Tuesday, May 30, 2006

Нохойтой харьцах монгол ахуй

Монгол хүн ер нь амьтныг уяж гинжлэх, хаших дургүй. Үхэр нь дуртай ууландаа очиж идээшлээд оройн нар хүүшлэхэд тааваараа цувсаар хүрээд ирнэ. Адуу, хонь, ямаа ч мөн л адил. Адуу харин ууландаа хоночихдог адтай мал бололтой юм билээ. Ийнхүү Монголын тал нутгаар эзэнгүй чөлөөтэй хөлхөлдсөн тэжээвэр амьтан олон. Энэ эмьтдын нэг нь хоточ банхар. Монгол хүний нохойтой харьцах ахуйн талаар жаал хүүрнэе.
Хоточ банхар гэрийн гадаа өвөл зунгүй уяатай уяагүй байж л байна. Уяатай ч гэж дээ уяагүй байх нь их. Боохой ойртвол хуцаж чимээлнэ. Зочин ирвэл хоргоож угтана. Зарим сургасан ухаантай нэг нь хонь дагана, ан хийлцэнэ. Угаадсаар хооллоно. Ульбал зодуулна. Эрхэлбэл өшиглүүлнө. Гэлээ ч нохой эзэндээ гомдохгүй. Гадагш гарахад нь даган шогшино. Жов муу банхар гэсэн үгээр мялаалгаад урам хугаран эсгий гэрийн зүг гэлдэрнэ. “Эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй”, “Хүүхэд нохойн доог” гэсэн үгнүүдэд монгол хүний нохойд хандах хандлага сайтар илэрчээ. Нохойг хамт тоглох андаа гэж үзэн, эрхэлж наадуулдаг нь хүүхэд болохоор хүүхэд, нохой гэсэн холбоос үг үүссэн юм болов уу. Ер нь монгол банхар хүүхэд зуудаггүй, тэдэнд их дөлгөөн ханддаг нь хүүхэд нохой хоёрын ийм нэг гүн нарийн холбоотой хамаатай байхыг үгүйсгэх аргагүй.
Нохойн нас богино. Насаараа эзэндээ зүгтгэсэн нохойг нас эцэслэхэд сүүлийг нь тайрч дэрлүүлэн, аманд нь шар тос хийгээд ирэх төрөлдөө хүн болохыг билэгдэн хөдөөлүүлнэ. Нохой хөдөөлүүлэх монгол ёс харин их л хүндэтгэлтэй, утга учиртай байдаг ажаам. Нохой хөдөөлүүлдэг ийм нарийн ёсыг бий болгосон зөөлөн сэтгэлтэй ард түмэн энэ ертөнцөд чухам хичнээн байдаг бол?
Өндөр хөгжилтэй орнуудад нохойд зориулсан эмнэлэг, саатуулах газар, хувцас, тоглоом гээд тоймгүй их үйлчилгээ байдаг. Хүн шиг хувцасласан нохой, хөдөлгөөн дутан жин ихдэж зөнөсөн нохой ч их бий. Энд нохой хүнээс ялгаагүй амьдарч, нас эцэслэхээрээ тусгайлан бэлдсэн нохой муурны оршуулгын газарт заларна. Тэд нохойг хүний төвшинд тэжээн эрхлүүлээд, нохойн төвшинд оршуулдаг ажаам. Тэд нохойг нохой болон мэндлэхийг хүсдэг бол монгол малчин нохойг нохой шиг тэжээж, хүн болгон оршуулж, хүн болон мэндлэхийг хүсдэг ажээ. Хүн шиг амьдралыг туулсан нохой, нохойн ёсоороо насаа барсан нохой. Аль нь илүү жаргал үзсэн бол? Харин эсрэгээр нь хүнийг нохой шиг амьдруулахыг хэн ч үл тэвчинэ. Нохойд нь нохойн жаргал, хүнд нь хүний жаргал. Хорвоогийн жам гэдэг энэ ажаам.
“Өвлийн нар нь ээ хө
Өвөлдөө дулаан даа хө” гэсэн ардын дуу онож хэлсэн ажээ.


Зургийг http://www.tibetanmastiff.org/photogallery/displayimage.php?album=11&pos=9 сайтаас татав.

Saturday, May 20, 2006

Монгол нь монголоо тэжээх сэтгэлгээ

- Хөөе найз аа юу байна?
- Өө юмгүй дээ ойрдоо ажил ихтэй. Хэдэн хүнтэй яваад л байж байна.
- Хаанахынхан юм?
- Аа японууд. Нэг групптэй явж байгаа юм.
- Хэр улсууд байна.
- Дажгүй шүү
- Хэдээр явж байна?
- Өө гайгүй. Өдрийн тавиар. Уг нь цагаар тооцно гэж байсан юм. Гэхдээ энэ удаа өдрөөр тооцоо хийх болж байгаа.
- Хөгшин нь бас нэг гайгүй англитай таарсан. Цагийн арваар явж байгаа.

Биеэ үнэлэгч ярьж байна гэж та бодож байна уу. Үгүй дээ. Хоёр орчуулагчийн яриа. Зун цаг болж, жуулчны улирал болоход иймэрхүү яриа хаа сайгүй л чих дэлсдэг. Монгол улс нээлттэй гадаад бодлого, чөлөөт зах зээлд шилжсэнээс хойш манайд ирдэг жуулчны тоо эрс нэмэгдсэн. Аялал жуулчлалын салбар өнгөрсөн хугацаанд ДНБ-нд тодорхой жин эзэлсэн томоохон салбар болж чаджээ. Энэ салбар олон монгол хүнийг хоолтой нь залгуулж, долларын бараа харуулсныг үгүйсгэхгүй. Гэхдээ бодох юм зөндөө байна аа. Энэ талаар уншигч авхай тантай ний нуугүй ярих гэсэн юм. Ний нуугүй ярих ч гэж дээ зүгээр л буу халъя.
Миний нэг танил нэлээд олон жилийн өмнө аялал жуулчлалын компани байгуулсан юм. Өөртөө нэг деликатай. Хөдөө гадаагүй жолоо мушгина. Тэгээд бас гадаадад хэдэн жил сурч байсан тул англиар чөлөөтэй ярьчихна. Зундаа нэгэн танилынхаа илгээдэг Америкаас ирэх жуулчдыг хүлээн аваад хөөрхөн амруулна. Хөдөө газар хэдэн гэр бариулаад хамаатныхаа хүнд хариуцуулан ажиллуулна. Тэгээд жолооч, орчуулагч-хөтөч, оффисын ажилтан, зохион байгуулагч гэсэн бүх ажлыг өөрөө гардана. Ганцаараа энэ бүхнийг гүйцэлдүүлэх тул ашиг өндөр. Компани байгуулсан анхны хэдэн жилдээ ингэх нь ч аргагүй биз. Харамсалтай нь танил маань ашгаа хуваах хүсэлгүй тул одоо болтол ганцаараа мачийж яваа ба түүний жуулчлалын бизнес энэ олон жилд өргөжиж чадсангүй. Бахь байдгаараа л байгаа. Хөдөө бариулсан хэдэн гэр нь орон нутгийн малчдад ад үзэгдэж байгаа сурагтай байсан. Танил маань жолооч, оффисын ажилтан, орчуулагч, хөдөө нутагт хөтөч хийх малчин зэргийг хөлсөлсөн бол дор хаяж дөрвөн монгол хүнийг тэжээх боломжтой байлаа. Тэр хэмжээгээрээ танилын маань ажил өргөжиж, урагш хөгжин томрох байсан биз ээ. Жижиг байх, жалга дотроо сэтгэх нь алсдаа хор уршигтай.
Манайд байгаа жуулчлалын ая төрх иймэрхүү л байгаа. Дангаараа бүхнийг хийж ашгаа ганцаараа авах сэтгэлгээнд хүлэгдсэн тул өдий болтол төрөлжиж чадаагүй. Оролцогч нар ашгаа ухаалаг хуваарилж чадаагүй. Дээр нь бас ашиг олох процесст оролцох хүний тоог хэт хязгаарласан. Өөрөөр хэлбэл, тэлэх, төрөлжих, хамтран ажиллах, зах зээлээ гадаадын компаниудаас хамгаалах, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах хандлагатай бус, бүх ашгийг жуулчны компани дангаар эзэгнэх гэсэн явцуу хандлагатай байгаа юм. Уг нь бол жуулчлалыг дагаад олон салбар хөгжих боломжтой. Санаанд орсноороо хэдэн жишээ дурдъя.
Юуны түрүүнд зочид буудал. Манайхан зочид буудал гэхээр үнэтэй цайтай зүйлээр тоноглогдож, чимэглэсэн, нүсэр том юмыг төсөөлдөг. Гэтэл тийм биш. Цэвэрхэн, цомхон агаад үйлчилгээ сайтай орчин байхад л хангалттай. Нэг айл ч байсан болно гэсэн үг. Зундаа ер нь Улаанбаатарын айлуудыг жуулчид хүлээж авах жижиг өрх-зочид буудал болгох нь зүйтэй мэт санагддаг юм. Өрх-зочид буудал Японы аялал жуулчлалын газруудад зөндөө байдаг. Энэ нь нутгийн айлуудын орлогыг шууд нэмэгдүүлдэг сайн талтай.
Дараа нь гар урлал. Бэлэг дурсгалын хэмжээнд бол манайд овоо хөгжиж байгаа. Чингисийн үеийн морьтон баатруудын зураг хэдэн мянгаараа бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд ярайж байгаа нь үүнийг гэрчилнэ. Гэхдээ залуу эмэгтэй жуулчдад зориулсан хүний сэтгэл гижигдэм хөөрхөн бэлэг дурсгал ховор байгаа санагддаг юм. Гар урлал бол зөвхөн бэлэг дурсгалаар хязгаарлахгүй. Морин аялал өргөн дэлгэр болоод байгаа өнөөгийн нөхцөлд гадаадынхан дуртай хэрэглэдэг англи эмээл Монголд чанар сайтай гар үйлдвэрлэлийн хэмжээнд хөгжих ёстой. Гэтэл ийм үйлдвэрлэлийн сураг ч алга. Малчдын бэлдсэн хэдэн янгиа эмээл, эсвэл гадаадаас өндөр үнэтэй оруулж ирсэн хэдэн эмээлээ тохоод л байж байна.
Нээлттэй мэдээлэл. Монгол орны цэцэг, мөөг, шувуу, мод, амьтны зурагт лавлахууд хэвлэгдэн гарч, хот хөдөөгийн захын дэлгүүрүүдэд ч зарж байх ёстой. Энэ ч бас хангалттай хэмжээнд хүрч чадаагүй. Жуулчны компаниуд нь ашгаа түрийлчхээд төр засгаа хараад сууж байдаг. Төр засаг нь мэдээллээ сейфэндээ тас даран, түүнийгээ боловсруулж, олон нийтэд хүргэх чадавхигүй болчхоод гадаадын тусламжийн байгууллагуудыг дулдуйдан алгаа тосч байдаг. Таарч дээ. Дээр нь бас, аялал жуулчлалын компаниуд интернэтээр мэдээллээ цацахдаа баахан хойрго. Нэг хоумпээжтэй болсон ч түүнийгээ шинэчилдэггүй. Яахав дээ, интернэтийн бизнес хийдэг байгууллагуудтай ашгаа хуваахгүй гэсэндээ л ийм үр дүнд хүрч байгаа юм.
Бидний ийм явцуу үзэл нийтээр нь аваад үзэхэд хэн хэндээ уршигтай. Үүнээс зайлсхийхийн тулд монгол хүн монгол хүнээ тэжээх сэтгэлгээг хөхиүлье. Монгол нь монголоо тэтгэх, дэмжих, тэжээх сэтгэлгээ нь та бидний бие даан хөгжих, хамаатан садны хооронд хязгаарлагдаад буй явцуу итгэл (trust) - ийг задалж тэлж өгнө. Ажлын тэргүүн шугам дээр чадвартай чадалтай үндэсний боловсон хүчин ажиллаж, гэр бүл хамаатан садны сүлжээ (network) бус чадвартай итгэл даах монголчуудын network улс орныг урагш хөтлөх болно. Монгол хүнийг Солонгос, Тайвань зэрэг гаднын улс орон, олон улсын байгууллагууд бус монгол хүнийг монгол хүн тэжээх ёстой.