноос хойш олон албан хаагч ажлын байраасаа хөндийрснийг харуусахын сацуу, байгаль орчны салбарт зүтгэхийн үнэ цэнэ, сайхан талыг хуваалцан ярьж, энэ салбарт хүн “дурлачихдаг” юм байна гэж өгүүлж суусансан. Саяхан л ийнхүү хөөрөлдөж суусан нөхөр маань Байгаль орчны яамныхаа хэлтсийн даргын гарт ийнхүү зэрэмдэглэгдэх гэж. Харамсмаар, бас энэ хэлтсийн дарга шиг тохиолдлын шинжтэй нөхөд төрийн албаны удирдлагад ордог болчихсон өнөөгийн улс төр, төрийн албаны тогтолцоог зүхмээр.

Сэтэртэй мөнгөтэй нь ёс суртахуун хийгээд хуулийн хариуцлагаас мултарсаар ирсний харгай Монголын нийгэмд улам л газар авч байна. Аль тэртээ 19 дүгээр зууны Америкт ноёлж байсан “Жаксоны ардчилал” буюу улс төрчид төрийн албан хаагчдыг ангуучилдаг тогтолцоо Монголын төрийн албанд нүүрлэсний гайг бид ийнхүү их ойроос мэдрэх боллоо. Сонгуульд оруулсан хувь нэмрээр нь хүнийг үнэлж, албан тушаалаар шагнадаг энэ тогтолцоо 1880-аад онд Америкт амьсгал хурааснаас хойш Монголд ийнхүү вампир шиг амилж босч ирдэг байж дээ.

Анд минь, хурдан эдгээрэй. Хамтдаа зүтгэе.

Monday, October 09, 2006

Цуутын цагаагч гvv

Ардын үлгэрийн тухай бодолд ахиад ээрэгдэв. Багадаа эмээгийнхээ үдэш ярьж өгдөг үлгэрийг сонсч байсан болоод ч тэр үү, үлгэрийн тухай одоо ч бодоод байдаг юм. Сүүлийн үед хүүдээ сонсгож байгаа үлгэр бол Цуутын цагаагч гүү. Энэ үлгэрт би их дуртай. Зохиомж нь онцгой. Нэрнээс нь эхлээд харъя. Үлгэрийн нэр нь цуутай цагаан /бор/ гүү гэсэн үг л дээ. Монгол хэлэнд тэмдэг нэр эр эм хүйсээр хувирдаг уламжлал байсан гэдэг. Эдүгээ ч монгол хэлнээ энэ нь илэрдэг. Арван хоёр жилийг тоолохдоо эр эм жилээр нь ялгаад улаан бар, улаагчин туулай гэх мэтээр тэмдэг нэрийг хувиргана. Тэгэхээр цагаан гүү гэлгүй цагаагчин гүү гэж хувирч байсан гэсэн үг. Гэтэл үлгэрийн маань нэр Цагаагч гүү гээд байдаг. Аягүй бол “цагаач” гэдэг үгтэй зориуд ойртуулж Цагаагч гүү болгосон байж болох.

Үлгэрийн агуулгыг товчлон өгүүлбээс, хэсэг адуу их ган нүүрлэсэн буйд газраас нутаг сэлгэн нүүж, өвсний соргог алс бэлчээрт очих боловч болгоомж алдан галууны өндгийг няц дэвсэлж орхино. Үрээ алдсан шувууд адуун сүрэг үрүү цэрэглэн дайрна. Энэ тулалдаанд Цуутын цагаагч гүү Цолмон цоохор унагаа өмгөөлөн тулалдсаар амь үрэгдэнэ. “Амийг амиар”, үрээ алдсан бол эхийг нь алж, амьдын хагацлын зовлонг адил амсуулна гэсэн хорвоогийн гашуун агаад ширүүн ёсыг адуу шувууны амь эрсдсэн тулалдаанаар үлгэр бидэнд өгүүлнэ. Балчир унага амин газраа шарх авсан эхээсээ хагацан салахаа үл ойлгон элдвийг шалгаан асуусаар байдаг. Ээж нь үхлийн мөч хүртэл амин шархны учрыг хүүдээ эс хэлсээр, нутгийн захад хүрээд ухаант захиас үгээ үлдээн хорвоог орхидог.

Энэ үлгэрийг ертөнцийн өнцөг булан бүрт байгаа монгол хүүхэд бүр сайтар сонсоосой. Монгол ахуй заншил хийгээд хорвоогийн хатуу ёс, энэрэх сэтгэлийн чухлыг бидэнд учирлана. Эхээс нь хүүг, хүүгээс нь эхийг нь салгахын элэг эмтрэм эмгэнэл, өшөө хорслын хоосон чанарыг бас давхар сэнхрүүлнэ.

Балчир хүү маань сүрэглэсэн шувуу харахаараа шувууны цэрэг гэж боддог болсон бололтой юм. Гадаа явж байгаад баахан шувуу харвал гэр үрүүгээ гүйнэ. Яах гэсэн юм гэхээр ээжийгээ хамгаална гэнэ. Хүү маань гэхдээ лав л шувууны өндөг хагалж болохгүй гэж ярьдаг болсон байна лээ.

Saturday, October 07, 2006

Блогоо ухаж сурах шинжтэй

Блог бичиж эхэлснээс хойш хагас оныг үджээ. Ганц мэддэг, мэддэг ч гэж дээ Word программыг арай ухаалаг бичгийн машины хэмжээнд ашигладаг гэх үү дээ, текстээ шивэн хуулж аваад, блогын нүүрэн дээр наадаг байлаа. Блогын анхны тэмплэйт нь бэлэн байгаа болохоор хүн харахад тийм ч муугүй эх бэлэн болно.

Гэтэл блог бичдэг бусад нөхдийн блогийг харахад үсэрч орох линкүүдтэй , зураг хөрөг, дуу хөгжим, видео, тоолууртай гээд л зүйрлэвэл супер тэрэг шиг л намбайгаад л, интернет ертөнц дотор хурдлан давхисаар байлаа. Гэтэл миний блог анх нээсэн 3 дугаар сард газар хагалдаг хуучин улаан трактор байсан яг л тэр хэвээрээ байв. Бахь байдгаараа, хагас оныг өнгөрөөжээ.
Харин өнөөдөр сайн андын тусламжтайгаар блог дотор линк байрлуулж сурлаа. Орох дуртай блог гэдэг гарчгийн дор байгаа линкүүд уруу уншигч та зочилж үзээрэй. Ийнхүү энэ блог гадагш урсгалгүй нуур шиг бөглүү нэгэн байхаа болив. Гадагшаа хүссэн зүгтээ урсч, уншигч таныг интернетийн далайд арал барин бүтээн байгуулалт босгож буй БЛОГ АНДУУДАД хүргэх хөлөг онгоцтой боллоо. Линктэй болоход блог дотроо байгаа тэмплэйтээ ухаад байхад болдог л юм байна. Тэмлэйтийн side bar гэсэн хэсэгт нь л тавих гээд байгаа линкээ хуулаад оруулчихад хангалттай.
Цаг гарган блогоо ухах аргыг зааж өгсөн анддаа баярлалаа.

Saturday, September 30, 2006

Хэвлэгдэх гэж байгаа ном

Кино ярья гэдэг шиг Монголд удахгүй хэвлэгдэн гарах гэж байгаа номын тухай уншигч танд дуулгая.

ЭМОС клуб (http://www.emongol.net/emos/) –ээс Инамори Казүо (Японд төдийгүй дэлхийд нэртэй Киосэра группыг үндэслэн байгуулсан хүн) - гийн “Амжилтад хүрэх гал эрмэлзэл PASSION” номыг монгол хэлнээ орчуулан энэ 10 сард хэвлэн гаргах гэж байна. Тус клубын гишүүн арван залуу гар нийлэн орчуулсан уг бүтээл удахгүй Монгол уншигчдынхаа гарт очих нь. Энэ арвын нэг нь үүнийг бичигч би вээр тул блогоороо дамжуулан удахгүй гарах гэж буй номоо сурталчилж буй ухаантай гэх үү дээ.
Англи хэлний “Passion” гэдэг үг нь Profit /Ашиг/, Ambition /Амбиц/, Sincerity /Үнэнч зан/, Strength /Жинхэнэ хүч/, Innovation/Инноваци/ Optimisim /Өөдрөг үзэл/, Never Give Up /Хэзээ ч бууж өгөхгүй/ гэсэн үгийн эхний үсгүүдийг илэрхийлж байгаа юм. Хүн ажил амьдралдаа энэ долоон зарчмыг баримтлан явбал мөрөөдлөө биелүүлж, утга төгөлдөр амьдарч болохыг уг номонд тодорхой дурджээ. Түүний дээр, өнөөгийн Монголд үгүйлэгдээд буй зөв үзэл хандлага, ёс суртахуунлаг байдал, гал эрмэлзэл, хамгийн гол нь хүний хувьд ноён нуруутай байхын чухлыг энэ ном сануулж байгаа юм.
Бид дээрх Passion хэмээх түлхүүр үгийг “Гал эрмэлзэл” гэж монголчилсон юм. Гал цог, бадрангуй байдал, эрч хүч, зарим тохиолдолд шунал тачаал гэсэн утгыг агуулсан энэ үгийг Оросын түүхч Гумилев түүхийг үзэх философийнхоо үндсэн ойлголт болгосон байдаг. Гумилев Монголын тал нутагт хүчирхэг гүрэн байгуулагдсан нууцыг “Пассионарность” хэмээх ухагдахуун ашиглан тайлбарлах гэж оролдсоныг энд дурдалтай. Өөрөөр хэлбэл, 13 дугаар зууны Монголд “Пассионарность” хуримтлагдан зангирч, цээжинд нь гал цог, гал эрмэлзэл шатсан талын баатар эрс[1] олноор төрөн гарсантай холбоотой гэж энэ судлаач бичсэн байдаг. Тэгэхээр гал эрмэлзэл буюу пассион хэмээх үг нь манайханд хэдийнээ танил болсон үг болж таарлаа. Бидний өвөг дээдэс хэдэн зууны тэртээ чухамхүү энэ гал эрмэлзлийн эзэд байж их гүрэн байгуулжээ. "Нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой хөвүүн" гэж зүгээр ч нэг зүйрлээгүй нь лавтай.
Уг номын хавтасны дизайныг эдүгээ яг хэлэлцэж буй бөгөөд уншигч та Тулгатын блог http://togi3togi.blogspot.com/ -т товшин ороод таалагдсан загвараа сонгон саналаа өгөх боломжтой байгааг дуулгая. “Амжилтад хүрэх гал эрмэлзэл PASSION”-ыг та ер нь гарын дор байнга байлгаж, зөвлөгч нөхрөө болгоорой гэж хүсье.
Номын буян арвижих болтугай.
[1] Пассионтой хүмүүс буюу тухайн үеийн монгол орчуулгад “Урт дурын хүмүүс” гэж оноосон байдаг санагдана

Monday, September 18, 2006

НVБ-ын шинэчлэл Монголын хамаарал

9 дүгээр сарын 18-ны Ардын эрх сонин дээр С.Мөнх гэдэг хүн товчхон мэдээ бичжээ. Угаас товч мэдээг ахин хураангуйлбал “Ерөнхий сайд М.Энхболд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 61 дүгээр чуулганд оролцож үг хэлэхээр өчигдөр Нью-Йоркийг зорилоо... Тэр “Хөгжлийн төлөөх түншлэл” сэдвээр илтгэхээр зэхжээ. НҮБ-ын шинэчлэлийн асуудал, Засгийн газрын байр суурь, нийгмийн хөгжлийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг нь Ерөнхий сайдын илтгэлд багтсан байна... АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буштай ганцаарчилсан уулзалт хийх төлөвлөгөөтэй гэнэ”гэжээ. http://www.sonin.mn/?p=1536

Энд Засгийн газрын ямар асуудалд хандсан байр суурийн асуудлыг хөндөв өө? Өгүүлбэрийг хураангуйлаагүй ч нэг л ойлгомжгүй. Бодвол НҮБ-ын ЕНБД-ын сонгуульд нэр дэвшигчийн талаарх байр суурь юм болов уу. Энэ удаа Азиас хүн гаргачих санаатай Солонгос, Тайланд зэрэг орнууд нэлээд хүчтэй лобби хийгээд гүйгээд байгаа сураг дуулдаж буй. Тайландын Гадаад хэргийн сайд нь Монголд айлчилж ирээд манай хүнийг дэмжээрэй гэж шууд хэлсэн гээд байгаа. Элбэгдоржийн нэр хүртэл яригдлаа гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээ чих дэлссэн. Нэр дэвшүүлсэн гээд байгаа сайт уруу нь орж үзэхэд манайхны хэлдгээр хулхидуу маягийн юм байх шиг байсан. Энд Монгол хүн нэр дэвшсэн гэсэн яриаг шүүмжлэх гэсэндээ бус Элбэгдорж өөрөө иймэрхүү ярианд албан ёсны тайлбар хийх хэрэгтэй гэж бодож буй тул энд дурдав.


НҮБ-ын шинэчлэл гэж юуг хэлээд байна вэ? НҮБ-ын үйл ажиллагааг оновчтой болгох энэ тэр гээд олон зүйл яригдаж байгаа биз. Гэхдээ энд би ганц л асуудлыг онцолмоор байна. Юу вэ гэвэл, угаас НҮБ гэдэг байгууллага Дэлхий 2-р дайны дараа байгуулагдахдаа ялагч талын холбоотон улсуудын санаачилгаар байгуулагдсан гэдгийг энд сануулах гэсэн юм. Өөрөөр хэлбэл, НҮБ нь Америк, Англи, Франц, эдүгээгийн Орос, Хятад гэсэн таван том гүрэн дэлхийд энхтайвны дэглэм тогтоодог нэг институци гэж хэлж болох юм. Ялагдагч Герман, Япон, Итали зэрэг улсууд хэдийгээр эдийн засгийн том гүрнүүд болсон ч дэлхийн аюулгүй байдлын бодлогод шууд оролцох боломж нь хаалттай хэвээр байгаа юм. Дайн дууссанаас хойш 60 жилийн хугацаанд энэ систем НҮБ-д үйлчилж иржээ. НҮБ-ын Аюулгүй байдлын байнгын хороон дээр дурдсан ялагч таван гишүүн улс дэлхийд байнга л дүрэлзэж байдаг халуун цэгүүдийн хаана нь цэрэг илгээхийг ярилцаж консенсусаар шийддэг гэсэн үг. Зүйрлэвэл, гэрийн хойморт таван нөхөр суучхаад дэлхийн хэмжээн дэх цэргийн хүч хэрэглэх бодлогыг яриад суучихна. Харин Япон, Герман зэрэг улсууд гадаа суугаад гарах шийдвэрийг хүлээж байдаг ажээ. 60 жил болоод байхад бахь байдгаараа байхаар энэ хоёр гүрэн мэдээж хоймор уруу зүтгэх нь мэдээж. Үүнийг л “НҮБ-ын шинэчлэл” гэж нэрлээд байна гэж ойлгож байгаа юм. Өнгөрсөн жил энэ асуудал баахан яригдаж, Америк Англи зэрэг улсууд анхандаа Японыг Аюулгүйн байнгын хороонд оруулахад нааштай хандаж байснаа адагт нь сүүлээ шарвасан байдаг. Барьцах үзэгдэл гэдэг юм уу даа. Герман Япон хоёр гэрийн хойморт зүтгэхээр бусад нь яаж зүгээр байх вэ, Бразили, Энэтхэг зэрэг орнууд чаргууцалдаад, сүүлд нь Африкын орнууд төлөөллөө оруулна энэ тэр гээд алиагаа алдаж байгаа юм. Ер нь НҮБ дээр нэг улс нэг санал гэдэг зарчим барьдаг тул жижиг Nation state-үүд саналаа үнэтэйхэн борлуулах гэж зүтгэдгийн нэг илрэл гэх үү дээ. Африкын орнууд “НҮБ-ын шинэчлэл” хэмээн томъёологдсон Японы дипломат бодлогоор далимдуулан авдаг тусламж дэмжлэгээ нэмэгдүүлэхийг чармайж, зарим нэг төсөл амлуулж, тусламжаа хүртэл подхийтэл нь өсгөж байгаа юм. Тусламжийн гадаад бодлого оо гэж. Жижиг орны зүгээс харвал санал борлуулах бодлого ч гэж хэлмээр юм уу. Манайхан ч гэсэн жижиг орны статустайгаар НҮБ-ын талбар дээр үзэж тарж байгаа. Энхболд “НҮБ-ын шинэчлэл”-ийг дэмжсэн үг хэлж л таарах байх. Ноднин жилийн 3 сард Гадаад хэргийн сайд байсан Мөнх-Оргил Японд айлчлахдаа энэ талаар бүр тов тодорхой амлачихсан байгаа.

НҮБ-ын шинэчлэлийн асуудал дээр Африкын орнууд яах нь мэдэгдэхгүй янцаглаж байгаад цаг нь тулахаар хээв нэг мурьчихсан. Нодлин жил тийм хандлага ажиглагдсан. Жижиг орны гадаад бодлого мөс муутай хүний аяг занг шаарддаг бололтой. Монгол ч гэсэн үүнийг олон тулгуурт гадаад бодлого хэмээн томъёолсон. Гадаад бодлогод ёс суртахууныг шаардах нь утгагүй хэрэг. Гол нь л үндэсний ашиг сонирхол. Энэ ашиг сонирхлыг дипломат бодлогын реалист урсгалын эцэг гэгддэг Моргентау “Улс орны хүчин чадал түүний ашиг сонирхлыг тодорхойлдог” гэж хэлсэн байдаг. Хүчтэй болбол ашиг сонирхол нэмэгдэн зангараг сууж, хүч суларвал ашиг сонирхол өвдөл цөвдөл төдийхнөөр хязгаарлагддаг ажээ.

Sunday, September 17, 2006

Заан оготно

Зааны тухай Монгол ардын олон үлгэр байдаг. Манайд заан гэж амьтан эртнээс байгаагүй атал Монгол домог үлгэрт олонтаа гарна. Бурхны шашинд заан гэдэг амьтныг дээдэлж, дөрвөн хүчтэнд оруулдагтай холбоотой юм болов уу. Бурхан багшийн төрүүлсэн эх Маяа цагаан заан зүүдлэн бие давхар болсон гэдэг домог яриа бий. Эрдэнийн сан Субашид, Бигэрмижид хааны тууж гээд Жагар орноос гаралтай үлгэр домгийг бидний өвөг дээдэс эртнээс дуулж, бичиж туурвиж ирсэнтэй ч холбоотой байх. Хубилай хаан дал гарсан хойноо заан хөлөглөж, дайнд мордож байсан тухай түүхчид өгүүлдэг. Наймдугаар Богд Их хүрээнээ заан авчруулж, өвлийн ордныхоо хашаанд тэжээж байсан түүх бий. Улсын сан хөмрөг хэцүүхэн байхад заан хүртэл худалдаж авсан “дураараа” богдын талаар Олноо өргөгдсөн Богд хаант Засгийн газарт сангийн зөвлөхөөр ирсэн Орос зөвлөх мэргэжилтэн таагүйхэн шүүмжилсэн байдаг. Ер нь заан гэдэг уугуул монгол үг үү, эсхүл самгарди тийшээгээ үг үү?

Заан оготны хооронд болсон дайны тухай сонин үлгэр байдаг. Нэг заан нууранд ирж ус уудаг байж. Нуурын хажууд оготны нүх байж гэнээ. Заан ууж ханахаараа хамраараа ус татаж, оготны нүхэнд цутган зугаагаа гаргадаг байж. Оготно ингэхгүй байхыг заанаас олон гуйсан авч дээрэлхүү заан хүчиндээ эрдээд сонссонгүй. Тэвчээрээ барсан оготно заанд дайн зарлана. Заан ч оготныг огт тоосонгүй. Оготно заанд дайн зарласнаа хавийн айл амьтанд хэлж, их тулааны товыг тодорхой дуулгаад холхон нүүхийг сануулав. Гэвч заанд дайн зарласан оготны үгийг хэн тоохов дээ. Ингээд их тулааны өдөр ч болно. Заан хамартаа ус татахад нь нууранд отож байсан оготно хамрын нүхээр орж, уушиг зүрхийг нь урна. Заан тарчлан, тэлчлэн, галзууран, байж ядахдаа айл амьтны гэр барааг хүн малтай нь няц дэвслэн амь тавьдаг. Аймаар реальный үлгэр шүү.

Олон улсын эрх зүйн үүднээс үзвэл оготно хуулиар тогтоосон хэм хэмжээний хүрээнд ажиллаж. Хэлэлцээ хийж үзээд учраа ололцоогүй тул дайн зарлан энгийн иргэдийг дүрвэхийг сануулжээ. Дайтвал дайтсан шиг дайтаж, хорын үндсийг тасалбал тасалсан шиг тасалж. Холливудын мультфильм энэ тэр хажууд нь юу ч биш. Аяа, ардын үлгэр ээ гэж.

Wednesday, September 06, 2006

Гадаад дахь монголчуудын эрх ашиг


Эхлээд 9 дүгээр сарын 5-ны Өдрийн сонин дээр гаргасан мэдээнээс хэсэглэн танилцуулъя. Банзрагчийн Долзодмаа гэдэг хүн уг мэдээг бичжээ.

”Манай улсын харилцаа холбооны зохицуулах хороо­ноос гаргасан шийдвэрээр гадаадаас монгол руу ярих vнийн тарифанд өөрчлөлт оржээ. Суурин телефон руу нэг минутад 80 центээр, vvрэн телефон нь 14 цент болс­ноор урьд өмнөхөөсөө бараг тав дахин нэмэгдсэн болж байгаа юм. Энэ шинэ­чилсэн vнийн тариф нь ес­дvгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж байгаа. Гэвч vнийн энэ өөрчлөлтөөс vvдэж га­даа­даас тухайлбал, АНУ-д суугаа монголчууд нутаг нэгтэнтэйгээ ярих боломжгvй болчихоод байгаа талаар уншигчид мэдээлэл ирvvлэв...” гэжээ.
http://www.sonin.mn/?p=1143

Мэдээнд дурдсанаар бол суурин утас уруу залгах нь үүрэн утсанд залгаснаас бараг дөрөв тав дахин үнэтэй болж таарч байна. Хаана ч гэсэн суурин утасны төлбөр үүрэн утаснаас арай л хямд байдаг гэж би ойлгодог. Энэ мэдээг харахаар тийм биш байдаг бололтой юм. Бас төлбөр нь 80 центээр нэмэгдсэн юм уу, 80 цент болсон юм уу нэг л ойлгомжгүй оргиод явчихлаа. Манай сэтгүүлчид тоо дурдахаараа дунд нь бантан хутгаад хаячихдаг хандлага ажиглагддаг. За энэ ч яахав.

Гадаадад суугаа Монголчуудын эрх ашиг ийнхүү Монголын төрийн бодлогоос хамааран ийнхүү хохирч эхэллээ. Интернетийн нөлөөгөөр дэлхий даяар харилцаа холбооны төлбөр хямдарч, е-мэйлийн софт ашиглавал өвөр зуураа үнэгүй ярьж, чатлах боломжоор хангагдаж байгаа нь ердийн үзэгдэл болоод уджээ. Монгол байтугай өндөр хөгжилтэй улс орнуудын коммуникацийн салбарууд үйлчилгээний төлбөр хямдрах энэ хандлагаас яаж ч оролдоод мултарч чадахаа больсон. Үүнийг ч ойлгож, дасан зохицохын зэрэгцээ шилэн кабель гэх мэт мэдээлэл технологийн шинэ дэд бүтцэд хөрөнгө хаяж, уг салбар дахь ажилгүйдлын аюулыг гэтлэн давж байх жишээтэй. Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо энэ хандлагыг эс тоомсорлон унаагаа ухрах араанд нь оруулжээ. Эс тоомсорлосон уу, эсвэл санаанд орсноороо ухвар мөчидхөн дайрав уу. Хэвлэл мэдээллээр ийнхүү үнэ нэмэх гэж буйгаа урьдчилан мэдээлээгүй, гарч ирэх эерэг сөрөг үр дагаврын талаар бүрэн тооцож чадаагүй, тариф нэмэх үндэслэлээ хэвлэл мэдээлэлд сайтар тайлбарлаагүйгээс үзэхэд лав л энэ Хороо бүдүүн зүрх гарган дайрснаас зайлахгүй. Accountablity буюу иргэдэд бодлогоо тайлбарлаж өгөх хариуцлагаас эд лав мултарч чадахгүй дээ. Гэхдээ манайд энэ төрлийн хариуцлагыг үүрэх, үүрүүлэх харилцаа одоогоор сул хөгжсөн л дөө. Тэр утгаараа энэ хорооныхон азтай улсууд болж таарлаа.

Гадаадад зуу мянга хол давсан монголчууд сууж байна. Тэдний ихэнх нь БНСУ, АНУ, ХБНГУ, Япон, Орос, Хятад гэх мэт Монгол улсаас суух ЭСЯ-дтай газарт байгаа юм. Тэгэхээр УИХ-ын сонгуульд гадаадад байгаа иргэд саналаа өгөх боломж бүрэн байна гэж үзэх ёстой. Монголоос чадалтай, эрчтэй хүчтэй залуучууд хөдөлмөрлөх, сурахаар гадаадад сууж байна. Тэдний ашиг сонирхол Монголын улс төрд тусгалаа олж байх ёстой нь бодоожийн зүйл. Бараг 200 мянга дөхөөд буй сонгуулийн насны эдгээр монголчуудын санал хүсэлт одоогоор Монголын хаана ч биеллээ олохгүй байна гэхэд хилсдэхгүй. Тэдний таван хурууны хумсаа тамтартал ажиллаж, тэмцэж байж олсон мөнгийг хүртээд суухаас тэдний эрх ашгийг Монголд авчрах, хамгаалах, улс төрд тусгаж өгөх талаар та бид гар хумхиж иржээ. Гадаадад байгаа монголчууд дунд юм үзэж, нүд тайлсан, асуудлыг харах харааны өнцөг тэлсэн хүн олон бий. Монголын нэгэн хэв аястай болсон улс төрд ийм хүмүүсийн санал шинэ уур амьсгал авчирна. Энэ нь шинэ типийн улс төрчдийг төрүүлэн гаргах, жалганы улс төрөөс ангижрах боломжийг олгохыг үгүйсгэх аргагүй.

Харилцаа холбооны зохицуулах хорооны энэ ойлгомжгүй гэнэтийн Пёрл Харборын дайралт шиг шийдвэрээс болоод Америкаас байтугай Японд суугаа монголчууд хүртэл IP утсаар дамжин холбогдох боломжгүй болоод байгаа юм. Дээр нь бас тав дахин үнэтэй гээд байгаа. Хэнээс ч асуулгүй, хэнтэй ч зөвлөлгүй гэнэ гэнэ аймшгийн шийдвэр гаргаад байдаг ноён Төртэй ингээд заамдалцах хэрэг гарч байна даа.

Харилцаа холбооны зохицуулах хорооны тухай доорх вэб сайтаас бага сага уншиж танилцах боломжтой байна.
http://www.crc.gov.mn/english/medee.aspx?num=1

Tuesday, September 05, 2006

Азтай улсууд

Өчигдрийн Ардын эрхийг харж суутал жижигхэн атлаа сонин мэдээ анхаарал татав. Ерөнхий сайд М. Энхболд Монгол Улсад айлчилж буй АНУ-ын Конгрессын гишүүн Ж. Колб тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Америкын парламентч эр М. Энхболдыг НҮБ-ын чуулганд оролцох гэж байгаа тухай сонссон гэхэд, Ерөнхий сайд “Хэрвээ АНУ-ын Элчин сайдын яам виз гаргаж өгвөл АНУ-д очно оо. Иргэд маань виз аваад баярладаг тул би ч виз аваад баярлах байх” гэж инээмсэглэн нэмж хэлэв гэсэн байна. Дорхноо л сонин.мн дээр дэлхийгээр нэг тарсан монголчууд сэтгэгдлээ үлдээжээ. Болж, визээ өгөхгүй онгироод байгаа муу Америкуудыг “байдалд оруулах” нь зүйтэй гэсэн нэгэн байхад зарим нь Ерөнхий сайд байж арай ч дэндүү өөрийгөө дорд тавьжээ гэх нэг нь ч байх. Хамгийн гол нь Ерөнхий сайд гэдэг Монголын төрийг толгойлж байгаа улс төрч агаад энэ утгаараа энэ хүний хэлсэн ярьсан болгон Монгол улстай холбоотой юм. Энхболд бол Энхболд гэсэн махбодыг төлөөлж буй бус Үндсэн хуульд заасан Ерөнхий сайд хэмээх албан тушаалыг төлөөлж буй. Тиймээс Ерөнхий сайдын амнаас унасан авиа болгон Энхболд хэмээх бодгаль бус төрийн нэг институцийн хэлж ярьж буй зүйл гэж ойлгох нь зүйтэй.
Японд Ерөнхий сайдынхаа өдөр тутмын ажил амьдралыг сонины нэг буланд өдөр бүр тавьдаг. Өглөө тэдэн цаг тэдэн минутад өргөөнөөс гарав гэдгээс авахуулаад орой өргөөндөө орох хүртэл нь яс дагачихсан товч тэмдэглэл байна. Цаг минут болгоныг нарийн тэмдэглэж, бүр үсээ хаана засуулсан, хаанахын ресторанд ямар улсуудтай хоол идсэнийг хүртэл танд “ховлоод” өгнө. Ер нь л Ерөнхий сайдын өргөөний гадна ажиллаж байхдаа хаагуур юу хийж явааг дурайтал нь бичнэ. Ийм мэдээ өдөр бүр сонингийн “Ерөнхий сайдын нэг өдөр” гэдэг буланд гарна. Ингээд л ард түмэндээ яс тас тагнуулаад цагдуулчихдаг Японы Ерөнхий сайд мөн үйлтэй хүн ээ.
Бас болоогүй ээ. Иймэрхүү мэдээ орон нутгийн сонингуудад хүртэл өөрсдөөс нь сонгогдсон парламентын гишүүн тус бүр дээр гарсан байдаг. Парламентын гишүүд нь хүртэл санаа амар хаа нэгтээ хэн нэгэнтэй “хор найруулж”, эрх мэдлээ урвуулж болдоггүй. Манай парламентч нар эдний хажууд ёстой олон нийтийн хяналтын зовлонг үзээгүй “эвдрээгүй” нөхөд байхгүй юу. Хяналт байтугай хэлсэн үгэндээ “ороогдохын” зовлонг манайхан бага эдэлнээ. Эдэлнээ ч гэж дээ эдэлдэг юм болов уу. “Кондом, кондом бас дахин кондом” гэсэн алдарт үгийг манай Эрүүл мэндийн сайд л үлдээсэн байх. Өмнөх ерөнхийлөгч сэнтийнээс буухад "анд" нар нь нийлж жип бэлэглээд л. Түүнийг нь хадгаар мялааж, хүү нь унахаар болсныг манай сониныхон тухайн үед нь шуурхай мэдээлсэн. Сайн хэрэг. Гэхдээ уг мэдээнүүд экс ерөнхийлөгчийн хүү хөлөглөх болсон шинэ унааг нь магтан сайшаасан байсан санагдана. Ингээд гар цайлгаснаа бэлгэнд авсан машинтай нь хамт магтуулан дуулуулсаар буудаг манай улс төрчид тэнгэрийн умдаг атгасан азтай нөхөд шүү. Монголын сонингоор ийм мэдээ гардаг нь ертөнцөөр нэг тарвал эвэртэй туулай л гэсэн үг.
Ахиад болоогүй ээ. Японы яам тамгын газруудын хажууд Сэтгүүлчдийн клуб гэж бас байнаа. Энд тэндхийн сонин тв радиогийн сурвалжлагч нар нэгдэн клуб байгуулчхаад яамдын түшмэдийг сахиад цагдаад суучихна. Энэ сурвалжлагч нар аль нэг яам тамгын газрыг олон жил “мөшгин цагдах” тул сүүлдээ бүр мэргэшээд ажилдаа дөнгөж орсон залуу албан хаагч байтугай олон жил төрийн алба хашсан хашир бурхинуудыг ч андахаа байж “агнаад янзлаад өгдөг” болчихно. Мэдээллийн үнэн худал төдийгүй цаад учир начрыг нь хүртэл гадарлаад байгаа хүнийг “маллана” гэдэг гонжийнжоо. Манай сэтгүүлч нар шиг “Мэдээлэл өгөөч” гээд албан хаагчийн үүд өндөлзүүлж явахгүй, авсан мэдээллийнхээ учрыг ч ололгүй сонссоноороо бичнэ гэж бүр байхгүй. Манай зарим сонин дээр тавьсан мэдээлэл нэг л ойлгомжгүй оргиод байдаг. Хужрыг нь тунгаалгүй сонссоноо хам хум тэмдэглээд тавьчхаж буй мэдээлэл яаж ч ойлгомжтой байх вэ дээ. Яамдын дэргэдэх Сэтгүүлчдийн клуб дотроо бас “аминчхан”. Мэдээллээ солилцоно, нягтална. Ингээд мэргэшсэн нөхдийн гараар орсон мэдээлэл сонины нүүрэн дээр гарахдаа часхийсэн агаад үнэ цэнэтэй болдог ажээ. Дээр нь бас их сургуулиудаар нэг тарсан судлаач нар хошуу нэмэрлээд судалгааны төвшинд “алаад өгнө”. Ийнхүү өөрсдөөс нь илүү шахам мэдээлэлтэй мэдлэгтэй суугаа сэтгүүлч, судлаач нарын хяналтан доор байдаг Японы албан хаагч, экспертүүд мөн хөөрхийлөлтэй еэ.

Ингээд харьцуулаад байвал Японы Ерөнхий сайд, парламентч, төрийн түшмэдүүд шиг хөөрхийлөлтэй хүмүүс алгаа. Мөн азгүй улсууд аа. Тоогүй. Эсрэгээр нь манайд бол эдгээр шиг азтай, чөлөөтэй улс алгаа. Үнэ цэнэгүй мэдээллээр дүүрсэн хар шар сониноор дамжин ертөнцийг харахад хүрч буй бид ямар азгүй вэ, ТИЙМ ЭЭ?!

Saturday, September 02, 2006

Грек Ромоос орчин үеийг харах нь-3

Фемистоклыг дагаад бичээд байх санаатай байсан ч ингэсгээд өндөрлөе. Нэг сэдвийг сар илүү хэвтүүлчхээр нойрмоглоод эргэн босгоход хүнд байдаг юм байна. Ахиж л ингэхээ больё. Энэ бичлэгийн төгсгөл хүртэл уншсан танд баярлалаа. Ингээд түүхээ хуучилъя даа.
Тухайн үед Спарт эрчүүд долоон настайгаасаа хуаранд амьдарч, цэргийн хатуу хүмүүжлээр эрийн цээнд хүрэн, 60 гарч байж чөлөөнд гардаг байж. Энэ улс Грекийн хот улсуудын дотор хамгийн хүчирхэг агаад цомхон армитай байжээ. Персийн түрэмгийллийг үлдэн хөөсний дараа орчин үежсэн флоттой ардчилсан дэглэмт Афин, хүчирхэг армитай цэргийн дарангуйлалт Спарт улсын харилцаа хүйтрэхийг угтан харсан хүн бол Фемистокл байлаа. Тэр Спартын эргэн тойронд байгаа хот улсуудад ардчилсан дэглэм тогтоохыг ил далд хэлбэрээр дэмжиж эхлэв. Тэр байтугай Спартын цэргийн дарангуйлал дор байгаа иргэдэд эрх чөлөө амлаж, тэднийг эрх чөлөөний төлөөний тэмцэлд дуудан Спартыг дотроос нь задлахыг оролджээ. Хүйтэн дайны үеийн гадаад харилцааны түүх 2500 жилийн тэртээ эртний Грекийн хот улсуудын хооронд оршиж л байж.
Фемистоклын номлолыг гадаад бодлогын хүрээнд хэрэгжүүлэхэд түүнд эрх мэдлийн хүчтэй тулгуур хэрэгтэй байлаа. Тэрээр Афины доод борчуудад иргэний өргөн эрх олгох замаар дэмжлэг олохыг эрмэлзэв. Эдгээр иргэд Персийн дайнд усан цэргийн хувиар оролцож, эрэлхэг тулалдсаны дээр тэднийг командалж байсан Фемистоклыг хүндлэн хайрладаг байжээ. Гэвч Фемистоклын улс төрийн дайснууд гар хумхин суусангүй. Аристид тэргүүтэй нөхдүүд түүнийг Перс хэмээх дайсныг умартаад холбоотон улс Спартын эсрэг үйл ажиллагаа явууллаа хэмээн шүүмжлэн дайрч, хотын иргэдийн санал хураалтад оруулан Фемистоклыг Афинаас хөөв. Ийнхүү Афины суут жанжин, төрийн зүтгэлтэн, шинэчлэгч энэ эр Грек Персийн дайны ердөө долоохон жилийн дараа буюу МЭӨ 471 онд насаараа зүтгэсэн хот улсаасаа хөөгдөв. Афинаас хөөгдсөн Фемистокл цэргийн дарангуйлалт Спартын аюулын талаар очсон газар бүртээ ухуулан таниулж байлаа. Гэвч түүний үгийг грекчүүд сонссонгүй. Сонсох байтугай аюултай эсэргүү этгээд гэж үзэх болсон байлаа. Фемистокл зэвсэг зөрүүлэн тэмцсэн дайсан улс Перс үрүү зугтахаас өөр багтаж шингэх газаргүй болов. Түүнийг Перст очиход Ксеркс хаан хэдийн тэнгэрт хальж, хүү нь захирах болсон байлаа. Эртний атаат дайсан улс Персийн хаан түүнийг хүндэтгэн угтаж, элбэг хангалуун амьдралаар хангажээ. Харин 10 жилийн дараа буюу МЭӨ 460 онд Фемистоклыг Персийн усан флотыг удирдан Грекийн хот улс уруу дайлаар мордохыг хаан хүснэ. Өөрийг нь хүндэтгэн хүлээн авч, хүнд хэцүү цагт тэтгэн тулсан Персийн хааны хүсэлтийг Фемистокл няцааж чадсангүй. Гэвч эх орныхоо эсрэг хэрхэн цэрэглэх билээ. 70 хүрсэн Грекийн суут жанжин Фемистокл Персийн нутагт хор уун амиа егүүтгэжээ.
40 жилийн дараа түүний урьдчилан харснаар Спарт Афины хооронд “хүйтэн” дайн эхэлж, эцэстээ хоёр хүчирхэг улс мөргөлдөн, Грекийн хойгт хот улс хоорондын дайн эхэлнэ. Энэ дайнд Афин ялагдсанаар Грекийн хот улсын ардчиллын үе шувтардаг. Харин энэ үеэс Италийн хойг дээрх Ромчууд хүчирхэгжинэ.

Friday, August 11, 2006

Хөршөө олсны дараа яах вэ

Грекийн тухай яриа маань гол цөмдөө ороогүй байхад шал өөр юм уруу санаа маань хальтраад орчихлоо. Хар гэртээ хаан, бор гэртээ богд, блог дотроо онцгой эрх эдэлж буй “хааны” хувьд дураар аашлахыг өршөөнө үү.

Киото их сургуулийн Хуулийн факультетын барилга гэж нэг манай МУИС-ийн 1, 3 дугаар байрыг нийлүүлсэн шиг урт сунасан тийм ч томгүй авсаархан байшин байдаг. Намайг анх энд ирэхэд энэ барилгын баруун хагас нь орчин үеийн маягаар засварлаж тохижуулсан газар хөдлөлтөд илүү тэсвэртэй, зүүн хагас нь хагас зуун жилийн өмнөхөөрөө агаад газар хөдөлбөл нурж унах аюултай байсан юм. Яахав, Киото хот угаас газар хөдөлдөггүй гэлцдгийн дээр төсөв мөнгөн дээрээ сургуулийн захиргаа гар нь татагнаад барилгын хагасыг нь бэхлээд хагасыг нь тэгж байгаад сайжруулна гээд хаячихсан хэрэг. Гэтэл 2004 оны дүн өвөл дөхөж байхад Нийгатад аймшигтай газар хөдлөв. Киотогоос шулуун шугам татаад хэмжээд үзвэл тийм ч холгүй. Бажга авсан сургуулийн захиргаа хэл ам гарахаас өмнө нөгөө талаа барилгын нэг компаниар бараг жил тойрон бэхлэх ажлыг гүйцэтгүүлсэн билээ. Ямар нэг томоохон хэрэг явдал гарч байж, нөхцөл байдал урагшилдаг тал байдаг шиг байгаа юм.

Энэ оны 7 сар гараад Хойд Солонгос Япон тэнгис үрүү зүглүүлсхийгээд долоон пуужин харваадхав. Японы хажууханд “хатуу самар” оршсоор байгаад энэ хэрэг явдал сануулсан хэрэг. Мэдээж Хойд Солонгосын заналын талаар Японд зөндөө ярьдаг хэлдэг улс төрчид, судлаачид, сэтгүүлчид байдаг. Гэхдээ олон нийтэд аюул занал хичнээн ойр байгааг энэ долоон пуужин харуулснаар тэднээс санал цуглуулж, “ажилтайгаа золгодог” улс төрчдийг эрчимтэй хөдлөхөд хүргэлээ. Өөрөөр хэлбэл, Хуулийн факультетын барилга засварт орсонтой адил зарчим энд үйлчлэв.

Ерөнхий сайд Коизумигийн Монголд хийж буй айлчлалын гол зорилго маш тодорхой агаад энэ нь Хойд Солонгостой дипломат харилцаатай байгаа Монгол улсад Хойд Солонгосын цөмийн зэвсэг, пуужин, хулгайлагдсан иргэдийн асуудлаар түшмэдүүдийн төвшинд ярилцах сувгийг нээхэд оршиж байлаа гээд хэлчхэд нэг их хилсдэхгүй. Коизуми Энхболдод “Ач хариулсан тогоруу” хэмээх хүүхдийн номыг бэлэглэж, Монгол хүүхдүүдийн сурах бичигт ашиглахыг хүсчээ. Энэ номонд нэг залуу шархадсан тогоруу эмчлэн эдгээгээд тавьсны хариуд тогоруу үзэсгэлэнт бүсгүйд хувилан ирж, залуугийн эхнэр болоод нүднээс далд тогоруундаа хувилан өөрийн биеэс зулгаасан өдөөр торго нэхэж өгдөг тухай гардаг юм. Япон ардын үлгэрээс бага насандаа үзэж гэдэг сайн хэрэг. Гэхдээ энэ ном Япон улсын тусламжийг хүртэн амьдарч буй бидний хувьд ач тусыг санах цаг ойртсоныг битүүхэн сануулж буй мэт гээд хэлчхэд бас хэтрүүлэг болохгүй буй за. Монгол улсын хувьд гуравдахь хөрш ойртож ирснийг харуулж буй нэг жишээ энэ.

Ийнхүү Орос, Хятад, Хойд Солонгос, Япон, Америкын дундах тоглоомд Монгол улс оролцож эхлэв. Хойд Солонгосын асуудлаар Орос, Хятад аядуу зөөлөн байр суурь барьж, Япон Америк хатуухан байр суурьтай явж ирсэн байдаг. Энэ дунд Монгол улс хавчигдах нь. Дээр нь бас ОХУ-тай энэ оны 7 сард Засгийн газрын Фрадковын Монголд хийсэн айлчлалын үеэр Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурчихсан байдаг. Энэ протоколд хоёр улсын ГХЯ-дууд “НҮБ, олон улсын бусад байгууллага болон олон улсын чуулга уулзалтад хамтран ажиллах, хоёр улсын харилцааны болон бүс нутгийн асуудлаар бүх түвшинд зөвлөлдөж байх” гэсэн заалт орчихсон цохиж яваа.

90-ээд оноос хойш гуравдахь хөршөө хайж ирсэн Монгол улсад Хойд Солонгос харин гуравдахь хөршийг маань бодит байдалд арай дөхөм утгаар нь хөтлөөд ирж байгаа шинжтэй. Гуравдахь хөршөө хайсан гадаад бодлогоос гуравдахь хөршөө олсны дараах гадаад бодлого илүү хонжоотой ч илүү эрсдэлтэй байхыг үгүйсгэхийн аргагүй. Монголын гадаад бодлого нэг шинэ шатанд гарав. Чадвартай,эх оронч агаад зөв сэтгэлтэй үндэсний боловсон хүчин Монголын тусгаар тогтнол болон хөгжлийн замыг батжуулна.

Коизуми энэ 9 сард улс төрийн өндөрлөгөөс бууна. Гэхдээ түүний энэ удаагийн айлчлал хоёр орны харилцаанд томоохон орон зай нээж орхилоо.

Бэсүд.П.Наранбаяр
Киото хот 2004.8.11

Thursday, August 10, 2006

Грек Ромоос орчин үеийг харах нь -2

Тэр эхлээд Грекийн газар нутгийн гуравны хоёрыг Персүүдэд эзлүүлэн, Афин хотоос иргэдийг Саламин аралд нүүлгэн шилжүүлж, их армиа Саламины буланд байрлуулна. Хэдийгээр Грекийн газар нутгийн ихэнх хэсэг персүүдэд эзлэгдсэн ч Грекийн арми ямар ч хохирол амсалгүй харийнханд үхлийн цохилт өгөхөөр Фемистоклийн гар доор тулаанд зэхэж байсан хэрэг. Энэ тактикийг мянга таван зуун жилийн дараа Оросын Кутузов жанжин Напалеоны эсрэг хэрэглэж, хоосон Москвад Францын армийг урхидан оруулсан байдаг.
Ксерксийн арми төрөлх хотыг нь талж, түймэрдэн шатаахыг Саламины буланд нуугдсан Афины цэргүүд чихээр сонсч, түймрийн утаа суунаглахыг нүдээр харж байлаа. Тэд төрөлх хотоо харийнханд харсаар байтал булаалган талуулж буйдаа сэтгэл өвдөн, тулалдах мөчөө тэсч ядан хүлээж байв. Чухам үүнийг л Фемистокл хүссэн ажээ. Ксеркс хаан хот талан цөс хөөрсөн их цэргээ Афины цэргийг мөшгихөөр тэнгисийн тулалдаанд оруулав. Түүхэнд Саламины хэмээн алдаршсан тэнгисийн тулалдаан Персийн флотын бүрэн ялагдлаар дуусдаг. Фемистокл мэдээж Саламины тулалдаан хүртэл Персийн армид газар нутгаа зүгээр л дэвсээд өгчихсөнгүй. Энэ хооронд олон том жижиг “Бородино” байсан нь ойлгомжтой. Үүнээс хамгийн сэтгэл хөдлөм тулалдааныг дурдахгүй өнгөрч чадахгүй нь. Спартын хаан Леонидын толгойлсон Спартын шилдэг гурван зуун дайчин Фермопилах хавцалд Персийн армийн тогтоон барьж, сүүлчийн спарт дайчин амь үрэгдэх хүртэл эцсээ хүртэл тулалдсан гэдэг. Эр зоригийн энэ дуулийг гэрэлт хөшөөнөө зүрх хайлан мөнхлөн бичжээ. Махчилбал, “Харийн хүн минь, эх нутгаа хайрлаж, түүнд амиа өргөсөн дайчид энэ газарт мөнх нойрсож буйг Спартчуудад дуулгагтун”.

Monday, July 31, 2006

Грек Ромоос орчин үеийг харах нь-1

Түүх давтагддаг гэж ярьдаг. Эртний Ром Грекийн хот улсуудын талаар уншиж суутал нэгэн сонин түүх гараад ирэх нь тэр. Уг нь арван жилд байхад ерөнхий рамыг нь Эртний дэлхий дахины түүхийн хичээл дээр үздэг л дээ. Гэхдээ тухайн үед нарийн ширийн ухаагүйн дээр эдүгээ толгой дотор бүүр түүр бүрэлзэхээс цаашгүй болсон ой ухааныг Шионо Нанами хэмээх Япон судлаач зохиолчийн “Ромчуудын түүх” гэдэг ном сэргээн баяжуулж өгөв. За ингээд яриандаа оръё.
Энэ удаад Фемистокл хэмээх Грек эрийг уншигч тантай хамт хэсэг дагая. МЭӨ 5 дугаар зуунд болсон Грек Персийн дайны үеэр Грекийн хот улсуудын холбооны цэргийг удирдаж ялалт байгуулсан Афины жанжин. Энэ дайн нь Газар дундын тэнгист ноёрхлоо тогтоох гэсэн эдийн засгийн ашиг сонирхлын зөрчил хийгээд тухайн үеийн Ази, Европын соёл иргэншлийн томоохон мөргөлдөөнөөс үүдсэн байдаг .
Грек Персийн анхны тулалдаан Марафоны талд болох үеэр Грекчүүд хүчээ нэгтгэж чадалгүй Грекийн гол хот улс болох Афин бараг дангаараа тулалдаж, Афинчууд ялдаг. Фемистоклын алдар энэ үеэс эхлэн түүхийн тавцнаа тодорно. Фемистокл Персийн цэрэг дахин довтлон ирэхээс өмнө Афины батлан хамгаалах хүч, нэн ялангуяа тэнгисийн цэргийн хүчийг зузаатгахыг уриалжээ. Харин түүний улс төрийн хүчтэй өрсөлдөгч Аристид эсэргүүцнэ. Тухайн үед Грект хотын иргэдийн санал хураалтаар эрх баригч нэгнийг улс төрийн тавцангаас буулгаж, Афинаас 10 жилийн хугацаагаар хөөдөг тогтолцоо байж. Фемистокл энэ санал хураалтад Аристидийг оруулж, Афинаас хөөснөөр гол өрсөлдөгчөө замаасаа зайлуулна. Үүний дараа Фемистокл хамгийн түрүүнд уурхай олборлолтын орлогыг иргэдэд хуваан олгодгийг болиулж, улсын хөмрөгт төвлөрүүлэн байлдааны усан онгоцонд зарцуулснаар жил хүрэхгүй хугацаанд Афины тэнгисийн цэрэг хүчирхэгжин орчин үежжээ. Марафоны тулалдаанаас 10 жилийн дараа буюу МЭӨ 480 онд Персийн Ксеркс хаан 300 мянган перс цэрэг, 1000 онгоцтойгоор дайрав. Эв түнжин муутай Грекийн хот улсууд энэ удаа хүчээ нэгтгэж, Афины ардчиллыг үзэн яддаг цэргийн дарангуйлалт Спарта хүртэл Персийн түрэмгийллийг эсэргүүцэн босчээ. Грекийн холбоотны цэргийн стратегийг Фемистокл боловсруулав.

Thursday, July 06, 2006

Наадам тоссон торгон агшин

2006 оны наадам дөхөөд манайд хонь, ямааны үнэ суга өсч байгаа тухай мэдээ дуулдав. Тарган хонь бол жар орчим мянга, ямаа дөч орчим мянган төгрөг байгаа ажээ. Энэ жил ялангуяа тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойтой давхцаад гадна дотно, хот хөдөөгийн зочид гээд хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхсөн том баяр болох шинжтэй. Жилдээ ганц болдог наадам дөхөхөөр тэнгэр хүртэл хураа хайрлаж, хүн малын зоо тэнийн, ногооны анхилам үнэрт Монгол орон маань бялхана. Хүн бүр билэг дэмбэрлийн сайхан үг ам амандаа хэлэлцэж, уур хилэн, уцаар бухимдлаа түрхэн ч болов мартдаг үе.
Яг энэ үеийг угтаад УИХ-р олон чухал хуулиуд батлагдан гарч, нийгмийн тогтолцоонд томоохон өөрчлөлт орж ирсэн туршлага их харагддаг. Хаврын чуулганы хаалт дөхөөд ирдэг болохоор арга ч үгүй юм уу даа. Тухайлбал, энэ жил татварын багц хуулиудад томоохон өөрчлөлт оруулж, татварын нэг шатлалтай тогтолцоонд шилжихээр хэд хоногийн өмнө УИХ-ын эхний хэлэлцүүлгээр батлагдаадхав. Нийгэм тэр аяараа зуны дэлгэр цагийн өнгө аяст уярч, ажлаа мартаганаж, алжаалаа тайлан, айраг боодог хөөцөлдөх цагаар улс төрчид бидний амьдралтай нягт холбоотой тогтолцооны шинжтэй өөрчлөлтийг ийнхүү “ар хударгаар” шийдлээ гээд хэлчихэд бараг л дэгсдэхгүй болов уу. Энэ удаагийн татварын хуулийн өөрчлөлтүүдийг ер нь амьдралд нийцсэн, хувийн хэвшилд очиж буй татварын дарамтыг бууруулж, эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлөх зүйл гэж сайн талаас нь үнэлэх нэгэн байхад нийгмийн халамжийн систем, төсөв бүрдүүлэлт, орлогын дахин хуваарилалтын тал дээр санаа зовинох хүмүүс ч байх. Татварын тогтолцоог өөрчлөөд хаячихсан энэ том өөрчлөлт наадмын өмнөх ажин түжин байдал дунд чимээгүйхэн гулссаар төрөлтийн онцын хүндрэлгүй Монголын газар шорооноо мэндлэх нь дээ. Эх барьж буй УИХ-ын гишүүд дотор 2004 онд бөөн бөөнөөрөө сонгогдсон манай үндэсний бизнесменүүд олон бий. Улс төр бол нийгэмд оршин буй ашиг сонирхлын бүлгүүдийн хүчний харьцаан дээр оршино гэсэн үзлийн үүднээс харах юм бол дэндүү гэмээр мэдээжийн л үр дүн.
Монголд өвөл хавар намар улс төр буцалдаг гэж их ярьдаг. Зуны амралтаа дуусгасан НИЙГЭМ намар болохоор ТӨРИЙН эсрэг дайрч эхэлнэ. Тэгээд өвөл бухимдлаа хурааж байгаад хавар нь зад жагсана. Гэтэл харамсалтай галт тэрэг хэдийнээ хөдөлчихсөн байдаг. Хамгийн чухал тогтолцооны шинжтэй өөрчлөлтүүд чухамдаа зун, зун зундаа наадмын налгар өдрүүд эхлэх торгон агшинд шийдэгдээд та биднийг намар сэхээ орохыг хүлээгээд сууж байдаг нь үүний тодорхой баталгаа. Наадам тоссон торгон агшин манай улс төрийн нүүр царай...

Tuesday, June 13, 2006

Орчуулга

Доорх сэтгүүл дээр гарсан нэгэн өгүүллээс тасдаж орчуулан та бүхэнд хүргэж байна. Өгүүллийн нэр нь "Ардчиллаас хойш арван жил, шинэ улс байгуулах гэж дуншиж буй Монгол" гэсэн нэртэй.Гадаад хүн Монголоос ангид хол байх тул бидний өдөр тутмын амьдрал хийгээд хууль тогтоомжийн нарийн ширийнийг мэдэхгүй тал байдаг. Тиймээс аа энэ хэсэг нь жаахан дэгс биш үү гэсэн зүйл зөндөөн л тохиолддог. Гэвч тэдний дотор Монголыг олон жил судалж, болж буй үйл явцыг нэгтгэн зангидаж, гуравдагч этгээдийн нүдээр анализ хийж дүгнэлт өгсөн судалгаа бичлэг цөөнгүй байдаг. Ийм л нүд бидэнд хэрэгтэй байгаа юм. 1999 онд нэгэн япон судлаачийн бичсэн өгүүллийг тийм утгаар нь энд авчирч тавилаа. Манай сонин хов жив, өдөр тутмын хэт нарийн мэдээллийг сайн өгдөг атлаа, базах, задлан шинжлэх, ухах, дүгнэх талдаа тун дульхан санагддаг юм. Ингээд нэг базаад өгөөсэй. Орчуулагч
Азийн Их Сургуулийн Ази судлалын хүрээлэнгийн мэдээлэл №93 1999 оны 1 сар 27
Олон улсын харилцаа судлалын тэнхмийн профессор Коибучи Шиничи


Ардчилах явцын үе шат

Ноднин жилийн хавар ардчиллын удирдагч Зоригтой ярилцах завшаан тохиосон юм. “Монголын ардчилал анх тавьсан зорилгодоо хүрсэн үү? Хэрэв хүрээгүй гэж үзэж байвал ямар шатандаа явж байна вэ?” гэж түүнээс асуухад, “Талдаа ч хүрээгүй байна. Улс төр, нийгэм, иргэдийн ухамсрын аль аль нь жинхэнэ ардчиллаас хол байна. Ахиад арван жил шаардагдах биз ээ” гэж хариулж билээ.
Өнгөц харахад, ардчилсан сонгуулиар сонгогдсон гишүүдээс бүрдсэн парламентын тогтолцоонд тулгуурласан ардчилсан улс төр явагдаж, хууль тогтоох, хэрэгжүүлэх, шүүх засаглалд хуваагдан, төрийн өмчийн ААН-үүдийн ихэнх нь хувьчлагдаж, Японоос ч илүү либеральчлагдсан орчинд зах зээлийн тогтолцоонд шилжин, иргэд нь эрх чөлөөг магтан дуулж, Япон болон Америк зэрэг гадаад улс орнуудаас Монголын ардчилалд шилжих явцыг сайшааж буй цаг үед Зориг ийнхүү хариулж байлаа. Байдлыг ингэж тунгаан харж буйг мэдээд бахархах сэтгэл төрж билээ.
Үнэхээр Монголыг гаднаас нь харахад ардчилал хөгжсөн мэт байвч, дотор нь ойртож харахад Зоригийн хэлснээр хаа сайгүй “Социалист маяг”-ийн үзэл, арга барил үлдсэн байх агаад үүнээсээ салж чадсан гэж хэлэхэд хэцүү. Энэ нь нийгмийн өнцөг булан бүрт амь бөх үлдэж, шилжилтийн хямралт байдлаас гарахад чөдөр болж байна гэхэд хилсдэхгүй. Жишээ нь, улс төрийн арга барилыг харахад хэт төвлөрөл, захиргаадалт социализмын үеэс ч чангарсан гэж хэлж болохоор. 1996 оны сонгуулиар Ардчилсан эвсэл МАХН-ыг ялж түүхэндээ анх удаа засгийн эрхийг авсан боловч, энэ эвслийн засгийн газраа бүрдүүлсэн хийгээд төрийн захиргааны шинэчлэл явуулсан арга барил нь үүний нэг тод жишээ болно.
Ардчилсан эвслийн ЗГ-ын явуулсан төрийн захиргааны шинэчлэл нь 13 яамыг нэгтгэн 9 болгож, УИХ-ын гишүүд сайд болохыг хориглон, гурав байсан шадар сайдын албан тушаал болон яамдуудын дэд сайдын албан тушаалыг устгаж, УИХ-ын Байнгын хороодыг 40 хувиар бууруулснаас гадна яамдын газар, хэлтсийн дарга нарын төвшин хүртэл удирдах ажилтны халаа сэлгээнд хүрсэн зоригтой эрс шинэчлэл байлаа. Гэвч ийм том шинэчлэлийг шинэ Засгийн газар ердөө 10 орчим хоногт багтаасан байдаг. Парламент дээр бараг хэлэлцэлгүй, яамдуудын ажилтнууд байтугай иргэдэд ч тайлбарласан зүйлгүй, бэлтгэл хугацаа ч өгөлгүй Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төдийгөөр даруй хэрэгжүүлжээ. Шинэ Засгийн газар 7 сарын 18-нд байгуулагдаж, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт орсон нь 7 хоногийн дараа буюу 7 сарын 25, яамдуудын нүүх байрыг шийдвэрлэсэн нь 5 хоногийн дараа байв. Чингээд 8 сарын 10-нд яамдыг бөөнөөр нь яаруу сандруу нүүлгэв. Иргэд яамд хаашаа нүүж, аль нь юу хариуцаж буйг ойлгоо ч үгүй байхад энэ бүхэн хэрэгжжээ. Боловсон хүчний халаа сэлгээ ч гэсэн МАХН-ын улсуудыг зайлуулах, танил тал харсан томилгоонд дулдуйдаж, төрийн албаны уламжлах байдал, албан хаагчдын урам зоригийг үл тоомсорлосон зүйл байлаа. Үүний дараа ар араасаа цувсан шинэ бодлогууд ч адилхан арга барилд тулгуурлаж байв. Нийтийн үйлчилгээний төлбөр нэмэгдсэнийг иргэд хэрэгжих өдөрт нь олж мэдсэн г.м туйлширсан жишээ цөөнгүй байна. Мөн гаргасан зарлиг тушаалаа баруун солгойгүй өөрчлөх нь олонтаа тохиолдож, хууль дүрмийг бөөн бөөнөөр нь зөвхөн нэг талын үзэмжээр өөрчилж байлаа.
Социалист маягийн улс төрийн арга барилыг устган, ардчилсан засаглалыг тогтоохоор гарч ирсэн Ардчилсан эвсэл өөрөө төвлөрөл, захиргаадалтаас салж чадсангүй. Иргэд ч гэсэн улс төр, засгийн газар гэж ийм л юм байдаг гэсэн социализмын үеийн сэтгэлгээнээс ангижирч чадаагүйгээс сэтгэл дундуур байгаа болон бухимдаж буйгаа илэрхийлэх нь цөөн байдаг байна.

Улс төрийн гацаа

Монгол улс шилжилтийн нөхцөлд удаан дуншаад байгаагийн нэг томоохон шалтгаан бол улс төрийн хямрал юм. Олон намын тогтолцоонд шилжсэний дараахан болсон сонгуульд МАХН ялалт байгуулсны дараа эвслийн Засгийн газар байгуулсныг эс тооцвол 1996 оны сонгуулиар Ардчилсан эвсэл Засгийн эрхэнд гарч гарах хүртэл МАХН засгийн эрхийг барьж, улс төрийн тогтвортой байдлыг ямар нэг байдлаар хангаж ирсэн гэж үзэж болно.
Гэвч 96 оны сонгуулиар Ардчилсан эвсэл МАХН-ыг ялж, Энхсайханы шинэ Засгийн газар дээр дурдсан яаруу шинэчлэлийг хүчлэн явуулснаар ард олны эсэргүүцэлтэй тулгарсны дээр үхрийн бөөр шиг цугласан Ардчилсан эвслийн дотоод зөрчил гүнзгийрч улс төр тогтворгүй болж эхлэв.Мөн Ардчилсан эвслийн Ерөнхий сайд Үндсэн хуульд заасан Ерөнхий сайд болон дээд шатны нэгжийн засаг дарга нь доод шатны нэгжийн засаг даргыг томилох эрхийг ашиглан МАХН-ын аймгийн засаг дарга нарыг томилохоос татгалзсан тул эрх баригч болон сөрөг намын хоорондох харилцаа хурцаджээ. Дээр нь 1997 оны ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-аас нэр дэвшсэн Багабанди ерөнхийлөгч болсноос хойш Ерөнхийлөгч болон Засгийн газрын хооронд улс төрийн гацаа үүсч, байдлыг улам төвөгтэй болгов.
98 оны 5 сард УИХ-ын гишүүний сайдын алба хавсрахыг хориглохыг хүчингүй болгох тухай шийдвэрээр шалтаглан Ардчилсан эвсэл дотроосоо хагарсан агаад үүний дүнд Энхсайханы Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорч, Элбэгдоржийн ЗГ мэндэлсэн боловч ердөө гуравхан сарын дотор чанаргүй зээлийн асуудлаас эхэлсэн улсын хийгээд хувийн банкыг нэгтгэх асуудал болон эрх баригч намын доторх тэмцэлд баригдан огцроход хүрсэн. Элбэгдоржийн ЗГ унаснаас хойш таван сарын турш шинэ ерөнхий сайдыг томилж чадахгүй байгаа гэсэн байж боломгүй нөхцөлд байдал үргэлжлэв. Энэ нь МАХН-аас гарч ирсэн шинэ ерөнхийлөгч Ардчилсан эвслээс ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүнийг хүлээн зөвшөөрөлгүй Энхсайхан аймгуудын засаг дарга нарыг томилохоос татгалзаж гацаасны хариуг авсан хэрэг байлаа. Ерөнхийлөгч эрх баригч намаас ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүнийг арав гаруй удаа хүлээн зөвшөөрөлгүй буцаажээ. ЗГ огцорсны дараа шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор сонгож томилно гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн нөхцөл байдал дунд улс төр зогсонги байдалд орсон төдийгүй иргэдийн итгэл алдарч, донор орнуудын хуралдааныг хүртэл нээж чадахгүйд хүрчээ.

Хэсэгчлэн орчуулсан П. Наранбаяр
Япон улс Киото хот

Friday, June 09, 2006

Нутгаа хайрлах сэтгэл

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутаг дахь ой 2006 оны 6 сард ийм л нүд халтирам болжээ. Сумын айлуудын ихэнх нь мод бэлтгэж зардаг гэнэ. Айлын хашаа бүрт хөрөө рам хангинаж, уулаа нүцгэлэн суугаа нутгийнхныг яалтай билээ. Тэднийг үйлдвэрлэлгүй, ажилгүй, орлогогүй, малгүй, сэтгэлгүй, итгэлгүй болгосон нь хэний буруу вэ? Хэдэн жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Тужийн нарсыг яг л ингээд газрын хөрстэй нь арчиж хаясан даа. Сургамж гэдэг давтахгүйн тулд оршдог. Сургамж авалгүй давтаад буй нь доройтохын цондон.
Зургийг авсан Нямаа